Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 130/2019/00484/и |
Дугаар | 001/ХТ2020/005112 |
Огноо | 2020-09-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2020/005112
Х.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00636 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 212/МА2019/00069 дүгээр магадлалтай,
Х.Тгийн нэхэмжлэлтэй
Баян-Өлгий аймгийн “МБНБХНӨЭМТд холбогдох,
Баян-Өлгий аймгийн МБНБХНӨЭМТийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үйлчлэгч Х.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Х.Тгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Т би Мейрим эмнэлэгт 2002 оноос хойш үйлчлэгчээр /цэвэрлэгчээр/ ажиллаж байгаа, эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан ахмад ажилтан. Манай өрхийн эмнэлэгт тус Эрүүл мэндийн газраас Ховд аймагт болох эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтний семинар, зөвлөгөөнд хүмүүсээ сонгон явуулж оролцуулах тухай албан бичиг ирснээр тус өрхийн эмнэлгийг түр орлон даргаар ажиллаж байсан дотоод хяналтын их эмч Х.Еркегүл нь очихыг хүссэн сувилагч Зояа бид хоёрыг очоод уг зөвлөгөөнд оролцох зөвшөөрөл өгснөөр Зояа бид хоёр 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр аймгаас Ховд аймагт болох семинар, зөвлөгөөнд оролцох нийт 20 гаруй хүмүүсийн хамт нэг автобусаар гарсан. Би 6 дугаар сарын 06-ны өглөө 07:00 цагт ажлын газартаа очоод 10:00 цаг хүртэл 2 давхар эмнэлгийн цэвэрлэх бүх газрыг цэвэрлээд дуусахад их эмч Еркегүл Цэвэрлэгээ хийгдлээ. Өнөөдөр таныг ажилласанд тооцож байна. Одоо автобус явах гэж байгаа тул хурдан яв гэсэн тул би даруй явж автобусны буудал хүрч тэндээс Зояа бид хоёр манай өрхөөс бүгд 6 ажилтан хамт сууж Ховд аймагт 15 цагт очсон. Семинар, зөвлөгөөн 6 дугаар сарын 06-нд болж байхад амжиж сууж бүтэн 3 хоног семинар зөвлөгөөнд оролцоод 6 дугаар сарын 8-ны 18:00 цагт семинарыг дуусангуут бүгдээрээ автобусаар Баян-Өлгий рүү буцсан. Нэг дэх өдөр буюу даваа гарагт 6 дугаар сарын 10-нд ажилдаа ирж ажлаа хийсэн. Гэтэл тус МБНБХНӨЭМТийн дарга З.Маржангүл нь намайг үндэслэлгүй ажил тасалсан гэж надад 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл оногдуулсан. Тус эрүүл мэндийн төвийн дарга З.Маржангүл нь 6 дугаар сарын 4,5,6-ны өдрүүдэд өвчтэй гэж чөлөө аваад гэртээ байсан бөгөөд ажлыг нь төвийн дотоод хяналтын багийн их эмч ажилтай Х.Еркегүл орлон гүйцэтгэж байх үедээ семинар зөвлөгөөнд оролцох зөвшөөрлийг А.Ербагда ахлах сувилагч А.Рая нарын хамт бидэнд мөн надад өгсөн. Би үндэслэлгүйгээр ажил тасалж яваагүй. Бусад ажилтнуудтай хамт систем, албаас зохиогдсон арга хэмжээнд оролцож ирсэн тул тус төвийн даргын Б/22 тоот тушаалаар арга хэмжээ тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьдчилан шийдвэрлүүлэхээр эрүүл мэндийн газарт хандахад шүүхэд ханд гэж зөвлөснөөр гомдлоо гаргаж байна. Иймд надад үндэслэлгүйгээр сануулах арга хэмжээ авсан МБНБХНӨЭМТийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хянаж хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэдийгээр үйлчлэгч Х.Т олон жил ажилласан боловч даргаас зөвшөөрөл авч удирдлагыг хүндэтгэх хэрэгтэй байсан ба байнга өөрийгөө би ахмад ажилтан, залуучууд ахмад ажилтны үгээр явах ёстой гэж байнга хамт олон дотор хэрүүл маргаан гаргаж өөрийн буруу зан заншлыг жишээ болгон сургаж байдаг. Энэ удаа ч танхайрсан заншлаар сургалтад зөвшөөрөгдсөн 4 хүний /их эмч Э.Нуржибек, их эмч П.Болатбек, НЭМА Ж.Сунхар, Сувилагч Х.Айсулу/ жагсаалтад өөрийнхөө нэрийг ороогүй байхыг мэдсэн байж дур мэдэн ажил таслаад явсан. Ганцхан сургалтын өдөр биш Х.Т ажлын өдрүүдэд ч сайн дураараа өөрийнхөө хувийн ажлаар даргын зөвшөөрөлгүйгээр хүссэн газруудаар яваад байдаг нь хуульд нийцэхгүй. Харин ажил олгогчийн зүгээс Х.Тгийн насыг хүндэтгэн ажиллаагүй өдрүүдийн цалинг хасаагүй ба дээрх гаргасан алдааг дахин давтагдахгүйгээр удирдлагыг хүндэтгэж, зөвшөөрөлгүйгээр ажил таслахгүй байхыг сануулж МБНБХНӨЭМТийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Дотоод журмын 8.3.4.2 заалтын гадаад болон дотоод сургалт явахдаа эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтэн явах өдрөөс 7-10 хоногийн өмнө даргад мэдэгдэж албан ёсоор чөлөө аваагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулна гэсэн заалттай ба 14.1 дэх заалтын дагуу намайг өвдөж байсан үед даргыг орлож байсан эмч нарын аль аль нь томилох, зөвшөөрөл олгох эрх байхгүй зөвхөн эмчилгээ үйлчилгээ тайлан мэдээг хариуцах ёстой. Цаашид хамт олон дотроо хагарал үүсгэхгүйгээр, ажлаа таслахгүйгээр хэвийн хийж гүйцэтгэвэл ажил олгогчийн зүгээс түүнд өс хонзон санасан болон арга хэмжээ авах сонирхол байхгүй. Ажлаа хэвийн хийвэл төрийн ажилд ч саад болохгүйг X.Х.Т ч ухамсарлах ёстой. Иймд нэхэмжлэгч Х.Тгийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00636 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Тд Баян-Өлгий аймгийн МБНБХНӨЭМТийн даргын 2019 оны 6 сарын 28-ний өдрийн Үйлчлэгч Х.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 212/МА2019/00069 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн МБНБХНӨЭМТийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийдвэрээр нэхэмжлэгч Х.Т миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хурал дахь талуудын мэтгэлцээн хэлсэн үг зэргийн бодит байдлуудыг тал бүрээр нь үнэлж дүгнэн байж миний нэхэмжлэлийг хангасан. Би тус аймгийн Өлгий сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг байсан “Мейрим” БГБХН МБНБХНӨЭМТийн даргын /дарга асан З.Маржангүл нь одоо гэмт хэрэгт холбогдон шалгагдаж албан тушаал ажлаа түдгэлзүүлсэн байгаа / 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Үйлчлэгч Х.Т надад сахилгын шийтгэл ногдуулсан тухай” Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд “Мейрим” өрхийн эмнэлгийн дарга З.Маржангүл нь Б/22 дугаартай тушаалын эх хувийг надад өгөлгүй хуулбарыг өгч “очоод заргалд” гэж хэллээ гэж уг тушаалын хуулбарыг анхан шатны шүүхэд өгсөн. Шүүхэд хэрэг үүсч хянагдаж байхад “Мейрим” өрхийн эмнэлгийн дарга З.Маржангүл нь миний нэхэмжлэлд хариу тайлбар бичиж өөрийн гаргасан Б/22 дугаартай тушаал гаргаснаа хүлээн тайлбарлаж, уг тушаалаа хамгаалсан байсан. З.Маржангүл дарга тайлбартаа: “6 дугаар сард ажил тасалсан тул цалин хасна гэхэд миний ажлыг орлож байсан хүн дотоод журмын 8.3.4.2-т хөдөлмөрийн хөлсийг хасах, сахилгын шийтгэл оногдуулан гэсэн тул цалин хасаад яах вэ гээд сахилгын шийтгэл оногдуулсан, гэж 5/22 дугаартай тушаалаараа надад сануулах шийтгэл оногдуулснаа хүлээн мэдүүлж, өөрийн гаргасан Б/22 дугаартай тушаалаа хамгаалж байснаас гадна энэ Б/22 тушаалаа хамгаалж аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол хүртэл гаргасан байгаа. Хавтаст хэрэгт Б/22 дугаартай тушаалын хуулбар авагдсан мөн тушаал гаргасан “Мейрим” өрхийн эмнэлгийн төвийн дарга З.Маржангүл нь уг Б/22 тушаал гаргаснаа үгүйсгээгүй харин ч нотлон хамгаалаад хариу тайлбар, гомдол гаргаад байхад давж заалдах шатны шүүх нь “уг Б/22 дугаартай тушаал нь гараагүй болов уу гарсан нь эргэлзээтэй байна. Тушаалын гарсан эсэхэд талууд маргаад байгаа” мэтээр хандаж илт тодорхой нотлогдож байгаа баримт болох Б/22 дугаартай тушаалын гарсан эсэхэд маргаагүй үед хэрэгт заавал эх хувь, эсвэл нотариатаар батлуулсан хувь байх ёстой гэж ялимгүй зүйлээр шалтаглаж ажилчин миний гомдлыг илтээр чирэгдүүлэн байж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасанд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүйд тооцож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хариуцагч Баян-Өлгий аймгийн МБНБХНӨЭМТд холбогдох “сануулах арга хэмжээ авсан” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Тгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсгийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн МБНБХНӨЭМТийн даргын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 дугаар тушаал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан шаардлагад нийцээгүй байна.
Зохигч талууд уг баримтыг маргаагүй хэдий ч хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул тушаалыг хуульд нийцүүлэн гаргуулж, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үгүйсгэх боломжгүй байна.
Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 212/МА2019/00069 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА