Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02664

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02664

 

Улаанбаатар хот

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Р.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 73 218 990 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгмэжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.С нь Г.А-тэй 2016 оны 02 дугаар  сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг сарын 2.3%-ийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу Г.А нь зээлийн хүү  4 380 000 төгрөг төлсөн. Тухайн үед А ХКК нь Р.С-ийн хүсэлтээр Г.А-т 13 000 000 төгрөгийг бэлнээр, 17 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, А ХКК-ний зөвшөөрлөөр Р.С нь А-тэй гэрээ хийж 30 000 000 төгрөгийг зээлүүлсэн тул буцаан төлөх ёстой. Иймд Г.А-ээс үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 6 660 000 төгрөг, алданги 36 558 990 төгрөг нийт 73 218 990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Р.С, Г.А нар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдүүлэгч нь хугацаа дуусахад мөнгийг буцаан төлөх харилцан үүрэгтэй. Гэтэл Р.С нь Г.А-т мөнгө шилжүүлж өгөөгүй. Харин А ХХК нь Г.А-т 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 13 000 000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 000 000 төгрөгийг түр зээлүүлсэн баримт байна. Мөнгө шилжүүлсэн этгээд Р.С биш байхад 30 000 000 төгрөгийг шаардах эрхгүй, нэхэмжлэх эрхээ Р.С-д шилжүүлээгүй байна. Мөн алдангийн хэмжээ нь 50%-с хэтрэхгүй байх хуулийн заалтыг зөрчсөн байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

  Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Р.С нь Г.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 73 218 990 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Р.С нь Г.А-тэй 2016 ны 2-р сарын 16-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, улсын бүртгэлийн Ү-2205019137 дугарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 9Б-р байрны 67 тоот 2 өрөө  сууцыг барьцаалахаар тохирчээ. /хх 5-7/

 

 Иргэний хуулийн  281-р зүйлд заасан “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгө буюу эд зүйлийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг хүлээдэг, 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “А" ХКК нь Р.С-ийн хүсэлтээр Г.А-т 13 000 000 төгрөгийг бэлнээр, 17 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн”  гэж тайлбарладаг боловч хэргийн 8-10 дахь талд авагдсан А ХХК-иас Г.А-т “түр зээл олгов” гэсэн бэлэн мөнгөний зарлагын баримт, ХААН банкны орлогын мэдүүлэг зэргээс дүгнэвэл Р.С-ийн хүсэлтээр мөнгө шилжүүлснийг нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч Р.С нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, мөнгө зээлүүлсэн А ХХК нь Р.С-д шаардах эрхээ шилжүүлээгүй байх ба нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй, хариуцагч нь Р.С-д зээлийн гэрээний үүрэгт 4 380 000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдоогүй байна.    

 

Хэдийгээр барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг үүсээгүй гэж үзнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г. А-ээс 73 218 990 /далан гурван сая хоёр зуун арван найман мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулахыг хүссэн Р.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.      

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524 045 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА