Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 41

 

Э.Аод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Н.Т,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1569 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201625010328 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн  Э.А, 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эцэг, эх, дүүгийн хамт ............. оршин суух бүртгэлтэй, /РД: .............../,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Э.А нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Central Asian” ХХК-ийн агуулахад нэвтэрч, хохирогч Н.Цгийн жийп автомашины, гоёлын никель обудтай, “Tranpath” брендийн 4 ширхэг зуны дугуй хулгайлж, 1.500.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.Аын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Аод эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Аод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Аын урьд цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Э.А нь хохирогчийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Централ-Эйшиан" ХХК-ийн агуулахын цоожийг эвдэж ороод тэнд байсан жийп машины, гоёлын никель обудтай 4 ширхэг дугуйг хулгайлан авч "Өгөөмөр" зах дээр бусдад 300.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг үйлдсэн.

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, ажил хийж, өндөр настай аав, ээж болон ганц дүүдээ тус болж ар гэрээ авч явдаг нь ганц хүн нь би юм. Би өөрийн буруугаас болж үйлдсэн хэрэгтээ туйлын их гэмшиж, харамсаж байна. Би өмнө нь 2013 онд гэмт хэрэг үйлдэж байсан боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх болсноор ялтай байдалд тооцохгүй болсон, мөн миний амьдралын хүнд байдлыг харгалзан үзэж надад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдууулсан 2 жилийн хорих ялыг Шинэчилсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Э.А нь эх, хойд эцэг, ах, дүү нартайгаа амьдардаг байсан бөгөөд 2018 онд гэрлэсэн. Тэрээр 40 насандаа анх удаагаа амьдрал зохиосон бөгөөд хүүхэд нь одоо 1 сартай. Эх нь хөлөө хугалаад гэртээ байгаа. Э.А нь алдаагаа ухамсарлаж, учруулсан хор хохирлоо нөхөн төлж, барагдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан. Мөн нилээн удаан хугацаагаар хоригдсон бөгөөд энэ хугацаанд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшсэн. Ар гэрээс нь эргэж ирдэг хүн байдаггүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Э.Аод холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин шүүгдэгч Э.Аод оногдуулсан хорих ялыг тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Аод холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Шүүгдэгч Э.А нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Central Asian” ХХК-ийн агуулахад нэвтэрч, хохирогч Н.Цгийн эзэмшлийн автомашины гоёлын никель обудтай, 4 ширхэг зуны дугуйг хулгайлж, 1.500.00 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Э.А нь хохирогч Н.Цгийн автомашины 4 ширхэг дугуйг хулгайлснаа хүлээн зөвшөөрдөг /хх-36/ ба түүний мэдүүлэг нь хохирогч Н.Ц /хх-22/, гэрч С.Б /хх-23/, Ж.Г /хх-26/, Д.Ц /хх-27/, Б.А /хх-64-65/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-11/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, эд зүйлийн үнэлгээ /хх-20, 94/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-80-81/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэн Э.Аыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Аод холбогдох хэрэг 2016 онд үйлдэгдсэн, хэргийг хянан шалгах явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн ба уг хуулиар оногдуулах ялыг хүндрүүлэн тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул хууль буцаан хэрэглэхгүй гэж  дүгнэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүхээс Э.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн дэглэм тогтоох, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох тухай асуудлуудыг шийдвэрлэхдээ 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудыг зэрэгцүүлэн хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэж байх үеийн буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар дээрх асуудлуудыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Э.Аын цагдан хоригдсон хоногийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэснийг зөвтгөн, өөрчлөх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Аоос “... надад оногдуулсан ялыг тэнсэж, хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Аын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1569 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1569 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 2 дахь заалтад “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Аод эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

- 4 дэх заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Аын урьд цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэснийг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Аын урьд цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН