Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/02800

 

 

  

 

 

  

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр          Дугаар 181/ШШ2017/02800            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч:  Л О /РД: /-д холбогдох,  

 

Гэрээнээс татгалзсаны үр дагавар арилгуулж, 640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Л.О, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Л.Оийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ...........................тоот орон сууцны өргөтгөлд 5 м.кв талбай бүхий жижиг өрөөг сарын 320,000 төгрөгийн төлбөр төлж, 1 жилийн хугацаагаар ломбард ажиллуулах зориулалтаар түрээслэхээр ярилцсан.

Эхний 2 сарын мөнгийг төлөхөөр болж дансаар шилжүүлэхийг хүсэхэд данс байхгүй гэсэн, гэрээ хийе гэхэд маргааш гэсэн. Тэгэхээр нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2 сарын түрээсийн төлбөрт тооцож 640,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн талаар би өөрөө гараар бичиж, гарын үсэг зуруулж авсан.

Л.О маргааш нь өглөө өөрөө нэг гэрээ гаргаж, бид засвар хийж байгаад түүнийгээ хэвлүүлж гарын үсэг зуртал миний нүдэн дээр тэр гэрээг ураад хаячихсан. Тэгснээ принтерийн 300 төгрөгийг надаас нэхэж сонин аашилсан. Тэр үеэс би энэ хүнтэй ер нь тохиролцохгүй, цаашид ойлголцохгүй юм байна гэж бодоод тохиролцоогоо буцахаар шийдсэн. Мөнгөө буцааж авах гэж би ажилтнаа оруулсан. Тэгтэл миний мөнгийг өгөхгүй гэсэн байсан. Иймээс л би энэ хүнтэй ойлголцохгүй юм байна гэж бодоод шууд шүүхэд хандсан.

Би тэр түрээсийн өрөөг нь хүлээж ч аваагүй, нэг ч цаг ашиглаагүй тул миний өгсөн 640,000 төгрөгийг Л.Оээс гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид тохирсон. Б.Г гэрээн дээрээ хугацааг хязгааргүй гэж бичсэн байсан. Би түүнд дургүйцсэн. Гэтэл буцааж мөнгөө авъя гэсэн. Тэгээд тэр өдрөө шүүхэд өгсөн байсан.

Би Б.Гаас 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 600,000 төгрөг өгсөн. 40,000 төгрөгийг Б.Г н.Сумъяа эгчид өгсөн. Сарын 320,000 төгрөг буюу үүнээс 20,000 төгрөг тог, үлдэх 300,000 төгрөг нь түрээсийн төлбөр юм гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хүн худлаа ярьж байна. Энэ хүн өөрөө ичмээр худалч хүн байна. Энэ хүн өрөөг ашиглаагүй, юу ч оруулаагүй нь үнэн. Гэхдээ бид энэ хүний хүсэлтээр тохиролцож, өрөөгөө түүнд түрээслэхээр болсон. Б.Г гэрээн дээрээ гэрээний хугацааг хязгааргүй гэж бичсэн байсан учир би түүнд нь дургүйцсэн. Гэтэл мөнгөө буцаа авъя гэсэн. Тэр өдрөө намайг шүүхэд өгсөн байсан.

Би Б.Гаас 600,000 төгрөг авсан, 40,000 төгрөгийг тогны мөнгө гэж Ч.Сумъяад тэр өөрөө өгсөн. Сарын 320,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн 20,000 төгрөг нь тогны мөнгө, үлдэх 300,000 төгрөг нь түрээсийн төлбөр байсан.

Энэ хүн надтай аятайхан яриад мөнгөө авъя гэж уулзсан бол би өгөх байсан. Гэвч шууд шүүхэд хандаж, өнөөдрийг хүргэсэн тул 500,000 төгрөг өгмөөр байна. Гэхдээ шүүх юу гэж шийднэ түүнийг л би биелүүлнэ гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Л.Оээс гэрээнээс татгалзсаны үр дагавар арилгуулж, шилжүүлсэн 640,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нь 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ломбардаа өнөөдрийг хүртэл ашиглуулаагүйн хохиролд суутгана гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

Зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ..................... тоот орон сууцны өргөтгөлийн 5 м.кв талбай бүхий өрөөг барьцаалан зээлдүүлэх газрын зориулалтаар 1 жилийн хугацаатай сарын 320,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохирч, Б.Г 2 сарын хөлс 640,000 төгрөгийг Л.От шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Талууд дээрх гэрээний харилцааг түрээсийн гэрээ гэж тайлбарлах боловч Б.Г нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэггүй  нь түүний тайлбараар тогтоогдсон тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой төрлийн эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч буюу хөлслөгч нь тохирсон ёсоор 2 сарын хөлс болох 640,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч буюу хөлслүүлэгчид шилжүүлсэн боловч зохигчдын хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзсанаар гэрээ цуцлагджээ. Энэ үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч эд хөрөнгө хөлслөх гэрээнээс татгалзах тухайгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчид мэдэгдсэнээр гэрээ цуцлагдсан байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”  гэж зааснаар талууд авсан, өгсөн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй.

 

Нэг тал гэрээнээс татгалзаж буйгаа тэр даруй мэдэгдсэн энэ тохиолдолд нөгөө тал тухайн эд хөрөнгийг бусдад ашиглуулах боломж нь нээлттэй, өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгийг бусдад ашиглуулаагүй нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоогүй тул хариуцагч хохирлын асуудал ярих эрхгүй гэж үзнэ.

 

Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагч Л.Оээс 640,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гад олгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Л.Оээс 640,000 төгрөгийг гаргуулж Б.Гад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА