Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02336

 

Б.Л нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.ОюунхандД.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01891 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б , С.Б нарт холбогдох

 

Орон сууцны үнийн урьдчилгаа, өмгөөллийн хөлс, засварын зардалд 28 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42 589 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Бүдханд,

Хариуцагч С.Б, С.Б ,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шуурхай зар сонины зарын дагуу С.Б, С.Б нараас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө ,,/, дугаар байрны 00 тоот 000 м.кв талбайтай ГД00000, Ү-00000 дугаар гэрчилгээтэй орон сууцны зориулалттай 5 өрөө байрыг 290 000 000 төгрөгөөр худалдан авч, сувилалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тохиролцож 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан. Би энэ хэлцлийг худалдах-худалдан авах гэрээ гэж ойлгосон бөгөөд нотариатч мөн тэгж хэлсэн. Би хэлцлийн дагуу байрны төлбөрт 13 000 000 төгрөгийг төлж энэ өдрөө С.Бтай уг байранд очиж түлхүүрийг авч байрны тухайн үеийн байдлыг гэрэл зургаар авсан. Уг байранд ямар нэг доголдол байгаа эсэхийг тодруулсан боловч тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ингээд би уг байранд 13 000 000 төгрөгөөр засвар хийлгэж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байтал 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бохирын ус алдаж энэ талаар С.Бд мэдэгдсэн. Орон сууцыг хариуцсан сантехникийн инженер Д.Болормаад мэдэгдэхэд С.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хямд үнээр худалдан авч 2 жил бусдад борлуулж чадахгүй байж байгаад надад зарж борлуулсан, мөн уг байр урьд нь байнга бохир алддаг байсан талаар мэдсэн. Би С.Бд 3 сарын хугацаа өгч, доголдолоо засаад 3 сарын хугацаанд бохир алдахгүй бол би байраа авдагаараа авна гэж ярилцаж тохиролцсон. Гэвч С.Б бохир алдаж байгаа доголдлыг засаагүй. Одоо байрыг зарах зар өгөөд эндээс мөнгийг чинь өгнө, зарагдаагүй байсан ч би таньд өөрөө зохицуулаад 25 000 000 төгрөг өгнө гэж яриад байрыг зарах зар өгсөн. Үүний дараа хүмүүс ирж байрыг нь үзэж байсан. Би сэргээн засах чиглэлээр өдрийн эмчилгээ явуулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас 23 000 000 төгрөг авч С.Бд 13 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон өгч, 13 000 000 төгрөгийн засвар уг байранд хийсэн. Иймд С.Б, С.Б нараас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2 000 000 төгрөг, мөн байрны урьдчилгаанд төлсөн 13 000 000 төгрөг, байрны засварт зарцуулсан 13 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээ хэлцэл надад ямар ч хамааралгүй гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л нь гэрээ хэлцэлд заасан үүргүүдээ зөрчиж, бидний байрыг түрээсэлж, худалдан авахаар хэлцэл хийж, манай байрыг авна гэж гуйгаад бид нарын орон сууцны түлхүүрийг авчхаад 1 жил орчим араасаа хөөцөлдүүлж, цаг зав, ажил, төрөл, сэтгэл санаагаар хохироосон. Мөн энэ хугацаанд байрны ханш 30 хувиар унаж 40 000 000-50 000 000 төгрөгийн алдагдалд оруулсан. Харилцан тохиролцож гэрээ хийхдээ Б.Л нь би орон сууцны зориулалтыг өөрчилж эмнэлгийн зөвшөөрөл авна, зардлаа би өөрөө гаргана, та нар байраа зарахгүй хүлээж бай, би гурван сарын түрээс 3 000 000 төгрөг төлнө, мөн 10 000 000 төгрөгийн урьдчилгаа өгье, заасан хугацаандаа худалдаж авч чадахгүй бол, та нарыг хохироохгүй, урьдчилгаа мөнгө, түрээсийн мөнгө засвар хийсэн зардлаа эргүүлэн авахгүй, эмнэлгийн зориулалтыг буцаагаад орон сууцны зориулалт болгоход 10 000 000 төгрөг зарцуулаарай, би буцааж авахгүй, мөн түрээсэлж байх 3 сарын хугацаандаа худалдан авч чадахгүй тохиолдолд 3 сарын түрээсийн мөнгө, урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг эргүүлэн олгохгүй, зориулалтыг өөрчлөхөд зарцуулна. Мөн түрээслэн худалдан авах 3 сарын хугацаандаа орон сууцны зориулалтыг дур мэдэн өөрчилж засварлавал өөрийн зардлаар бүрэн хариуцна, орон сууцыг түрээсэлж ашиглаж байх хугацаандаа байрны урсгал зардал, байрны төлбөр тооцоог 100 хувь хариуцна гэж гэрээндээ тусгасан. Гэрээний түрээслэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 3 сарын хугацаатай байсан. Иймд Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Л нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 00/0 байр 00 тоотод байрлах 000 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 290 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож талууд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулсан. Б.Л 3 000 000 төгрөгийн түрээс төлснөөр уг орон сууцны түлхүүрийг хүлээн авсан. Орон сууцыг эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрчилж, гал тогоо байсан хэсгийн сантехникийн хоолой болон бусад тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь өөр өрөө рүү шилжүүлсэн. Ийнхүү орон сууцны засварын ажлыг мэргэжлийн бус хүнээр, доголдолтой гүйцэтгүүлснээс одоо ус алддаг болоод байна. Тиймээс гал тогооны хэсгийг буцааж зориулалтын өрөөнд нь аваачих, бүх өрөөний паркетан шалыг солих, хана, хаалганы цагаан өнгийг өөрчлөх зэргээр орон сууцны засварыг өмнөх байдалд нь сэргээхэд шаардагдах засварын зардал 12 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн 2015 оны 02 дугаар сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ 2016 оны мөн үеэс 13,7 хувиар буурсан болох нь ХХХ ХХК-ийн судалгааны тайлангаар нотлогдож байна. Судалгаагаар орон сууцны зах зээлийн үнэ ханш хурдацтайгаар буурсан бодит хохирол 29 000 000 төгрөгийг гаргуулна. Б.Л нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сар хүртэл 16 сарын хугацааны орон сууцны ашиглалтын зардал 1 589 000 төгрөг төлөөгүй учраас нийт 42 589 000 төгрөгийг Б.Лас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б өөрийн бичсэн Иргэд хоорондын хэлцлийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр намайг дуудан ирүүлж танил нотариатч дээр дагуулж очоод миний санаа бодлыг асуулгүй илт надад хохиролтой, ойлгомжгүй хэлцэлд гарын үсэг зуруулсан. Бид анхнаасаа үл хөдлөх хөрөнгийг түрээслэн ашиглах талаар ярилцаагүй байсан. Би тухайн орон сууцанд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа С.Бд хэлж түүний зөвшөөрснөөр засвар хийсэн. Засварыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны үед эхэлсэн ба засварын явцад 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ус алдсанаар доголдолтой болохыг мэдсэн. Ус алдсан асуудал нь хийсэн засварын ажилтай огт хамааралгүй угаасаа ус алддаг байр байсан ба миний хийсэн засварын ажил буруутай гэдгийг нотолсон ямар нэг баримтыг өгөөгүй. Мөн орон сууцны засварыг өмнөх байдалд нь оруулахад 12 000 000 төгрөг шаардлагатай болох талаар гаргаж өгсөн санхүүгийн тооцоо баримт байхгүй, өөрт нь 29 000 000 төгрөгийн бодит хохирол учирсан болохыг нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Би орон сууцыг 16 сарын хугацаанд ашиглаагүй. Иймд 42 589 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б, С.Б нарт холбогдох 28 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Л нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч С.Бын нэхэмжлэгч Б.Лас 42 589 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 000 895 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас шинжээчийн ажлын хөлс 500 000 төгрөгийг гаргуулж ххххх-д олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлж чадаагүйгээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Л надад С.Б, Л.Б нар нь Баянзүрх дүүргийн дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 00/0 дугаар байрны 00 тоот 000 м.кв талбайтай оро сууцны байрыг доголдолтой болохыг нууж засварын ажил эхлүүлсэн. Би бодит байдлыг мэдээгүйн улмаас уг байранд 13 000 000 төгрөгийн засварыг хийж зардал гаргасан. Мөн уг байрыг худалдан авахад зориулж урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг тус тус өгсөн байхад анхан шатны шүүх гэрээг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй талуудын хооронд хийгдсэн хэлцлийн "худалдах-худалдан авах гэрээ" байна гэж үзэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байн гэж гэж дүгнэсэн нь атлаа улмаар анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дахин дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч түрээсийн гэрээний дагуу бий болсон үр шимийг нэхэмжлэгч би хүртээгүй. Харин ч уг байранд эмнэлгийн зориулалтаар миний хийсэн засварын үндсэн дээр хариуцагч нар үргэлжлүүлэн ашиглаж бусдад эмнэлгийн зориулалтаар 2 жил түрээсэлж ашиг олон улмаар эмнэлгийн зориулалтаар бусдад худалдаж ашиг олсон хирнээ миний оруулсан засварын болон урьдчилан төлсөн төлбөрийн өгөлгүй хохироосонг шүүх дүгнэсэнгүй. С.Б, Л.Б нар нь надаас миний эмнэлгийн зориулалтаар зассан засварыг өмнөх байдалд оруулхад 12 000 000 төгрөг, орон сууцны ханшны уналтын улмаас 29 000 000 төгрөг, байр ашиглалтын зардал болох 1 589 000 төгрөг нийт 42 589 000 гаргуулахаар сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч энэ байдлаа нотлох баримтаар хангалттай нотлоогүй нь хэрэгт авагдсан материалаас харагдана. Ийнхүү анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал болоод нотлох баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид гэрээндээ төлбөрийг хэзээ төлөх болон төлөх хүртэлх хугацаандаа орон сууцыг ашигласны төлбөрт 3 сая төгрөг Б.Лас авахмөн орон сууцны урьдчилгаа төлбөрт 10 сая төгрөг төлж хэрэв орон сууцны үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд уг мөнгийг эргүүлэн олгохгүй тухай талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн гэрээндээ тусгаж улмаар "нотариат"-аар баталгаажуулсан. Гэтэл Б.Л гэгч нь орон сууцны төлбөрийг хугацаандаа төлөөгүй байж байрны зохион байгуулалтыг өөрчилж ингэхдээ халуун хүйтэн усны шугамыг өөрчилсөнөөс ус алдуулсан. Тэгээд гэнэт байрыг худалдан авахаа болиод эд хөрөнгөө авахгүй утсаа ч авахгүй алга болсон. Удаан чирэгдүүлсэний эцэст жил гаран болж байж эд хөрөнгөө аваад явсан. Б.Л нь орон сууцыг буцаан орон сууцны зориулалтаар нь болгож өгөөгүйгээс болж С.Б би орон сууцаа бусдад борлуулж чадахгүйд хүрч орон сууцны үнэ унасан. Б.Лд би "таныг шүүхэд өгч хохирлоо төлүүлнэ" гэж хэлэхэд тэрээр харин түрүүлж намайг ямар ч үндэслэлгүй өөрөө хүнийг хохироосон атлаа нэхэмжлэл гаргаснаар би хариуцагч болсон тул үнэн мөнийг тогтоолгож хохирлоо барагдуулж авахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл болох орон сууцыг өөрчилсөнийг сэргээн засахад гарах зардал 12 000 000 төгрөг, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс буюу үнийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алдагдал 29 000 000 төгрөг гаргуулах, орон сууцны ашиглалтын зардал 1 589 000 төгрөг тус тус гаргуулах нийтдээ 42 589 000 төгрөгийг бодит хохирлыг нэхэмжилсэн. Нэхэмжлэл тус бүрт холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан. Б.Л нэхэмжлэл бол гэрээнд зааснаар үндэслэлгүй болох нь нотлогдож байгаа. Энэ талаар шүүх зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа С.Б надад учирсан хохирлыг тодорхой нотлох баримтад үндэслэлгүйгээр орон сууцнаас эд хөрөнгөө аваагүй алга болсон Б.Л үндэслэлгүй тайлбарыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд С.Б миний сөрөг нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн миний гэр бүл болох С.Б гаас хэдэн төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй яагаад хариуцагч болсон талаар болон түүнд холбогдох нэхэмжлэлийн талаар шүүх ямар нэгэн дүгнэлтийг шийдвэртээ дурдсангүй нь ойлгомжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч С.Б, С.Б нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 13 000 000 төгрөг, засварын зардал 13 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол болон ашиглалтын зардалд 42 589 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ. 

Нэхэмжлэгч Б.Л хариуцагч С.Б нар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэд хоорондын хэлцэл нэртэй гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхтэй гэж заасан байх ба талууд гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрсдөө чөлөөтэй хүсэл зоригийн дагуу тохиролцохын зэрэгцээ гэрээнийхээ агуулгыг нөгөө талтай тохиролцсоны үндсэн дээр тодорхойлох боломжтой. 

Талуудын байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хэлцлийн агуулга нь хууль зөрчөөгүй, гэрээний талууд олгогдсон эрхийнхээ хүрээнд хийсэн тохиролцоог тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй. 

Талууд гэрээндээ Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө ,,/, дугаар байрны 00 тоот 000 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 5 өрөө орон сууцыг 290 000 000 төгрөгөөр худалдах, уг төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр, урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус төлөх, 5 өрөө орон сууцыг худалдан авах гэрээ хийгдэх хүртэл эзэмшиж ашиглах бөгөөд түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг төлөх, уг мөнгө худалдан авах мөнгөнд орохгүй байхаар тохиролцсон болох нь хэргийн 7-8 дугаар тал дахь хэлцэл болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 13 000 000 төгрөг төлсөн, харин 5 өрөө орон сууцны үнэ 290 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 5 өрөө орон сууцыг дээрх гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд эзэмшил, ашиглалтандаа байлгаж түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ. 

Мөн дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 5 орон сууцыг эзэмших хугацаандаа зориулалтыг өөрчлөх зорилгоор засвар үйлчилгээг хийх, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцыг худалдан авахгүй бол гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан олгохгүй, нэхэмжлэгчийн орон сууцны зориулалтыг өөрчилж засвар хийснийг буцааж засварлахад урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг зарцуулахаар талууд тохиролцсон байна. 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна. 

Ийнхүү гэрээнд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн 5 өрөө орон сууцыг эзэмших хугацаандаа эмнэлгийн зориулалттай болгон өөрчлөх зорилгоор засвар үйлчилгээ хийх зөвшөөрлийг авч, уг орон сууцанд засвар хийсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Б.Л гэрээгээр тохиролцсон хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцны үнэ 290 000 000 төгрөгийг төлөөгүйгээс хариуцагч С.Б гэрээнээс татгалзсан учир нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч С.Бын 5 өрөө орон сууцанд 13 000 000 төгрөг зарцуулж хийсэн мөнгө болон урьдчилгаа 10 000 000 төгрөгийг шаардах боломжгүй. Учир нь гэрээний тохиролцоо байсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв. 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн 5 өрөө орон сууцыг эзэмших, ашиглах хугацаандаа 3 000 000 төгрөгийг төлөхөөр гэрээгээр тохиролцсон тул түрээсийн төлбөр 3 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Мөн нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлж хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид 2 000 000 төгрөгийн хөлс төлснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болсон байна. 

Ийнхүү шүүх нэхэмжлэгч Б.Л хариуцагч С.Б С.Б нарт холбогдуулан гаргасан 28 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй. 

Хэргийн 1 дүгээр хавтасны 134 дүгээр талд үл хөдлөх хөрөнгийн ххх ХХК-ийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхоны орон сууцны дундаж үнэ 2016 оны 6 сард 2015 оны 1 сартай харьцуулахад 18 хувийн бууралттай байсан талаар үнийн мэдээлэл гаргаж өгсөн тухай баримт авагдсан байна. Дээрх баримт нь орон сууцны үнийн талаарх мэдээлэл болохоос бодитойгоор хариуцагчийг 290 000 000 төгрөгийн орон сууцаа 18 хувиар бууруулж бусдад худалдан борлуулснаас 29 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн болох эргэлзээгүй нотлох баримт биш байх тул анхан шатны шүүх энэхүү сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

Түүнчлэн, хариуцагч нь 5 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулсныг үгүйсгээгүй, уг орон сууц худалдан борлогдож өөр этгээдийн өмчлөлд шилжсэн байна. Иймд эмнэлгийн зориулалттай болгосноос болж орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй, бодитой зардал гаргасан гэх нөхцөл байдал няцаагдаж байна. Хариуцагч нь өөр хохирол учирсан гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно.

 Хариуцагч нь нэхэмжлэгчээс 5 өрөө орон сууцны зориулалтыг өөрчилснийг өмнөх байдалд сэргээхэд шаардагдах засварын зардалд 12 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан байх ба Барилгын төсөв хөрөнгийн үнэлгээний ХХХ ХХК нь маргааны зүйл болох 5 өрөө орон сууцыг эмнэлгийн зориулалттай болгосныг орон сууцны зориулалттай болгоход 18 600 390 төгрөгийн зардлын үнэлгээ хийж ирүүлсэн байна. Дээрх ХХХ ХХК-ийн гаргасан үнэлгээ нь гарах зардлын тооцоолол хийсэн болохоос, үүнийг үндэслэн хариуцагчид бодитой зардал гарч хохирсон гэж үзэхгүй.

Нөгөө талаар, хариуцагч нь 5 өрөө орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсан байгаагаас үзэхэд цаашид гарах зардал гэж үзэх боломжгүй тул шүүх энэхүү сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. 

Мөн хариуцагч нар нэхэмжлэгчээс 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 5 өрөө орон сууцны ашиглалтын зардалд 1 589 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч талууд орон сууцыг хүлээлцсэн баримтгүй, нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн аваад 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн, 5 өрөө орон сууцыг эзэмших хугацааны ашиглалтын зардлыг бүрэн төлсөн гэх зөрүүтэй тайлбар гарган маргасан байна. 

Нэхэмжлэгч Б.Л маргааны зүйл болох 5 өрөө орон сууцны ашиглалтын зардалд 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд 632 321 төгрөг төлсөн баримт хэргийн 2 дугаар хавтасны 80-83 дугаар талд ирүүлсэн баримтаар няцаасныг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна. 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Л төлсөн ........ төгрөг, хариуцагч С.Бын төлсөн ..... төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ