Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2424

 

 

Р.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02664 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.А-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 73 218 990 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.М нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.С нь Г.А-тэй 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу Г.А нь зээлийн хүү 4 380 000 төгрөг төлсөн. Тухайн үед “Алтай констракшн” ХХК нь Р.С-н хүсэлтээр Г.А-т 13 000 000 төгрөгийг бэлнээр, 17 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, “Алтай констракшн” ХХК-ийн зөвшөөрлөөр Р.С нь Г.А-тэй гэрээ хийж 30 000 000 төгрөгийг зээлүүлсэн тул буцаан төлөх ёстой. Иймд Г.А-с үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 6 660 000 төгрөг, алданги 36 558 990 төгрөг, нийт 73 218 990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Р.С, Г.А нар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдүүлэгч нь хугацаа дуусахад мөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Гэтэл Р.С Г.А-т мөнгө шилжүүлж өгөөгүй. Харин “Алтай констракшн” ХХК нь Г.А-т 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 13 000 000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 000 000 төгрөгийг түр зээлүүлсэн баримт байна. Мөнгө шилжүүлсэн этгээд Р.С биш байхад 30 000 000 төгрөгийг шаардах эрхгүй, нэхэмжлэх эрхээ Р.С-д шилжүүлээгүй байна. Мөн алдангийн хэмжээ нь 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтыг зөрчсөн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А-с 73 218 990 төгрөг гаргуулахыг хүссэн Р.С-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524 045 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.М нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх "Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг хүлээдэг, мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог гэж хуулийг тайлбарлаж зээлдэгч Г.А-ийн 30 000 000 төгрөг шилжин орсон санхүүгийн баримт байгааг тогтоосон мөртлөө зээлдүүлэгч Р.С нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь хуульд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргээ зөвхөн өөрөө биечлэн гүйцэтгэгч зээлдэгч зээлдүүлэгч нүүр нүүрээ харан гар гартаа мөнгө өгөлцөж авснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зуйлийн 172.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 210.2 дахь заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлдоо талуудын харилцан тохиролцолд үндэслэн “Алтай констракшн” ХХК-иас зээлдэгч Г.А-т 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн болохыг уг үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч Г.А хүлээн зөвшөөрч зээлийн хүү болон үндсэн төлбөрийг “Алтай констракшн” ХХК-ийн дансанд төлж байсан хэмээн тодорхойлж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болохыг Хаан банкны бэлэн мөнгөний гүйлгээний баримт, дансны хуулга, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ бодит байдалд зээлдэгч Г.А 30 000 000 төгрөгийг хүлээн авсныг, түүнийхээ хариуд 4 380 000 төгрөгийн хүү, үндсэн төлбөрийг төлсөн болохыг үгүйсгэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн зээлийн үндсэн төлбөр, алданги авах эрхийг ноцтой зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан заалтыг буюу "хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй" гэж үзэх үндэслэлтэй. Учир нь зээлдэгч Г.А 30 000 000 төгрөгийг хүлээн авсныг, түүнийхээ хариуд 4 380 000 төгрөгийн хүү, үндсэн төлбөрийг төлсөн болох дээр талууд маргаагүй, зээлийн гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан, уг гэрээнд зээлдүүлэгч үүргээ биечлэн гүйцэтгэхээр тохиролцоогүй буюу зээлдүүлж буй мөнгийг хэн шилжүүлсэн байх нь хэрэгт ач холбогдолгүй байхад хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй талаар дүгнэхийн оронд “Алтай констракшн” ХХК нь Р.С-н хүсэлтээр мөнгө шилжүүлснийг нотлоогүй байна хэмээн дүгнэж буй нь учир дутагдалтай байна. Хэрэв хуралдааны явцад үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол яагаад уг эргэлзээг тайлж, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шинээр нотлох баримтыг гаргуулалгүй, хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй болно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хууль тогтоомжийг зөрчиж хэргийг шийдвэрлэж буй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй, зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг таньж мэдэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх буюу хэргийг бүх талаас нь бүрэн бодитоор үнэлж дүгнэсэн, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 42 570 000 төгрөгийг барьцааны хөрөнгөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Р.С хариуцагч Г.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 218 990 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2017/09958 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарган иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг орхигдуулж иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд уг захирамжийг өөрчилж, залруулсан талаар хэрэгт баримт авагдаагүй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг иргэний хэрэг үүсгэсэн захирамжид заагаагүй нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай.

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахдаа уг захирамжийн агуулга бүтэц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан үндсэн шаардлагад нийцсэн байх атал шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2017/12908 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт нэхэмжлэгчийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг мөн заагаагүй орхигдуулжээ.

 

Мөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2017/12908 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахаас өмнө 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02664 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.С-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ