Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
Хэргийн индекс | 140/2016/0039/Э |
Дугаар | 39 |
Огноо | 2016-07-21 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 39
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг,
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Г.Нямаа /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариун-Эрдэнэ
нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямаад холбогдох 201507000232 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, 60 настай, Говь-Алтай аймгийн Төгрөг сумд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-2, нөхрийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 33-3-10 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Дагшинжав овогт Гончигсүрэнгийн Нямаа. Регистрийн дугаар /ДЮ56071401/
Г.Нямаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан буюу шүүхэд гэрч зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Дагшинжав овогт Гончигсүрэнгийн Нямаа нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Говийн нэхэмжлэлтэй Ц.Хадбаатарт холбогдох иргэний хэрэгт Сум дундын 5 дугаар шүүхэд гэрчээр “ ...Хадбаатар нь гэр бүлийнхээ хүнтэй эхэлж орж ирсэн. Орж ирэхдээ Говийн иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг барьчихсан гэрээг бичүүлж байя Говь араас ирнэ гээд гэрээг бичүүлж байх үед Говь орж ирсэн. Тэгээд гэрээг хийсэн...Уг гэрээнд Хадбаатар өөрөө зурсан...” гэж мэдүүлэг өгсөн нь гэрч Б.Ундармаагийн “...2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Г.Нямааг гэрчээр мэдүүлэг өгөхөд нь би ...Г.Нямаа гуайн хэлсэн зүйлсийг бичиж тэмдэглэж байсан. Ямар нэгэн нэмж хасч бичсэн зүйл байхгүй тухайн үед Нямаа нь өөрөө уншиж танилцаад гарын үсгээ зурж байсан....” гэсэн мэдүүлгээр, мөн хэрэгт авагдсан Сум дундын 5 дугаар шүүхийн шүүгч Г.Нямааг гэрчээр асуусан тэмдэглэлээр нотлогджээ.
Шүүгч гэрчээс мэдүүлэг авахдаа түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж гарын үсэг зуруулжээ.
Г.Нямаа нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Говь, Ц.Хадбаатар нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээнд Хадбаатар өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн боловч бодит байдал дээр Хадбаатар нотариат дээр өөрийн биеэр ирж худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй болох нь гэрч Ц.Хадбаатарын “...Гэрээг.. би өөрийн биеэр хийгээгүй... би эхнэр Эрдэнэчимэгийг миний өмнөөс хийчих гэсэн...” гэсэн мэдүүлгээр, дээрх мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч П.Эрдэнэчимэгийн “ ...Говь... намайг нотариат дээр дагуулж очоод... Хадбаатарын өмнөөс Говьтой цуг гэрээ хийгээд тухайн үед Хадбаатар байхгүй байсан санагдаж байна би гарын үсгийг зурсан юм...” гэсэн мэдүүлгээр, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээрсарын 14-ний өдрийн 09 дугаартай “...Автомашин худалдах худалдан авах гэрээний худалдан авагч гэсэн хэсэгт зурсан гарын үсэг нь Ц.Хадбаатарын гарын үсэг биш байна...” гэсэн дүгнэлтээр, ажлын цагийн ашиглалтын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлийн “... 6 сарын цаг ашиглалтын бүртгэлийн 22 дугаарт бүртгэгдсэн а/д Хадбаатар гэсэн бүртгэлийг үзэхэд 2012.06.24-с 2012.06.29-ны өдөр хүртэл 6 хоног хөдөө ажлаар явсан гэх тэмдэглэл хийгдсэн байв...” гэсэн хэсгээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...зориуд мэдүүлэг өгөх гэдэг нь...ямар юмыг хамгаалж, хаацайлах зорилгоор ямар нэгэн шалтгаантай байж худал мэдүүлэг өгөхийг ойлгоно. Гэтэл Нямаа гэж хүний хувьд Иргэний хэргийн ажиллагаанд худал мэдүүлэг өгөх нь ямар ашигтай байсан, ямар зорилготой, ямар санаатай байсан юм гэдэг нь энэ хэргээр огт тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн санал тавьсныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гэрч нь тухайн хэргийн талаар тогтоовол зохих нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээд бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар шүүгч гэрчид бодит байдлыг үнэн зөв мэдүүлэхийг урьдчилан сануулсан боловч тэрээр бодит байдлыг гажуудуулж мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өмгөөлөгчийн шүүхэд гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.
Ийнхүү шүүгдэгч Г.Нямаа нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 5 дугаар шүүхэд мэдүүлэг өгөхдөө бодит байдлыг буюу Ц.Хадбаатар 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээнд өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй нөхцөл байдлыг Ц.Хадбаатар өөрийн биеэр ирж гэрээнд гарын үсэг зурсан гэж болоогүй зүйлийг болсон мэтээр гажуудуулж шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Нямаа “...Надаас яг мэдүүлэг авна гэсэн болохоос, юуны талаар мэдүүлэг авах гэж байгааг мэдээгүй болохоор гэрээ, бүртгэлийн дэвтэр, холбогдох материал зэргээ ахиж үзэж байгаад мэдүүлэг өгье гээд завсарлаад явсан.... Тэгээд эдгээр зүйлүүдээ үзчихээд мэдүүлэг өгөх гэтэл болсон асуудлын талаар асуугаагүй, өөр нэмэлт асуулт асуугаад мэдүүлгийг дуусгасан тийм л асуудал болсон....” гэж байгаа боловч Г.Нямаа нь гэрчээр мэдүүлэг өгөх үедээ “Говь Хадбаатар нар гэрээг өөрийн биеэр хийсэн эсэх нь хир бодитой вэ...” гэсэн шүүгчийн асуултанд “...бүртгэлийн дэвтэр болон архивын гэрээний хувийг харж байгаад нэмэлт мэдүүлэг...” өгье гээд нэмэлт мэдүүлэг өгөхдөө гэрээг өөрөө ирж хийсэн...гэж мэдүүлсэн тэмдэглэлээр түүний энэ мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа учир Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “шүүгдэгч гэм буруугийн талаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан журмын дагуу шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Яллах дүгнэлтэд Г.Нямааг “...Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд ....хууль сануулж гэрчээр мэдүүлэг авахад зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэж Сум дундын 5 дугаар шүүхийн нэрийг ташаа бичсэнийг дурдах нь зүйтэй
Шүүгдэгч Г.Нямаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Нямаад оногдуулах ял нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул үндсэн ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Нямаагаас гаргуулах төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй учир түүний хувьд ноогдох эд хөрөнгөнөөс 1200000 төгрөгний үнэлгээтэй “HAIR” маркийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь үндэстэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашин худалдах худалдан авах гэрээ-1 ширхэг, бүртгэлийн дэвтрийн 58 дугаар хуудсыг шүүгдэгч Г.Нямаа буцаан авах хүсэлт гаргасан учир түүний хүсэлтийг үндэслэн эд мөрийн баримтыг буцаан олгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дагшинжав овогт Гончигсүрэнгийн Нямааг шүүхэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9984000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямаад оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9984000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Нямаад өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямаагийн хувьд ноогдох эд хөрөнгөнөөс 1200000 төгрөгний үнэлгээтэй “HAIR” маркийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашин худалдах худалдан авах гэрээ-1 ширхэг, нотариатын бүртгэлийн дэвтрийн 58 дугаар хуудсыг шүүгдэгч Г.Нямаад буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Г.Нямаагаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ