Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2019/02283/и |
Дугаар | 001/ХТ2020/00519 |
Огноо | 2020-09-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2020/00519
Э.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02936 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2116 дугаар магадлалтай,
Э.Мын нэхэмжлэлтэй
162-р Цт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Э.Уранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.Болормаа, түүний өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 онд 162-р Цт туслах багшаар ажилд орсон. 2018 оны хавар Э.Уранчимэг эрхлэгчээр томилогдон ирж багш ажилтныг ажлаас халах болсон. 162-р Цийн хуучин эрхлэгч 2014 оны хавар анх шинээр сэрүүн өрөөг нээж бэлтгэл “Г” бүлгийг байгуулсан. Би 2018 оны 9 дүгээр сард бүлгийн багш болох хүсэлт тавихад намайг багшлах эрхийн шалгалтад ороогүй гээд аваагүй. Тэр зун ажил явдал гарсан тул би шалгалтад хамрагдаж чадаагүй явсан. Тэгээд орон тоо гарахаар нь хүсэлтээ гаргасан ба цаашдаа бүлгийн багшаар ажиллах хүсэлтэй байсан тул эрхлэгчид хүсэлт гаргасан юм. Эрхлэгч намайг өрөөндөө дуудаж өргөдөл бичүүлээд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Бэлтгэл “Г” бүлгийг хаагдана гэдгийг би ойлгож, мэдэж байсан. Гэхдээ хаагдсан өдөр нь өөрийгөө ажлаас чөлөөлөгдөнө гэдгийг мэдээгүй. Миний өмнөх туслах багшийн ажлын байр байнгын орон тооны байсан. Хөдөлмөрийн дотоод журамд байнгын ажлын байранд байсан хүнийг түр ажлын байранд томилсны дараа ажлаас чөлөөлнө гэж заагаагүй тул намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Иймд ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.М 2014 оны 9 дүгээр сараас эхэлж 162-р Цт туслах багшаар ажилласан байсан. Э.Мын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу харилцан тохиролцож цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1 тушаалаар туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, энэ өдрөөс эхлэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар бэлтгэл “Г” бүлгийн багшаар томилсон. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл нь сэрүүн өрөөнд ирэх жилийн 2020 оноос эхэлж дахин бүлгийн элсэлт зохион байгуулахгүй болсонтой холбоотой байсан юм. Тус өрөө нь орчны стандарт шаардлага хангахгүй, зориулалтын биш өрөө бөгөөд 00-ын өрөө ч байхгүй, хүүхдийн хөгжих эрх зөрчигдөж байсан тул нэгэнт авсан элсэлтээ 2019 оны сургалтын жилийг дуустал ажиллуулаад дахин элсэлт авахгүй татан буугдаж байсан юм. Ийнхүү хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эрхлэгчийн өрөөнд тэмдэглэл үйлдсэн. Түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.Жаргалд 2019-2020 оны хичээлийн жилээс эхэлж сургалтын нөхцөл шаардлагын дагуу 12 бүлэгтэй үйл ажиллагаа зохион байгуулах болсноо мэдэгдсэн. Э.Мын хувьд “Г” бүлгийг татан буугдана гэдгийг мэдэж байсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал бүлгийн багшаар ажиллаж туршлага хуримтлуулъя багш нартайгаа хамт ажиллах хүсэлтэй байна гэхээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнээс миний зүгээс албан хүчээр ажиллуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулахдаа одоо ажиллаж байгаа туслах багшийн үүрэгт ажлаас бүр чөлөөлөгдөнө гэдгийг урьдчилан тайлбарлаж сануулсан гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02936 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч 162-р Цт холбогдох нэхэмжлэгч Э.Мын ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2116 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Мыг Баянгол дүүргийн 162-р Цийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 936 549 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Саранцэцэгт олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн 162-р Цт даалгасугай гэж, 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баянгол дүүргийн 162-р Цээс 88 349 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Уранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг хүлээн авч танилцаад хариуцагч байгууллагын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын хүрээнд хууль ёсны дүгнэлт хийж чадаагүйгээс магадлал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт нийцүүлэн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүй, учир дутагдалтай гэж үзнэ. Э.Мын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн 162-р Цт холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэн зөв үнэлж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж хариуцагч талаас үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2014 оны 09 дүгээр сараас 2019 оны дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 162-р Цийн туслах багшийн ажил, албан тушаалд ажиллаж байсан ба 2018 оны 09 дүгээр сараас эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд удаа дараа амаар болон бичгээр стандартын бус анги буюу “Сэрүүн өрөө” гэх бэлтгэл “Г” бүлгийн багшаар ажиллах хүсэлтийг гаргаж байсан бөгөөд цэцэрлэгийн удирдлага буюу хариуцагчийн зүгээс нэгэнт цаашид үйл ажиллагаа явуулахгүй, одоо явж байгаа хүүхдүүд нь тухайн жилдээ хичээллээд төгсөж байгаа тул дээрхи ажлын байр цаашдаа байхгүй болохыг мэдэгдэж, удаа дараа татгалзаж байсан үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. ХХ-ийн 13 талд нэхэмжлэгчийн 162-р Цийн захиргаанд 2019 оны дүгээр сарын 02-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг нотлох баримтаар гаргасан байх ба уг хүсэлтэд: “...цэцэрлэгийн сэрүүн өрөө буюу бэлтгэл “Г” бүлэгт бүлгийн багшийн сул орон тоо гарсан тул энэ хичээлийн жилийг дуустал буюу 5 сарын хугацаанд түр бүлгийн багшаар ажиллуулж өгнө үү. Сэрүүн өрөө татан буугдах хүртэл хугацаанд” гэжээ. Мөн хүсэлтийн агуулгаас харахад нэхэмжлэгч нь маргаан бүхий сэрүүн өрөө буюу бэлтгэл “Г” бүлэг нь нэгэнт байхгүй болохыг мэдэж байсан ба тодорхой хугацаанд тус бүлгийн багшаар ажиллах хүсэл зоригийг сайн дурын үндсэн дээр илэрхийлж байсан болох нь мөн нотлогддог бөгөөд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхдээ уг бэлтгэл “Г” бүлгийг байнгын ажлын байр гэж дүгнэхдээ хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 162-р Цийн эрхлэгчийн №Б/1 дугаар “Э.Мыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан “туслах багш”-ийн ажлын байрны хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон ба мөн тушаалын талаар холбогдох эрх бүхий байгууллагад буюу гомдол гаргаж байгаагүй. Дээрхээс дүгнэвэл Баянгол дүүргийн 162-р Цийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/1 дугаар тушаал өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийн “туслах багш”-ийн ажлын байр хэвээр хадгалагдах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд түүнтэй байгуулсан “туслах багш”-ийн ажлын байрны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзнэ. Нөгөө талаар цэцэрлэгийн бүтэц орон тоог эрхлэгч өөрөө баталдаггүй бөгөөд эрх бүхий дээд газраас /яам, нийслэл/ бүтэц орон тоог баталдаг болно. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн зааж буй сэрүүн өрөө буюу бэлтгэл “Г” бүлэг нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буугдсан бөгөөд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу хариуцагч байгууллага нь нийт 12 бүлэг, 14 багшийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа болно. (хх-ийн 24, 25 тал) хариуцагч байгууллага нь өмнө нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд зааснаас илүү орон тоогоор буюу 13 бүлэг 15 багштайгаар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд маргаан бүхий “сэрүүн өрөө” нь стандартын бус бөгөөд агуулахын зориулалттай өрөөг цэцэрлэгийн хүүхдийн ачаалал ихэссэнтэй холбогдуулан тохижуулж үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Одоо хариуцагч байгууллага нь 12 бүлгийн багш, 1 дуу хөгжмийн багш, 1 биеийн тамирын багш гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд дээрхи нэр бүхий 14 багш нь нэхэмжлэгч Э.Маас өмнө уг ажлын байрандаа ажиллаж байсан болно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлын байрыг өөр этгээдэд шилжүүлсэн зүйл байхгүй, уг цэцэрлэгт бүлгийн багшийн орон "гоо байхгүй тул Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шударгаар хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөрийн болоод сахилгын зөрчил гаргаагүй 12 бүлгийн багш нарын хэн нэгнийг ажлын байр гаргах нэрийдлээр ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл, боломж байхгүй юм. Давж заалдах шатны шүүх “хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Э.Мыг бүлгийн багшаар ажиллуулахдаа 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэж заасан боловч ийнхүү хугацаа зааж байгаа үндэслэл, шалтгааныг гэрээнд тухайлан харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх “Баянгол дүүргийн 162-р Цийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Б/1 Э.Мыг ажлаас чөлөөлж, ажлаас томилох тушаалаар туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, харилцан тохиролцсон...” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ” гэжээ. Давж заалдах шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь илт үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлтийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу зайлшгүй байх нөхцөлийг дурдсан ба давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан “Э.Мыг бүлгийн багшаар ажиллуулахдаа 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэж заасан боловч ийнхүү хугацаа зааж байгаа үндэслэл, шалтгааныг гэрээнд тухайлан харилцан тохиролцоогүй” гэж буруутгасан нь илт үндэслэлгүй болох нь тогтоогдоно. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу хариуцагч байгууллагын зүгээс нэгэнт хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд цаашид гэрээний хугацааг сунгах боломжгүй талаар хуульд заасны дагуу мэдэгдсэн байдаг. Хуульд тусгайлан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байгаа тохиолдолд түүний шалтгаан нөхцөлийг тусгахыг шаардаагүй байх ба давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байгааг хяналтын шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн Баянгол дүүргийн 162-р Цийн эрхлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “тус цэцэрлэгийн бэлтгэл “Г” бүлгийн багш Э.Мтай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн стандартын бус сэрүүн өрөөнд бүлгийн элсэлт бүртгэл зохион байгуулагдахгүй болно/ 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай” гэж заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан болохыг дурдах нь зүйтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Баянгол дүүргийн 162-р Цт холбогдуулан бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч хөдөлмөрийн гэрээгээр тохирсон хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Э.Мыг Баянгол дүүргийн 162-р Цийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 936 549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх ба магадлалд нэхэмжлэгчийн нэрийг алдаатай бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах боломжтой байна.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангана.
1.Баянгол дүүргийн 162-р Цийн эрхлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын хөдөлмөрийн гэрээний 1.6, 6.1 дэх заалтыг баримтлан, бүлгийн багш Э.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийг анхан шатны шүүх дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан...” гэсэн алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадсан байна.
Нэхэмжлэгч Э.М нь нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ.
Э.М нь тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан ба шинээр нэг бүлэг түр хугацаагаар байгуулагдаж бүлгийн багшийн орон тоо гарсан, нэхэмжлэгч нь тус бүлгийн багшаар ажиллахыг хүсч өргөдөл гаргасан, ажил олгогч нь Э.Мыг туслах багшийн ажлаас чөлөөлж, бүлгийн багшийн ажилд томилсон, талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ. /хх-13,14,23,66/
2. Тус байгууллагад шинээр 1 бүлэг түр нээж, бүлгийн багшийн орон тоо түр болохыг ажил олгогч, ажилтан аль аль нь ойлгож, гэрээг хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаа дуусгавар болоход цаашид өөр бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллах эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна. Нэхэмжлэгч нь “байнгын ажлын байр болох туслах багшийн ажлаас халагдана гэж бодоогүй” гэсэн агуулга бүхий үндэслэлийг нэхэмжлэлдээ тусгасан боловч шүүх хуралдаан дээр “цаашид бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллана” гэж ойлгосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан байна.
Хариуцагч байгууллагын батлагдсан орон тооны бүтцээс үзэхэд тухайн цэцэрлэгийн бүлгийн багшийн орон тоо 12, үүн дээр 1 бүлгийг шинээр, түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, уг орон тоонд нэхэмжлэгч Э.М ажилласан байх боловч Э.Мд бүлгийн багшаар ажиллахын тулд байнгын ажлын байрнаас татгалзах хүсэл зориг байх нь эргэлзээтэй юм.
Э.Мын өргөдөлд “...цаашид бүлгийн багшаар ажиллах хүсэлтэй байгаа тухай тусгагдсан”-аас гадна бүлгийн багшаар ажиллах хугацаа дуусахад туслах багшаар эргэж ажиллах эсэх, ажил олгогч ажлын байрыг нь хадгалах эсэх, эсвэл бүлгийн багшаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэх” талаар тохирсон байдал тодорхой бус, ажил олгогч нь байнгын ажлын байранд хугацаа тогтоохдоо цаашид сунгагдахгүйгээр гэрээ дуусгавар болохыг заагаагүй нь талууд “гэрээний хугацааг” хүсэл зоригийн дагуу, үндэслэлтэй тохироогүй гэж үзэх үндэслэл болсон, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй болсон байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. /хх-13/ Түүнчлэн ажил олгогч шинээр бүлгийн багш ажилд авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байв.
Энэ талаар нотлох баримтыг үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Харин магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг алдаатай бичсэн тухай хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн бодит үндэслэлийн талаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч магадлалын тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2116 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...П.Саранцэцэгт...гэснийг...Э.Мд...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 88 349 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА