Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01907

 

2019 оны 09 сарын 13 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01907

 

Улаанбаатар хот

 

                       

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух Э овогт Оын Н -ын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, өөрийн байранд байрлах И холбогдох,

 

 

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, НБУГ-ын даргын 2018.12.19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019.01.29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож,  цалин хөлсийг нөхөн гаргуулах, 2018 оны 9, 10 сарын цалингаас үндэслэлгүй хассан 602 196 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

                

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Н би нисэхийн салбартай амьдралаа холбоод 39 жил болж байна. Намайг 2014 оны 6-р сард Ч олон улсын нисэх буудлын захирлаар томилогдон ажиллаж байхад Иын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014-12-25-ны өдрийн Б/198 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас чөлөөлсөн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015-02-27-ны өдрийн 102/ШШ2015/01377 дугаартай шийдвэрээр намайг Ч олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл И-ын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Ч олон улсын нисэх буудлын захирлын ажилд намайг 2015-05-08-ны өдрийн Б/93 тоот тушаалаар авч, 2015-05-08-ны өдрийн Б/94 тоот тушаалаар ажлаас чөлөөлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлсэн тул би дахин шүүхэд хандсан.

 

       Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-11-03-ны өдрийн 6791 дүгээр шийдвэрээр намайг мөн л Ч олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн  тогтоосон. Энэ шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015-12-28-ны өдрийн 19 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016-03-03-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. И шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр миний докторын сургалтын төлбөрөөр барьцаалж, аргагүй байдалд намайг оруулж байгаад 2017-01-23-нд шүүхийн шийдвэрийг өөр агуулгаар хэрэгжүүлэх Эвлэрлийн гэрээ надтай байгуулсан. Эвлэрлийн гэрээний 2 дахь хэсэгт “О.Ныг Иын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулж, тогтмол ажлын байраар хангах ба өмнөх цалин хөлсний сүлжлээр 6 сарын хугацаанд олгохоор талууд харилцан тохиролцов” гэж заасны дагуу И-ын  даргын 2017-01-25-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр томилсон. Үүнийхээ дараа Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 151 дүгээр тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийсэн нэрээр И-ын даргын 2018-07-23-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар уг ажлаас чөлөөлж, 2018-08-01-ний өдрөөс буюу намайг ээлжийн амралттай байхад цалин хөлсийг минь бууруулан И-ын салбар болох Нисэх буудлуудын удирдах газарт Нисэх буудлуудын төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн Баримт, бичиг боловсруулалтын мэргэжилтнээр шилжүүлэн томилсон.

 

       О.Н би “И” НҮ-ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 151 дүгээр тушаал нь хууль бус байх тул хүчингүй болгуулах, мөн И-ын даргын хууль бус үйл ажиллагааг шүүмжлэн дарга Л.Бг ажлаас халуулах гомдыг Ерөнхий сайд У.Хэд 2018-11-12 болон 2018-12-18-ны өдрүүдэд уг ТББ-ын тэргүүний хувьд хүргүүлсэн. Үүний хариуд надад удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг  хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн шалтгаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018-12-19-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар миний цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл өгсөн. Ерөнхий сайд У.Хэд гаргасан гомдлын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас И-т шалгалт хийж, 2019-01-22-ны өдөр И-ын даргад шалгалтын дагуу зөвлөмж хүргүүлсэн байдаг. Үүний хариуд дахиад надад удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн шалтгаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019-01-29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар миний цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл өгсөн. Түүнээс хойш би ямар нэг зөрчил гаргаагүй байхад Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019-04-10-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажлаас халсан байна. Намайг ажлаас халсан тушаалыг би хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шүүхэд гомдлыг гаргаж байна.

 

       Нисэх буудлуудын удирдах газар нь И-ын салбар байгууллага бөгөөд Иргэний хуулийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан тул салбарыг нь биш, Иыг хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна. Миний нэг сарын дундаж цалин хөлсийг 2 003 000 төгрөг гэж байгууллагаас тогтоосон болно. Иймд намайг Нисэх буудлуудыг удирдах газрын Төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн Баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12 212 783 төгрөг гаргуулж, НУБГ-аас надад үндэслэлгүй ногдуулсан сахилгын арга хэмжээнүүд болох НБУГ-ын даргын 2018.12.19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019.01.29- ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, энэхүү тушаалуудаар надад учруулсан цалин хөлсний хохирлыг тооцон нөхөн олговрыг олгуулах, миний 2018 оны 9, 10-р саруудын цалин хөлснөөс үндэслэлгүй хассан нийт 602 196 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нисэх буудлуудын удирдах газар /НБУГ/ нь Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 151 дугаартай “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газар /И/-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/560 дугаартай “Зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” тушаалаар тус тус шинээр байгуулагдсан. Ийнхүү НБУГ нь шинээр байгуулагдаж бүтэц, орон тоо нь батлагдсан хэдий ч дээрх тушаалуудаар НБУГ-ын даргад харьяа алба, нэгжүүдийн ажилтнуудын томилох, чөлөөлөх эрх олгогдоогүй ба энэхүү эрх нь И-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/565 дугаартай “Дүрэм батлах тухай” тушаалаар Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийг батлаж уг дүрмээр харьяа алба, нэгжүүдийн ажилтныг томилох, чөлөөлөх эрх олгогдсон. Иймд О.Нын нэхэмжлэлд дурдсан “НБУГ нь И-ын салбар байгууллага бөгөөд Иргэний хуулийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.” гэж заасан тул салбарыг нь биш, Иыг хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн нь үндэслэлгүй юм.

 

        И-ын дарга Л.Б нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/00201 тоот тогтоолыг биелүүлэхээр О.Нтай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №04/17 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний 2 дахь хэсэгт “О.Ныг Иын Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллуулж, тогтмол ажлын байраар хангах ба “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.3.5 дахь хэсэгт заасны дагуу өмнөх цалин хөлсний сүлжлээр 6 сарын хугацаанд олгохоор талууд харилцан тохиролцов” гэжээ. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр И-ын даргын Б/24 дугаар тушаалаар О.Ныг Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтэст бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр ажилд авсан байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цалин хөлсийг минь бууруулан тасгийн мэргэжилтнээр томилсон гэдэг нь үндэслэлгүй юм. Нисэх буудлуудын удирдах газрын дарга нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар тус тус Нисэх буудлуудын төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн Баримт бичиг боловсруулалтын мэргэжилтэн О.Над сахилгын шийтгэл тушаалаар ногдуулсан. Улмаар НБУГ-ын дарга 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б/133 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” үндэслэлээр О.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

 

       Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн  33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан. НБУГ-ын дарга О.Над хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тушаалаар 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тусдаа тогтоогдсон зөрчлүүд гаргасан тул энэ нь дээр  дурьдсан Улсын Дээд шүүхийн тогтоолд “зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй” гэсний дагуу Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

       О.Н нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан  нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, мөн ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул Б/35 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

       Иргэний нисэхийн ерөнхий газар /И/ нь Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 130 дугаар зүйлийн 130.1.1 дэх заалтад заасны дагуу ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлсэн. И-ын ажилтан, албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй гэж И-ын Хөдөлмөрийн дотоод журмын 9 дэх хэвлэлийн 3.6.1.6, 10  дахь хэвлэлийн 3.4.1, 3.4.3-т заасан. Мөн ажилтан, албан хаагч нь үйл ажиллагаандаа захирах, захирагдах ёсыг сахин биелүүлж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байх нийлтэг ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгох үүрэгтэй /Хөдөлмөрийн дотоод журам – 9 дэх хэвлэлийн 3.6.1.6, 10 дахь хэвлэлийн 3.4.10/.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд Шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.4-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Мөн тогтоолын 15.4.1-т Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгүйгээгүй бол 6 сараар хэтрээгүй байна гэж тайлбарласан. Энэ тайлбар нь давтан гаргасан зөрчилд тооцогдох, мөн уг зөрчлүүдийн хоорондох хугацаанаас хамаарч давтан гаргасан гэдэг үндэслэлд хамаарахыг тайлбарласан тайлбар юм. Иймд нэхэмжлэгчийн “Монгол улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 363-р тогтоолын 15.4-т заасан үндэслэлийг зөрчсөн байгаа тул намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг гэрчлэх бас нэг нотлох баримт болж байна.” гэсэн нь үндэслэлгүй юм.

 

           Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн нь дээр үүсэх харилцааг зохицуулахад оршдог. Нэхэмжлэгчийн дурдсан хууль тогтоомж, иргэний нисэхийн багц дүрмийг, холбогдох үйл ажиллагааны заавар, журмуудыг болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын баримт бичгүүдийг, стандарт зөвлөмжүүдийг Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжүүд дагаж мөрдөн ажилладаг. Гэхдээ энэхүү байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, эрх зүйн актуудаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр  хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг зохицуулахгүй.

 

          Нэхэмжлэгчийн тайлбарт “... И-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д..., 3.4.3-д ... заасан байдаг” гэж ээ. Иын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д “Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дүрэм, журам, заавруудыг гаргаж мөрдүүлнэ” гэж заасан нь ажил олгогчийн эдлэх эрх юм. Харин 3.4.3-д “Байгууллагад мөрдөгддөг дүрэм, журам, зааврыг баримталж ажиллана” гэсэн нь ажилтны хүлээх үүрэг юм.

 

      Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Нисэх буудлуудын удирдах газрын “Баримт бичгийн хяналтын журам” батлах тухай А/14 дугаартай тушаалаар “Баримт бичгийн хяналтын журам”ыг баталж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд авагдсан Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар /баталгаажсан хуулбарыг хавсаргав/-ын 2-т Ажилтнуудын ажлын цаг бүртгэлд газар дээр нь биечлэн очиж шалгах, хяналт тавин ажиллах гэсэн үүрэг даалгаврыг И болон түүний алба салбаруудад өгсөн. Энэ дагуу Нисэх буудлуудын удирдах газрын нэр бүхий ажилтны ажлын цаг ашиглалтад хийсэн үзлэгээр Нэхэмжлэгч О.Н ажлын байрандаа байгаагүй нь тогтоогддог. Нэхэмжлэгч талаас “үүрэг даалгаврын хуудас” болон “тодорхойлолт”-ыг хууль эрх зүйн хувьд “шаардлага” хангаагүй гэж тайлбарт дурдсан байна. Эдгээр баримтыг журамласан, дагаж мөрдөх шинжтэй, маягт болгон баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр байдаггүй бөгөөд И, түүний харьяа салбар, нэгжүүд Монгол улсын баримт бичгийн стандартыг баримтлан үйлддэг. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.3.5-д “Хуралдааны тэмдэглэл хөтлөхдөө техник хэрэглэс ашиглаж болно. Хэрэв хуралдааны тэмдэглэлийг эх бичлэгтэй тулгаж нягтална.” гэж заасны дагуу хавтаст хэргийн 150-153 дугаар хуудсанд авагдсан Нисэх буудлуудын удирдах газрын төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн 2019.01.28-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн бичлэгийг хийж тэмдэглэлтэй тулгаж, үйлдсэн байна.

 

         Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын бусад үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хооронд үүсэх харилцаанд бусад төрлийн харилцааг хамаатуулж, тайлбар гаргасан нь үндэслэл муутай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэргүй болгож өгнө үү.

 

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

          

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 

 

 Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, НБУГ-ын даргын 2018.12.19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019.01.29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож,  цалин хөлсийг нөхөн гаргуулах, 2018 оны 9, 10 сарын цалингаас үндэслэлгүй хассан 602 196 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

 Нэхэмжлэгч О.Н нь баримт бичиг боловсруулалтын мэргэжилтнээр  2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 04/48 дугаар хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х- 38-40 дүгээр тал/

 

 

 

  Иргэний нисэхийн ерөнхий газар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 тоот “О.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 дэх заалт, Иын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.5.5.1, Нисэд буудлуудын удирдах газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтэн Ойдовын Н нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр ажил олгогчийн санаачлагаар цуцалж, дуусгавар болгожээ.  /х.х 6 дугаар тал/

 

 

 

Нэхэмжлэгч ажлаас халсан тухай 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

 

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

 

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний  4.2.3.1-т “ Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон И-ын Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн”, Иын Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.5.1-т “Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эрх шилжүүлэх гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан” гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгч О.Ныг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, мөн ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж Иын Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл ногдуулжээ./х.х-ийн 4,5/

 

 

 

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь “нэхэмжлэгч О.Н сахилгын зөрчлийг 2 удаа гаргасан нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар тус тус нотлогдож байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар цуцалж, ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж байна.

 

 

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.Нын гаргасан зөрчил бүрт ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан атал уг 2 зөрчлийг нэгтгэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

 

 

 

Иймд хариуцагчийн тушаалд дурдсан ноцтой зөрчлийг дахин гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй, ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байх тул О.Ныг Иргэний нисэхийн ерөнхий газар Нисэх буудлуудын удирдах газрын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

       

 

             Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1 412 136 төгрөг /976 440+1 379 200+ 1 880 770 =4 236 410 :3= 1 412 136 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны ажлын 108  хоногийн цалин нийт 7 093 548 төгрөгийг /1 412 136 : 21,5 хоног = 65 681 төгрөг 1 хоногт ногдох цалин, 108 хоног х 65 681 төгрөг=7 093 548 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

 

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул Иргэний нисэхийн ерөнхий газарт О.Нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

 

 

Иын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5.3.а. “Ажилтанд тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бол сахилгын шийтгэл ногдуулсан хугацаанд”, 4.1.5.3.б. “Ажлын 10 өдрөөс дээш хугацаагаар захиргааны болон эмчийн чөлөөтэй байсан бол”, 4.1.5.3.в. “Шинээр орсон ажилтанд туршилтын хугацаанд”, “4.1.5.3.г. “Ажилтан хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж нэгжийн удирдлага үзвэл”, 4.1.5.3.д. “Ажлын цаг ашиглалтын зөрчилтэй бол” үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгохгүй байхаар заажээ.

 

 

 

Мөн Иын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5-д “Ажилтанд ажлын үр дүнгээр сар бүр нэмэгдэл хөлс олгох бөгөөд нэмэгдэл хөлсний дээд хэмжээг И-ын даргын тушаалаар тогтооно” гэж заасан байх тул нэхэмжлэгч О.Нын 2018 оны 9, 10 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс 602 190 төгрөгийг хариуцагч хасаж цалин олгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5.3-т заасан нөхцөл бий болсон талаар хариуцагч нотлоогүй, 4.1.5.3-т зааснаас бусад тохиолдолд үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгохоор Хөдөлмөрийн дотоод журамд заасан байх тул хариуцагчаас нэмэгдэл цалинд 602 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Над олгох үндэслэлтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгч О.Нын  Иргэний нисэхийн ерөнхий газартай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 01-нийн өдрийн Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт “Олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудтай холбоотой заавар, журам шинэчлэн боловсруулах саналыг танилцуулах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих”, үндсэн зорилтын хүрээнд “Олон улс болон орон нутгийн нисэх буудлуудтай холбоотой заавар, журмыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах, чиглэл хариуцсан хэлтсүүдтэй хамтран ажллах, заавар, журамд холбогдох байгууллага албан тушаалтан, хэрэглэгчээс санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах” ажлыг хийж гүйцэтгэхээр заасан байна./х.х-109-110/

 

 

 

Шүүх нэхэмжлэгч буюу баримт бичиг боловсруулалтын мэргэжилтэн О.Ныг ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг, зорилтоо биелүүлж ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь заавар, журмыг боловсруулах саналыг танилцуулах, заавар, журамд холбогдох байгууллага албан тушаалтан, хэрэглэгчээс санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж заавар, журмыг боловсруулан төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн даргадаа танилцуулах атал саналаа өгөв гэж ажлаа тайлагнасан нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлаа бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний нисэхийн ерөнхий газар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар О.Над сахилгын шийтгэл ногдуулсанг буруутгах үндэслэлгүй байна. /х.х-ийн 113/

 

 

 

          Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.5-д “Цагийн бүртгэлийн системд болон гадуур ажилласан үед гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт бүртгүүлээгүй, чөлөөний хуудсаар баталгаажуулаагүй бол ажил тасалсанд тооцно”, мөн журмын 3.7.1-д “Ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан тохиолдолд гаргасан зөрчийн шинж байдал, хор хохирлыг харгалзан дараах төрлийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх тул нэхэмжлэгч О.Н нь гадагш ажлаар явах тухайгаа гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт тэмдэглээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний нисэхийн ерөнхий газар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар О.Над сахилгын шийтгэл ногдуулсанг буруутгах үндэслэлгүй байна. /х.х-ийн 128-139/

 

 

 

Иймд нэхэмжлэгч О.Нын НБУГ-ын даргын 2018.12.19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019.01.29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

 

                       ТОГТООХ нь:

 

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э овогт О Ныг И Төрийн өмчит ААТҮГазрын Нисэх буудлуудын удирдах газрын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний  ажилд эгүүлэн тогтоож, НБУГ-ын даргын 2018.12.19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019.01.29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

    

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 -д зааснаар И Төрийн өмчит ААТҮГазраас  О.Нын урьд авч байсан дундаж цалин хөлсний олговор, нэмэгдэл хөлсөнд нийт 7 695 738 төгрөг /7 093 548 +602 190/-ийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч О.Нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч И Төрийн өмчит ААТҮГазарт даалгасугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18 716 төгрөгийг улсын төсөвт үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 18 716 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                            Ц.ОЮУНБИЛЭГ