Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00518

 

М.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2019/00482 дугаар шийдвэр, 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр магадлалтай, 

М.Гын нэхэмжлэлтэй

ХИСд холбогдох,

Ээлжийн амралтын олговрын дутуу 1 025 598 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ХИСд зөвлөх профессороор ажиллаж байгаа. 2018 оны 11 дүгээр сард 60 нас хүрсэн учраас тэтгэвэрт гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хичээлийн жил дуустал ажиллахад амралтын мөнгийг дутуу олгосон гэж би үзэж байна. Надад оногдох ёстой байсан амралтын 50 хувийг бодож олгосон учраас дутуу мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан. Энэ тооцоог надад амралт тооцож олгосон ажилтан болон мэргэжлийн нягтлан бодогчоос зөвлөгөө авч тооцуулсан. Би 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр амралт дууссан. Миний тооцсоноор 21 хоногийн амралтын хоногийг, түүнд ногдох ээлжийн амралтын олговор 1,025,598 төгрөгийг олгоогүй байгаа....Надад энэ хугацаанд 40 хоногийн амралт тооцогдох ёстой. Яагаад гэвэл бүтэн хичээлийн жилд 48 хоног амрах ёстой гэхээр би 8 хоногийн амралтаа тооцуулж авсан учраас одоо надад 40 хоногийн амралт тооцогдох ёстой гэж үзэж байна. Гэтэл надад 19 хоногийн ээлжийн амралт олгож, түүнд ногдох олговрыг олгосон....Профессороор ажиллаж байхад багштай ажиллах гэрээ байгуулсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э Нэхэмжлэгч М.Г нь ХИСд багшаар ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэгээд багшийн ажлаас чөлөөлж 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зөвлөх профессороор ажиллуулах захирлын тушаал гарсан. Тэтгэвэрт гарсан багш 50:25 хувиар зөвлөх багшаар ажиллах боломжтойг багшийн ажлын журамд зааж өгсөн. Мөн багшийн ажлын журмын 4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар профессор багшийн хувийн бүтэн жилийн хугацаанд 14 кредит гүйцэтгэн гэж заасан. М.Г багш дээрх кредитийн 50 хувийг гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй  байгаа. Мөн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирлын гаргаж өгсөн тодорхойлолт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар  7 хоногийн ажлын цаг нь 40 цаг байна. Ердийн ажлын цаг нь өдөрт 8 цаг байдаг. Гэтэл М.Г багш 5 өдөр бүтэн ажиллаагүй. 2 сарын хугацаанд 7 хоногт 3 өдөр үлдсэн хугацаанд нь 7 хоногт 2 өдрийн хичээл заадаг, нийт 20 цагийн хичээл заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтанд ажилласан цагаас нь хамаарч цалин хөлс олгоно гэж заасан. М.Г багшийн гүйцэтгэл ажил хийсэн цаг нь 50 хувийн гүйцэтгэлтэй байсан. Профессор багш 50 хувийн гүйцэтгэлтэй бол 24 хоногийн амралт бодуулдаг, 25 хувийн гүйцэтгэлтэй багш бол 12 хоногийн амралт бодуулдаг. Тэгэхээр М.Г багш 11 дүгээр сарын 01-ний өдрөөс профессор багшаар ажилласан учраас энэ 2 сарын хугацаанд ажилласан амралтыг тооцсон. Өмнө нь ажиллаж байсан хугацааны амралтыг тооцоод цалин хөлсийг нь бодож тэтгэвэрт гарахад нь олгосон. Үлдсэн ажилласан хугацаанд ногдох 19 хоногийн амралтыг ХИСийн захирлын ээлжийн амралт баталсан тушаалаар 19 хоног амрах нь зүйтэй гэсэн тушаал гарсан. Энэ талаар нягтлан бодогчтой тооцоо нийлсэн. М.Г багш зөвлөх профессор багшаар томилогдсоноос хойш нийт ажлын хоногийг амралтаа авах хүртэл тооцохоор 150 хоног байгаа юм. Ажлын хоног нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс бодохоор ажлын 150 өдөр байгаа. 7 хоногт ажлын 5 өдөр байдаг учраас тооцож үзэхээр М.Г багш 37 хоног ажилласан. 37 хоногоос нь 9,1 0 сарыг хасаад бодохоор 11,12 сар ажилласан. Дараагийн улиралд 7 хоногийн 2 өдөр ажилласан гээд тооцож үзэхээр М.Г багш 73 хоног Ховд их  сургуульд ажилласан. Уг нь ажлын 1 хоног гэдэг нь ажлын 8 цагаас бүрддэг. Нэхэмжлэгч ажлын 8 цагаа гүйцэтгэж ажиллаагүй. Ажилласан хугацааг нь бодож үзэхээр 73 хоног ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бодож үзэхээр амралт авсан хоногийг тооцож үзэхээр амралт авсан өдрөөс шалтгаалан тооцохоор багш нь нийт 48 хоног амардаг. Гэтэл М.Г багш 73 хоног ажилласан учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилласан хугацаа гүйцэтгэлийг нь харгалзан үзээд ээлжийн амралтыг тооцсон тул хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2019/00482 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар хариуцагч ХИСиас ээлжийн амралтын олговрын дутуу 862,575 /найман зуун жаран хоёр мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163,023 /нэг зуун жаран гурван мянга хорин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,164 /хорин есөн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХИСиас улсын тэмдэгтийн хураамж 25,251 /хорин таван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Год олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2019/00482 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 д заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан бөгөөд хуулийн хугацаанд гомдлыг гаргаж байгаа болно. Нэг. “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр ...Нэхэмжлэгч М.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс 2019 оны 06 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд ажлын нийт 150 хоног байснаас 73 хоногт нь биеэр ажилласан, энэ хугацаанд ногдох амралт, олговрыг тооцож олгосон гэж маргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд хэлсэн тайлбарыг бүрнээр нь дүгнэлт хийж, нотлох баримтаар үнэлэлгүй, анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна...”, “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримтаар үнэлэгддэг байхад шүүх зохигчийн тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ” гэсэн хариуцагчийн гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Хоёр. Нэхэмжлэгч М.Гыг ХИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/231 дугаартай тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул багшийн ажлаас чөлөөлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөвлөх профессор”-оор томилсон байдаг. “ХИСийн багшийн ажлын журам”-ын 4.1.2-т зааснаар профессор нь заавал биелүүлэх сургалтын 13 кредит гүйцэтгэдэг ба зөвлөх багш М.Г нь дээрх кредитийн 50 хувийг гүйцэтгэсэн. Мөн хичээлийн жилийн I улиралд /2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сар хүртэл /7 хоногийн 3 өдөр /12 цаг/, II улиралд 7 хоногийн 2 өдөр /8 цаг/ буюу 7 хоногийн буюу ажлын 5 хоногийн 2-3 хоногт нь ажилласан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна.”, 70.2-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.” гэж заасан. Иймд ХИС нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот “ээлжийн амралт олгох заавар” баталсан тушаалд зааснаар нэхэмжлэгч М.Гын ажлын гүйцэтгэл ажилласан хугацаанд нь ногдох амралтыг зөв тооцож олгосон. Гурав. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна” гэж багшийн ажлын байнгын орон тоог хуульчлан зааж өгсөн байна. Нэхэмжлэгч М.Г нь байнгын ажлын байранд ажиллаж байгаа үндсэн багш биш, өндөр насны тэтгэвэрт гарсан, гэрээгээр ажилладаг, зөвлөх багш юм. Дээд боловсролын тухай хуулиар багшийн албан тушаалд “зөвлөх профессор”-ыг оруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс “ажил олгогч нь ХИСийн багшийн ажлын журамд зааснаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулаагүй учир анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Г нь ХИСд холбогдуулан ээлжийн амралтын олговрын дутуу 1 025 598 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр, хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлээр тооцож ээлжийн амралтын олговрыг олгосон гэсэн үндэслэл заажээ.

Хоёр шатны шүүх богиносгосон цагаар ажиллаж байгаа ажилтны ээлжийн амралтын олговрыг олгох маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

М.Г нь ХИСийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн профессор багшаар ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн ажил олгогчтой тохиролцон, тэнхимдээ зөвлөх профессороор ажиллажээ.

Тэрээр профессорын албан тушаалын цалингийн 50 хувиар, эрдмийн зэрэг цолны 25 хувийн нэмэгдлийн хамт цалин хөлсийг тохирсон, энэ талаар ХИСийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/231 дугаар тушаал гарсан, М.Г нь зөвлөх профессороор ажиллахдаа 7 хоногт 2-3 өдөр нь хичээл заадаг, 2019 онд ээлжийн амралтаа авах үед нийтдээ 73 өдөр хичээл зааж, нийт 21,08 багц цагийн ажил гүйцэтгэсэн, үндсэн багшийн ажлын 50%-тай тэнцэх ажлыг гүйцэтгэдэг үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Харин ажил олгогч ээлжийн амралтын хугацааг ажлын гүйцэтгэлд тохируулан 19 хоног гэж үзэж олговрыг тогтоосон бол нэхэмжлэгч нь бүтэн жилд 48 хоног амрах ёстой, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарахдаа 2018 оны 9, 10 сард ногдох 8 хоногийн амралтаа тооцуулаад авчихсан учраас үлдэх 40 хоног амрах, энэ хугацааны олговрыг авах ёстой гэж маргажээ.

Хоёр шатны шүүх ээлжийн амралтын олговрыг гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 49, 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.2, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 хоног ба Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-тбагш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй;” гэж зааснаар нэмэгдлийг тооцоход багшийн ээлжийн амралтын хугацаа ажлын 48 хоног байх ба М.Г нь тэтгэвэр тогтоолгохдоо 8 хоногийн олговрыг авсан тул дутуу 40 хоногийн олговор авахаас 19 хоногийн олговрыг авсан тул үлдэх хоногт тооцох олговрыг шаардах эрхтэй талаар шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Хариуцагч нь ээлжийн амралтын хугацааг 19 хоног гэж үзэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, тухайн байгууллагад мөрдөгдөж буй Багшийн ажлын журам” гэх хэм хэмжээнд үндэслэж байгаа боловч хуулийн дээрх зохицуулалт нь олговор олгох эрх зүйн асуудалд хамаарахгүй, “Багшийн ажлын журам”-д зөвлөх профессорын ажлын гүйцэтгэлийн хэмжээг заасан болохоос үүнээс хамаарч ээлжийн амралтыг тооцох талаар заагаагүй, түүнчлэн талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй баримтад тулгуурлан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй талаар шүүх зохих дүгнэлтийг хийсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2019/00482 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 61 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА