Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0271

 

С аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Б.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, С аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, ЦЭГ-н эрх залгамжлагч АМГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цөмийн энергийн газраас МуР ХХК-нд Ц-002Х, Ц-003Х тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо С аймагт байрлах улсын тусгай хамгаалалттай Д-н байгалийн цогцолбор газар, Э сумын Зотол хаан уулын орон нутгийн тусгай хэрэгцээний газруудтай давхцуулан олгосон байна.

С аймгийн Засаг дарга, аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газруудаас Цөмийн энергийн газарт удаа дараа тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ гаргаж байсан боловч цуцлах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Цөмийн энергийн газар дээрх тусгай зөвшөөрлүүд олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Улсын тусгай хамгаалалттай газар болон тусгай хэрэгцээний газартай давхцуулан цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-002Х, Ц-ООЗХ тоот тусгай зөвшөөрлүүдийг МуРХХК-д олгосон ЦЭГ-н цөмийн материалын хэлтсийн газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34тоот шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЦЭГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус газраас АМГ-т 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/1232 дугаар албан бичгээр хандсан бөгөөд Ашигт малтмалын газраас 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6-8448 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн.

Уг 6-8448 дугаар албан бичигт тус хэлтэст ирүүлсэн солбицол бүхий гурван талбайн хилийн зааг нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байх тул тус хуулийн 7.6-д заасны дагуу Геологи уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд түр авсан болногэжээ.

Иймд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан МуР ХХК-д ЦЭГ-н Цөмийн материалын хэлтсийн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрээр цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-002Х, Ц-003Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгосон болно.

Түүнчлэн МуР ХХК-ийн Ц-003Х дугаарын цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь С аймгийн Э сумын орон нутгийн хэрэгцээний газартай зураг зүйн хувьд давхцалгүй болохыг нягтлах зорилгоор АМГ-т 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11/639 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан.

АМГ- манай 11/639 дугаар албан бичгийн хариуг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/3479 дугаар албан бичгээр ирүүлсэн.

Ашигт малтмалын газраас ирүүлсэн хавсралтуудаас үзэхэд С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол нь МуР ХХК-ийг цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээс өмнө гарсан тогтоол, шийдвэр болох нь илт байна.

МуР ХХК-ийн С аймгийн нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-002Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэртэй хэсэгчлэн давхцалтай нь Байгал орчин, ногоон хөгжлийн яаманд бүртгэлтэй кадастрын зургаас тодорхой болсон тул аж ахуйн нэгжид энэ тухай мэдэгдсэн.

Энэ дагуу МуР ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр талбайг хэсэгчлэн буцаах өргөдлөө тус газарт ирүүлээд байна.

Иймд, Цөмийн энергийн газар нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвшөөрөл хүсэгчид тавигдах хуулийн нөхцөл, шаардлагыг хангасан МуР ХХК-д тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд МуР ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартүвшин шүүхэд гаргасан тайлбартаа: Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-002, Ц-003Х тоот тусгай зөвшөөрлүүдийг тус компани Монгол улсын Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагуудыг биелүүлсний үндсэн дээр авсан гэж үзэж байна. Энэ нь холбогдох төрийн захиргааны байгууллагаас авсан тусгай зөвшөөрлүүдээр нотлогдоно. Хэрэв шаардлага хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгогдохгүй байх учиртай. Дээрх тусгай зөвшөөрлүүд нь Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарагддаг.

Тус компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн, дагуу Цөмийн энергийн газраас АМГ-т дээрх талбайнуудад газар зүйн солбицлын шүүлт хийлгэсэн байдаг.

Шүүлтээр тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайтай ямар нэг давхцалгүй нь тогтоогджээ. Уг үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасан шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан кадастрын албаны тодорхойлолтоор нотлогдоно.

Манай байгууллага нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан С аймгийн О, Д, Н сумдын нутаг Х нэртэй газар орших Ц-002Х тусгай зөвшөөрлийн талбайн Д-н байгалийн цогцолбор гэх газартай давхцаж буй хэсгийг Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д заасны дагуу хэсэгчлэн буцаан өгөх хүсэлтээ Цөмийн энергийн газарт гаргасан.

Энэ нь уг тайлбарын хавсралт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Мөн тус аймгийн Э сумын нутаг Х өндөр нэртэй газарт орших Ц-003Х тусгай зөвшөөрлийн талбай нь З уул орчмын аймгийн тусгай хэрэгцээний талбайд давхцалгүй гэсэн Цөмийн энергийн газраас мэдэгдсэн болно. Орон нутгийн байгууллагуудын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хохирол учирч байгааг дурдах нь зүйтэй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахьхэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цөмийнэнергийн газрын цөмийн материалын хэлтсийн газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрийн МуР ХХК-д олгосон цацраг идэвхт ашигт малтмал хайх Ц-002Х, Ц-003Х тоот тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар давж заалдах гомдолдоо: Цөмийн энергийн газар /хуучин нэрээр/ Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор татан буугдаж АМГ-т шилжиж ирсэн.

АМГ- эрх залгамжлагч Кадастрын хэлтэст холбогдуулан МуР ХХК-ийн ЦЭГ-н цөмийн материалын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу ЦЭГ-н 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/1232 тоот албан бичгийг АМГ-т хүргүүлсэн байна.

Уг албан бичгийн хариуг 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6-8448 тоот албан бичгээр Цөмийн энергийн газарт ирүүлсэн байна.

С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Зарим газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гаргасаны дараа С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Зарим газрыг тусгай хэрэгцээний газраас чөлөөлөх тухай тогтоол гарсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу С аймгийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/512 тоот албан бичгээр АМГ-т ирүүлсэн байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зуйлийн 19.7, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасны дагуу ЦЭГ-н цөмийн материалын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэр нь хуулийн дагуу олгогдсон үндэслэлтэй байх тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд МуР ХХК-ийн захирал Х.Б давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд Монгол улсын Засгийн газрын Агентлагийн эрх, зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9-д Агентлагийн дарга нь агентлагийг төлөөлж бусад байгууллагатай харилцах гэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т хууль эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас харахад Ашигт малтмалын газрыг шүүхэд төлөөлөх эсхүл итгэмжлэгдсэнтөлөөлөгч томилох эрх бүхий этгээд нь тухайн агентлагийн дарга болох нь нотлогдож байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын шүүхэд гаргасан хууль бус итгэмжлэл нь дээр дурдсан хуулиудад нийцээгүй ба улмаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан шаардлагыг хангаагүй мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй буюу түүнийг албан ёсны байр сууриа хамгаалах боломжгүй нөхцөл байдалд уг хэргийг шийдвэрлэсэн.

Иймд, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх бүрэн хангагдаагүй гэж үзэж байна.

Шүүх тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай гэж үзэн 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1007 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5326 дугаар шүүгчийн захирамжуудаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээчийг томилсон байдаг.

Үүний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Газрын харилцаа, геодози зураг зүйн газрын даргын тушаалаар байгуулагдсан Ж.Эрдэнэхүү, Г.Баяржаргал, Б.Эрболд нарын шинжээчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Шинжээчийн дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтийн хариулт 4 гэсэн хэсгийн 2 дахь догол мөрөнд С аймгийн иргэдиин Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газраас 2008 оны 33 дугаар тогтоолоор чөлөөлсөн 1, 2 дугаар талбайнууд нь МуР ХХК-ийн эзэмшиж буй Ц-003Х тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай... гэж дүгнэжээ.

Энэ нь Ц-0003Х тусгай зөвшөөрлийн нийт талбай нь аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байна гэсэн үг юм. Уг шинжээчийн дүгнэлтийн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй.

Мөн тус компани тухайн үед мөрдөгдөж байсан Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь заалт, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4-д заасан эрхийн дагуу Ц-002Х дугаартай тусгай зөвшөөрлийн нийт 105'937 гектар талбайгаас маргаан үүсээд буй 36700,64 гектар газрыг хэсэгчлэн буцаах хүсэлтийг гаргасан. Энэ нь талбайн ихэнх хэсэг биш ба нийт талбайн 38% болж байна. Дээрх үйлдэл нь Ц-002Х тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцлахыг хүлээн зөвшөөрсөн эсхүл уг талбай нь бүхэлдээ Д-н байгалийн цогцолбор газартай давхцалтай гэсэн ойлголт биш бөгөөд МуР ХХК-ийн зүгээс үүсээд буй маргааныг зөв, зохистой хэлбэрээр шийдвэрлэхийг хичээсэн үйлдэл юм.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн дагуу үлдэж буй талбайд үргэлжлүүлэн хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой.

Эндээс харахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтийг буруу ойлгон, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх ёстой, энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан.

Манай тохиолдолд хэргийн оролцогчдоос гаргасан гуравдагч этгээд болон хариуцагч талуудын хууль ёсны эрх ашигт хамааралтай нотлох баримтууд хангалттай байсан, нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаа харагдаж байсан хэдий ч анхан шатны шүүх зохих ёсоор үнэлээгүй гэж үзэж байна.

Маргаан бүхий С аймгийн Э сумын орчимд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж, ихээхэн хэмжээний хохирол учирч болзошгүй болоод буй үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай манай компаниас гадна ашигт малтмалын хайгуулын болон уурхай ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 15 компанийн 21 ширхэг тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн.

Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрлэсэнтэй адил жишиг манай шүүхийн практикт бий болвол Монгол улсад нилээд их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал бий болоод байгааг энд дурдах нь зүйтэй юм.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хувьд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6-д заасан ажиллагаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 26.2-т заасан ажиллагааг явуулна, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараах зүйлийг тодруулна26.2.2-т хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг эрх бүхий байгууллага хүлээн аваад хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээнд авсан, эсхүл тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэхийг тодруулах үүрэгтэй байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т энэ хуулийн 16.1.1...-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох гэж газрыг тусгай хэрэгцээнд авах талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг тус тус тодорхойлон заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл МуР ХХК-д С аймгийн О, Д, Н сум Х орчмын 105,937 гектар талбайн хэмжээгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-002Х тоот тусгай зөвшөөрлийг олгосон нь Улсын Их Хурлын 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор тогтоосон улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай болох нь тогтоогдож байх ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн Дархан цаазат газарт энэ хуулийн 1О,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 12 дугаар зүйлийн 1-дгазар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх18 дугаар зүйлийн Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 18 дугаар зүйлийн  1-т энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах гэснийг зөрчсөн байна.

Тодруулбал, Төрийн захиргааны байгууллага нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн 19.7, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэхийг тодруулах үүргээ биелүүлээгүй байх тул ЦЭГ-н цөмийн материалын хэлтсийн газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 тоот шийдвэрийн МуР ХХК-д олгосон цацраг идэвхт ашиг малтмал хайх Ц-002Х тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12 дугаар зүйлийн 12.1.4-т Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах, 14 дүгээр зүйлийн 14.3-т Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан.

МуР ХХК-д олгогдсон С аймгийн Э сумын нутагт орших Хэрэмийн цагаан өндөр нэртэй газар нь С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн Газрыг тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тухай 2008 оны 02 дугаар 25-ны өдрийн 13, 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолууд, Зарим газрыг тусгай хэрэгцээний газраас чөлөөлөх тухай 2008 оны 06 дугаар 11-ний өдрийн 33 дугаар тогтоолоор тус тус тусгай хэрэгцээний газраас чөлөөлөгдсөн гэх боловч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас С аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээр дурдсан 33 дугаар тогтоолоор батлагдсан тусгай хэрэгцээнээс чөлөөлөх газрын хил, зааг солбицлыг Залруулах тухай албан бичгийг Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байх боловч энэхүү албан бичгийн дагуу тусгай хэрэгцээний газраас чөлөөлсөн талаарх хариу ирүүлээгүй, чөлөөлөх тухай саналыг хүлээн авсан эсэх талаар мэдээллийн сан, зураг зүйн бүртгэлд бүртгэсэн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн тусгай хэрэгцээнээс чөлөөлж бүртгээгүй, орон нутгийн байгууллагад мэдэгдээгүй атлаа Цөмийн энергийн газарт тус газрын талаар ...давхцалгүй, хориглосон, хязгаарласан газарт хамаарахгүй[1] гэж ташаа мэдээллийг хүргүүлснээр Ц-002, Ц-003Х тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь Цөмийн энергийн тухай хуулийн 19.7, Ашигт малтмалын тухай хуулийн 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18.1-д заасантай нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж шийдвэрлэсэн, Засгийн газрыг хэрэг эрхлэх газрын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2030 албан бичгээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөн ЦЭГ-н эрхэлж байсан зарим чиг үүргийг танай эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул ... цацраг идэвхт ашигт малтмалын асуудал хариуцсан 6 албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан томилон ажиллуулна уу гэсэн агуулга бүхий албан бичгийг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүргүүлсэн, ЦЭГ-н даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар нэр бүхий 6 албан хаагчийг АМГ-т шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Төрийн захиргааны байгууллагын ...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж заасан байх тул гуравдагч этгээдийн ... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын шүүхэд гаргасан хууль бус итгэмжлэл нь хуульд нийцээгүй, ...хариуцагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй буюу түүний албан ёсны байр суурийг хамгаалах боломжгүй нөхцөлд хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

Шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасантай нийцэж байх тул гуравдагч этгээдийн ...шинжээчийн дүгнэлтийн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, ...нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг шүүх зохих ёсоор үнэлээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ