Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 68

 

Г.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ням-Очир,

хохирогч Х.Нийн өмгөөлөгч Б.О,

шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Х.Д,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 853 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Н, Д.Хнарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гд холбогдох эрүүгийн 201526021200 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Г.Г, 1976 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 19-90 тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 194а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

1. Г.Г нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “махны бизнес хамтран хийе, хөрөнгө оруулалт хэрэгтэй, хүүтэй мөнгө зээлээч” гэж иргэн С.Оээс “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж” 147.000.000 төгрөг,

2. 2013 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.О, Б.О нараар дамжуулан “махны бизнес хийнэ” гэж Х.Сыг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж 19.500.000 төгрөг,

3. 2014 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Оээр дамжуулан “махны бизнес хийнэ” гэж Ж.Быг хуурч, бодит байдлыг нууж 25.000.000 төгрөг,

4. 2013 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Оыг “Хятадаас 10 ширхэг лед самбар оруулж ирнэ, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж мөнгө олъё” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 60.000.000 төгрөг,

5. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Гурванбилэг” их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах нотариатын газарт гэрээ байгуулан иргэн Л.Дг “махны наймаа хийнэ” гэж хуурч, бодит байдлыг нууж 30.000.000 төгрөг,

6. 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Денвер” ХХК-ийн байранд “махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан О.Б, О.Баа нарын үүсгэн байгуулсан “Эм Кей Ти Ар Эс” ХХК-иас буюуО.Б122.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Хаан банкны гадна “махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд орууланО.Б90.000.000 төгрөг буюу нийт 212.000.000 төгрөг,

7. 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Дэвжих нэхий” ББСБ-ын дэргэд “махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан О.Баас нийт 71.000.000 төгрөг,

8. 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Дэвжих нэхий” ББСБ-ын дэргэдэх Хаан банкны салбараас “махны бизнест хэрэглэнэ, мөнгийг чинь өсгөж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Ч.Маас 50.000.000 төгрөг,

9. 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчим “ноолууртай ямаа авч зараад их хэмжээний ашиг олно” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Б.Эаас 50.000.000 төгрөг,

10. 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” ХХК-ийн захирал Л.Быг “нөөцийн мах авч худалдан борлуулна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан нөөцийн мах авч 279.076.500 төгрөгийн хохирол,

11. 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Бгийн “Bently” загварын, 06-66 УНВ улсын дугаартай автомашиныг 110.000 ам.доллараар худалдаж авна гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан “Уранган” ломбарданд уг машиныг нь барьцаанд тавиулж, алдсаны улмаас 101.300.000 төгрөгийн хохирол,

12. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б, Б нараар дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, “их хэмжээний нөөцийн мах авч өгнө” гэж хуурч, Х.Нээс 40.000.000 төгрөг,

13. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх нотариатын газарт гэрээ байгуулан А.Оөд “Tundra” загварын автомашиныг нь худалдаж авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан машиныг нь ББСБ-ын барьцаанд тавьж 73.500.000 төгрөг,

14. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордоны гадна, “Барилга угсралтын бетон шахагч помп, дагалдах хэрэгслийг 2 сарын хугацаатай түрээслэнэ” гэж хууран авч Ч.Цт 55.000.000 төгрөг,

15. Иргэн М.Оюунгэрэлээр дамжуулан 221 хонь, 203 ямааг нь 36.670.000 төгрөгөөр худалдаж авна гэж Д.Хг хуурч, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр нутгаас авч явж иргэн Д.Хд 36.002.000 төгрөг,

16. Мөн өдөр тус газраас иргэн Г.Бын бор хүрэн зүсний морийг 670.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хууран өөрийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан Б-р дамжуулан авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 1.250.048.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Гыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.Гын урьд цагдан хоригдсон 228 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 201526021609, 201626021257, 201626030145, 170500264 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт 06-66 УНВ улсын дугаартай, “Bently” загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гаас нийт 1.039.614.350 төгрөг гаргуулж, 10.000.000 төгрөгийг хохирогч Х.Сд, 22.500.000 төгрөгийг хохирогч Ж.Бт, 6.000.000 төгрөгийг хохирогч Б.От, 13.200.000 төгрөгийг хохирогч Л.Дд, 147.441.450 төгрөгийг хохирогч О.Б-д, 71.000.000 төгрөгийг хохирогч О.Бд, 50.000.000 төгрөгийг хохирогч Ч.Мд, 50.000.000 төгрөгийг хохирогч Б.Эт, 279.076.500 төгрөгийг “Мах маркет” ХХК-нд /П.Бд/, 202.180.000 төгрөгийг хохирогч Х.Бд, 22.985.000 төгрөгийг хохирогч Х.Нт, 73.500.000 төгрөгийг хохирогч А.Оөд, 55.000.000 төгрөгийг хохирогч Ч.Цт, 36.002.000 төгрөгийг хохирогч Д.Хд, 670.000 төгрөгийг хохирогч Г.Бд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг хамтран үйлдсэн Б, Бнарыг хэрэгт хамтран оролцсон байдалд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Г.Г гэх хүнийг огт танихгүй бөгөөд энэ хүнд мөнгөө өгөөгүй, уулзаж ч байгаагүй юм. Энэ талаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр ч “би Б, Б нарт мөнгөө өгсөн. Тийм учраас энэ хүмүүсээс хохирлоо нэхэмжилнэ, энэ хүмүүсийг шалгаж өгөөч” гэсэн санал хүсэлтээ гаргасан.

Би анх Б , Б нарыг залилсан гэж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл, гомдлоо гаргаж байсан. Энэ 2 хүнийг цагдаа шалгаж байх явцад надад учруулсан хохирол, төлбөрөө Б, Бнар төлж байсан. Гэтэл Б, Бнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор миний хохирол төлөгдөхөө больж, өнөөдрийг хүртэл хохирсоор явна.

Шүүх Г.Гыг гэм буруутайд тооцож, энэ олон хохирогч нараас их хэмжээний мөнгө авсан гэж үзэж, ял оногдуулахдаа хохирол төлбөр барагдуулсан байдалд нь дүгнэлт хийж, ял оногдуулаагүй гэж үзэж байна. Учир нь Г.Г нь хохирол төлөх талаар ямар ч арга хэмжээ авдаггүй.

Б, Бнар нь “Хүчит шонхор” зах дээр 2-3 удаа надад мах бөөндөж зардаг байсан учраас мэддэг болсон ба “их хэмжээний мах бөөндөнө, мөнгөө одоо өгчих” гэхээр нь итгээд тэдэнд мөнгөө өгсөн.

Г.Г нь хохирогч Х.Нийг огт харж байгаагүй тухай шүүх хуралдаан дээр ярьж байсан. Хэрвээ Б, Бнар нь надаас авсан мөнгөө Г.Гд өгсөн бол эдгээр хүмүүс намайг бүлэглэж залилсан. Иймд Г.Гд холбогдох эрүүгийн хэрэгт хамтран бүлэглэж оролцсон Б, Бнарыг шалгуулахаар мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Д.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хохирогчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд гагцхүү шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд гомдолтой байгаа юм. Г.Г нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хохирол нөхөн төлөх талаар ямар ч санаачилга гаргаж байгаагүй атал түүнд 3 жил 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Хэдийгээр улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүднээс түүнд оногдуулах ял шийтгэлийг урт бус хугацаатай оногдуулж байна гэж тайлбарласан хэдий ч ямар ч баталгаа алга. Түүний нэр дээр битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, 2015 оноос хойш хохирол төлөх тал дээр ямар ч санаачилга гаргаж байгаагүй зэргээс харахад тэрээр 3 жилийн хугацаанд хохирол төлж барагдуулах эсэх нь худал, туйлын эргэлзээтэй байна. Хэрвээ энэ хүн 3 жилийн хорих ялаа эдэлчихээд энэ хугацаандаа хохирол төлбөрөө төлөхгүй бол бид хохирсоор л үлдэх болно.

Үнэхээр улсын яллагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх зорилгоор бага ял оногдуулах санал гаргасан бол түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх хугацаатай арга хэмжээ авч болох байсан гэж үзэж байна.

Шүүх, прокурор нь хохирогчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой гэж бодож байна. Гэтэл шүүгдэгч нь их хэмжээний хохирол учруулчихаад байхад шүүхээс түүнд бага ял оногдуулж, ял завшуулж байна. Иймд гэм буруутай этгээдэд ял завшуулахгүйгээр, шударга шийдвэрлэхийг хүсч байна. ...” гэжээ.

Хохирогч Х.Нийн өмгөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Илтгэгч шүүгчээс хохирогч Х.Нийн гаргасан давж заалдах гомдлыг танилцуулсан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Х.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Мөн 16 удаагийн үйлдэл яригдаж байгаа боловч Б, О, Д, Э нарын үйлдэл нь О-ээр дамдуулж мөнгө авсан байдаг. Яг хавтас хэргээс харахад О-т зээлсэн мөнгөө Г.Г төлсөн гэж үзэхээр байдаг. Тэгэхээр хохирол, төлбөр төлөгдөж байгаа байдал харагдаж байна. Шүүгдэгч тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байсан боловч сая хоригдсоноос болж үйл ажиллагаа нь зогссон. Мөн О болон бусад нэр дурдагдсан хүмүүсээс дандаа иргэний гэрээтэй мөнгө авсан. Тийм учраас иргэний хэргээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.Г нь 2013 оноос эхлээд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж байхдаа хүмүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлж, зарим мөнгөө төлж, зарим мөнгөө төлөхгүйгээр нийт 16 хүнийг хохироосон. Гомдолд дурдагдсан Б, Бнарын үйлдэл нь шалгагдаж байгаад 2017 онд үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болсон. Б, Бнар нь хохирогчтой биечлэн уулзсан боловч Г.Гын хөлсний ажилчид байсан. Нэг газраас очоод юм аваад ир гэсний дагуу тухайн хүмүүс авч Г.Гд аваачиж өгдөг. Харин Г.Гын хувьд захиран зарцуулах, хүнд худалдаалах асуудлыг Г.Г өөрөө шийдвэрлэдэг байсан. Энэ үйл ажиллагаа нилээн удаан явагдаж байгаад Мах маркеттай 2013 оноос хойш хэд хэдэн удаагийн хамтран ажиллах гэрээний дагуу нөөцийн мах худалдаж аваад, түүнийгээ борлуулдаг, Хятад руу гаргадаг гэх зэрэг үйл ажиллагаа явуулж байсан. Мөн ял оногдуулахдаа үүрэг оногдуулаагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ шүүх хурал удаан хугацаагаар үргэлжилсэн. Шалтгаан нь хохирлын хэмжээ мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогдож чадаагүй. Шүүх хуралдааны явцад завсарлага авч байгаад хохирогч нартай бүгд ярьж байгаад хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсон. Хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй байсан учраас мөрдөн байцаалтын шатанд хохирол төлөгдөөгүй байхыг үгүйсгэхгүй. Зарим хүмүүст нь өгсөн, зарим хүмүүс нь авсан мөртлөө аваагүй гэдэг байдлаар биеэ биедээ худлаа яриад яваад байсан байдаг. Ял шийтгэлийн хувьд 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Тухайн зүйл нь 2-6 жилийн хорих ялтай. Ялын хувьд нийгэмд хор аюултай нөхцөл байдал гэдгээрээ хэдийгээр өндөр үнийн дүнтэй боловч хохирогч нарын үйлдэл нь өөрсдөө өндөр хүүтэйгээр мөнгө зээлүүлж авдаг, зээлсэн мөнгөнөөс хүү авч байсан тул 3 жил 6 сарын хорих ял тохирсон юм уу гэж үзээд улсын яллагчаас санал болгосон. Шүүх улсын яллагчийн саналыг дэмжээд 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Г.Г нь гадуур байхдаа бизнес чөлөөтэй эрхлээд явах юм бол хохирогч нарын хохирлыг төлнө гэдэг байдлаар хохиролд хандаж байсан. Одоогийн байдлаар 228 хоног цагдан хоригдсон учраас хохирогч нарын мөнгийг төлж чадаагүй, миний бизнес зогссон байгаа гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр цаашдаа хорих ялыг эдлээд гараад ирэхэд хохирогч нарын хохирлыг барагдуулах буюу хохирогч нарын эрхийг сэргээж байна гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Үүрэг хүлээх боломжтой байсан гэж тайлбарласан. Гэтэл хохирлын хэмжээ бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад үүрэг хүлээлгэх боломжгүй. Энэ асуудал нь ч шүүхийн шатанд болсон. Харин иргэний журмаар хохирлыг нь гаргаж өгөхөөр заасан байгаа учир хохирогчийн эрхийг илүү хамгаалсан шийдвэр гарсан гэж үзэж байна. 2017 онд үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон хүмүүсийн асуудал дээр хохирогчийн зүгээс энэ хүмүүсийг татаж өгнө үү гэдэг байдлаар хандаж байгаа нь хохирогчийн хувьд асуудалд дутуу хандсан гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Гд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Шүүгдэгч Г.Г нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 16 удаагийн үйлдлээр нийт 1.250.048.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, дараах нэр бүхий хохирогч нарыг залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна. Тодруулбал:

хохирогч С.О /1хх-126-127, 5хх-25/, Х.С /4хх-102/, Ж.Б /5xx-21/, Б.О /5xx-38/, Л.Д /5xx-16/, О.Баа/6xx-190-193/, О.Б /7xx-6/, Ч.М /6xx-185-188/, Б.Э /5хх-40-42/, хохирогч “Мах маркет” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М /1xx-122/, Х.Б /3xx-129-131/, Х.Н /1xx-6, 5хх-38/, А.О /5xx-29-30/, Ч.Ц /1хх-148/, Д.Х/6xx-108/, Г.Б /6хх-103-104/, гэрч Б.О /5xx-48/, Л.Б /1хх-129/, Ч.Э /1xx-8-9/, Б.Э  /3хх-136-137/, Д.Б /3xx-132/, Э.Ба  /1хх-7/, Ц.Б  /5xx-50/, М.М  /4xx-56/, Б.Н  /1хх-150/, М.О /1xx-54/, Д.Х  /6xx-127/, Я.Б /3хх-142/, иргэний нэхэмжлэгч П.Б  /6xx-120/ нарын мэдүүлэг, 2 ширхэг Лэд самбарыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1хх-28-29, 31, 33, 34/, 2 ширхэг Лэд самбарыг Б.От хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-30, 35/, эд зүйлийн үнэлгээ /6хх-49/, Барьцааны гэрээ /4хх-86-88, 6хх-215-226/, Зээлийн гэрээ /4хх-89-91, 6хх-213-214, 3хх-118, 4хх-240-241/, Г.Гтай хийсэн зээлийн гэрээний хуулбар /5хх-8/, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /2хх-233/, “Мах маркет” ХХК-ийн захиалгын хуудас /2хх-234-237/, Нөөцийн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулахаар хамтран ажиллах гэрээ /3хх-158-162/, тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх-202-203, 4хх-37-38/, хохирогч Х.Бгийн хохирлын тооцоо /6хх-51/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /6хх-73-74/, автомашин техникийн үнэлгээний тайлан /6хх-80-83/, ХААН банкны зарлагын баримт /1хх-242/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /4хх-242/, автомашин техникийн үнэлгээний тайлан /7хх-18-19/, НВ 50-55 загварын бетон зуурмаг шахагч төхөөрөмжийг хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-138-139/, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ /1хх-151/, үнэлгээний дүгнэлт /5хх-231-236/, эд зүйлийн үнэлгээ /1хх-79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Г нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ дээрх хохирогч нараас бэлэн мөнгө, автомашин, мал авсан болохоо хүлээн мэдүүлдэг ба хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Гын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн ба прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Г.Гыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин Г.Гд дээрх зүйл, хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, гэм буруудаа дүгнэлт хийгээгүй, олон хүнд болон гэмт хэргийн улмаас 1.250.048.000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг нөхцөл байдалд тохироогүй, ял хөнгөдсөн байна гэж үзэв.

Түүнчлэн ял оногдуулахдаа “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үүднээс түүнд урт бус хугацаатай хорих ял оногдууллаа” гэж хуульд заагаагүй үндэслэл заасан байх бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгаас хамаарч оногдуулах ялын төрөл, хэмжээг сонгож хэрэглэх агуулгыг үгүйсгэсэн дүгнэлт болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэсэн давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Г.Гд 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг хүндрүүлэн шийдвэрлэв. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хохирогч Х.Н нь: “... Анхан шатны шүүх Г.Гыг олон хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа ял оногдуулахдаа харгалзан үзээгүй, мөн Г.Гд холбогдох эрүүгийн хэрэгт хамтран бүлэглэж оролцсон Б, Бнарыг шалгуулахаар мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж өгнө үү. ...”,

Хохирогч Д.Хнь: “... шүүгдэгч нь их хэмжээний хохирол учруулчихаад байхад шүүхээс түүнд бага ял оногдуулж, ял завшуулж байна. Иймд гэм буруутай этгээдэд ял завшуулахгүйгээр, шударга шийдвэрлэхийг хүсч байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Б.Бат-Оргил, Б.Б нарыг Г.Гтай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Нээс мах худалдах зорилгоор бэлэн 40.000.000 төгрөг авч залилсан, Д.Хгийн 221 хонь, 203 ямааг зарж өгнө гэж залилсан, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Одбаярын 4 ширхэг Лэд самбарыг Б.Б нь хулгайлсан гэх хэргүүдэд тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.Б, Б.Б нар нь Г.Гд хөлсөөр ажиллаж байсан, түүний хариуцуулсан ажлыг хийж гүйцэтгээд тухай бүрт нь ажлын хөлсөө авч байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон /5хх-247-248/ нь хуульд нийцэж байх ба энэ талаар гаргасан хохирогч Х.Нийн гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Х.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Г нь хохирогч нараас иргэний гэрээ байгуулж мөнгө авсан. Тийм учраас иргэний журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. ...” гэжээ.

 Г.Г нь зарим хохирогч нартай гэрээ байгуулж мах, бэлэн мөнгө авсан хэдий ч гэрээгээр халхавчлан итгэл төрүүлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн бүхий л шинжийг хангаж байх тул түүнд холбогдох хэргийг иргэний хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.  

Иймд хохирогч Х.Н, Д.Хнарын гаргасан давж заалдах гомдлын “... ял шийтгэл хөнгөдсөн. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, харин хохирогч Х.Нийн “... хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 853 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 853 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 03 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Хохирогч Д.Хгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Х.Нийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЮУНЧУЛУУН