Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 31

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга                     Н.Дэлгэрцэцэг 
                Улсын яллагч                                     Д.*******  
                 Шүүгдэгч                                     Б.*******
     Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Э.*******
           Иргэдийн төлөөлөгч                                     *******
                            Хохирогч                                       Б.*******
                                          Б.*******
                                          Г.*******
    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                 Ж.*******
                                         Б.*******
Хохирогч нарын  өмгөөлөгч  Ц. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 201513000113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Завхан аймгийн Улиастай сумд 1988 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн, 28 настай, эмэгтэй, боловсролтой, Санхүү эдийн засагч мэргэжилтэй, Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст гэр бүл, хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улиастай сум баг Захиргааны арын энгэрийн тоот хаягт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******, Регистрийн дугаар
       
Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:
 Шүүгдэгч Б.******* нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Улиастай сумын Товцог багийн хэсгийн 9 дүгээр гудамжинд улсын дугаартай “НИССАН ТЕАНО” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх болон үргэлжүүлж замын хөдөлгөөнд оролцохдоо гудамжинд зогсож байсан иргэн Г.,Б., П., Г.*******, Б.******* нарыг дайрч зам тээврийн осол гаргасан нь тухайн ослын талаар мэдүүлсэн хохирогч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...миний охин эмээгийнхээ араас дагаад гартал хүмүүс хашаан дотроос хүүеээ болиочээ машин мөргөчихлөө гээд л шуугилдаад байхаар нь юу болсон юм бол гээд эргэж харахаар босох гээд өндийх зуургүй нэг хар машин гудамжны хэсгээс маш их хурдтай давхиж гарч ирээд дааман хаалганы урдуур байсан хүмүүсийг тал тал тийш нь мөргөж унагаагаад өнгөрөөд явсан... маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... 2015 оны 08 дугаар сарын 17-нд манай нөхрийн аавын дүүгийн хүүхэд Улиастай сумд хурим хийсэн юм. “...Тэгээд нөхрийнхөө араас охин ийг тэврээд хашаанаас гартал хашааны гадаа олон жижиг тэрэг байсан. “...Тэгээд ерөөсөө юу болсныг мэдэхгүй байгаа юм, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн хэвтэж байсан...гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг,    
    
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...П. миний охин байгаа юм. ... би эцэг нь учраас бүрэн оролцож явна. “... машинд сууж байхад хар өнгийн Теано маркийн машин ээрсэн чанга хаазтай нилээд хурдтай хажуугаар өнгөрөөд гарсан юм. Тэгээд би тэрхэн хугацаанд анзаараагүй байж байгаад машинаас буухад энд тэнд хүмүүс уначихсан орилж чаралсан хүмүүс байхаар нь эхнэр хүүхдийг хайхад хашааны урд эхнэр охин хоёр газар уначихсан охин уйлчихсан дух нь халцарсан байсан юм. ... худын талын ******* гэдэг эмэгтэй хажуугаар хурдтай гарсан теано машин жолоодож яваад хүн дайрч осол гаргасан гэдгийг мэдсэн юм...эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна..” гэсэн мэдүүлэг, 

Хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...хүмүүсийг машинд суулгаж өгөөд байж байсан юм. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн, манай нөхөр намайг үүрчихсэн явж байсан юм... ******* гэгчийг танихгүй, зүс царайг нь ч хараагүй, машин унаж осол гаргасан гэдгийг нь л мэдэж байна... гомдолтой байна. хохирлоо гаргуулж авмаар байна ...”гэсэн мэдүүлэг, хохирогч Б.ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... тэр осол болоход би байгаагүй... Бидэнд нөхөж баршгүй хохирол гараад байна. Маш их гомдолтой байна...” гэсэн  мэдүүлэг  

Осол гарах үед байсан ослыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Д.гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би тэр авто ослын хэргийг гудамжинд зогсож байгаад хажуугаас нь харсан юм. “... эгчийг ээж нь буюу нас барсан эгч тэр машинаас буулгаад би очоод аваад явж байтал гудамжны талаас нэг хар өнгийн машин давхиж ирээд тэнд зогсож байсан эгчийн ээж болон хүүхэд тэвэрсэн эмэгтэй, 6 орчим насны эмэгтэй хүүхэд тэд нарыг мөргөөд шууд гудамж уруудаж яваад өгсөн. Сүүлд нь харахад жалга руу унасан байсан...” мэдүүлэг 
 
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...манай эгчийг дөнгөж буунгуут нэг хар машин аймаар хурдтай маш их тоос татуулаад давхиж гарч ирээд манай ээжийг дайрахад манай ээж нөгөө хар машиных нь хамар дээр гараад ирсэн байсан. Тэгээд би сууж байсан худуудын машинаас буугаад гүйгээд ээж дээр яваад очиход ээжийг хурим хийсэн айлын хашааны үүдэн дээр унагаагаад нөгөө дайрсан хар машин нь чигээрээ яваад гудамжны доод талын жалганд уначихсан байсан ...” гэсэн мэдүүлэг, 

Гэрч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...би цаашаа машинд суух гээд явж байтал хойно машин мөргөлдөх чимээ гарсан юм. Тэгээд эргээд хартал *******ын унаж явсан машин хурим болсон айлын хашааны гадаа зогсож байсан машиныг хальт шүргээд цаашаа явж харагдсан юм. Тэгээд юу болов гэтэл машин шүргээд цаашаа чигээрээ яваад цаана байсан хүмүүс дундуур ороод явчих шиг болсон юм. Тэгээд тоос шороо татаад жалга руу машин уначихсан юм. Тэгээд би гүйгээд очтол машин жалга дотор дээшээ харсан байдалтай байхаар нь шууд жалга руу ороод буруу талын хойд хаалгыг онгойлготол ээж байхаар нь татаж гаргаад тэгээд *******ыг жолоочийн суудал дээрээс татаж гаргах гээд чадахгүй байсан юм... “ гэсэн мэдүүлэг

М.ийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Би тэр үед бас хүмүүс суулгаж өгөөд байж байтал хашааны үүдэнд тавьсан байсан аавын машиныг араас нь Ниссан теано маркийн хар өнгийн машин их хурдтай ирээд хойноос нь мөргөөд урд нь тавьсан байсан манай ах ийн машинтай нийлүүлчихээд шууд хажуугаар нь гараад доохон талд байсан хэсэг хүмүүс дундуур ороод тэгээд хүмүүс ийш тийшээ унасан юм. Тэгээд гүйгээд очтол талийгаач эгч мөргүүлээд бас  *******, ******* эгч мөргүүлчихсэн юм...” гэсэн мэдүүлэг 

Гэрч С.гийн мөрдөн байцаалтанд өгсөн “... хадам ээж нэг ногоон шанагатай сүү барьчихсан өргөх гээд дааман хаалгаар гараад хойноос нь манай бага охин Б. дагаад гарч байхад гудамжны хэсгээс машины хурдтай давхих чимээ гарахаар нь охиноо нэрээр нь дуудтал нөгөө машин чинь хар хурдаараа давхиж ирээд хадам ээж, миний охин хоёрыг мөргөөд өнгөрхөд дайруулсан хүмүүс агаарт цацагдаад газарт унаж байсан...” гэсэн мэдүүлэг, дээрх  хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А., Б., Г., гэрч Б. нарын мэдүүлгээр тус тус тогтоогджээ.
 
Шүүхийн шинжилгээний албаны  2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ?201500017 дугаартай “...
1. Талийгаач Б.ийн цогцсонд гавал яс духны хэсгээр хөндлөн, баруун зүүн хэсэг рүү чиглэн ухархай ясны урд хэсэг болон турк эмээлийг дайрсан бутарч няцарсан хугарал, их бага тархины няцрал цус хуралт, хатуу хальс цоорсон, хатуу хальсан дээр, доор цус хуралт, хуйхан доорх толгойн духны хэсэг, баруун чамархай, шанаа, дагз, зүүн шанаа хэсгээр цус хуралт, тархины оройн хуйханд, нүүрний урд хэсгээр хавдар ихтэй, баруун шанаа, дух, хацрыг хамарсан, зүүн хацарт, зүүн эрүүнд, зүүн шанаанд, өвчүүний дунд хэсэгт, зүүн өвдөгний дотор талд, баруун тохойн гадна хэсэгт, зүүн гуяны доод гадна хэсэгт, зүүн сарвууны гадна хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, мөргөлтийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
3. Дээрхи гэмтлүүд нь талийгаачийг амьд байхад үүссэн гэмтлүүд.
4. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар суурь ясны хугарал нь 3.1.2-д, их бага тархины няцарал цус хуралт, хатуу хальс цоорсон, хатуу хальсан дээр, доор цус хуралт нь тус тусдаа 3.1.3-т хамаарч гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хуйхан доорх толгойн духны хэсэг, баруун чамархай, шанаа, дагз, зүүн шанаа хэсгээр цус хуралт, тархины оройн хуйханд, нүүрний урд хэсгээр хавдар ихтэй, баруун шанаа, дух, хацрыг хамарсан, зүүн хацарт, зүүн эрүүнд, зүүн шанаанд, өвчүүний дунд хэсэгт, зүүн өвдөгний дотор талд, баруун тохойн гадна хэсэгт, зүүн гуяны доод гадна хэсэгт, зүүн сарвууны гадна хэсэгт зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Талийгаач Б. нь гавал яс духны хэсгээр хөндлөн, баруун зүүн хэсэг рүү чиглэн ухархай ясны урд хэсэг болон турк эмээлийг дайрсан бутарч няцарсан хугарал, их бага тархины няцрал цус хуралт, хатуу хальс цоорсон, хатуу хальсан дээрхи, доорхи цус хуралт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна...гэсэн дүгнэлт

Шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ?201500018 дугаартай...
1. Талийгаач Г.ийн цогцосонд суурь ясны хугарал, их бага тархины цус хуралт, няцрал, их тархины баруун ховдолын цус хуралт, хатуу хальсан доорхи цус хуралт, хуйхан доорхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, мөргөлтийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
3. Дээрхи гэмтлүүд нь талийгаачийг амьд байхад үүссэн гэмтлүүд.
4. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар суурь ясны хугарал нь 3.1.2-д, их бага тархины цус хуралт, няцрал, их тархины баруун ховдолын цус хуралт, хатуу хальсан доорхи цус хуралтууд нь тус тусдаа 3.1.3-т хамаарч гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин хуйхан доорхи цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5. Талийгаач Г. нь суурь ясны хугарал, их бага тархины цус хуралт, няцрал, их тархины баруун ховдолын цус хуралт, хатуу хальсан доорхи цус хуралт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна...гэсэн дүгнэлтээр, 

Мөн хохирогч П., Г.*******, Б.*******, Р., , нарын биед  гэмтэл учирсан нь 
 
 Шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ?12934 дугаартай...
1. П.ийн биед дагз ясны шугаман хугарал, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт

Шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ?12933 дугаартай...
1. Г.*******гийн биед ууцны 1-р нугалмын дэлбээний зөрөөгүй, 3-р нугалмын их биеийн дарагдсан хугарал, баруун талын умдаг ясны , доод салааны зөрөөтэй, суудал ясны зөрөөгүй хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, зүүн хөлийн шагай орчмын зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх ууцны 1-р нугалмын дэлбээний зөрөөгүй, 3-р нугалмын их биеийн дарагдсан хугарал, баруун талын умдаг ясны , доод салааны зөрөөтэй, суудал ясны зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэсэн дүгнэлтээр,

Шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ?1060 дугаартай...
1. Б.*******ийн биед зүүн шаант ясны гадна булууны хэсгийн хугарал, дунд чөмөгний гадна, дотор булуу, шаант ясны гадна булууны няцрал, үений зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний дотор дунд хэсэгт, зүүн өвдөгний дотор хэсэгт, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт,

 Шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ?14257 дугаартай...
1. Р.ын биед тухайн үед зүүн бугалга ясны далд хугарал, тархи доргилт, зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи ялтаслаг цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн дагз хэсгийн хатуу бүрхүүл дээрхи ялтаслаг цусан хураа гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт,

     Шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ?14259 дугаартай...
    1. Б.гийн биед хоншоор яс, зүүн хацар яс, зүүн гайморийн хөндийн урд хана, хамар яс, зүүн нүдний ухархайн урд хана, дотор ханыг хамарсан цөмөрсөн нийлмэл хугарал, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун шуу, богтос яс, зүүн хацар ясны хугарлыг зассан мэс ажилбар, хамар ясны далд хугарал, таславч мурийлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
    2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
    3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт

     Шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ?14263 дугаартай...
    1. Д.гийн биед зүүн ацетбул, сүүжний тогооны далд хугарал тогтоогдлоо.
    2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
    3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
    4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт,

     Шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ?201500291 дугаартай 
    1. Р.гийн биед: Гэмтэл учирсан байна.
    2. Р.гийн биед: Тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
    3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
    4. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтүүдээр тус тус  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2015 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн “...1. гийн ******* ...нарын биеэс авсан гэх хуруу шилэнд савласан цусны дээжүүд шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн овогтой *******ын биеэс авсан гэх цусанд 4,5 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 4,5 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 7809 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь хэсэгт”... Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг  зөрчжээ.
     
Мөн түүнчлэн шүүгдэгч Б.******* нь өөрийн жолоодож явсан автомашиныг зогсоох арга хэмжээ авалгүй зам тээврийн осол гаргасан нь гэрч Г.гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тухайн осол гаргасан автомашин нь зогсож байгаа үедээ өөрөө өнхрөөд явах боломжгүй. Автомат хурдны хайрцагтай автомашин заавал хөдөлгүүрт хүч дамжуулах ангийг залгаж байж хөдөлдөг юм. ... Авто ослын гэмт хэрэг үйлдэгдсэн гудамжинд автомашин өөрөө өнхөрлөө гэж үзэхэд 5 км/ц хурдтай өнхрөх боломжтой байсан. Энэ нь тухайн гудамжны газрын хэвгий, уруу байдлаас харахад тэгж харагдаж байсан. Тухайн осол гаргасан автомашин нь өнхрөөд урдаа 2 метр орчим зайд байрлах /зогсох/ автомашиныг мөргөөд зогсох боломжтой. ... Өнхөрч явах үедээ өмнөх автомашинаа мөргөөд цаана нь байсан хүмүүсийг мөргөөд агаарт хөөртөл, амь насыг нь хохиртол мөргөх боломж байхгүй. ... 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газрын үзлэг хийж байхад осол гаргасан автомашины тормозны мөр хэргийн газар огт байгаагүй. Автомашины мөр бол байсан. Харин автомашин жалганд унахаас өмнөх 10 гаран метр зайд тухайн осол гаргасан автомашин огцом хааз өгсөн бололтой газар онгичсон бүдэг мөр үлдсэн байсан. ... Осол гаргасан улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаа хөтлөгчтэй. Тормоз гишигсэн тохиолдолд 4 дугуй нь зэрэг тормоз барих ёстой. ... Тухайн автомашины жолооч нь хөдөлгөөн эхлээд урдаа байсан автомашиныг мөргөөд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан нь хэргийн газарт үзлэг хийж байхад боломжтой харагдаж байсан. Зогсоох ч үүрэгтэй” гэсэн мэдүүлэг, гэрч П.ын  мэдүүлэг, Замын цагдаагийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтэнд
1. Сэжигтэн Б.******* нь Ниссан Теано маркын улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь хэсэгт “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна.
3. Хэргийн материалаас үзэхэд Ниссан Теано маркийн улсын дугаартай автомашины бүрэн зогсолтын мөр байхгүй нь хурдыг тодорхойлох боломжгүй байна.
4. Ниссан Теано маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.*******ын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7809 дугаартай, цусанд спиртийн агууламжийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр согтолтын хүнд зэргийн согтолттой байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. 
5. Хэргийн материалаас үзэхэд талийгаач Г., талийгаач Б., иргэн Г.*******, Б.*******, П., Р., Р., Д., Б. нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ..” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт  “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
   
Шүүгдэгч  Б.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж буюу  гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а,  9 дүгээр зүйлийн 9.2 заасныг тус тус зөрчсний улмаас зам  тээврийн осол гарган 2 хүний амь насыг хохироон, П.ий бие махбодид хүнд, Г.*******, Б.*******, Р., Д., Б. нарын бие махбодид хүндэвтэр, Р.гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрх байдлаар нотлогдож байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар нотлогдож байна. 
Шүүгдэгч Б.*******т ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.8 дахь хэсэгт хэсэгт зааснаар бага насны хүүхэдтэй мөн хуулийн 55.1.9 дэх хэсэг зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч, Монгол Улсын Эрүүгийн  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болгов. 
Шүүгдэгч Б.******* нь 3 хүртэлх насны хоёр хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан түүний охин Р.гийн 8101000018/03 дугаартай төрсний гэрчилгээ, хүү Р.ын 8101000104 дугаартай төрсөн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай санал гаргасан бөгөөд хохирогч нарын өмгөөлөгч Ц. “шүүгдэгчид ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулахад татгалзах зүйлгүй” хэмээн түүний саналыг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. 
  
Шүүгдэгч болон хохирогчид, тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй  байна. 

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.******* Б.******* нарт 21.105.000 төгрөг, хохирогч Б.*******т 900.000 төгрөг, хохирогч Г.*******, П. нарт 3826700 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө тушаасан баримтууд болон хохирогч нарын энэ талаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******, Г.*******, Д. нарын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон  гарсан зайлшгүй бүх зардлыг, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.*******, Б.******* нарт нас барсан хохирогч нарыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ. 
Шүүх хохирогч нарын гаргаж өгөн хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлд холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүгдэгчийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэм хорын зардлыг нотолж байгаа эсэх, тухайн баримтад бичигдсэн зардлыг хохиролд тооцон гаргуулах үндэстэй эсэхийг хянан Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсгүүдэд зааснаар уг баримтуудыг бүх талаас нь бүрэн гүйцэт бодит байдлаар шинжлэн судалж доорх байдлаар үнэлж дүгнэлээ. Үүнд:
1.Хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******аас эмчилгээний болон бусад зардалд нийт 7.782.892 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримтыг цуглуулж хэрэгт хавсаргажээ. Түүний гаргаж өгсөн баримтуудаас хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан шинжилгээний зардлын 2 ширхэг баримт, 126 дугаар хуудсанд үдэгдсэн  өвдөгний бэхэлгээний болон эмийн зардлын 2 ширхэг баримт, 103 дугаар хуудсанд авагдсан суга таягны үнийн баримт, 142 дугаар хуудсанд авагдсан эм болон мөн таягны үнийн баримт, 147 дугаар хуудсанд авагдсан эмийн үнийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэм хорын хохиролд холдогдох баримтууд гэж үзэн үнэлж эдгээр баримтын дүн 683000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэстэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******т 900000 төгрөг төлсөн байна. 
Харин Б.*******ийн гаргаж өгсөн баримтуудаас талийгаачдын буянд зориулж гаргасан шашины зан үйлийн  зардалууд буюу хэргийн 123-р хуудас дахь Их хүрээ хийдэд 2000 төгрөгний, Зүүн хүрээ Дашчойлон хийдэд 2000 төгрөг, Завхан аймгийн Төгс буянт хийдэд 15000 төгрөг, Зүүн хүрээ хийдэд 1000 төгрөг, Гандантэгчилэн хийдэд 5000 төгрөгний, 124 дүгээр хуудас дахь Зүүн хүрээ хийдэд 2000 төгрөгний, Даш Пунцаглан хийдэд 5000 төгрөгний, Зүүн хүрээ хийдэд 1000 төгрөгний, Завхан аймгийн Төгсбуянт хийдэд 2000, 17000, 1600 төгрөгний, 131 дүгээр хуудасны Зүүн хүрээ Дашчойлон хийдэд 8000 төгрөгний, 5000 төгрөгний, 133 дугаар хуудас дахь Гандантэгчилэн хий 8000 төгрөгний баримт, 134 дугаар хуудас дахь Зүүн хүрээ  Дашчойлон хийдэд 3000 төгрөгний,  Зүүн хүрээ Дашчойлон хийдэд 1000 төгрөгний, Гандантэгчилэн хийдэд 5000 төгрөгний, 143 дугаар хуудас дахь баринтаг оёход зарцуулсан зардал 596.000 төгрөг нийт 680600 төгрөгний зардлууд нь хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан шууд зардал биш байна.
Мөн Б.******* нь гэмт хэргийн улмаас нас барсан хохирогч Г.ийн төрсөн охин, Б.ийн авга эгч болох нь тогтоогдож байгаа ч эдгээр хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогч Б.*******, Б.******* нар нэхэмжилсэн бөгөөд шүүх тэдний нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэх учир Б.*******ийн буянд зориулан сайн дураараа гаргасан зардлыг шүүгдэгчээс гаргуулж өгөх үндэсгүй гэж үзлээ. 

Түүнчлэн хэргийн 127-р хуудасны 70000 төгрөгний, 40000 төгрөгний, 10000 төгрөгний, 20000 төгрөгний, 40000 төгрөгний, 60000 төгрөгний, 20000 төгрөгний, 40000 төгрөгний, 128-р хуудасны 50000 төгрөгний, 30000 төгрөгний, 46500 төгрөгний, 40000 төгрөгний, 10000 төгрөгний, 20000 төгрөгний, 129-р хуудасны 49000 төгрөгний, 80000 төгрөгний, 60000 төгрөгний, 50000 төгрөгний, 20000 төгрөгний, 20000 төгрөгний, 20000 төгрөний, 26850 төгрөгний, 130-р хуудасны 20000 төгрөгний, 110005 төгрөгний, 50000 төгрөгний шатахууны зарлагын баримтуудаар шатахууныг нь хэн авсан нь тодорхойгүй, 46-77 дугаартай автомашинд шатахуун  зарцуулсан гэх мэт баримтууд байх боловч баримтуудад машины улсын дугаарын сери өөр өөр байдлаар бичигдсэн байх тул эдгээр баримтууд эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Мөн шатахууныг хэн, ямар зорилгоор авсан нь тодорхой бус байх тул хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдон гарсан шууд зардал  гэж үзэх боломжгүй байна.
Мөн хохирогч Б.******* ээжийнхээ буянд зориулан хоног хураахаар Завхан аймаг явах, ирэхэд зарцуулсан хоолны мөнгөний зардал гэж 215300 төгрөг нэхэмжилж уг зардлын тооцоог өөрөө хийн хэргийн 132-р хуудсанд хавсаргуулсан байгаа ч ийм хэмжээний зардал гарсан гэдгийг нотолсон шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй байх тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

Хохирогч Б.******* бариачид бариулахад гаргасан зардал гэж 640.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг зардлын тооцоог баталгаажуулан гэж гарын үсэг зурсан байгаа ч хохирогч Б.*******ийг бариа заслын эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэсэн зааврыг эмч, эмнэлгийн байгууллагаас өгсөн гэх болон нь бариа заслын эмчилгээ хийх эрх бүхий хүн гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.

 Хавтаст хэргийн 131-р хуудасны 16785 төгрөгний, 35130 төгрөгний, 133-р хуудасны 25240 төгрөгний, 7830 төгрөгний, 12800 төгрөгний, 4920 төгрөгний, 135-р хуудасны 128700 төгрөгний, 136-р хуудасны 63550 төгрөгний, 21500 төгрөгний, 137-р хуудасны 103500 төгрөгний, 86900 төгрөгний, 138-р хуудасны 532000 төгрөгний, 139-р хуудасны 21000 төгрөгний, 80000 төгрөгний, 140-р хуудасны 153000 төгрөгний, 250000 төгрөгний, 141-р хуудасны 258700 төгрөгний, 142-р хуудасны 298500 төгрөгний, 145-р хуудасны 87500 төгрөгний, 76400 төгрөгний, 12050 төгрөгний, 146-р хуудасны 33700 төгрөгний, 50800 төгрөгний, 79200 төгрөгний, 147-р хуудасны 5750 төгрөгний, 10000 төгрөгний, 40000 төгрөгний 10000 төгрөгний, 148-р хуудасны 186050 төгрөгний, 47900 төгрөгний 122000 төгрөгний, 149-р хуудасны 158350 төгрөгний, 76150 төгрөгний, 24100 төгрөгний баримтуудыг Б.******* хэрэгт хавсаргуулжээ. Гэтэл эдгээр баримтуудаар хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйлсийг хэн ямар зорилгоор авсан нь тодорхойгүй, мөн уг хүнсний бүтээгдэхүүнүүд болон ахуйн хэрэглээний зүйлс нь хүний ердийн хоол хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний зүйлс байх тул эмчилгээ сувилгаатай холбогдох гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй. 
Иймд дээрх шашины зан үйлтэй холбоотой гарсан зардлууд болон нотлох баримтын шаардлага хангаагүй баримтын зардлуудыг гаргаж олгох үндэсгүй.
Хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардал буюу шинжилгээний болон эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ 683000 төгрөгний хохирол нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд түүний нэхэмжилсэн 7.782.892 төгрөгнөөс хохиролд төлөгдсөн 900000 төгрөгийг хасч 6.882.892 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
        
2. Хохирогч П.Ариун–Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, хохирогч Г.******* нар нь шүүгдэгчээс 9.301.999 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Д. ий эмчилгээний зардал буюу эмнэлгийн үзлэг, шинжилгээний зардал, хэрэглэсэн эмийн бодисын үнэнд нийт 811650 төгрөг зарцуулсан нь нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.  
П.ий хууль ёсны төлөөлөгч Ж.*******ийн  бүрдүүлсэн баримтуудаас хэргийн 93-р хуудас дахь 54903 төгрөгний, 111553 төгрөгний, 11371 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнүүд, 96-р хуудас дахь 6550 төгрөгний, 41217 төгрөгний,  21700 төгрөгний, 17019 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнүүд, 97-р хууудас дахь цахилгааны төлбөр 97900 төгрөг, Мир номын дэлгүүрээс худалдан авсан номын үнэ 135400 төгрөгний/уг баримтын хувийг 120-р хуудсанд давхар хавсаргасан/ баримтуудыг Д.ийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан шууд зардал гэж үзэхгүй.  
Хавтаст хэргийн 120-р хуудас дахь шинжилгээний 10000 төгрөгний орлогын баримт хавсаргасан байгаа ч уг шинжилгээг хэн, хэзээ өгсөн нь тодорхойгүй, 100-р хуудас дахь баримтанд бинтний үнэ 1500 гэсэн атлаа дүнг 15000 гэж буруу бичсэн, ямар зорилгоор хэнд авсан нь тодорхойгүй учир эдгээр зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй. 
Хэргийн 102-р хуудасны 20000 төгрөгний, 33200 төгрөгний,20000 төгрөгний, 30000 төгрөгний, 10500 төгрөгний, 40000 төгрөгний, 103-р хуудасны 10500 төгрөгний, 20000 төгрөгний, 50000 төгрөгний, 30000 төгрөгний, 50000 төгрөгний, 106-р хуудасны 50000 төгрөгний, 20000 төгрөгний, 30000 төгрөгний, 45000 төгрөгний, 50000 төгрөгний, 32000 төгрөгний, 20000 төгрөгний, 60000 төгрөгний, 117-р хуудасны 20000 төгрөгний, 50000 төгрөгний, 20500 төгрөгний, 50000 төгрөгний, 55000 төгрөгний, 80000 төгрөгний, 121-р хуудасны 20000 төгрөгний, 50000 төгрөгний шатахууны баримтуудыг мөн хэн ямар зорилгоор авсан нь тодорхойгүй учир хохирогч П., Г.******* нарын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй 
            Хэргийн 107-р хуудасны 22470 төгрөгний, 57000 төгрөгний, 10040 төгрөгний, 17685 төгрөгний, 50330 төгрөгний/109-р хуудасны 50330 төгрөгний давхцсан/ 11300 төгрөгний, 27530 төгрөгний, 16594 төгрөгний, 30670 төгрөгний, 115-р хуудасны 96350 төгрөгний, 116-р хуудасны 81200 төгрөгний, 90600 төгрөгний, 71030 төгрөгний, 118-р хуудас дахь 37932 төгрөгний, 1000 төгрөгний, 1000 төгрөгний, 119-р хуудасны 83900 төгрөгний, 120-р хуудасны 19842 төгрөгний, 121-р хуудасны 83200 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйлс худалдан авсан баримтуудын зардал нь хүний ердийн хоол хүнс, ахуйн хэрэглээний эд зүйлс, архи гэх мэтийн үнэ байх тул хохирогчийг асарч сувилах, нэмэгдэл хоол хүнс өгөхтөй холбогдон гарсан зардал гэж үзэх үндэсгүй учир шүүгдэгчээр нөхөн төлүүлэх боломжгүй.
           3. Хохирогч Г.******* нь эмчилгээний зардал, өөрийн ажиллуулж байсан Түргэн үйлчилгээний  цэгийн үйл ажиллагааны орлого нийт 24316893 төгрөг нэхэмжилжээ. 
        Түүний эмчилгээний зардал буюу эмнэлгийн үзлэг, шинжилгээний зардал, хэрэглэсэн эм, эмийн бодис, хэвтрийн хөтөвч, хийлдэг дугуй, таяг зэргийн үнэнд нийт 1499137 төгрөг зарцуулсан нь нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байна.
Хэргийн 94-р хуудсанд Г.*******гийн нийгмийн даатгал шимтгэлд 48000 төгрөг төлсөн 2 ширхэг баримт, 120-р хуудсанд Г.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлд 48000 төгрөг төлсөн баримт авагдсан байгаа боловч Г.******* нь Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээгээ үнэн зөв мэдүүлэх, мөн зүйлийн 7.2.1 дэхь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээх, Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар уг байгууллагатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Ийнхүү хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төлж байгаа шимтгэлийг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас эмчилгээтэй холбогдон гарсан зардал гэж үзэх үндэсгүй. 
             Мөн хэргийн 112-р хуудсанд хавсаргасан  УБ Сонгдо эмнэлгийн мэс заслын төлбөрт төлөх 4.000.000 төгрөгний нэхэмжлэх болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн П.ий уг эмнэлэгт тархины MRI шинжилгээ хийлгэхэд гарах зардал 485000 төгрөгний нэхэмжлэхийн дагуу дээрх зардлуудыг төлөөгүй, уг эмчилгээ, шинжилгээг хийлгээгүй гэдгээ хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлж байх тул дээрх зардлуудыг шүүгдэгчээс урьдчилан гаргуулах боломжгүй.
           Г.******* нь Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанаас сард 1600000 төгрөгийн орлого олдог байсан гэх үндэслэлээр олох байсан орлого гэж 24316893 төгрөг нэхэмжилж байгаа ч ийм орлого олдог байсан болохоо нотолсон ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж татвар ноогдох зүйл болох орлогоо үнэн зөв тодорхойлж, татвараа хуульд заасан хугацаанд төлж байсан баримтаа ирүүлээгүй байх тул түүнийг сард 1600000 төгрөгийн орлого олдог байсан болох нь нотлогдохгүй байна гэж үзэж орлогын 24316893 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 
           4. Хохирогч Б.*******, Б.******* нар мөрдөн байцаалтын шатанд хохиролд 34291745 төгрөг 76 мөнгө нэхэмжилж, хохиролд холбогдох 141 ширхэг баримтыг тусгайлан хавтаслаж ирүүлжээ. Мөн оршуулах ажиллагаанд оролцохоор ирсэн 4 хүний замын зардал 336000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3291500 төгрөгний баримтуудыг шинээр гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж хохиролд нийт 38406448 төгрөг нэхэмжилжээ.
              Хохирогч Б.******* Б.******* нарын гаргаж өгсөн дээрх бүх баримтуудыг үнэлэн талийгаачдыг оршуулахтай холбогдон нийт 20.997.300 төгрөгийн зайлшгүй зардал гарсан болох нь нотлогдож байна гэж үзлээ. Тэдний гаргаж өгсөн баримтуудаас нэг ч баримтыг нотлох баримтаас хасаагүй болно. 

            Монгол Улсын Иргэний хуулийн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нас барсан хохирогч нарыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд Б.*******, Б.******* нарт 21105000 төгрөг төлсөн байна. 
    
         Ийнхүү нэхэмжлэлд холбогдох бүхий л баримтуудыг нэгтгэн үнэлж дүгнэхэд Г.*******, Б.*******, Ж.******* нарын гаргаж өгсөн баримтуудаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардалд холбогдох, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар Б.*******т 683000 төгрөг, Г.*******д 1499137 төгрөг, П.д 811650 төгрөгний зардал гарсан  нь нотлогдож байна. 
      Харин хохирогч Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлээс огт баримтгүй 16092000 төгрөгийг, Б.*******ийн гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй, хэн авсан нь тодорхойгүй баримтуудтай шатахуун болон хүнсний бүтээгдэхүүн ахуйн хэрэглээний зүйлийн үнэ нийт 6657092 төгрөгийг, Г.*******, П., түүний хууль ёсны төлөөлөгч Ж.******* нарын гаргаж өгсөн мөн нотлох баримтын шаардлага хангаагүй, хэн авсан нь тодорхойгүй баримтуудтай хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, ахуйн хэрэглээний зүйлийн үнэ 1647400 төгрөг болон ТҮЦ-ийн орлого 24316893 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
       Түүнчлэн өмгөөлөгчийн зардалд 3291000 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч тус бүрт 658300 төгрөгийг олгох үндэстэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.*******, Б.******* нарт 107700 төгрөгийг, Г.*******, П. нарт 1515913 төгрөгийг, Б.*******т 217000 төгрөгийг тус тус илүү төлсөн учир шүүгдэгчээс 1650200 төгрөг гаргуулж хохирогч Б.*******т  441300  төгрөг, хохирогч Б.*******, Б.******* нарт 1208900 төгрөгийг олгох нь зүйтэй байна.  
             Хохирогч  Б., Д., Р., Р. нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.*******, Г.*******, П. нар цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
        1. Шүүгдэгч овогт гийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид гэмтэл учруулсан, хоёр хүний  амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
        2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
        3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 5 жил 1 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 5 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Цагдаагийн  байгууллагад үүрэг болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. ******* хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлдэг болохыг дурдсугай.  

        6. Шүүгдэгч Б.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
        7. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Д.гийн жолооны үнэмлэх, Д.гийн нэртэй худалдах худалдан авах гэрээг шүүгдэгч Б.*******т буцаан олгож, авто машины салхины шилний хагархай, цагаан ягаан өнгийн даавуун материалтай автомашины задарсан аюулгүйн дэр, авто машины хагарсан толь, саарал өнгийн салоны хуванцар хайрцаг, “Бодь даатгал” гэсэн бичигтэй саарал өнгийн гялгар уут, авто машины улаан өнгийн гэрлийн хагархай, цагаан өнгийн гутлын төмөр аралтай даруулга, машины салоны цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хэсэг зэргийг тус тус устгаж, 1-141 хүртэл дугаарласан хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргасугай. 
        8. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хувьд ногдох эд хөрөнгөөс 2.400.000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркын 48 инчийн 3D зурагт, 2.700.000 төгрөгийн үнэ бүхий мебель хувцасны шүүгээ, 700.000 төгрөгийн үнэ бүхий Hair маркын хөргөгч, 650.000 төгрөгийн үнэ бүхий Лисьва маркын шарх шүүгээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүлсүгэй.  
        9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3,                      505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******аас нийт 1650200 гаргуулж хохирогч Б.*******д Б.******* нарт 1208900 төгрөг, Б.*******т 441300 төгрөгийг тус тус олгож, Г.*******гийн нэхэмжилсэн олох байсан орлого 24316893 төгрөг, бусад зардал 1647400 төгрөгийг, Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлээс 16092000 төгрөгийг, Б.*******ийн нэхэмжлэлээс 6657092 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгосугай
        10. Хохирогч Б., Д., Р., Р. нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, Б.*******, Г.*******, Д.ийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

        11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
        12. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхмэжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай    

 

ДАРГАЛАГЧ   Д.НЯМ
ШҮҮГЧИД  З.НАНДИНЦЭЦЭГ
Н.ДЭЛГЭРМАА