Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2017/01679

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

   Дугаар 182/ШШ2017/01679

      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Б.Л

Хариуцагч: С.Б

Хариуцагч: С.Б

орон сууцны үнийн урьдчилгаа, засварын зардалд 28.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42.589.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч С.Б, хариуцагч С.Бын өмгөөлөгч Р.Э, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Л би “Шуурхай зар” сонины зарын дагуу С.Б түүний эхнэр С.Бнараас Баянзүрх дүүргийн **** тоот 156.46 м2 талбайтай ГД0002*****, Ү-22******** дугаартай гэрчилгээтэй орон сууцны зориулалттай 5 өрөө байрыг 290.000.000 төгрөгөөр худалдан авч сувилалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон билээ. Тухайн үед С.Б надад уг байрыг ямар нэг доголдолгүй байр гэж тайлбарлаж байсан. Би уг байрыг авахын тулд “Б ББСБ” ХХК-аас 23.000.000 төгрөгийг авч сувилалын үйл ажиллагааг эхлүүлж эндээс олсон орлогоосоо авсан зээлээ төлнө гэж тооцоолсон.

2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр С.Б намайг дуудан өөрийн таних нотариатч дээр дагуулан очиж “Иргэд хоорондын хэлцэл”-ийг өөрөө бичиж нотариатаар баталгаажуулсан. Би энэ хэлцлийг худалдах худалдан авах гэрээ гэж ойлгосон бөгөөд нотариатч мөн тэгж хэлсэн. Би хэлцлийн дагуу байрны төлбөрт 13.000.000 төгрөгийг төлж энэ өдрөө С.Бтай уг байранд очиж түлхүүрийг авч байрны тухайн үеийн байдлыг гэрэл зургаар баталгаажуулж авсан. Би түлхүүр авах үедээ дахин түүнээс уг байранд ямар нэг доголдол байгаа эсэхийг тодруулсан боловч тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ингээд би уг байранд 13.000.000 төгрөгөөр засвар хийлгэж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байтал 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бохирын ус алдсан. Би энэ талаар С.Б, С.Б нарт мэдэгдсэн. Дахин 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бохирын ус алдаж энэ талаар мөн С.Бд мэдэгдсэн боловч ирээгүй. Тухайн үед ус алдсантай холбогдуулан уг орон сууцыг хариуцсан сантехникийн инженер Д.Бд мэдэгдэхэд С.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хямд үнээр худалдан авч 2 жил бусдад борлуулж чадахгүй байж байгаад надад зарж борлуулсан, мөн уг байр урьд нь байнга бохир алддаг байсан талаар ярьснаар энэ байрыг би доголдолтой болохыг мэдсэн.

Сонсож мэдсэн талаараа С.Бд мэдэгдэхэд би хариуцаж зардлыг гаргаж засуулья гэж хэлэн сантехникийн инжинер Д.Бтай засвар хийлгэх талаар ярилцсан. Би С.Бд 3 сарын хугацаа өгч, доголдолоо засаад 3 сарын хугацаанд бохир алдахгүй бол би байраа авдагаараа авна гэж ярилцаж тохиролцсон. Гэвч С.Б бохир алдаж байгаа доголдолыг засаагүй бөгөөд сантехникч Д.Бд хандаж би мөнгөө гаргаад засварыг эхлүүлэх санал тавихад “та байрны өмчлөгч биш” гээд зөвшөөрөөгүй. 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн С.Бын ааш зан хувирч гэрээгээр чиний байр болсон, засварыг би хийхгүй гэж таагүй үгээр намайг доромжлох болсон. Эхнэр С.Бнь надтай уулзахдаа энэ байр хямдхан болохоор нь авсан чинь муу байр байсан. 2 жил зарж чадахгүй байж байтал таньд С.Б өгсөн байна, яаж ингэж чадаж байна аа. Одоо байрыг зарах зар өгөөд эндээс мөнгийг чинь өгнө, зарагдаагүй байсан ч таньд 25.000.000 төгрөг өөрөө зохицуулаад өгнө гэж яриад байрыг зарах зар өгсөн. Үүний дараа хүмүүс ирж байрыг нь үзэж байсан.

Би тухайн үед байранд үйл ажиллагаа явуулахаар авч ирсэн эд хогшилоо авах гэхээр С.Б “та хүн автал түр байлгаж бай, хүнд үзүүлэхэд дотор байгаа тавилгатай нь үзүүлэхэд зүгээр юм” гэж хэлж миний эд хогшилыг өгөхгүй байсан. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би С.Бын ажлын байр болох “Найман шарга” валютийн зах дээр очиж уулзахад “Өнөөдөр шийдээд өгье та С.Бд байраа хүлээлгээд өгчих бид өөрсдөө амьдрахаар боллоо” гэсэн. Ингээд би С.Бгийн хамт уг байранд очтол байрны цоожны голыг солиод түлхүүрийг өөрсдөө аваад, лац тавьж дотор нь байсан миний эд зүйлийг өгөлгүй яваад өгсөн. 2016 оны 02 дугаар сар хүртэл тэднээс гуйж хөөцөлдөж байж орхисон эд зүйлээ авахад бохир дахин алдаж үлдсэн эд зүйл маань муудаж гэмтсэн байсан. 

Би сэргээн засах чиглэлээр өдрийн эмчилгээ явуулах зорилготой “Бид ББСБ” ХХК-аас 23.000.000 төгрөгийг авч С.Бд 13.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон өгч, 13.000.000 төгрөгийн засвар уг байранд хийсэн. Иймд С.Б, С.Б нараас болж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр болох 2.000.000 төгрөг, мөн байрны урьдчилгаанд төлсөн 13.000.000 төгрөг, байрны засварт зарцуулсан 13.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Харин хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд талууд хуулийн хүрээнд аливаа гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Гэтэл С.Б өөрийн бичсэн “Иргэд хоорондын хэлцэл”-ийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр намайг дуудан ирүүлж танил нотариатч дээр дагуулж очиж миний санаа бодлыг асуулгүй “илт надад хохиролтой” ойлгомжгүй хэлцэлд гарын үзэг зуруулсан. Бид анхнаасаа үл хөдлөх хөрөнгийг түрээслэн ашиглах талаар ярилцаагүй байсан. Би тухайн орон сууцанд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа С.Бд хэлж түүний зөвшөөрснөөр засвар хийсэн. Засварыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны үед эхэлсэн ба засварын явцад 2015 оны 03 сарын 09-нд ус алдсанаар доголдолтой болохыг мэдсэн.

Ус алдсан асуудал нь хийсэн засварын ажилтай огт хамааралгүй угаасаа ус алддаг байр байсан ба миний хийсэн засварын ажил буруутай гэдгийг нотолсон ямар нэг баримтыг өгөөгүй байна. Мөн орон сууцны засварыг өмнөх байдалд нь оруулахад 12.000.000 төгрөг шаардлагатай болох талаар гаргаж өгсөн санхүүгийн тооцоо баримт байхгүй байгаагаас гадна миний хийсэн засвараас түүнд ямар ч хохирол учраагүй. С.Б өөрт нь 29.000.000 төгрөгний бодит хорирол учирсан гэх боловч сөрөг нэхэмжлэлдээ намайг буруутай болохыг, нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Би хэлцэлд дурьдагдсан 16 сарын хугацаанд орон сууцыг эзэмшиж ашиглаагүй. Иймд түүний нэхэмжилж буй 42.589.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Б.Л нь гэрээ хэлцэлд заасан үүргүүдээ зөрчиж, бид нарын байрыг түрээслэж, худалдан авахаар хэлцэл хийж, гуйж байж баараггүй авна гэж бид нарын орон сууцны түлхүүрийг авч 1 жил орчим араасаа хөөцөлдүүлж, бид нарын цаг зав, ажил, төрөл, сэтгэл санаагаар хохироосон. Мөн энэ хугацаанд байрны ханш 30 хувиар унаж 40.000.000-50.000.000 төгрөгийн алдагдалд оруулсан. Харилцан тохиролцож гэрээ хийхдээ Б.Л нь би орон сууцны зориулалтыг өөрчилж, эмнэлгийнх болгоно, эмнэлгийн зөвшөөрөл авна, зардлаа би өөрөө гаргана, та нар байраа зарахгүй хүлээж бай, би гурван сарын түрээс өгье, мөн 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгье, заасан хугацаандаа худалдаж авч чадахгүй бол, та нарыг хохироохгүй, урьдчилгаа мөнгө, түрээсийн мөнгө засвар хийсэн зардлаа эргүүлэн авахгүй, та нар эмнэлгийн зориулалтыг буцаагаад орон сууцны зориулалт болгоход 10.000.000 төгрөг зарцуулаарай, би буцааж авахгүй. Ер нь би банкны зээлээр танай орон сууцыг худалдан авна. Голомт банкинд материалаа өгчихсөн, миний материал болон бүх юмаа ярьчихсан байгаа.

Ийм учраас энэ талаар тохиролцож гэрээ хийе, бид бэлэн мөнгөөр өгмөөр байна, өөр хүн авъя гэсэн гэхэд, танай байрыг авахаар ламд үзүүлсэн, ах дүү, хамаатан садан, барилгын мэргэжилтэн дүү нартаа үзүүлсэн, би танай байрыг авъя, би заавал авна гээд зөндөө олон удаа үзэж, ярилцсан биздээ, та нар миний ажлыг үрж болохгүй, би авна гэрээ хэлцэл хийе гээд бид нарыг шахаад байсан.

Ойрхон байдаг хуульч, нотариатч дээр очиж 2 талынхаа санал бодлоо хэлж, гэрээ хэлцэл хийсэн. Гэрээнд заахдаа иргэн Б.Л нь түрээслэж байх 3 сарын хугацаандаа худалдан авч чадахгүй тохиолдолд 3 сарын түрээсийн мөнгө, урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг эргүүлэн олгохгүй, зориулалтыг өөрчлөхөд зарцуулна. Мөн түрээслэн худалдан авах 3 сарын хугацаандаа орон сууцны зориулалтыг дур мэдэн өөрчилвөл, засварлавал, өөрийн зардлаар бүрэн хариуцна. Орон сууцыг түрээслэж ашиглаж байх хугацаандаа, байрны урсгал зардал, байрны төлбөр тооцоог 100% хариуцана гэж гэрээндээ тусгасан. Гэрээний түрээслэх хугацаа 2015 оны 01 сарын 16-аас 2015 оны 04 сарын 16-ны хооронд 3 сарын хугацаатай байсан. Гэрээний хугацаа дуусч байна та худалдаж авна гэсэн яасан бэ? бид нар мөнгөө авья гэхэд зээл бүтээгүй байна, би хөөцөлдөж байна гээд 5-6 сар орчим алга болсон. Заримдаа утсаар ярихдаа ямар нэгэн шалтаг тоочоод байдаг, би хөдөө яваад ирлээ, гадаад яваад ирлээ гээд, мөн л олон сар болсон. Утсаа унтраачихаад зугтаад байдаг байсан, бид мөнгөө ч авч чадахгүй, байр луугаа ч орж чадахгүй байдаг байсан. Ахиад 5 сарын дараа уулзаж байрныхаа түлхүүрийг авч, доторхи зүйлсээ ав, байраа чөлөөлж өг гэхэд маргааш ирж авья гэж хэлээд утсаа салгаад сураггүй алга болсон. Араас нь бас л хөөцөлдсөн, нэг утсаар ярихдаа та нар байраа миний нэр дээр шилжүүлээд өгчих, би тэгвэл авмаар байна гэж залилж, луйвардаж авах гээд байсан. Сүүл рүүгээ танай байр ус алддаг гэсэн, бид хариуцсан СӨХ, орон сууцны контор, үйлчилгээний байгууллагууд байна, та засуулаад авчих, зардлыг нь худалдаж авах мөнгөнөөсөө хасуулаад авчихсан, эсвэл би өөрөө засуулаад өгье, та байраа худалдаж авах мөнгөө өгчих гэхэд мөнгөө өгдөггүй байсан.

Иргэн Б.Л нь 1 жил гаруй хугацаанд, байрныхаа түлхүүрээ өгөхгүй, доторх тавилгаа авахгүй, байраа чөлөөлж өгөхгүй жил гаруй араасаа хөөцөлдүүлж, бид нарын ажил төрөл, цаг зав, сэтгэл санааны үнэлж баршгүй хохирол амсуулсан. Иймд Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Л нь С.Баас Баянзүрх дүүргийн **** тоотод байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 290.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож талууд 2015.01.16-ны өдөр “Иргэд хоорондын хэлцэл”-ийг байгуулсан. Дээрх хэлцлийн дагуу Б.Л 3.000.000 төгрөгийг хариуцагчид төлснөөр нэхэмжлэгч уг орон сууцны түлхүүрийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авснаас хойш 2 сарын дараа засвар хийж эхэлсэн байх ба уг орон сууцыг эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрчилж, гал тогоо байсан хэсгийн сантехникийн хоолой болон бусад тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь өөр өрөө рүү шилжүүлсэн. Ийнхүү орон сууцны засварын ажлыг мэргэжлийн бус хүнээр, доголдолтой гүйцэтгүүлснээс одоо ус алддаг болоод байна. Тиймээс гал тогооны хэсгийг буцааж зориулалтын өрөөнд нь аваачих, бүх өрөөний паркетан шалыг солих, хана, хаалганы цагаанөнгийг өөрчлөх зэргээр орон сууцны засварыг өмнөх байдалд нь сэргээх шаардлагатай байна.

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн **** тоот хаягт байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалтыг өөрчилснийг өмнөх байдалд сэргээхэд шаардагдах засварын зардал 12.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж байна. 2015 оны 02 сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ 2016 оны мөн үеэс 13.7 хувиар буурчээ. Харин орон сууцны үнийн индексийг Монгол банк, төрийн орон сууцны корпорацийн сайт зэрэг мэдээллийн хэрэгслээс үзэхэд 2014 оны 12 дугаар сараас нийт орон сууцны дундаж үнэ, 2015 оны 08 дугаар сарын хооронд 10.2 хувиар буурсан болох нь “Б” ХХК-ийн судалгааны тайлангаар нотлогдож байна. Судалгаагаар орон сууцны зах зээлийн үнэ ханш хурдацтайгаар буурсан үзүүлэлт харагдах боловч дээрх судалгаанд тулгуурлан хамгийн бага үзүүлэлтээр тооцож үзэхэд л тухайн үед С.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн **** тоот хаягт байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2015 оны 02 дугаар сард 290.000.000 төгрөгөөр худалдах боломжтой байсан бол мөн оны 08 дугаар сард уг байрны зах зээлийн ханш ердөө 261.000.000 төгрөг болж С.Бд 29.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.

Б.Л нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэл 16 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн **** тоот хаягт байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг эзэмшиж, ашигласан. Дээрх хугацаанд Б.Л нь уг орон сууцны ашиглалтын эхний 3 сарын зардлыг төлсөн. Үлдсэн 13 сарын ашиглалтын зардлыг огт төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн 10-т "...Үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашгилах үеийн ашиглалтын зардлыг Б тал дангаар хариуцна” гэж заасны дагуу Б.Лас 1.589.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Ийнхүү Б.Л нь хэлцлийн дагуу үүргээ гүйцэтгээгүй тул С.Б нь Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалтыг өөрчилснийг өмнөх байдалд нь сэргээхэд шаардагдах засварын зардал 12.000.000 төгрөг, орон сууцны зах зээлийн үнэ ханшийн бууралтаас бий болсон алдагдал 29.000.000 төгрөг, ашиглалтын зардал 1.589.000 төгрөг, нийт 42.589.000 төгрөгийг Б.Лас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Шүүх иргэд хоорондын хэлцэл, зарлагын төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлэгийн баримт, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, хэрэглэгчийн дансны хуулга, гэрч Д.Б, Ц.Э нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, засварын ажлын үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны үнийн урьдчилгаа, засварын зардалд 28.000.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилж байх ба хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, улмаар засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42.589.000 төгрөгийг сөрж нэхэмжилж байна.

           

Б.Л нь С.Бтай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Иргэд хоорондын хэлцэл”-ийг байгуулж, үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахаар урьтач нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байна. Гэрээний 4 дүгээр зүйлд худалдах, худалдан авах гэрээ хийгдэх хүртэл түрээсийн төлбөрт 3.000.000 төгрөгийг төлөх бөгөөд уг төлбөр нь үл хөдлөх хөрөнгийг худалдах үнэд багтахгүй байхаар заажээ. Мөн түүнчлэн гэрээний 5 дугаар зүйлд үл хөдлөх эл хөрөнгийг худалдан аваагүй тохиолдолд урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг буцаан олгохгүй, гэрээнээс татгалзсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах хугацаандаа үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөх зорилгоор засвар үйлчилгээг хийж болох бөгөөд гэрээнээс татгалзсан тохиололд өөрчлөлтийг засварлахад зориулан урьдчилгаанд төлсөн мөнгийг худалдагч зарцуулах бүрэн эрхтэй байхаар заажээ.  

Иймд хариуцагчаар 28.000.000 төгрөгийг төлүүлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42.589.000 төгрөг гаргуулна гэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг мөн хангах боломжгүй байна.

 

            Хариуцагчид орон сууцны зах зээлийн үнэ ханшийн бууралтаас бий болсон алдагдал 29.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоогүй. өмнөх байдалд нь сэргээхэд шаардагдах засварын зардлыг талууд урьдчилгаанд төлсөн мөнгийг зарцуулах замаар өөрчлөлтийг засварлахад зориулсан зардлыг тооцохоор харилцан тохиролцсон байна. Мөн түүнчлэн ашиглалтын зардал 1.589.000 төгрөг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч Б.Л нь тус байрыг ашиглаагүй, цоожны голыг сольсноос болж нэвтрэх боломжгүй байсан, дотор байсан эд хөрөнгөө аваагүй үлдээгээд утсаа салгаад зугтаад алга болсон бид байрандаа орж чаддаггүй байсан гэж талууд тус тус тайлбарладаг. Иймд түүнийг байрыг ашиглаж байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг мөн хангах боломжгүй байна.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1.   Б.Лын С.Б, С.Б нараас 28.000.000 төгрөг нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэл, С.Б, С.Б нарын Б.Лас засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42.589.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 370.895 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД