Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 029

 


Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг
Улсын яллагч: Б.Ботакөз
Хохирогчийн өмгөөлөгч: Х.Зулхаш
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Айбек
Орчуулагч: А.Еркегүл
Шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек жолжахсы овогт Муратханы Турах, Шыбарайгыр балта овогт Өтепбергений Берикбол нарт холбогдох эрүүгийн 201604000068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1975 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Төлек жолжахсы овогт Муратханы Турах РД:БЮ75070310. 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1975 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шыбарайгыр балта овогт Өтепбергений Берикбол РД:БИ72102015.   
Шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нар нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өлгий сумын 08 дугаар багийн иргэн А.Зиядабекийн нэг атан тэмээг Сагсай сумын “Уужим” гэх газарт бэлчээрт байсан газраас нь шунахайн сэдэлтээр бүлэглэн хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ  нь:
М.Турах, Ө.Берикбол нар нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өлгий сумын 08 дугаар багийн иргэн А.Зиядабекийн нэг атан тэмээг Сагсай сумын “Уужим” гэх газарт бэлчээрт байсан газраас нь шунахайн сэдэлтээр бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч А.Зиядабекийн " ... Манай гэр Өлгий сумын 8 дугаар багт байдаг. Харин төрсөн нутаг болохоор Улаанхус сум, одоо Улаанхус сумын "Улаан жалга" гэх нэртэй газар хамаатан садангийн болон аавын гэрт байдаг. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед аавынхаа гэрт машинтай очсон юм. Тэгээд аавынхаа гэрт малнууд дотор малаа нийлүүлж тэд маллаж хариулж байсан тэр өдөр очиход манай тэмээнүүд дотор байсан танай нас бие гүйцсэн шар өнгөтэй атан тэмээ байхгүй байна гэж дүү А.Алтынбек хэлсэн. Дүү А.Алтынбек уг тэмээг хайгаад явж үзэхэд ганц тэмээ аймгийн төв рүү чиглэж явсан мөр байсныг хараад хулгай авсан байна гээд цагдаагийн байгууллагад хэлсэн. Миний хулгайд алдагдсан тэмээ болохоор нас бие гүйцсэн 16 настай шар өнгөтэй атан тэмээ байсан. Харин толгойн орой хэсэг нь цагаан өнгөтэй байсан.....Миний уг хулгайд алдагдсан тэмээ хурдан удмын аймагт түрүүлж байсан тэмээ, хулгайд алдагдаагүй бол одоо хэдэн жил уралдах байсан. Тэмээ 20 нас хүртэл хөгшрөхгүй шүү дээ. ....2006 оны 07 дугаар сарын 22-ны өдөр аймгийн наадамд уралдан түрүүлж нэгдүгээр байранд орж өргөмжлөл мөнгөн шагнал, 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сагсай суманд болсон "Алтайн бүргэд"-ийн баярт уралдан түрүүлж нэгдүгээр байранд орж өргөмжлөл, мөнгөн шагнал, 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сагсай сумын "Наурыз"-ын баярт уралдаж тавдугаар байранд орж өргөмжлөл, мөнгөн шагнал, 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сагсай суманд болсон "Алтан гахай жилийн шинийн нэгэнд зориулсан" баярт уралдаж гуравдугаар байранд орж хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 2007 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сагсай суманд болсон "Алтайн бүргэд"-ийн 4 дэх удаагийн наадамд уралдаж 1 дүгээр байранд орж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сагсай суманд болсон "Алтайн бүргэдчид"-ийн 2008 наадамд уралдаж 1 дүгээр байранд орж алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанхус суманд болсон "Наурыз" баярт уралдаж 2 дугаар байранд орж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн төвд болсон "Бүргэд"-ийн баярт зориулсан уралдаанд уралдаж 2 дугаар байранд орж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж байсан болно. Харин авсан зарим медалиуд байхгүй алга болсон байна. 2011 оноос хойш нэг их тэмээний уралдаан болоогүй тэгээд ч завгүй аймгийн төвд байдаг болохоор уралдуулж чадаагүй.....2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хогийн толгойд цагдаа нар хүрээд ирээрэй гэхэд нь очсон тэр хоёрын нуусан арьс нь миний хулгайд алдагдсан тэмээний арьс мөн байсан. Би өнгө зүсээр нь таньж үзсэн юм. ...Миний хулгайд алдагдсан тэмээ хурдан тэмээ байсан тул би уг гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 2 сая төгрөгөөр үнэлж шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Би тэмээгээ 5 сая төгрөгөөр бодож үнэлж байгаа" гэх мэдүүлгээр" гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р хуудас/
- Гэрч А.Алтынбекийн "... Миний  төрсөн   ах А.Зиядабек  аймгийн  төвд амьдардаг юм. Би өөрөө Улаанхус сумын 8 дугаар багт ээжтэйгээ цуг нэг гэрт байдаг бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай 11 тэмээ Сагсай сумын нутаг дэвсгэр болох "Улаан жалга" нэртэй газрын уулын бэлд байдаг чулуун хашааны хажуу талд байж байгаад дотроос нь шар зүсмийн, толгойн орой хэсэг нь цагаан зөв талын гуя болон хацарт нь 4 тоо тамгатай атан тэмээ алдагдсан юм. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр очиж үзэхэд сүрэг дотроо байгаагүй юм. Тэгээд хайж явж байхад аймгийн төв руу явсан ганц тэмээний мөр нь хашаанаас гараад Сагсай сум чиглэн "Уужим" нэртэй газар луу яваад аймгийн төв рүү явсан мөр байхаар нь хулгай авсан гэдгийг мэдээд ах Зиядабект хэлсэн. Уг тэмээ ахын тэмээ, гэхдээ би маллаж ээжийн нэр дээр тооллогод тоолуулж бүртгүүлдэг юм. Энэ тэмээ 16 настай тэмээ байсан. Уг тэмээ хурдан удмын тэмээ биш зүгээр уралдаж байсан хурдан тэмээ байсан юм. Аав маань 1973-1993 он хүртэл тэмээ хариулдаг байсан тэр үеийн тэмээнээс залгаж үлдсэн манай өөрийн орон нутгийн гаралтай тэмээний удам байсан юм. Тэмээг хөгшрөх хүртэл нь байлгавал 23-25 хүртэл насалдаг юм" гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
- Гэрч Б.Оналханы ''....Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр таксинд явж байхад иргэн А.Зиядабек таксинд авч хогийн толгойд цагдаа нар дуудаж байна гээд очсон юм. Бид очих үед М.Турах, Ө.Берикбол нар хог дотроос хэсэг хуваасан шар өнгийн тэмээний арьс гаргаж өгөөд бид хоёр хулгайлсан тэмээний арьс гэж үзүүлэхэд нь мэдсэн болно. Мөн М.Турахын гэрт очиход А.Зиядабек таксинд намайг авсан тэр үед гэрт нь цагдаа нар үзлэг хийх үед мөн хөндлөнгийн гэрчээр оролцсон, тухайн үед амбаарт тэмээний мах байсан. Тэмээний бүтэн мах байсан байх юу ч гэсэн ясыг нь нэг талд нь тавьсан байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
- Гэрч А.Сандугашын "....Сагсай суманд хадам ах М.Хуантайн гэрт очоод тэмээ авч  ирж нядлаад махыг нь худалдана гээд нөхөр М.Турах Ө.Берикболын хамт өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн хятад мотоциклээр явсан юм. Тэгээд шөнө 2 цагийн үед тэмээгээ авч ирсэн гээд Ө.Берикбол хоёулаа нядалсан би очоогүй бөгөөд унтаж амарч байсан өөрсдөө тэмээ авч ирсэн гэж хэлснийг нь сонссон юм. Тэр тэмээний мах нь амбаарт байхад нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр цагдаа нар ирээд хулгайн тэмээний мах гэж хэлэхэд нь мэдсэн юм. Тэр мах нь муудах шинжтэй байхаар нь Т.Турах хиамны цехэд өгсөн гэсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Нөхөр М.Турах махны ченж хийдэг учир тэр тэмээг хулгайн тэмээ гэдгийг огт мэдээгүй. Ө.Берикбол хоёулаа нядлах гэж байна гэж хэлсэн би маргааш нядлахгүй юм уу гэж асуухад одоо нядалж маргааш махыг нь хүнд өгөх ёстой гэж хэлсэн. М.Турах байнга махны ченж хийдэг байсан, тэгж тэмээ хулгайлж авч ирнэ гэж бодоогүй архи, тамхи хэрэглэдэггүй юм. Даруухан дуу цөөнтэй  худал   хэлдэггүй,   хүнд  тусархаг,   цайлган  сэтгэлтэй,   ямар  нэгэн   муу зуршилгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/
- Гэрч Х.Танайгийн "....Манай "Аборжан" ХХК-д М.Турах нь нийт гурван удаа мах тушаасан юм. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 235 кг тэмээний мах, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 260 кг тэмээний мах, 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 218 кг тэмээний махыг тус тус тушааж байсан юм. Нэг кг тэмээний махыг 3000 төгрөгөөр  бодож авсан.   2016  оны  03 дугаар  сарын  26-ны  өдөр тэмээний  махыг авч  ирэх үедээ малын  гарал үүслийн  гэрчилгээ авч  ирээгүй болохоор мах авдаг бүртгэлдээ бүртгэж авсан урьд нь хоёр удаа мах авч ирэхдээ малын гарал үүслийн гэрчилгээг авч ирж үзүүлсэн сүүлд мах авч ирэхдээ хөдөөнөөс авч ирж амжаагүй гэж хэлсэн юм. Хөдөө яваад өөрийнхөө тэмээ нядалж авч ирсэн гэж хэлсэн юм. Чухам аль сумаас авч ирсэн гэдгийг тодруулан асуугаагүй юм" гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/
- Гэрч С.Хонаевын "...Талийгаач  Айдаханы хүүхдүүд нь шар зүсмийн толгойн оройн цагаан атан тэмээг Сагсай сумын бүргэдчидийн баяр болох үед уралдуулдаг байсан юм. Тэмээний уралдаан болох үед 10-15 тэмээ уралддаг. Аймгийн төв болон сумуудад хурдан удмын тэмээ гэж байдаггүй. Харин уралдаж байсан хурдан тэмээ байдаг байхаа. Улаанхус сумын иргэн Айдахан овогтой Алтынбек, Айдахан овогтой Зиядабек нарын цагаан толгойтой шар зүсмийн атан тэмээ 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болсон Алтайн бүргэдийн баярт уралдаж 1-р байр өргөмжлөл, 40000 төгрөг, 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сагсай суманд болсон Алтан гахай жилийн шинийн нэгний өдөр зохион байгуулж явуулсан тэмээний уралдаанд 3 дугаар байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл, мөн 2007 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Алтай бүргэдийн 4 дэх удаагийн наадмын тэмээний уралдаанд уралдаж 1 дүгээр байр алтан медалиар, 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "Алтайн бүргэдчдийн баяр-2008" наадамд уралдаж 1 дүгээр байр алтан медалиар, тус тус шагнуулж байсан. Жил болгон Сагсай суманд болдог бүргэдчдийн баярт зориулсан тэмээний уралдаанд уг тэмээг уралдуулдаг байсан. 2008 оноос 2012 он хүртэл уралдаж түрүүлж байсныг би сайн санахгүй байна" гэх мэдүүлгээр /хх-ийн 30-31-р хуудас/ 
Гэрч К.Онашбайн "....Би Улаанхус сумын ЗДТГ-т 1996 оноос эхлээд 2011 он дуустал сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад өндөр настаны тэтгэвэрт гарсан. Тэр үед 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Наурыз" баярыг тохиолдуулан анх удаа Улаанхус суманд тэмээний уралдаан болж 13 тэмээ уралдаж иргэн А.Алтынбекийн шар зүсмийн тэмээ 5 дугаар байранд ирэхэд нь бид нар ЗДТГ-аас баярын бичиг мөнгөн шагнал өгч байсан юм. Мөн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Наурыз" баярыг тохиолдуулан Улаанхус суманд тэмээний уралдаан болж 15 тэмээ уралдаж 2 дугаар байранд ирэхэд нь өргөмжлөл, мөнгөн шагналаар сумын засаг дарга шагнаж байсан. 2008 оноос хойш манай суманд одоо болтол тэмээний уралдаан дахиж болоогүй 2007, 2008 онд болсон юм" гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
- Гэрч И.Харахазын "...Улаанхус сумын иргэн Айдаханы хүүхдүүд нь манай суманд хааяа нэг тэмээ уралдах үед тэмээ авч ирж уралдуулдаг байсан. Одооноос 10 жилийн өмнө бүргэдчдийн баяр болох үед Сагсай суманд нэг удаа тэдний шар зүсмийн цагаан толгойтой тэмээ уралдаж түрүүлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
- Гэрч Х.Болатын "...А.Алтынбекийн уралдуулдаг орой хэсэг нь цагаан толгойтой атан тэмээ байсан. Улаанхус суманд 2007 онд хамгийн анх 13 тэмээ уралдаж уг тэмээ 3-р  байранд  ирж баярын  бичиг мөнгөн  шагналаар шагнагдаж байсан юм. 2008 онд мөн Наурызын баярыг тохиолдуулан 15 тэмээ уралдаж 2 дугаар байранд ирэхэд нь өргөмжлөл мөнгөн шагнал өгч байсан. Дахин манай суманд одоо болтол тэмээ уралдаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/
- Гэрч Х.Хурметбекийн "...Улаанхус сумын иргэн А.Алтынбек шар зүсмийн нүүрэндээ 4 тоо тамгатай толгойн оройн хэсэгт цагаан үстэй тэмээ уралдуулдаг байсан юм. Уг тэмээ аймагт байдаг ах болох А.Зиядабекийн тэмээ гэсэн гэхдээ  дүү  нь маллаж  хариулж ээжийнхээ нэр дээр  мал  тооллогоор тоолуулсан гэсэн. Манай суманд сүүлийн 4-5 жил тэмээ уралдаагүй. Харин Сагсай суманд жил болгон "Наурыз"-ын баяр болон   бүргэдчдийн баяр болох үед тэмээгээ уралдуулдаг гэсэн тэр үед уралдаж байсан гэсэн. Чухам хэдэн тэмээ уралдаж хэддүгээр байранд ирж байсан талаар би сайн мэдэхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
- Шүүгдэгч М.Турахын амбаарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/
- Хэргийн газар буюу тэмээний арьсыг нуусан газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р хуудас/
- Хулгайн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р хуудас/
 - Шүүгдэгч М.Турахын гэрт хөргөгчинд байсан тэмээний цул махад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/
- Эд зүйлд үнэлгээ тогтоох шинжээчээр томилсон Сагсай сумын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №02, Улаанхус сумын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №0280 шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 75, 81-р хуудас/
- Шүүгдэгч М.Турахын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн үед “Би аймгийн төвд' махны ченж хийдэг бөгөөд Сагсай  сумын  "Улаан жалга"  гэх  нэртэй  газар  миний  төрсөн  ах  М.Хуантайн тэмээнүүд дотор миний өөрийн эзэмшлийн шар өнгөтэй атан тэмээ байсныг авч ирж нядалж махыг нь худалдахаар 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр найз Ө.Берикболын хамт 18 цагийн үед миний хөх өнгөтэй хятад мотоциклээр явсан юм. Улаанхус сум руу явах замаар явж байгаад "Улаан жалга" гэх газар руу явах замаар яваад уг газрын наад талд очиж байхад нэг чулуун хашааны хажууд  хэдэн тэмээ байхаар нь хашаанд хөөж оруулаад дотор нь байсан шар өнгөтэй нас гүйцсэн бие томтой атан тэмээ байсныг нь барьж аваад хамт явсан Ө.Берикболд унуулаад би араас нь мотоциклтэй дагаж ирсэн юм. Аймгийн төвд гэртээ ирэхэд 02 цаг болж байсан ба Ө.Берикбол хоёулаа нядалж 05 цаг 30 минутын үед дууссан юм. Тэгээд өглөө 08 цагийн үед Ө.Берикбол хоёулаа арьсыг нь олон хэсэг болгон хувааж хоёр уутанд хийж, толгойг нь хамт мотоциклээр аваад аймгийн хог асгадаг газарт авч очин хогийг жаахан ухаж доор нь булаж нуусан юм. Манай гэрт хашаа байдаггүй амбаарын үүдэнд нядалсан тухайн үед эхнэр байсан ба тэмээ нядлахад туслаагүй унтаж амарч байсан, маргааш өдөр нь өөрийнхөө тэмээгээ авч ирж нядалсан уу гэж асуухад өөрийнхөө тэмээгээ авч ирж нядалсан гэж бид хоёр худал хэлсэн юм. Миний эзэмшилд саарал өнгөтэй 5441 БӨТ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл байдаг юм. Гэхдээ тэмээ авч ирэх үе болон арьс хогонд авч очих үед унаж ашиглаагүй болно. Мөн хөх өнгөтэй улсын дугааргүй ах М.Авлайхан унаж хэрэглэж байсан "Мустанг-5" маркийн мотоциклыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ахаасаа авсан байсан. Ах уг мотоциклыг худалдан аваад хоёр жил болж байна. Хулгайлж авч ирсэн тэмээ нас бие гүйцсэн атан тэмээ байсан. Им тамгыг нь анзаарч хараагүй юм. Харин толгойн оройн хэсэг нь цагаан мэт харагдсан юм. Тэр тэмээний мах манай амбаарт байхад цагдаа нар очиж үзсэн. Тэр мах муудах шинжтэй үнэр орохоор нь 150 кг хэртэй махыг өөрийнхөө гэрийн хөлдөөгчинд хийсэн байгаа тал махыг хиамны цех ажиллуулдаг Х.Танай гэж хүнд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн юм” гэж өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-94, 100-102-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ , 
 - Шүүгдэгч Ө.Берикболын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн үед “Би аймгийн төвд түүхий эдийн ченж хийдэг юм. Тэгээд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн найз болох М.Турахтай хамт махны ченж хийж байгаа. М.Турах нь 2016 оны 03 дугаар 20-ны өдөр надад Сагсай сумын "Улаан-жалга" гэх нэртэй газар миний төрсөн ах М.Хуантайн тэмээнүүд дотор миний өөрийн эзэмшлийн шар зүсмийн атан тэмээ байгаа авч ирж нядалж махыг худалдана, чи авч ирж өгөөрэй гэхээр нь орой 18 цагийн үед М.Турахын хөх өнгөтэй хятад мотоциклээр явсан юм. Улаанхус сум руу явах замаар явж байгаад "Улаан жалга " гэх газар руу замаар яваад уг газрын наад талд очиход нэг чулуун хашааны хажууд арван хэдэн тэмээ байхаар нь манай тэмээ энд явж байгаа юм биш үү гэж М.Турах хараад хашаанд хөөж оруулаад үзэхэд манай тэмээ биш байна гэхдээ дотор нь байсан шар зүсмийн нас бие гүйцсэн бие томтой атан тэмээ байсныг нь барьж аваад энэ тэмээг хулгайлж авъя гэхээр нь би болох уу гэсэн тэр үед М.Турах зүгээрээ хэн ч мэдэхгүй гэж хэлсэн болохоор нь би зөвшөөрч тэр тэмээг унаад аймаг рүү чиглэж явсан. М.Турах мотоцикльтэй дагаж аймгийн төвд тэдний гэрт 02 цаг болж байхад ирсэн. Тэр газраас аймаг руу явах гэж байхад ойролцоогоор 20 цаг болж байсан. Шөнө ирээд хоёулаа тэр тэмээг нядалж 05 цаг 30 минутын үед дууссан юм. Тэгээд өглөө 08 цагийн үед хоёулаа арьсыг нь олон хэсэг болгон хувааж хоёр уутанд хийж толгойг нь хамт М.Турахын мотоциклээр аймгийн хог асгадаг газарт авч очин тэнд байсан хогийг жаахан ухаж доор нь нуусан юм. Өөр ямар нэгэн хүн хамт нядлаагүй, гэдэс дотрыг нь цэвэрлэхгүйгээр шингэн усыг нь асгаж уутанд хийхэд тал уут болсон арьстай хамт нэг уутанд хийгээд хогийн толгойд хамт авч очин асгасан юм. Тэр тэмээг нядлахад өөр хүн туслаагүй, М.Турахын эхнэр гэртээ амарч байсан. М.Турах өөрийнхөө тэмээгээ авч ирж нядалсан гэж эхнэртээ маргааш өдөр хэлсэн гэсэн. Нас бие гүйцсэн атан тэмээ байсан. Им тамгыг нь анзаарч хараагүй. Харин толгойн оройн хэсэг нь цагаан үстэй байсан юм. Тэр тэмээний мах М.Турахын амбаарт байхад цагдаа нар очиж үзсэн. Тэр мах муудах шинжтэй үнэр орохоор нь тал махыг М.Турах хиамны цех ажиллуулдаг Х.Танай гэгч хүнд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн гэсэн, тал махыг өөрөө хадгалж байгаа болно. Би А.Зиядабекийн атан тэмээг бүлэглэн хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч байна. Хогийн толгойд мотоциклээр арьс, гэдэс дотортой цуг хаясан байсан бөгөөд цагдаа нар олж ирээрэй гэхээр нь хогийн толгойд очоод хайхад толгой нь олдоогүй арьс нь олдохоор нь цагдаа нарт хэлж мэдэгдэж үзүүлсэн юм” гэж өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-105-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
  Хохирогч болох А.Зиядабект шүүх хуралдааны товыг 7 хоногийн өмнө мэдэгдсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хохирогч А.Зиядабек нь мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдсан тэмээг 5 сая төгрөгийн үнэтэй гэж байгаа боловч шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй болно. Түүний нөгөө талаар хохирогч болон түүний өмгөөлөгч нарт шинжээчийн дүгнэлтэд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр танилцсан боловч байцаан шийтгэх ажиллагааны явцад дүгнэлтийг эс зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргаагүй байна. 
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.
 Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан М.Турах, Ө.Берикбол нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
 Шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаас гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  
Шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “цагдаагийн ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 295, 296, 297, 298, 299 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төлек жолжахсы овогт Муратханы Турах, Шыбарайгыр балта овогт Өтепбергений Берикбол нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Муратханы Турах, Өтепбергений Берикбол нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан М.Турах, Ө.Берикбол нарт Цагдаагийн байгууллага хяналт тавьсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч  М.Турах, Ө.Берикбол нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.
7. Шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нар нь цагдан хоригдож байгаагүй шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нарын хохирол төлсөн 2000000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч А.Зиядабект олгож, нэхэмжлэгчийн үнийн дүнгийн 3000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар М.Турахын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, Мустанг-5, ХВ-150 маркийн мотоциклыг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.10-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Берикболын эзэмшлийн “Панахиа” маркийн 24 инчийн, “Лес” маркийн өнгөт зурагт 1 ширхэг, хөлдөгч 1 ширхэг, гурван хос диван ор, шүүгдэгч М.Турахын 2005 онд үйлдвэрлэгдсэн УАЗ-31512 маркийн 5441 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрүүдийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн өргөмжлөл 7 ширхэг, баярын бичиг 1 ширхэг, медаль 4 ширхэг, зураг 2 ширхэгийг хохирогч болох А.Зиядабект буцаан олгосугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Турах, Ө.Берикбол нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ