Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2019/02364/и |
Дугаар | 001/ХТ2020/00540 |
Огноо | 2020-09-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2020/00540
Б.Мы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02674 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 252 дугаар магадлалтай,
Б.Мы нэхэмжлэлтэй
ХУДЗДТГт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15 952 980 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхболдын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХУДЗДТГт 2013 оноос 2017 онд 4 жил ажиллаж байгаад тус газрын даргын 2017.02.15-ны өдрийн Б/117 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгасан. Энэ өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хэрэгжих хууль эрх зүйн үндэс бүрдсэн ч хариуцагчаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсээр байсан тул албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.19-ний өдрийн 128/Гх2018/0276 дугаар Гүйцэтгэх хуудас, 128/Ш32018/6857 дугаар болон 2019.02.02-ны өдрийн 128/Ш32019/0887 дугаар шүүгчийн захирамж гарсан. Харин би одоо 2017.07.16-ны өдрөөс эхлэн 2019.08.16-ны өдөр хүртэл 25 сарын хугацаанд миний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг тус тус үндэслэн дээрх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас нэхэмжилнэ. Миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 01 сараас 2017 оны 3 сар хүртэл сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцоход 1 сарын дундаж цалин 590,029 төгрөг байгаа бөгөөд ажлын 1 өдөрт 29,652 төгрөг болох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар 2017.07.16-2019.08.16 өдрийг хүртэл ажлын 544 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 15,952,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.М нь шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн биеэр Засаг даргын Тамгын газрын байранд хүрэлцэн ирж дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны намын бүлэг хариуцсан ажилтнаар 2017.05.26-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар ТЗ-4-З ангиллаар томилогдон ажиллаж байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцан орохгүй, харин шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгөний асуудлыг шийдэж өгөөч хэмээн удаа дараа амаар хүсэлтээ илэрхийлсэн. Ийнхүү хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрийг үндэслэн тус газрын даргын 2017.11.24-ний өдрийн Б/588 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрт заасан тооцооллын дагуу 775,783 олговрыг 2017.12.06-ны өдөр ХААН банкны 5026822845 дугаар дансанд шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Б.М нь 2017.05.29-ний өдрөөс одоог хүртэл тасралтгүй ажиллаж, тогтмол цалин авч нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгдөхийн зэрэгцээ буцалтгүй тусламж болон 2017 оны ажлын үр дүн, 2018 оны хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнүүлж мөнгөн урамшууллыг удаа дараа авч байсан учраас ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Б.М нь намын бүлэг хариуцсан ажилтнаар одоог хүртэл ажиллаж байгаа, шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгөн олговор авахыг хүсч удаа дараа аман хүсэлт гаргаж байсан нь ажилдаа эргэн томилогдохдоо гол нь бус ажил эрхэлж байх хугацаандаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02674 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ХУДЗДТГаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14,402,705 /арван дөрвөн сая дөрвөн зуун хоёр мянга долоон зуун тав/ төгрөг гаргуулан, Өөлд Дагдан бэйс овогтой Бямбацэрэнгийн Б.Мд /РД:ЧЛ75091019/ олгож, шаардлагаас үлдэх 1,550,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 237,715 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 229,963 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 252 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10- ны өдрийн 183/ШШ2019/02674 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 963 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхболд хяналтын гомдолдоо: Шийдвэрийг магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.М нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны намын бүлэг хариуцсан ажилтнаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэхүү байдлыг үл харгалзан анхан шатны болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч ХУДЗДТГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 952 980 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 14 402 705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа маргааны үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хэрэгт байгаа баримтад нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул залруулах боломжтой гэж хяналтын шатны шүүхээс үзэв.
Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.
Б.М нь 2013 оны 2 сараас ХУДЗДТГын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулсан үйл баримтыг зохигч маргаагүй байна. /1хх-ийн 1-3, 7-13,16, 25-26-р тал/
Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа баримт хэрэгт байгаа боловч ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэхгүй байгаа эсвэл Б.Мыг Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны намын бүлэг хариуцсан ажилтнаар томилсон учраас биелүүлэх шаардлагагүй гэж үзсэн эсэх ач холбогдол бүхий үйл баримтыг хоёр шатны шүүх дүгнэж, хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.
Б.М нь Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2017 оны 05 сарын 26-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Төлөөлөгч намын бүлэг хариуцсан хэлтсийн намын бүлэг хариуцсан ажилтнаар томилогдон ажиллажээ.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, тухайн хурлаас сонгогдож, төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Засаг дарга, түүний ажлын алба болох Тамгын газар нь хоорондоо шууд хамааралтай, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хамтран шийдвэрлэдэг, байнга холбоотой байдаг тул нэхэмжлэгч Б.Мыг өөр байгууллагад ажилд орсон гэж үзэхэд учир дутагдалтай юм.
Хариуцагч ХУДЗДТГ нь “...Б.М намын бүлэг хариуцсан ажилтнаар ажиллаж байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцаж орохгүй, харин олговрыг өгөх хүсэлт удаа дараа гаргасны дагуу шийдвэрлэж өгсөн...” гэсэн тайлбарыг гаргасан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас болон Б.М өөрөө ажилдаа орох хүсэлтийг гаргаж байгаагүйгээс үзэхэд Б.М нь зөвшөөрч, өөр ажилд орсон байна гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэсэн зохицуулалт нь ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ биелүүлж чадаагүй, цалин хөлсөөр хохирсон, шүүхээс ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхийг хуульчилсан бөгөөд ажилтан өөр ажилд орж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй болсон тул энэ талаар шаардлага гаргах эрхээ алджээ.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10- ны өдрийн 183/ШШ2019/02674 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 252 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ХУДЗДТГт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 952 980 төгрөг гаргуулах, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 963 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА