Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00511

 

Г.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2019/00710 дугаар шийдвэртэй,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 213/МА2019/00029 дүгээр магадлалтай, 

Г.Нгийн нэхэмжлэлтэй

Баянхонгор аймгийн НЭт холбогдох,

НЭийн даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалыг хүчингүй болгож, НЭийн онош зүйн тасгийн эмгэг судлаач их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 640 000 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Нгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит НЭт 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр их эмчээр анх ажилд орж ажиллаж эхэлсэн. Ингээд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус эмнэлэгт эмгэг судлаач их эмчээр томилогдсон. Ингээд ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэж, ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэлээр шийтгэгдэж байгаагүй. 2017 оны 10 сараас нарийн мэргэжил олгох резидэнтур сургалтанд 2 жилийн хугацаанд улсын 3 дугаар төв эмнэлэгт суралцаж, Баянхонгор аймгийн НЭээс цалин хөлсөө авч ажил үүргээ хэвийн гүйцэттэж байгаа. Суралцахын хажуугаар Баянхонгор аймагтаа ирэхдээ ажлаа хийдэг. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цогцост хийх задлан шинжилгээнд орсон. Тухайн үед задлан шинжилгээнд орохоор цохогдсон эмч Ц.Бнь даралт ихсээд бие тааруу байгаа учраас задлан шинжилгээнд чи ороод өгөөч гэсэн. Би цохолтоор задлан шинжилгээнд байнга ордог байсан тул Ц.Баянмөнхийн гуйлтыг зөвшөөрч иргэн Г.Адарсүрэн гэх хүний задлан шинжилгээнд орсон бусад эмч нар болох Алтанзаяа, Эрчулуун гэх мэт хүмүүс задлан шинжилгээ хийх үед байлцсан. Шинжилгээний үед ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надад эмнэлгийн ажилтны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн тул удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ажпаас чөлөөлж байгаа гэсэн мэдэгдэл ирсэн. Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байна. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус гэж үзэж байна. Учир нь тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдах зөвлөлийн шийдвэртэйгээ үндэслэл болгосон байна. Ингэхдээ төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлэгийн ажилтны ёс зүйг ноцтой зөрчиж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, дур мэдэн задлан шинжилгээ хийсэн гэсэн байна. Баянхонгор аймгийн хэмжээнд эмгэг судлаач их эмч нэг л байдаг бөгөөд би тус орон тоон дээр ажилладаг, ажиллах эрхийг ч миний ажлын байрны тодорхойлолтоор надад олгосон бөгөөд тус шинжилгээ нь миний хийх ёстой ажил юм. Гэтэл намайг шалтаг гарган ажлаас чөлөөлсөнд маш их гомдолтой байна. Би ямар ч ёс зүй зөрчөөгүй, ажилдаа хайнга хандаагүй. Би хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад хохирлоо. НЭийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ч.Жавзан нь сүүлийн жилд намайг байнга шахаж хавчин ажлаас чөлөөлөх асуудлыг байнга ярьдаг болсон. Урьд өмнө суралцаж байх хугацааныхаа авсан цалингаа төл гэж мэдэгдэл ирүүлж байсан удаатай. Хувийн таарамжгүй харилцаанаас болж миний хөдөлмөрлөх эрхэнд халдаж байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит НЭийн даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит НЭийн онош зүйн тасгийн эмгэг судлаач их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан нийт хугацааны цапин 640000 төгрөгийг гаргуулан надад олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгэхийг даалгаж өгнө үү...гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Их эмч Г.Н нь 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус эмнэлэгт эмгэг судлаач их эмчээр томилогдож улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, материал байхгүй байж байгаад 2015 онд НЭийн дарга байсан Д.Бямбасүрэн нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн НЭийн даргын Б/95 дугаар тушаалаар эмгэг судлаач их эмч Г.Н нь дүрс оношлогооны эмчээр суралцах болсон тул эмгэг судлаач их эмчээр Ц.Батболдыг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллуулах болсон байдаг. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмгэг судлалын зөвлөх их эмчээр Б.Уранчимэгийг ажиллуулах болсон бөгөөд их эмч Б.Уранчимэг нь НЭт нас барсан цогцост шинжилгээ хийсний дараа холбогдох дээжийг явуулж эцсийн дүгнэлтийг гаргаж ажиллах болсон юм. Ингээд түр ажиллаж байсан Ц.Батболдыг эмгэг судлаачаар ажиллуулж байсныг болиулж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр НЭийн дагын Б/64 дүгээр тушаалаар халдвар сүрьеэгийн тасгийн эрхлэгч их эмч Ц.Баянмөнхөд эмгэг судлалын ажлыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсран гүйцэтгүүлэхээр болж өнөөдрийг хүртэл тус эмнэлгийн эмгэг судлаачаар Ц.Бажиллаж байна. Эмгэг судлаач Ц.Бнь эмнэлэгт нас барсан өвчтөнд задлан шинжилгээ хийж тэмдэглэл үйлдэн, зохих эд эсийг авч зөвлөх их эмч Б.Уранчимэг рүү явуулж Б.Уранчимэг эмч эцсийн дүгнэлтийг гаргаж явж байна. Дүрс оношлогооны курст явсан их эмч Г.Н нь курст явж байхдаа тус эмнэлгээс цалин авч байсныг 2019 оны 07 сард Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.7-д заасан төрийн хөрөнгөөр 6 хүртэлх сарын хугацаанд давтан сургах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалын цалинг авах гэснийг үндэслэн түүний сүүлийн 2 жил цалин олгож байсныг зогсоох, эмнэлгийн удирдах зөвлөлийн шийдвэр гарч энэ талаар мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн байсан. НЭийн эрчимт эмчилгээний тасагт 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Г.Адарсүрэн гэх өвчтөн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд түүний биеийн байдал засрал авахгүй байсаар 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан юм. Ингээд нас барсан өвчтний нас баралтын шалтгаан оношийг тодруулах зорилгоор их эмч Ц.Баянмөнхийг задлан шинжилгээг хийлгүүлэхээр чанарын албаны дарга Л.Батцэцэг, их эмч Л.Алтанзаяа, Н.Эрчулуун, Б.Лхамсүрэн, Г.Болороо, бага эмч Хандсүрэн нарыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр НЭийн даргын үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд миний бие томилж энэ талаар өвчтний исторт цохолтыг хийсэн юм. Гэтэл их эмч Г.Н нь энэ өдрийн 10 цагт миний 99449108 дугаарын утасруу 88016311 дугаарын утсаар залгаж манай найзын хамаатан нас барсан байна би задлан шинжилгээ хийе гэхээр нь би эмч нар томилогдсон та орохгүй гэж хэлсэн юм. Ингээд байж байтал чанарын албаны дарга Л.Батцэцэг манай өрөөнд орж ирээд Г.Н задлан шинжилгээ хийгээд байна. Гадны хүн хамт байна гэж хэлж орж ирсэн. Миний бие Л.Батцэцэгийн хамт шинжилгээ хийх өрөөнд очиход Г.Н Г.Адарсүрэнгийн цогцост дур мэдэн задлан шинжилгээ хийж бараг дуусаж байсан бөгөөд манай эмч нараас гадна ямар ч шаардлагагүй сумын тамгын газрын дарга Ц.Насанбаяр зураг аваад байж байсан. Ингээд эмнэлгийн удирдах зөвлөлийг хуралдуулж их эмч Г.Нг төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн 2019 оны 33 дугаар тогтоолын 3.1.1-д заасан бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж саад болсон, эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаар тушаалын 2.5.3-д заасан цогцост эмгэг судлалын шинжилгээ хийлгүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр зөвшөөрөлд тухайн эрүүл мэндийн байгууллагын дарга гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулалт хийсэн байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.1-д заасан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Ингээд зөвлөлийн хурлын дараа их эмч Г.Нд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлж 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 207 тоотод ирж уулзах талаар бичгээр хүргүүлсэн боловч Г.Н нь өөрийн гараар очиж уулзахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг ирүүлсэн байсан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу өгөлгүй ирж уулзаагүй болно. Уг нь ирж уулзсан бол алдаа дутагдлыг ярилцаж харилцан ойлголцолд хүрэх гэсэн боловч ирж уулзаагүй юм. Их эмч Г.Н нь мэдэгдэл хүргүүлж байхад ирж уулзаагүй явдал нь өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл байна гэж бид дүгнэсэн болно. Миний хувьд Г.Нг байнга шахаж хавчиж хувийн асуудлаар хандсан зүйл байхгүй бөгөөд тэгэх хувийн шалтаг шалтгаан надад байхгүй. Би Төрийн албаны хуульд заасны дагуу цалин өгөхгүй талаар мэдэгдэл хүргүүлснийг хувийн асуудал мэтээр ойлгож бичиж байгаа нь өрөөсгөл бодол юм. Цалинг ганц Г.Нд өгөхгүй зогсоож байгаа асуудал биш бөгөөд курст явж 6 сараас дээш болсон бусад эмч нарын цалинг ч мөн адил хасаж энэ талаар мэдэгдлийг зохих хүмүүст хүргэж ажиллаж байгаа. Их эмч Г.Н нь 2017 оноос хойш курст явсан бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэтэл хувийн ашиг сонирхол гаргаж зөвшөөрөлгүйгээр гадны хүний хамт дур мэдэн өвчтний цогцост задлан шинжилгээ хийж, улмаар түүний цогцосны задлан шинжилгээний үйл баримтыг утсан дээрээ бичиж авч байгаа нь ёс зүйн ноцтой зөрчил юм. Цаашид хэн нэгэн нас барсан өвчтний цогцост дур мэдэн шинжилгээг хийхгүй энэ зөрчлийг зогсоох нь зүйтэй бөгөөд өвчтний хувийн нууц гэж байдаг түүнийг шууд бусдад задалж ярьж байгаа нь ёс зүйн зөрчил бөгөөд нөгөө талаар захирах, захирагдах ёсыг алдагдуулж эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан гэж үзэж байна. Иймд их эмч Г.Нг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээж түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2019/00710 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит НЭт холбогдох НЭийн даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалыг хүчингүй болгож, НЭийн онош зүйн тасгийн эмгэг судлаач их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 640 000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн Г.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 213/МА2019/00029 дүгээр магадлалаар Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2019/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит НЭт 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр их эмчээр анх ажилд орж ажиллаж эхэлсэн. Ингээд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус эмнэлэгт 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эмгэг судлаач их эмчээр томилогдсон. Ингээд ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэж, ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэлээр шийтгэгдэж байгаагүй. 2017 оны 10 сараас өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсаны дагуу нарийн мэргэжил олгох резидэнтур сургалтанд 2 жилийн хугацаанд улсын 3 дугаар төв эмнэлэгт суралцаж, Баянхонгор аймгийн НЭээс цалин хөлсөө авч, суралцаж буй хугацаандаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. Суралцахын хажуугаар Баянхонгор аймагтаа ирэхдээ ажлаа хийдэг. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цогцост хийх задлан шинжилгээнд орсон. Тухайн үед задлан шинжилгээнд орохоор цохогдсон эмч Ц.Бнь дарапт ихсээд бие тааруу байгаа учраас задлан шинжилгээнд чи ороод өгөөч гэсэн. Би цохолтоор задлан шинжилгээнд байнга ордог байсан тул Ц.Баянмөнхийг гуйлтыг зөвшөөрч иргэн Г.Адарсүрэн гэх хүний задлан шинжилгээнд орсон. Бусад эмч нар болох Алтанзаяа, Эрчулуун гэх мэт хүмүүс задлан шинжилгээ хийх үед байлцсан. Шинжилгээний үед ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр надад эмнэлгийн ажилтны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн тул Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлж байгаа гэсэн мэдэгдэл ирсэн. Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байна. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус гэж үзэж байна. Учир нь тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг удирдах зөвлөлийн шийдвэртэйгээ үндэслэл болгосон байсан. Ингэхдээ төрийн үйлчилгээний албан хаагчийн болон эмнэлгийн ажилтны ёс зүйг ноцтой зөрчиж эрхэлсэн ажилдаа хариуцпагагүй хандсан, дур мэдэн задлан шинжилгээ хийсэн гэсэн байна. Баянхонгор аймгийн хэмжээнд эмгэг судлаач их эмч 1 л байдаг бөгөөд би тус орон тоон дээр ажилладаг, ажиллах эрхийг ч миний ажлын байрны тодорхойлолтоор надад олгосон бөгөөд тус шинжилгээ нь миний хийх ёстой ажил. Өөрөөр хэлбэл миний ажлын байрны тодорхойлолтонд тодорхой заасан ажил үүрэг. Гэтэл намайг шалтаг гарган ажлаас чөлөөлсөнд маш их гомдолтой байна. Би ямар ч ёс зүйг зөрчөөгүй, ажилдаа хайнга хандаагүй. Би хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад хохирлоо. НЭийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ч.Жавзан нь сүүлийн жилд намайг байнга шахаж хавчин ажлаас чөлөөлөх асуудлыг байнга ярьдаг болсон. Урьд өмнө суралцаж байх хугацааныхаа авсан цалингаа төл гэж мэдэгдэл ч ирүүлж байсан удаатай. Хувийн таарамжгүй харилцаанаас болж миний хөдөлмөрлөх эрхэнд халдсан гэж миний хувьд үздэг. Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит НЭийн даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б/254 дүгээр тушаалд заасан үндэслэлээ хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Жавзан нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо намайг Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн гэрээний 4.1-т заасан, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, мэргэжилдээ технологийн алдаа гаргаж, өвчтний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж дүгнэсэн гэж тайлбарласан. Харин энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар би тухайн зөрчил гаргасан гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээний тухайн заалт нь алдаа гаргасны улмаас бусдад ямар нэгэн байдлаар хохирол учруулсан байхыг ойлгохоор байтал шүүхээс хэтэрхий нэг талыг баримталж дан ганц хариуцагчийн худал тайлбараар хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүхийн шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн захирах захирагдах ёсыг баримтлах нийтлэг журмыг зөрчсөн, мөн ажилдаа хариуцлагагүй хандсан ёс зүй зөрчсөн үйлдлээс шалтгаалж эмнэлгийн байгууллага, эмнэлэгийн ажилтны нэр хүнд унах, бусдад буруу ойлголт төрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд эмх замбараагүй, дур зоргоор авирлах үйлдэл газар авах зэрэг сөрөг үр дагавар учирсан, учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжтой байна хэмээн огт болоогүй үйл явдал хавтаст хэрэгт авагдаагүй үйл баримтыг урьдчилан дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Жавзан нь намайг суралцаж байх хугацаанд аймагтаа ирэхэд нь томилж задлан шинжилгээнд оруулдаг байсан талаараа шүүх хуралдаанд илэрхийлсээр байтал дээрх шүүхийн шийдвэртээ ажил албан тушаал хадгалагдан үлдэх тохиолдлуудтай харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч хариуцагчийн аль алиных нь тайлбарыг үндэслэлгүй няцааж анх гарсан тушаалд эрх зүйн дүгнэлт хийхийн оронд шинээр ажлаас халах үндэслэлийг шийдвэртээ бичиж миний эрх ашгийг хохироосон. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 213/МА2019/00029 дүгээр магадлалын хувьд намайг НЭийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзан нь цохолт хийж нэр бүхий 5 эмчийг задлан шинжилгээ хийх зөвшөөрөл олгосон байхад Г.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчиж, цогцост задлан шинжилгээ хийсэн ноцтой зөрчил гаргасан гэжээ. Миний бие 2010 оны 4 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд ороход хүлээх үүрэг хариуцлага, гэрээ дуусгавар болох үндэслэлийг хэн аль нь хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээнд заахдаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэг нөхцөлийг 4 дүгээр бүлэгт 5 нөхцөлийг ойлгохоор тайлбарласан. Ажил олгогч буюу хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа Г.Н намайг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, мэргэжилдээ технологийн алдаа гаргаж, өвчтний эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон гэсэн үндэслэл байсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил дэх зааптанд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд намайг ямар технологийн алдаа гаргасан, хэний эрүүл мэндэд хэрхэн хохирол учруулсан, эрхэлсэн ажилдаа хэрхэн хариуцлагагүй хандаж ямар хэмжээний хохирол учруулсан талаар магадлалдаа дурдаагүй. Энэ талаар ч нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. Харин магадлалд зөвхөн Г.Н нь удирдлагын шийдвэрийг санаатай зөрчсөн нь хөдөлмөрийн гэрээний 4.1-т заасан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, мэргэжилдээ технологийн алдаа гаргаж, өвчтний эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон гэсэн заалтанд хамааруулж хэрэглэх үндэстэй байна гэсэн нь огт ойлгомжгүй байна. Хүний эрх ашгийг хөндөж байгаа гэрээ контракт, хууль нь утга агуулгын хувьд ойлгомжтой байдаг шиг миний хөдөлмөрлөх эрхийг хөндөж байгаа Монгол Улсын нэрийн өмнөөс гарч байгаа шийдвэр ч гэсэн утга агуулгын хувьд ойлгомжтой, баримттай нотолгоотой байх ёстой байх гэж иргэн хүний хувьд ойлгож байна. Мөн магадлалд бичихдээ Г.Н нь манай найзын хамаатан нас барсан, би шинжилгээнд орно гэсэн. Ч.Жавзан нь эмч нар томилогдсон орж болохгүй гэсэн хариуг өгсөөр байтал удирдлагын шийдвэрийг санаатай зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэжээ. Миний бие орлогч Ч.Жавзантай ийм асуудал яриагүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсээр байтал шүүх яагаад миний тайлбарыг нотлох баримтаар тооцохгүй, үнэлэхгүй тоохгүй байж, Ч.Жавзангийн тайлбараар шийдвэрээ гаргаад байгааг гайхаж хардах сэтгэл төрж байна. Энэхүү нөхцөл байдлыг би харахдаа шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Н хариуцагч Баянхонгор аймгийн НЭт холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/254 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, онош зүйн тасгийн эмгэг судлаач их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 640 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, сахилгын ноцтой зөрчил, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа зэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын дагуу нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Баянхонгор аймгийн НЭийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/254 дүгээр тушаалаар Г.Нг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн, хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх хэсгийг зөрчсөн, ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг заажээ.

Г.Н нь Баянхонгор аймгийн НЭийн даргын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар тушаалаар тус эмнэлэгт эмгэг судлаач их эмчээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан, 2017 оны 10 сараас нарийн мэргэжил олгох резидентур сургалтанд сурч, энэ хугацаанд цалин хөлсөө авч, аймагт байгаа тохиолдолд НЭтээ ажилладаг байсан байна. Ийнхүү Г.Н нь суралцах болсон тул ажил олгогч 2018 оны 3 сарын 23-ны Б/64 дүгээр тушаалаар эмч Ц.Баянмөнхийг эмгэг судлалын их эмчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилжээ. Өөрөөр хэлбэл, эмч Ц.Батмөнх нь Г.Нгийн ажлыг хавсран гүйцэтгэхээр болсон байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/55 дугаар тушаалаар батлагдсан “Эмгэг судлалын шинжилгээ хийх журам”-ын 2.5.3, 2.5.4-д зааснаар эмгэг судлаач их эмч цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх үндсэн чиг үүрэгтэй ба тухайн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий эмч, эмч нь шинжилгээ хийх эмч, бүрэлдэхүүнийг томилж, баталгаажуулсны үндсэн дээр цогцост задлан шинжилгээ хийдэг байна.

Хэм хэмжээ тогтоосон дээрх эрх зүйн актыг эмнэлгийн байгууллага үйл ажиллагаандаа баримталж, хэрэгжүүлдэг байна.

НЭийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзан 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, эмчлүүлж байгаад нас барсан Г.Адарсүрэн гэх хүний цогцост задлан шинжилгээ хийлгэхээр эмч Ц.Баянмөнх, нэр бүхий 5 эмчийг томилж, өвчтөний түүхэнд цохолт хийж зөвшөөрөл олгосон /хх-150/ байхад Г.Н нь “тухайн хүний цогцост задлан шинжилгээ хийсэн, шинжилгээг хийх явцад гадны хүнийг байлгасан” ноцтой зөрчил гаргасан үйл баримт хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдсон, хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Эмч Ц.Бдаралт ихдэсний улмаас шинжилгээ хийхийг нэхэмжлэгчээс гуйсан гэх байдал тогтоогдоогүйгээс гадна энэ нь хариуцлагаас чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Г.Н нь тус эмнэлгийн орон тооны эмгэг судлаач их эмч мөн боловч “Эмгэг судлалын шинжилгээ хийх журам”-д зааснаар ерөнхий эмч, эмч нь шинжилгээ хийх эмч, бүрэлдэхүүнийг томилж, баталгаажуулсны үндсэн дээр цогцост задлан шинжилгээ хийх үүрэгтэй байхад журам зөрчиж шинжилгээ хийсэн байна.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-т “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, мэргэжилдээ технологийн алдаа гаргаж, эрүүл мэндэд хохирол учруулсан...” тохиолдлыг ноцтой зөрчилд хамааруулсан, нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан болохыг хариуцагч баримтаар нотолжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох ба Г.Н нь сахилгын ноцтой зөрчил гаргасан байх тул түүнийг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/254 дүгээр тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзнэ. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2019/00710 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 213/МА2019/00029 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдаж,  нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 20 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА