Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00542

 

Б.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар магадлалтай,

Б.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй

“ЭҮ” ТӨҮГ-т холбогдох

“ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь “ЭҮ”т 1996 онд анх ажилд орсон бөгөөд үүнээс хойш өдийг хүртэл 23 дахь жилдээ ажиллаж байна. Би 1996 оноос 2013 оныг хүртэл Баяжуулах үйлдвэрт насосны машинист, баяжуулагч, тээрмийн машинист, ээлжийн мастер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр тус тус ажиллаж байгаад 2013 онд худалдан авалт хангамжийн хэлтэст мэргэжилтнээр шалгалт өгч тэнцээд улмаар ажилд орж өдийг хүртэл уг ажлыг хийж байна. Худалдан авалт хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Миний бие Д.Б нь Дархан-Уул аймгийн Политехникумыг 1994 онд төгсөж 1996 онд Техникийн дээд сургуулийг “ЭҮ”ийн гэрээгээр суралцан төгсөж “ЭҮ”ийн Эрчим хүчний цехийн цахилгаан засварчны ажлаар ажлын гараагаа эхэлж тохируулгын инженер, мастер, ахлах мастер, хэсгийн дарга зэрэг ажлуудыг тус тус хийж байсан. Худалдан авалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтний ажлын байранд зарлагдсан шалгаруулалтанд оролцож тэнцээд 2015 оноос өдийг хүртэл Худалдан авалт, хангамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. Ийнхүү тус хэлтэст мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ цаг хугацаанд нь чанартай биелүүлж ирсэн бөгөөд зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Бидний хувьд худалдан авах хэлтэст мэргэжилтнээр ажилладаг тул аливаа шийдвэрийг бие даан гаргах эрхгүй бөгөөд шат шатны дарга нараас ирсэн үүрэг чиглэлийн дагуу тэдний заавраар ажилладаг болно. 2019 оны 06 дугаар сараас эхлэн манай хэлтсийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварын түвшинг шалгаж тогтоох тухай асуудал яригдах болсон бөгөөд “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай тушаал гарсныг 2019 оны 06 дугаар сарын 21-нд олж мэдсэн. Ажил олгогчийн зүгээс мэргэжилтнүүдийг дуудаж уулзаж, өөр ажлын байранд шилжиж ажиллах хүсэлтээ өөрөө бичиж өг гэх мэт хууль бус шаардлагуудыг тавих болсон. Уг тушаалаар зөвхөн манай хэлтсийн мэргэжилтнүүдийг шалгаж байгаа нь үндэслэл муутай юм. Учир нь бидний үйл ажиллагаа дан ганц мэргэжилтнүүдээс хамаарах бус удирдан зохион байгуулах үүрэг бүхий дарга нар, хамт олны уялдаа холбоонд суурилж явагддаг болно. Мэргэжилтэн бидэн рүү чиглүүлэн тушаал гаргаж шалгалт явуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна. Ерөнхий захирлын дээрх тушаалын үндэслэлд “ЭҮ” ТӨҮГ-ын 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт, шалгалт хийсэн Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж гэх мэт эрх зүйн актуудыг тусгасан байх ба дээрх үндэслэлд дурьдсан эрхийн актууд нь зөвхөн хангамжийн хэлтсийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж ойлгож байна. Тодруулбал “ЭҮ”ийн бүх цех, хэлтсүүдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд дүгнэлт өгч зөвлөмж гаргасан. Ийнхүү дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм журмуудыг зөрчиж гарсан. Иймд “ЭҮ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай Б.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.Э, Д.Б нарын Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийн алинд хамаарч байгаа нь нэхэмжлэгчдийн нэхэмжлэл болон иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид тодорхой дурдагдаагүй байх бөгөөд хуулиар тогтоосон үндэслэлүүдэд үл хамаарах асуудал байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг шүүх харъяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байсан гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ч хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Иймд энэ асуудлыг дахин нягталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. ”ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаар тушаал хууль тогтоомж зөрчөөгүй тухайд: ”ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирал 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 тоот тушаалаар “ЭҮ” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, “ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3 дахь заалт болон “ЭҮ”ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, “ЭҮ”ийн 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт, шалгалт хийсэн Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж, тус хяналт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан Ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/479 дүгээр тушаал зэргийг тус тус үндэслэсэн. Тодруулбал “ЭҮ” нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болохынхоо хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд үйлдвэрийн газрын захирал нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтад зааснаар эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал, заавар гаргах эрхтэй байдаг. Мөн “ЭҮ” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д ажил олгогчийн эрхийг тодорхойлж өгсөн байдаг ба 4.1.3-т ажилтнуудыг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтад /аттестатчилал/ хамруулах, шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн ажилтны мэргэжил, ажил, албан тушаалын зэргийг өөрчлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж зааж өгсөн байдаг. “ЭҮ” нь үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөх ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд журмын зорилго нь “ЭҮ”ийн хөгжлийн концепци, стратегитай уялдуулан чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох, сургалтын хэрэгцээг тодорхойлох, ажилтныг хөгжүүлэх, ажил, албан тушаалдаа тэнцэж байгаа эсэхийг тодорхойлоход оршдог. Тус журмын 2.2-т зааснаар шаардлагатай үед мэргэжил, ур чадварын түвшин тогтоох төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж болох бөгөөд 2.3-т зааснаар Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн мэргэжил, эсвэл бүтцийн нэгжийн ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажлыг хариуцан зохион байгуулахаар заасан. “ЭҮ” нь 2019 оны 03 дугаар сараас Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол улсын Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус үйлдвэрийн 2016 оноос 2019 оны 02 дугаар сар хүртэлх үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн бөгөөд тус шалгалтаар “ЭҮ”ийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлууд хууль, дүрэм, журам зөрчсөн асуудлууд илэрч, улмаар үүнээс шалтгаалан үйлдвэрт хохирол учирсан талаар дүгнэлт, зөвлөмж гарсан. Уг зөрчил нь Худалдан авалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтнүүдийн ажил, үүрэгтэй шууд холбогдсон зөрчлүүд байсан бөгөөд тус хэлтсийн үйл ажиллагааг дотооддоо нарийвчлан шалгах, шинэчлэн сайжруулах зүй ёсны шаардлага тулгарсан. “ЭҮ”" ТӨҮГ нь Сангийн яамнаас хийсэн хяналт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд худалдан авалтын үйл ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэх цогц арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулах зөвлөмжийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмыг чанд мөрдөж ажиллах, мэргэжилтнүүдийг хууль. журмын сургалтад хамруулах, чадваржуулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулахаар төлөвлөгөөний 2.1-т тусгагдсан. Иймд “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 тоот тушаалыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн ямар үндэслэлээр тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэн Д.Б, Б.Э нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.06.07-ны өдрийн А/523 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хуулийн үндэслэлтэй тушаал бөгөөд “ЭҮ” ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3-т заасан ажил олгогчийн эрх хэмжээний дагуу гаргасан шийдвэр гэж үзэж байна. Мөн “ЭҮ” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн МУ-ын Сангийн яамны ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийг “ЭҮ” ТӨҮГ нь төрийн өмчит үйлдвэрийн газар болохын хувьд хэрэгжүүлэх үүрэгтэй тул уг ажлын хүрээнд гаргасан тушаал нь хуулийн үндэслэлтэй буюу хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд иргэн Д.Б, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д заасныг баримтлан Б.Э, Д.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох ”ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаартай Ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э, Д.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангаас гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.1. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Энэхүү тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, ““ЭҮ”” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3 дахь заалт, ““ЭҮ”” ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам зэрэгт үндэслэсэн байна. Үүнээс үзвэл ““ЭҮ”” ТӨҮГ нь ““ЭҮ”” ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг дагаж мөрдөж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал ““ЭҮ”” ТӨҮГ нь хүчингүй болсон ““ЭҮ”” ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баримталсан нь эрх зүйн зөрчилтэй байна. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2 “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг, 3.1.3. “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлэхээр тус тус заасан. ““ЭҮ”” ХХК нь Б.Этай 2013 оны 06 дугаар сарын 05-ны 1107 дугаартай хөдөлмөрийн гэрээг, Д.Бтай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1448 дугаартай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд ““ЭҮ”” ТӨҮГ болж өөрчлөн байгуулагдсаны дараа нэхэмжлэгч нартай шинэчилж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Үүнээс үзвэл ““ЭҮ”” ТӨҮГ нь нэхэмжлэгч нарын хувьд ажил олгогч нь болоогүй байх ба хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулснаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч болж тэднээс мэргэжил ур чадварын түвшин тогтоох асуудлаар шалгалт авах болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах зэрэг бусад эрхээ хэрэгжүүлэх эрх нээгдэнэ. Тодруулбал ажил олгогч ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар эрх үүрэг үүсдэг байна. Нөгөөтэйгээр ““ЭҮ”” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэр газар нь ““ЭҮ”” ХХК-ийн эрх үүргийг хүлээн авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийг хариуцагч тал нотлоогүй байна. Нөгөө талаас анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3 зэрэг заалтуудыг хэрэглээгүйн улмаас дээр дурьдсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтын төрлүүдийг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, 9.4.7-д зааснаар нэхэмжлэгч нарыг ажилд тэнцэх эсэх нь эргэлзээтэй гэх дүгнэлтийг хийж, улмаар мэргэжил ур чадварыг түвшин тогтоох тушаал гаргаж байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүйгээр нэхэмжлэгч нарын эрх нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Энэ нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг харуулж байна. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э, Д.Б нар нь “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан “Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай” Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...”ЭҮ” ТӨҮГ нь зөвхөн худалдан авалт хангамжийн хэлтсийн ажилтнуудад чиглэсэн шалгалт авах гэж байгаа нь хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан, ...шалгалтын дүнг үндэслэн ажлаас халах, чөлөөлөх хандлага агуулсан, ...Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай оролцож А-3 гэрчилгээ авсан байхад дахин шалгалт авах гэж байгаа нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн...” гэж дурджээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй үндэслэлээ “...шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг хууль, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд  байгуулсан, “ЭҮ”т мөрдөгдөж буй журам нь ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, сургалтын хэрэгцээг тодорхойлох, ажилтныг хөгжүүлэх, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тодорхойлох зорилготой байдаг тул нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй... төрийн өмчит байгууллага тул Сангийн яамны тайлан зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хүрээнд, ажил олгогчийн үйлдэл хуульд нийцээгүй болохыг тогтоолгох агуулгатай тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг маргааны үйл баримтад хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Маргааны зүйл болох “ЭҮ” ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/523 дугаар тушаал нь худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах агуулгатай байна.

Уг тушаалд Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын тайлан зөвлөмж, Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3, “ЭҮ” ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг тус тус баримталсан байна. /хх-59 дэх тал/

Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтын тайлангаар тус үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт туйлын хангалтгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Ажил олгогч нь уг зөрчлийг арилгахын тулд, мөн үйлдвэрийн хөгжлийн концепци, стратегитай уялдуулан чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох, сургалтын хэрэгцээг тодорхойлох, ажилтныг хөгжүүлэх, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тодорхойлох, ажилтныг сургалтанд хамруулах, чадваржуулах зорилгоор худалдан авалт, хангамжийн хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг тогтоох ажлын хэсэг байгуулсан гэж тушаалын үндэслэлээ тайлбарлаж байгаагаас үзвэл ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ажилтныг халах зорилготой гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааны явцад ажилтны эрхийг зөрчиж болохгүй бөгөөд аливаа шалгалт, үнэлгээ нь ажилтныг ажлаас халах зорилгыг агуулж болохгүй болно.

“ЭҮ” ТӨҮГ-ийн ерөнхий захирал Хөдөлмөрийн тухай хууль болон дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан бүрэн эрхийн хүрээнд, ажилтнуудын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай тушаал гаргасан, уг тушаал нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг хуулийн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/01381 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА