Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 0308

 

2019 он 05 сарын 21 өдөр                 Дугаар 128/ШШ2019/0308             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, О.Л гийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Л [1], нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т [2], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М [3], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч О.Л 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[4]:

Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаартай хариу албан бичиг нь: Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төрөөс санхүүжүүлэх 24.6.6-д заасан Цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдартай энэ хуулийн 24.2.6-д заасан бага насны хүүхдэд, эмчилгээний төлбөрийн баримтад тулгуурлах эс үйлдэхүй, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхгүй байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн учраас Эрүүл мэндийн сайдад холбогдуулан Захиргааны актын үйлчлэл чиглэж буй Л.Б д /0/1 бүлгийн цустай донороос, хэдий эрт чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээнд орж чадна төдий чинээ үр дүн өндөр байна гэж 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дүгнэлт гаргасан, Бүгд найрамдах Хятад ард улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх цусны эмнэлэгт хийгдэх,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсгүүдэд зааснаар Монгол Улсын Засгийн газрын Гадаад оронд эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам батлах тухай 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын иргэн өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтын Ж/20-д заасан донороос реципентэд ясны чөмөг шилжүүлэн суулгах, донорын 453,828,600 төгрөг, эмчилгээний 176,488,900 төгрөг, нийт төлбөрийн 630,317,500 төгрөгийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд зааж зохицуулсны дагуу шийдвэрлэх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гаргахыг даалгах.

Түүний үндэслэл: О.Л миний том хүү талийгаач Л.Г нь төрийн тусгай албан хаагч байсан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байхдаа зөвхөн Монголоосоо олсон Цусны цагаан бөөмийн эрлийзсэн эсийн цочмог хорт хавдар эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр хариуцах өвчнөөр өвчлөж, уг өвчнийг улсын хэмжээний төв эмнэлэг тавилангүй гэж тодорхойлсноор зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх, Төрийн албаны тухай хуульд заасан зардлыг сайдын төсвийн багцаас гаргах боломжгүй гэж үзсэнээр, цусны үрэвслийн хорт хавдрын төрөлд хамааруулан буруу оношилж, химийн эм тариагаар мансууруулан донтуулж, хоёр нүдийг сохолж, 272 хоног тарчлаан тамлаж, амь насыг нь хохироосон эмгэнэлт үйл явдал болсон.

Хүүгийнхээ амийг аврахын тулд амь насыг аврахын тулд аав ээж нь чадах бүхнээ хийж, өөрсдийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөө зарж, мөнгө төгрөгийг эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээнд зарцуулж зориулж, хувь хүний үйлдэл, ген удам зүйн гарал үүсэлд нь огт хамааралгүй уг өвчнөөр өвчлөх болсон шалтгааныг нь судлан, өвчний оношийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тогтоолгож Америкийн Нэгдсэн Улсад баталгаажуулсан юм.

Хэрвээ Монголдоо оношилж, эмчилж чадахгүйг нь мэдсэн бол хүүгээ эсийн цочролд орж, биеийн зохицолдоо нь алдагдаж, эмчлэгдэх боломжгүй болохоос нь өмнө амжиж, гадаад улс оронд зөв оношлуулж, төрсөн дүүгийнх нь хэмт яснаас үнэ төлбөргүй ясны чөмөг, тунгалгийн эсүүд буюу донор авч ахад нь шилжүүлэн суулгуулсан бол бүрэн эдгэрэх боломжтой байсан.

 

 

Гай зовлон үүгээр дууссангүй, талийгаачийн ганц хүү Л.Б д эцгээс нь удамшиж дамжсан өвчний улмаас ядарч сулдаж, унтамхай болж, өвчиндөө шаналснаар хойд эцэгтээ ад үзэгдэж, эхийнх нь үл хайхрах байдлаас болж, эрсдэлд нөхцөлд орсон, ач хүүгээ аргагүйн эрхэнд хуулийн дагуу өвөө эмээ нь 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үрчлэн авсан энэ хүүхэд, цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар өвчнөөр 7-н сартайдаа оношлогдож, өнөөдрийг хүртэлх хугацаанд онцгой хүнд нөхцөлд амьдарч, эмчилгээний мөнгөгүйгээсээ өвдөж, шаналж яваа нь төрсөн эцгийнх нь дархлаа хариуцдаг хромосом дахь цацраг идэвхт бодисын хор нөлөөнд мутаци болж эрлийзсэн ясны чөмөг, тунгалгийн эсийн халдвар судлал болон зөвхөн төрөлттэй холбоотой шалтгаанаар ген удам зүйн шинжилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны эмгэг судлалын клиникт онош нь тодорхойгүй хэвтэн эмчлэгдэж байсан өвчтөний эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөх урагт эмнэлгийн заалтаар хийх Эрүүл мэндийн тухай хуулийн 281.1 дүгээр зүйлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр хариуцах 281.1.2, 281.1.3, 281.2, 3.1.5, 36.2-д заасан үр хөндөх, эрүүл мэндийн тусгай эрхийг хэрэгжүүлэх журмыг хуульчилж мөрдүүлээгүйгээс дархлаа хариуцдаг Лөйкоцит-цагаан эс-өнгөгүй, Лимфоцит-цагаан бөөм-бөөмтэй эс гэх мэт монгол хэлнээ орчуулагдаж байгаа эсүүд нь тунгалгийн зангилаа болон гүйлсэн булчирхай, фабрицын уутанцар, сэрээ булчирхайн эрхтнүүдэд бүрэн төлжих чадамжгүй Т-Лимфоцит в-Лимфоцит буюу ясны чөмөг, тунгалгийн бөөмийн холимог эсийн хорт хавдартай ураг, нярайг 2006 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрүүлснээр 0-18 насны хүүхдэд төлбөртэй үйлчилдэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны эмгэг судлалын клиникт талийгаач эцгийнх нь эмчлэгч болон зөвлөх эмч нарын хяналтаар 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2008 оны 02 дугаар сарын 29-ны өдрүүдэд нярай, балчир насанд нь хийгдсэн шинжилгээний шинжлэгдэхүүний хариуг цусны эмгэг судлалын зөвлөх багш, доктор, профессор, өндөр настан П.Ц гуай уншиж оношилсноор Хурц холимог лейкеми буюу Хурц холимог эсийн хавдар, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бага насанд нь хийгдсэн шинжилгээгээр эсийн хорт хавдар буюу Лейкеми өвчин оношлогдож улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх цусны эмнэлэгт 2014 оны 06 дугаар сарын 25-аас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд мансууруулах төрлийн химийн тодруулагч бодисын тусламжтай Л.Б г унтуулсан байдалд хийгдсэн хэмт ясны хатгалтын электрон дурангийн цито-молекуль-генетикийн шинжилгээний хариу В.Лимфоцит-ын хэвийн бус эс 36.23%, Т.Лимфоцит сөрөг өөрчлөлттэй эсийн шинжлэгдэхүүний үзүүлэлтээр цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар буюу Mixed Lineage Leukemia өвчний онош батлагдаж, өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй энэ өвчнөөс эрүүл мэндээ хамгаалах, тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн Л.Б нь зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журамд зааснаар улсын хэмжээний хүүхдийн тусгай төв, төв эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулах боломжгүй түүний өвчнийх нь талаар Эрүүл мэндийн сайд нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1а/588 дугаар албан бичгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Энхтөрд хүргүүлсэн боловч хамтарсан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг гаргуулж чадахгүйгээс орхигдуулсан, мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 141691 дүгээр захирамжаар томилогдсон дээрх мэргэжлийн зөвлөлийн эмч нар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д ...тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн энэ хуулийн 35.1-д эмнэлгийн практикт хэрэглэгдээгүй арга хэрэглэхийг хориглоно гэж зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан зэрэг эс үйлдэхүй нь эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан улсын хэмжээний хүүхдийн мэргэжлийн тусгай төвийн оношлогоо шинжилгээний баримтад монгол улсын иргэний эрүүл мэндийн нэр томьёог орос үг, крилл үсгээр бичсэн, 0-18 насны хүүхдийн цусны цагаан эс, цагаан бөөмийн шинжлэгдэхүүний лавлах тоо хэмжээ нь хувийн хэвшлийн болон бүсийн оношлогооны төвийн лабораторийн шинжилгээнүүдтэй зөрүүтэй, улсын хэмжээнд цито-молекуль-генетикийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон хромосом, генетик-удамзүй, эсийн эмгэг судлалын хүүхдийн мэргэжлийн эмч байхгүй зэрэг төрийн гадагш чиглэсэн эрүүл мэндийн талаарх Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д ....шинжлэх ухааны мэдлэг, ололт, ...дэвшилтэт аргад тулгуурлан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, энэ хуулийн 3.1.3-д эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээ, монгол улсын засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт Монгол улсад одоогоор оношлох, эмчлэх боломжгүй байгаа өвчний оношлогоо, эмчилгээг шинээр бий болгох ...жил бүрийн төсөвт мөнгийг нь тусгахыг заасан тусгайлсан зохицуулалтыг Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар Эрүүл мэндийн яам нь зохион байгуулж биелэлтийг нь хангуулаагүй, түүний сайд нь Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.15-д зааснаар эмнэлгийн хэрэгслийн хангамжийн талаарх бодлогыг хариуцаж хэрэгжүүлэх болон мэргэжлийн арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс Л.Б гийн эрүүл мэндэд учирсан бодит үйлдэл тодорхой эрх зүйн үр дагаварт чиглээгүй үйл ажиллагааны явцад энэ хүүхдэд гэм хор учирснаар хариуцлагатай холбоотой эрх зүйн харилцаа үүссэнийг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ гэж дурдаад нэхэмжлэгч нь хууль болон журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд өвчнийг эмчлэхтэй холбогдсон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг шаардахад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01651 дүгээр тогтоол саад болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ гаргасны дагуу Л.Б гийн өвчнийг эмчлэхтэй холбогдсон хууль болон журамд заасан баримт материалыг бүрдүүлэн Эрүүл мэндийн сайдын гарт нь гэж хаяглан хандаж гаргасан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д сайд нь ...хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаарх өргөдлийг доод шатны албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө гэж Заасныг Зөрчиж эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б гийн гарын үсэгтэй албан бичгээр хариу өгч шийдвэрлэхгүй орхигдуулсан Энэ хүүхдийн дархлаа бүрэн гүйцэд тогтох арван гуравхан насандаа сэрээ булчирхай уусаж, цусандаа тархах үеэс холимог эсийн архаг үржилтийн явц нь эсийн цочмог хэлбэрт орсноор төрсөн эцэг шигээ Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан амьд явах эрх нь зөрчигдөж болзошгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан Захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[5]:

 

... Иргэн О.Л нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн яамд гэж хаяглан эмчилгээний төлбөр гаргуулах тухай өргөдөл Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн. Энэхүү өргөдлийг тус яамнаас судалж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. гэснийг үндэслэн өргөдлийн хариуг иргэнд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаар албан бичгээр хүргүүлсэн.

 

Мөн Засгийн газрын 2011 оны Журам батлах тухай /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам/ 226 дугаар тушаалаар батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох журам-ын 2.3-т Санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж... гэсэн байдаг бөгөөд дээрх журмын 1.2-т Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана. гэж заасан. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгэзр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн-ийг, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/206 дугаар тушаалаар Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам-ыг тус тус баталсан. Засгийн газрын 2011 оны Журам батлах тухай /Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам/ 226 дугаар тушаалаар батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох журам-ын 2.1-т "Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"- д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт оруулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина гэж заасан тул тус яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай материал бүрдүүлэн дэмжлэг хүсэх боломжтойг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө дугаар албан бичигт дурдсан.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч О.Л гийн Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэн, маргаан бүхий татгалзлын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв:

 

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Нэхэмжлэгч О.Л гоос өөрийн хүү Л.Б гийн цусны цагаан бөөмийн эрлийзсэн эсийн цочмог хорт хавдрын эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төр хариуцна. гэсэн үндэслэлээр 1.Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө тоот албан бичиг хүчингүй болгуулах, 2.Л.Б д чөмөг шилжүүлэн суулгах зардал болон эмчилгээнд 630,317,500 төгрөгийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгуулах агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.[6]

 

Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас 2.Л.Б д чөмөг шилжүүлэн суулгах зардал болон эмчилгээнд 630,317,500 төгрөгийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгуулах гэсэн агуулгыг дурдаагүй боловч, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс энэхүү 2 дахь нэхэмжлэлийн шаардлага байгааг тодруулсан тул шүүхээс энэхүү 2 шаардлагын хянан үзэж энэхүү шүүхийн шийдвэр гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр.Маргаж буй зүйлийн талаар:

 

Нэхэмжлэгч О.Л гоос 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн яаманд Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар баталсан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон тул хүү Л.Б гийн эмчилгээний зардалд 70.000 ам доллар буюу 167.785.100 төгрөг, донорын төлбөр 431.447.400 нийт 599.232.500 төгрөгийг төрийн сангийн газар, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас гаргаж өгнө үү гэсэн өргөдлийг, холбогдох баримтуудын хамт гаргажээ.[7]

 

Уг өргөдөлд Эрүүл мэндийн яамнаас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө албан бичгээр ...журмын дагуу эмчилгээний төлбөрийн баримтад тулгуурлан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг тул холбогдох материалыг бүрдүүлэн

 

ирүүлснээр, дэмжлэг үзүүлэх боломжтой. гэсэн агуулга бүхий хариуг өгчээ.[8]

 

Нэхэмжлэгчээс хариуцагч Эрүүл мэндийн яамны энэхүү хариуг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар баталсан журамд заасан бүхийл баримтыг бүрдүүлэн өгөөд байхад журамд заасан материалыг бүрдүүлэн ирүүл гэсэн шаардлагыг тавьж, бүрдүүлэн өгсөн баримтын дагуу эмчилгээний төлбөрт санхүүгийн дэмжлэг олгохоос татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус гэсэн агуулгаар маргажээ.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн хүү Л.Б гийн өвчний эмчилгээ нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад донороос реципентед ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээнд багтсан гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй гэдэг нь хариуцагчийн тайлбар, маргаан бүхий албан бичгээр тогтоогдож байна. [9]

 

Гурав.Хууль зүйн үндэслэлийн талаар:

Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсын Засгийн газар /цаашид Засгийн газар гэх/ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 7.1.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах; гэжээ.

 

Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтын 2.1-д "Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина.

 

Уг журмын 2.2-д Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох алба нь гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч судлах, шаардлагатай бол холбогдох эмнэлгийн байгууллагаар нарийвчлан судлуулж саналаа Зөвлөлийн хуралд оруулна.,

 

Мөн журмын 3.1-д Гадаадад оношлуулах, эмчлүүлэх талаар эмнэлгийн дүгнэлт гарсан бол санхүүгийн дэмжлэг хүссэн иргэд өргөдлөө дараах материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ: 3.1.1.иргэний үнэмлэхийн хуулбар, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт; 3.1.2.гадаад оронд оношлуулах, эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт, дүгнэлтийг англи хэл дээр орчуулсан хувь; 3.1.3.хүлээн авч оношилгоо, эмчилгээ хийх талаар тухайн гадаад орны эмнэлгээс ирүүлсэн урилга буюу зөвшөөрөл; 3.1.4.зардлын бусад эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээлэл. гэжээ.

 

Маргааны үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч О.Л нь өөрийн хүү Л.Б гийн өвчний оношийг тодруулж, дүгнэлт гаргуулахаар 2014 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан байх бөгөөд уг эмнэлгээс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2/1142 дугаар албан бичгээр тодорхойлолт бичин ...тухайн үед хийгдсэн цитотгенетикийн болон молекул генетикийн шинжилгээ одоог хүртэл манай оронд нэвтрээгүй тул өвчнийг бүрэн үгүйсгэж эсвэл баталж өгөх боломжгүй байна. гэсэн хариуг өгчээ.[10]

 

Уг тодорхойлолт авсны дараа нэхэмжлэгч нь хүүгээ дагуулан БНХАУ-ын эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх цусны эмнэлэгт үзүүлэн шинжилгээ хийлгэж, Цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар өвчин гэсэн оношийг тогтоож, үүдэл эсийг хайж олсны дараа чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өөр төрлийн эмчилгээ хийлгэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж, эмчилгээний төлбөрийг дурдсан байна.[11]

 

Дээр дурдсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, БНХАУ-ын эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх цусны эмнэлгийн дүгнэлт зэргийг нэхэмжлэгч О.Л гоос 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч байгууллагад өргөдөл гаргахдаа дээр дурдсан журмын 3.1-д заасан иргэнээс гаргах өгөх материал, баримтууд болох иргэний үнэмлэхийн хуулбар, эмчлүүлэгчийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тодорхойлолт, Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, БНХАУ-ын Эрүүл мэндийн хүрээлэн, цусны эмнэлгийн дүгнэлт, орчуулгын хамт, Улсын дээд шүүхийн тогтоол, Эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт гаргуулах шинжээч томилсон шүүгчийн захирамжууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн гэдэг нь өргөдлийн хуулбар, гаргаж өгсөн баримтуудын хуулбар[12] зэргээр тогтоогдож байна.

 

Гэтэл хариуцагч байгууллагаас Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтын 2.1-д "Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан гэх шаардлагыг биелүүлээгүй гэж нэхэмжлэгч О.Л гийн өөрийн хүүгийн эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь энэхүү журмын заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс журамд заасны дагуу улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтээ хүсэлттэй хамт хавсарган өгсөн байтал хариуцагч талаас уг дүгнэлт гаргуулаагүй гэж тайлбарлан маргаж байгаа нь өөрийн бүрэн эрхэд хамаарах нэхэмжлэгчийн өөрийн хүүгийн эмчилгээнд санхүүгийн дэмжлэг авах хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, хүсэлтийг хянан үзэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй, шийдвэрлэхээс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;, 6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх; гэж заасныг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараах байдлаар хянан үзнэ: 3/өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, ... зэрэг үйл ажиллагаа явуулна; гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгчийн хүү Л.Б г Цусны цагаан бөөмийн холимог эсийн архаг хорт хавдар өвчин-тэй гэсэн оношийг эмнэлгийн байгууллагаас дүгнэсэн байх тул Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. Монгол Улсын иргэний эмнэлгийн тусламж, үйлчилгээний дараах төлбөрийг төр хариуцна: 24.6.6-д ..., хорт хавдар, ... эмчилгээ; гэж заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч төрөөс шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өөрийн хүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлт, гомдлыг хянан үзэж, үндэслэл бүхий хариу өгөөгүй, шийдвэрлэхээс зайлсхийсэн хариуцагч захиргааны байгууллагын татгалзал нь дээр дурдсан хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлоо хуульд заасны дагуу үндэслэлтэйгээр шийдвэрлүүлэх, хүүгийнхээ эмчилгээний төлбөрт санхүүгийн дэмжлэг төрөөс авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус байх тул нэхэмжлэлийн Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө тоот албан бичиг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу өргөдлийг журмын дагуу судалж хариу өгөхийг даалгуулах гэсэн хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Харин Л.Б д чөмөг шилжүүлэн суулгах зардал болон эмчилгээнд 630,317,500 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүүгийн эмчилгээний төлбөрт хэдий хэмжээний тусламжийн төлбөр олгох асуудал нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар тушаалаар баталсан гуравдугаар хавсралтаар баталсан Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам-д заасны дагуу Монгол Улсын иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн эрх хэмжээний асуудал байх тул шүүхээс уг асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 24 дүгээр зүйлийн 24.6.6, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6 дахь заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Л гоос гаргасан Эрүүл мэндийн яамны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 7/216-ө тоот албан бичиг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л.Б д чөмөг шилжүүлэн суулгах зардал болон эмчилгээнд 630,317,500 төгрөгийг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу захиргааны акт гаргахыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.Л гийн хүү Л.Б гийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлт Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу судлан, шийдвэрлэж хариу өгөхийг хариуцагч Эрүүл мэндийн яаманд даалгасугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагаас биелүүлэхдээ нэхэмжлэгч О.Л гийн өмнө нь гаргасан хүсэлт, хавсарган өгсөн материалыг үндэслэн Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, журамд заасны дагуу түүний хүсэлтийг судлан үзэж, шийдвэрлэх болохыг дурдсугай.

 

3. Нэхэмжлэгч О.Л гоос улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] 128/2019/0067/З индекстэй хэрэг /цаашид хэргийн гэх/-ийн 8 дахьтал

 

[2] Хэргийн 59 дэх тал

 

[3] хэргийн 129 дахь тал

 

[4] хэргийн 1-5 дахь тал

 

[5] хэргийн 131 дэх тал

 

[6] Хэргийн 119-124 дэх тал

 

[7] Хэргийн 134 дэх тал

 

[8] Хэргийн 133 дах тал

 

[9] Хэргийн 131, 133 дахь тал

 

[10] Хэргийн 19 дэх тал

 

[11] Хэргийн 13-18 дахь тал

 

[12] Хэргийн 135-142, 13-38, 40-50 дахь