Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0426

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд “И л” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б,

Нэхэмжлэгч Т.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн *** дугаарт С.А-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0394 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г

Гуравдагч этгээд “Г”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түмэнбаяр

Гуравдагч этгээд “И л” ХХК-ийн өмгөөлөгч Т.Баясгалан

Гуравдагч этгээд П.Т, Д.Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2017/0639/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Д-гээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ***дугаарт С.А-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0394 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-гээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ** дүгээр байрны үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаарт бүртгэлд С.А-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Гуравдагч этгээд П.Т, Д.Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-аас: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “И л” ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн боловч шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алдаанаас болж битүүмжлэх ажиллагаа явагдаагүй нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээс харагдана. Ийм байхад анхан шатны шүүх...битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэх хүсэлт  гаргасан гэж дүгнэсэн үндэслэлгүй...тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчийнгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ээс: “...Шүүх...шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн хөрөнгийг С.А-д шилжүүлэх хүсэлт гаргасныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар хууль бусаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь туханй үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүтгэлийн тухай хууль /2003 оны /-ийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс С.А нь өөрөө “үйлчилгээний байр бариулах гэрээ”-ний дагуу, анх удаа үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхэд бүрдүүлэхэд шаардлагатай материалыг бүрдүүлэн гаргасныг үндэслэн бүртгэсэн, энэ үед улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласан тухай шийдвэр, тогтоол ирүүлээгүй байсан гэдгийг удаа дараа тайлбарлаж байсан. Гэтэл шүүх “бүртгэл үнэн зөв байх зарчмыг алдагдуулж,...эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...” гэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд “И л” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б-гаас “Анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь “И л” ХХК-ийг цорын ганц итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу тус компанийн хувьцаа эзэмшигч, захирал С.Б нь амьд сэрүүндээ буюу 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн С.А-тай “Үйлчилгээний байр бариулах гэрээ” байгуулсан байсан. Энэ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байсан. Шүүх, эрх бүхий байгууллагаас энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр, үйл ажиллагаа огт гараагүй, өөрөөр хэлбэл энэхүү гэрээтэй өмнө нь ч, одоо ч аливаа хэн нэгэн этгээд маргаагүй. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хэргийн хамгийн чухал нотлох баримт болох “Үйлчилгээний байр бариулах гэрээ”-г огт үнэлэлгүй зөвхөн “С.Б-ыг нас барсны дараа “И л” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох С.Б нь дэд захирал /захирал/ гэх нэрээр улсын бүртгэлийн хэлтэст шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн хөрөнгийг С.А-д шилжүүлэх хүсэлт гаргасныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар хууль бусаар шийдвэрлэсэн болох нь хаваст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт болсон. Дээрх маргаан бүхий зоорийн давхрын 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь “И л” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж гэрчилгээ огт гараагүй хөрөнгө буюу уг хөрөнгийг шууд “И л” ХХК-ийн хөрөнгө гэж үзэх хууль зүйн боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С.А-гийн өмчлөлд бүртгэгдэж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ч.Б-ийн өмчлөлд, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр П.Т, Д.Я нарын өмчлөлд бүртгэгдсэн байна.

2.1. Нэхэмжлэгч Т.Д Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаарт бүртгэлд С.А-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... тухайн үед компанийн захирал нас барсан, хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд байхгүй үед компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтийг үндэслэн бүртгэсэн нь хууль бус, мөн мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй буюу гэрээнд заасан 400 сая төгрөгийг төлсөн талаарх баримт байхгүй байхад бүртгэлийг хийсэн нь хууль бус, ... иргэний хэргийн шүүхээс компанийн эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр гарсан, уг шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага хүлээж авсан атлаа уг бүртгэлийг хийсэн нь хууль бус ...” гэж тайлбарлан маргасан байна.  

2.2. Хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага маргаан бүхий бүртгэлийг хийхдээ 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.А-гийн “И л” ХХК-ийн ерөнхий захирал С.Б-тай 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Үйлчилгээний байр бариулах гэрээ, гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, “И л” ХХК-ийн захирал С.Б гэсэн гарын үсэг бүхий Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/446,...дугаар албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 154/2011 дугаар акт зэрэг баримтуудыг хавсарган гаргасан С.А-гийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт үндэслэн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлд өмчлөх эрхийн ** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “И л” ХХК нь 2007 онд барилгын материалын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, барилга угсралт, засал чимэглэл, аялал жуулчлалын чиглэлээр нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан гэж бүртгэгдсэн байх бөгөөд тус хуулийн  этгээдийг үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд С.Б нь 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нас барсан, 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр /гуравдагч этгээд С.А-гаас улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргах үед/ тус компанийн захирал, дэд захирлын албан тушаалд  С.Б томилогдсон тухай ямар нэгэн бүртгэлгүй, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлсэн болох нь тогтоогдсон байна.

2.4. Нэхэмжлэгч Т.Д-гийн хувьд 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “И л” ХХК-ийн захирал С.Б-тай 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж, борлуулалт дууссаны дараа Т.Д-д 300.000 ам доллар буюу түүнтэй тэнцэх талбай өгөхөөр хэлцэл хийсэн улмаар уг гэрээтэй холбоотой талууд иргэний хэргийн шүүхэд маргасан, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжаар “И л” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар шүүгчийн захирамжаар үнийн дүнг засаж, өөрчлөлт оруулсан, уг шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “И л” ХХК-ийн эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны өргөтгөсөн зоорийн давхарыг 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 дугаар тогтоолоор битүүмжилсэн талаар Т.Д-д мэдэгдэж байжээ.

2.5. Хэрэгт  нотлох баримтаар авагдсан Т.Д-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/2811 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт “Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар “И л” ХХК-ийн эд хөрөнгийг 300.000 ам.долларын нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилжээ. Иймд “И л” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон хувьчлагдсан газар бүртгэлтэй эсэхийг тодруулан бүртгэгдсэн тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр түдгэлзүүлэн хариу ирүүлнэ үү” гэсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас уг албан бичгийн хариуг 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/2644 дүгээр албан бичгээр “И л” 10 дугаар хороолол ** дүгээр байрны 1-15 тоот авто зогсоолууд болон ... 117 тоот хаяг бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үйлчилгээтэй орон сууцны барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдсэн байх тул хариуцагчийн “... уг байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр баримт ирээгүй, ... шүүгчийн захирамжийг мэдээгүй ...” гэж маргасан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

2.6. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-оор “И л” ХХК-ийн 11 ширхэг авто зогсоол, зоорь, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ** дүгээр байрны 6 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг битүүмжилсэн байна.

2.7. Харин энэхүү баримт Улсын бүртгэлийн байгууллагад хүргэгдсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн ... хугацаанд нэхэмжлэгч талаас энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, мөн шүүхэд уг баримтыг гаргуулахаар хүсэлт гаргаагүй байх тул хариуцагчийн “битүүмжилсэн талаар баримт ирээгүй“ гэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

2.8. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01618 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Д-гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамж, 2012 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 1638 дугаар захирамжийн дагуу битүүмжлэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэлийг “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан ... Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны ... 3891, ... 1638 дугаар захирамжийн дагуу битүүмжлэгдсэн ... 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх шаардлага гаргасан байх боловч захирамжийн дагуу битүүмжлэх ажиллагаа явуулсан эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад заасан шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тодорхой нэхэмжлэлийн хариуцагчид холбогдуулан авах арга хэмжээ тул гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийн битүүмжлэлийг сэргээн шийдвэрлэх боломжгүй ...” гэж дүгнэгдсэн байна.

Уг шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1608 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.1-т 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаас үзвэл маргаж буй захиргааны акт хууль бус байх, мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой, нэхэмжлэгчээс эдгээр үндэслэл буюу захиргааны акт хууль бус болох үндэслэл, мөн өөрийн эрх зөрчигдсөн талаарх үндэслэлийг нэхэмжлэлд тодорхой тусгах үүрэгтэй.

2.10. Хэдийгээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамж, 2012 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 1638 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/2811 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “И л” ХХК-ийн нэр дээрх хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр түдгэлзүүлж хариу ирүүлэхийг даалгасан, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/2644 дүгээр албан бичгээр “И л” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны нийт 15 авто зогсоол, мөн 117 тоот хаяг бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үйлчилгээтэй орон сууцны барилгын захирах зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар хариу мэдэгдсэний дараа Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлд өмчлөх эрхийн ** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:”, 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийн түдгэлзүүлсэн тухай ... хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх” гэж заасантай нийцээгүй байх боловч дээрх шүүхийн шийдвэрээр битүүмжлэлийг сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гуравдагч этгээд С.А-гийн өмчлөх эрх хууль бусаар үүссэнийг нотлох баримт нотолгоог нэхэмжлэгчээс шүүхэд гаргаагүй, уг хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжиж бүртгэгдсэнтэй нэхэмжлэгч маргаагүй, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд С.А-гийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх хууль зүйн үндэслэлийг зааж маргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тодорхойлогдоогүй нэхэмжлэгчийн эрх сэргэх үндэслэлийн талаар шалгаж, шийдвэрлэх боломжгүй.   

Иймээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгийн Ү-** дугаар бүртгэлд гуравдагч этгээд С.А-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.11. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2"эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасныг”, 3.1.4-т "улсын бүртгэлийн дугаар" гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг” тус тус ойлгохоор, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4"эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг” ойлгохоор, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан байна.

2.12. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь аливаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хууль ёсны бүртгэл байх бөгөөд уг улсын бүртгэлийн дугаар нь эд хөрөнгийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлснийг нотлох хэрэгсэл байх тул эд хөрөнгийн улсын бүртгэл, түүнийг нотлох дугаар нь өмчлөгчөөс салангид зүйл биш байна. Түүнчлэн эхний өмчлөгчийн өмчлөх эрх өөр этгээдэд хэлцлээр шилжсэн, уг хэлцэл улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн үеэс тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл шинэ өмчлөгчийн нэр дээр үүсэхээр байна.

2.13. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргасан гуравдагч этгээд С.А-гийн нэр дээр өмчлөх эрх үүссэн үл хөдлөх хөрөнгийн Ү-** дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгө нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С.А, Ч.Б нарын хооронд байгуулсан “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөн гэрээний үндсэн дээр П.Т, Д.Я нарын өмчлөлд шилжиж бүртгэгдсэнээр гуравдагч этгээд С.А-гийн уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болсон, нэхэмжлэгчээс Ч.Б, П.Т, Д.Я нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэнтэй, мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж маргаагүй байна.

2.14. Нэхэмжлэгч Т.Д “И л” ХХК-ийн ерөнхий захирал С.Б-тай анх 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах И л” ХХК-ийн 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж борлуулалт бүрэн дууссаны дараа Т.Д-д ажлын хөлсөнд 300.000 ам.долларыг өгөх буюу түүнтэй тэнцэх м.кв талбайг тухайн өдрийн ханшийн зөрүүг харгалзахгүйгээр үл маргах журмаар өгнө ...” гэх хэлцлийг хийсэн байна.

2.15. Харин нэхэмжлэгч Т.Д нь “И л” ХХК-ийн захирал С.Б-ыг нас барахаас өмнө тус компанид холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх гэрээ хэлцэлтэй холбоотой  “300.000 ам доллар гаргуулах тухай“ нэхэмжлэл гаргаж маргасан байх бөгөөд тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00365 дугаар шийдвэрээр “...“И л” ХХК-аас 300.000 ам.доллар гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож, ...” нэхэмжлэлийн шаардлагаас 200.950.000 төгрөгийн үнэ бүхий “И л” ХХК-ийн өмчлөлийн гэх 11 ширхэг авто зогсоолын өмчлөх эрх, тус компанийн эзэмшлийн гэх **, **, **, ** дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнд тооцон шилжүүлж, зөрүү төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалаар “... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “И л” ХХК-аас 502.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “2.028.450 гэснийг 2.668.950” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоолоор “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай” гэж нэхэмжлэгч Т.Д-гийн хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

2.16. Ийнхүү энэхүү иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “И л” ХХК-аас үл хөдлөх хөрөнгө гаргуулж нэхэмжлэгчид олгуулах талаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгчээс гуравдагч этгээд С.А-гийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Ү-** дугаар бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан байх боловч уг хөрөнгө бусад гуравдагч этгээд Б, П.Т, Д.Я нарт Худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжиж бүртгэгдсэн, мөн тэдгээрийн өмчлөх эрхийн бүртгэлтэй маргаагүй, гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрх нь хүчин төгөлдөр бус болсон талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, гуравдагч этгээдүүдэд уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжиж бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан нөхцөл үүссэн буюу гуравдагч этгээд С.А-гийн өмчлөх эрх дуусгавар болсон, сүүлийн өмчлөгч болох гуравдагч этгээд  П.Т, Д.Я нарын өмчлөх эрх хүчин төгөлдөр энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээд С.А-гийн нэр дээр 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн Ү-*** дугаар бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.   

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2,  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Д-гээс гаргасан “улсын бүртгэлийн Ү-** дугаарт С.А-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд “И л” ХХК болон П.Т, С.А нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ