Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр           Дугаар 128/ШШ2019/0820          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: Т.Д,

          Хариуцагч: УБЕГ,

          Гуравдагч этгээд: П.Т, Д.Я

        Нэхэмжлэлийн шаардлага: “Б дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, - дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн  Y-******* дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч Т.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий объектыг би өөрөө барьж байсан. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б дүүргийн шүүхийн шүүгчийн 3891 дугаартай захирамжаар “И” ХХК-ийн хөрөнгийг 300 мянган долларын үнийн дүнгийн хэмжээнд хүртэл битүүмжилсэн захирамж гаргасан. Тухайн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар маргаан бүхий объектыг битүүмжлээд, хариу мэдэгдэх хуудсыг надад ирүүлсэн. 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр надтай гэрээ хэлцэл хийсэн “И” ХХК-ийн захирал  С.Б зуурдаар нас барсан. 2012 оноос хойш энэ маргаан үргэлжилж байна. С.Быг нас барснаас хойш “И” ХХК-ийн тамга талийгаачийн дүү С.Бт гэх хүнд явж байгаа. С.Бт нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй атлаа тухайн объектыг 400 сая төгрөгөөр худалдан авсан гэж худал мэдээллийг бүртгэлийн байгууллагад өгсөн. Бүртгэлийн байгууллага нь тухайн нөхцөл байдлыг шалгаж үзэлгүйгээр, ганц С.Бтын мэдүүлгийг үндэслэн, тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг шалгахгүйгээр, мөн тухайн этгээд нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг шалгаж үзэлгүйгээр бүртгэсэн байгаа юм. Үүнээс шалтгаалан би 2011 оноос шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр явж байна. Хамгийн гол нь битүүмжлэгдсэн объектыг яагаад үзэж шалгахгүйгээр бүртгэсэн нь ойлгомжгүй байна...” гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг бүртгэл нь бүрдүүлбэл зохих бүх бичиг баримтыг бүрдүүлсэн байна. 2011 оны 0- дугаар сарын 23-ны өдрийн барилга ашиглалтад оруулах комиссын акт гараад түүний дараа 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тухайн компанийн захирал С.Б нь С.А-тай хамт барилга захиалан бариулах гэрээ хийсэн байна. “И” ХХК-ийн төлбөр тооцоо дууссан албан бичиг болон тодруулга бичигт дэд захирал С.Бт гэх хүн төлбөр тооцоо дууссан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг С.Агийн нэр дээр гаргаж өгнө үү, тэрээр манай захиалагч юм гэсэн байдаг. Үйлчилгээний барилга бариулах гэрээг С.Б захирал биечлэн оролцож хийсэн байна. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “мэдүүлэг гаргагч түүнд хавсаргах баримт бичгийн үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг боловч С.Агийн бүрдүүлсэн бүх баримтыг үндэслэн бүртгэсэн байна. Анх удаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг бүртгүүлэхэд тухайн эд хөрөнгийн 0.01 хувиар тооцож хураамжийг авна. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь 400 сая төгрөгийн хөрөнгө байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийхдээ үйлчилгээний хураамж болон тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байвал манай зүгээс бүртгэл хийх боломжгүй байдаг тул тухайн үед төлбөр төлөөгүй гэж үзэх боломжгүй юм...” гэв.

Гурав. гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудалд шударга ёсны зарчим үйлчлэх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд хохирсон байгаа гэдэг нь харагдаж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс бүртгэл хийхдээ яагаад Улсын бүртгэлийн гэрчилгээг нь хараагүй юм бэ. Дээрх нөхцөл байдлыг харахад С.А, С.Б, С.Бт гэх гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд нэг нэгэндээ хөрөнгө шилжүүлээд байгаа нь илт харагдаж байна. Манай хувьд тухайн барилгыг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Ж” банк бус санхүүгийн байгууллагаас 2- сая төгрөг урьдчилж өгөөд, 16- сая төгрөгөнд зээлийн барьцааны гэрээ хийгээд худалдаж авсан. Худалдаж авсныхаа дараа 20 гаруй сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Тухайн барилга нь нар салхи нэвтэрдэггүй, яаж 200 сая төгрөгийн барьцаанд авсан юм бэ гэж хэлмээр барилга байсан. Оюуны өмч Улсын бүртгэлийн газар нь бүртгэлийн үнэн зөвийг нягтлах ёстой боловч үүнийг хийгээгүй байна. Тухай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлээд, хэрэг нь дуусаагүй байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлээд барьцаалаад нэхэмжлэгчийг хохироож болохгүй гэж үзэж байна. Хэдийгээр манайх энэ барилгыг худалдан авсан ч гэсэн шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа манай талд ямар нэгэн хохирол учирвал хууль журмын дагуу хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Б дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, - дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Y-******* дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон болно.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

 Анх эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн - дугаар хороо - дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - дүгээр байрны зоорийн давхрын хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Агийн өмчлөлд бүртгэгдэж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ч.Б өмчлөлд, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Ч П.Т, Д.Я нарын өмчлөлд бүртгэгджээ.

2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.А 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “И” ХХК-ийн ерөнхий захирал С.Бтай байгуулсан үйлчилгээний байр бариулах гэрээ, гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, “И” ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/446 тоот Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн захирал С.Бтын албан бичиг, мөн өдрийн дэд захирал С.Бтын 02/446 тоот албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 0- дугаар сарын 23-ны өдрийн 1-4/2011 дугаартай акт зэрэг баримтуудыг үндэслэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, үүнийг үндэслэн УБЕГаас  2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  Б дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө - дүгээр байрны зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр иргэн С.Аг бүртгэж, 000192427 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгчээс “...иргэн С.Аг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2012 оны 06 дугаар сарын 7-ны өдөр бүртгүүлэхээс өмнө “И” ХХК-ийн захирал нас барсан. С.Бт  гэх хүн уг компанийг төлөөлж бүртгэлийн газарт хүсэлт гаргах ямар нэгэн эрхгүй байхад захиргааны байгууллага шалгахгүйгээр гэрчилгээ олгосон нь миний хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй...” гэж маргаж байгаа болно.

“И” ХХК нь 2007 онд барилга материалын чиглэлээр нэг гишүүнтэйгээр бүртгэгдсэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь 2007 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл С.Б гэж бүртгэгдсэн байна.

Тэгвэл “И” ХХК-ийн захирал С.Б нь 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нас барсан байх ба 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тус компанийн захирал, дэд захирлын албан тушаалд С.Бт гэгч хүн ямар нэгэн бүртгэлгүй, харин 2019 оны 07 дугаар сарын - өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлсэн байна.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /хуучин/ 13 дугаар зүйлийн 13.9-д “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан хэдий ч улсын бүртгэгч  мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “ мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй” бол 14.1-т  “...мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг зааж буцаана” гэснээр буцаах, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.-.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх  эрхийн эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” эрхээ хэрэгжүүлээгүй нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн - дугаар зүйлийн -.1.2-д “бүртгэл үнэн зөв байх” зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...” үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд 2008 оны 0- дугаар сарын 13-ны өдөр “И” ХХК-ийн захирал С.Бтай 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж, борлуулалт дууссаны дараа Т.Дд 300.000 ам доллар буюу түүнтэй тэнцэх талбайг өгөхөөр хэлцэл хийж,

Б дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 1--ны өдрийн 3891 дүгээр захирамжаар “И” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар шүүгчийн захирамжаар үнийн дүнг засаж, өөрчлөлт оруулсан байна.

 Дээрх шүүгчийн захирамжийн дагуу нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “И” ХХК-ийн  эд хөрөнгө болох  Б дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, - дүгээр байрны өргөтгөсөн зоорийн давхарыг 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 дугаар тогтоолоор битүүмжилсэн болохыг Т.Дд мэдэгджээ.

Энэ үед буюу 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “И” ХХК-ийн захирал С.Б нас барж иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн үед “И” ХХК-ийн захирал, дэд захирал гэгч С.Бт шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн хөрөнгийг иргэн С.Ад шилжүүлэх хүсэлт гаргасныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /хуучин нэрээр/ хууль бусаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны  2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Т.Дд хүргүүлсэн  2/698 дугаартай албан бичигт “...И ХХК-ийн  эд хөрөнгө болох  Б дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, - дүгээр байрны  өргөтгөсөн зоорийн давхарыг битүүмжилсэн, уг битүүмжилсэн үл хөдөлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчинтэй, өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан орлого олж байгааг зогсоох боломжгүй” гэжээ.

Мөн  нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  Б дүүргийн  бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 3/6973 албан бичгээс үзвэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

Өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагч байгууллага нь Т.Дгийн хүсэлтээр эрх зүйн хамгаалалт тогтоож, “И” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байхад, тус компанид ямар нэгэн хамааралгүй этгээдийн гаргасан хүсэлтийг шалгахгүйгээр шүүгчийн захирамжаар битүүмжлэлд байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Харин Т.Д “И” ХХК-иас 300.000 ам доллар эсхүл үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах асуудал нь үүнтэй хамааралгүй болно.

Түүнчлэн гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “...захиргааны байгууллагын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч хохирсон байна энэ бүртгэлийн хүчингүй болгоход татгалзах зүйлгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн -6 дугаар зүйлийн -6.1, -6.2, -6.3.12 дахь заалтыг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /хуучин/ 11 дүгээр зүйлийн 11.-.1, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн / хуучин/ - дугаар зүйлийн -.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Дгийн нэхэмжлэлээр УБЕГт холбогдуулан гаргасан Б дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, - дүгээр байрны үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Y-******* улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ