Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2019/0833/З |
Дугаар | 840 |
Огноо | 2019-11-22 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 840
2019 оны 11 сарын 22 өдөр Дугаар 128/ШШ2019/0840 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК,
Хариуцагч: ШӨХТГ
Нэхэмжлэлийн шаардлага: “ШӨХТГ 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Э.Г*******, Б.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан 1902 тоот тендерт оролцохоор танилцаж байх явцдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэж 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ШӨХТГт гомдол гаргасан. ШӨХТГ манай гаргасан гомдлыг хүлээн авч хянаж үзээд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр гомдол хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 1902 тоот тендерийн материалын тендерт оролцогчдын өгөгдлийн хүснэгтийн 18.2д-д ашигтай ажилласан жилийн тоог сүүлийн 1 жил буюу 2018 он гэж заасан байдаг. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан “Санхүүгийн чадавхийг нотлох” баримт бичгийн жагсаалтад ашигтай ажилласан жил гэсэн зохицуулалт байхгүй байдаг. Иймээс ашигтай ажилласан жил гэсэн шаардлагыг тавьж байгаа нь үндэслэлгүй байна. ШӨХТГаас Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад тендерийн баримт бичгийн жагсаалтад ашигтай ажилласан жилийн шаардлагыг тодорхойлсон гэж үздэг. Гэвч энэ зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй байгаа юм. Ашигтай ажилласан жилийн шаардлагыг оруулахдаа оролцогч компаниудын өөрт ашигтай жилийг сонгох боломжийг хязгаарлаж зөвхөн 2018 он гэж зааж байгаа нь шударга өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа юм. 1902 тоот тендер зарлагдахаас өмнө 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болон 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дахин тендер зарласан байдаг. Энэ тендерийн зөвлөмжийн 18.2д-д “ашигтай ажилласан жилийн тоог 2017, 2018 он” гэж заасан байдаг атлаа үүнээс хойш 1 сарын дараа зарласан тендерийн ашигтай ажилласан жилийн шаардлагыг 2018 он гэж зааж байгаа нь манай компанийн сул талыг ашиглан тендерт унагах ямар нэгэн ашиг сонирхол байна гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална” гэж заасан байдаг. Үүнээс харахад тендерт оролцогчийн санхүүгийн чадавхи гэдэг нь тус хуулийн 15.3 дахь хэсэгт заасан жагсаалтуудаас гадна, тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 18.1б, 18.1г, 12а,б,г-д заасан баримтууд хамаарна. Манай компани нь үүний дагуу баримтуудыг хангалттай бүрдүүлэн гарган өгсөн. Зөвхөн ашигтай ажилласан жилийн шаардлагыг үндэслэн компанийг тендерээс татгалзсанд гомдолтой байна. Учир нь гэвэл манай компани нь Солонгосын “Х” ХХК-ийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор компани болохоор тухайн компанийн бүх автомашинуудыг оруулж ирдэг гэдгээрээ давуу талтай. Өрсөлдөгч компаниудын хувьд хуучин онд үйлдвэрлэгдсэн автомашинуудыг санал болгодог. Энэ нь эргээд захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байх магадлалтай. Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 18.1.г-д “...хог тээврийн автомашин нийлүүлсэн байх” гэж заасан. Зөвхөн “хог тээврийн автомашин” гэж тодорхойлсон нь мөн өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа юм. ШӨХТГ нь дээрх асуудлыг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан боловч шийдвэрлээгүй гэж үзэж шүүхэд хандсан. Иймд ШӨХТГын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай албан бичгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хоёр. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь ШӨХТГт гомдол гаргасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ШӨХТГаас дүгнэлт гаргасан. Ийнхүү дүгнэлтээ гаргахдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу бид шүүхэд хандсан. Монгол Улсын Сангийн яамны шийдвэр тендерийг бүхэлд нь хүчингүй болгоогүй гэж үзэж болно. Манай зүгээс тухайн тендерт ашигтай ажилласан жилийн тоог зааж байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа тул ШӨХТГ энэ асуудлыг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох газартай зөвшилцөн шийдвэрлэх ёстой байтал зөвхөн Монгол Улсын Сангийн сайдын тушаалыг үндэслэн хууль зөрчөөгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлд “ашигтай ажилласан жилийг заана” гэсэн зохицуулалт байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Гурав. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШӨХТГ нь тухайн тендерийн журам хуульд нийцэж байгаа эсэх асуудалд хяналт тавьж ажиллах ёстой. Хэрэв хуульд нийцэхгүй байвал энэ тухай зохих байгууллагад мэдэгдэх үүрэгтэй боловч ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа тул бид шүүхэд хандсан юм. Сүүлийн 1 жилийн хугацаанд ашигтай ажилласан гэсэн шалгуурыг тендерт тавьснаар манай компанийн хувьд энэ жил ялах боломж огт байхгүй байгаа. Яг адилхан 2 тендерийн эхний тендерт 2 жил, сүүлийн тендерт 1 жил гэсэн шаардлага тавьсан байгаа юм. Өөрөөр хэлбэл манай компанийн сул талыг олж мэдээд сүүлийн тендертээ 1 жил гэсэн шаардлагыг оруулсан байгаа юм. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт “өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх” гэж зааж эрхийг нь олгосон байдаг. Монгол Улсын Сангийн сайдын тушаалыг үндэслэн шийдвэрлэсэн гэсэн тайлбар өгч өөр ямар нэгэн ажил хийхгүй байгаа нь дараа дараагийн тендерт оролцогч байгууллагын эрхийг зөрчиж байна. Өнөөдрийн шүүх хуралдааны үеэр шинээр гарган өгч нотлох баримт нь тендерийг бүхэлд нь хүчингүй болгоод шинээр явуулж байгаа биш юм. Иймд дээрх хэлсэн тайлбаруудад анхаарч үзэн шийдвэрээ гаргахыг хүсэж байна...” гэв.
Дөрөв. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Х” ХХК-ийн гомдлыг хүлээн аваад 14 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэн хянаад 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр холбогдох хариуг хүргүүлсэн. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.2.д-д “2018 онд ашигтай ажилласан байх” гэж заасан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно”, 15.2 дахь хэсэгт “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана” гэж заасан байдаг. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж заасны дагуу тендерийн баримт бичгийг бэлтгэсэн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.2 дахь хэсэгт “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” гэж заасан байх тул хог тээврийн автомашин нийлүүлсэн байх гэдэг шаардлага нь үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагыг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулснаар хангасан байсан. Манай байгууллагын зүгээс шийдвэрийг гаргахдаа “тухайн тендерийн шаардлагыг хангасан хэд хэдэн аж ахуйн нэгж байгаа тул зөвхөн “Х” ХХК-ийн гомдлыг үндэслэн тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах эрх хэмжээ байхгүй” гэж үзэж хуулийн хүрээнд шийдвэрлэсэн байгаа...” гэв.
Тав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ШӨХТГ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлыг хянадаг” юм. Манай байгууллага нь 2012 оноос тендерийг хянаж байгаа. Бидний зүгээс хянах явцдаа жижиг аж ахуйн нэгжүүдийг оролцуулах ажиллагааг дэмжиж ирсэн. 2018 оноос өмнөх жилүүдэд ашигтай ажилласан гэсэн шаардлага тавьснаар шинэ аж ахуйн нэгжүүд илүү оролцох боломжтой болж байгаа юм. Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад “ашигтай ажилласан жилийн шаардлагыг заавал оруулна” гэж заасны дагуу тендерийн үнэлгээний хороо ашигтай ажилласан жилийн шаардлагыг оруулсан байгаа юм. Тендерийн баримт бичгийг боловсруулах тухай журам батлагдан гарсан тул тухайн журмын дагуу баримт бичгийг боловсруулах ёстой бөгөөд компаниудын ерөнхий санхүүгийн чадвараар сонгон шалгаруулах боломжгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж заасан. Захиргааны хэргийг шүүх нь дээрх шаардлагыг хангасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэх боломжтой. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.5 дахь хэсэгт “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” гэж тус тус заасан байдаг. ШӨХТГын даргын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “захиргааны актын захирамжилсан, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, заавал биелэгдэх шинжгүй байгаа тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Энэ тендертэй холбогдуулан Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянаад тендерийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийх шийдвэр гаргасан байгаа юм...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “ШӨХТГ 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“Х” ХХК нь Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан БГД-ХААА/НТ-19-02 тоот цахим тендерийн материалыг авч танилцаад өрсөлдөөнийг хязгаарласан байна гэж үзэж 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр хариуг хүргүүлжээ.
Маргаан бүхий ШӨХТГ 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаар албан бичигт “Баянгол дүүрэгт хог тээврийн машин худалдан авах ажил” БГД-ХААА/НТ-19-02 дугаартай тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс “...тендерийн материалын ТОӨЗ-ийн 18.2/д/-д ашигтай ажилласан жилийн тоог сүүлийн нэг жил буюу 2018 он гэж зааж өгсөн. Тендерийн материалд анхнаасаа ашигтай ажилласан байх жилийн шаардлага тавих ...Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан тендерийн жишиг баримтад ...ашигтай ажилласан байх... гэсэн нь хууль зөрчсөн...мөн Баянгол дүүргээс өмнө зарласан БГД-ХААА/УТ-19-14 тоот тендерийн материалуудын ТШӨХ-ийн ТОӨЗ-ийн 18.2 /д/-д ашигтай ажилласан байх жилийг 2017, 2018 он гэж зааж, харин нэг сарын дараа зарласан БГД-ХААА/НТ-19-02 тендерийн баримт бичигт ашигтай ажилласан жилийг 2018 он гэж заасан нь ...манай сул талыг мэдсэний дараа ингэж оруулсан гэх хардлагыг бий болгож байна...” гэж, хариуцагчаас “...тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 18.2 д “ашигтай ажилласан байх жилийн тоо”, “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо” заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-д заасныг зөрчөөгүй...” гэж маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “тендерт оролцогчид өгөх зааварчилгаа”-ны 18.2-ын /д/-д “сүүлийн ТШӨХ-д дурдсан жилийн хугацаанд ашигтай ажилласан байх” гэж, тендерт оролцогчид өгөх зөвлөмжийн 18.1-ийн /б/-д “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн нэг жил /2018 он/ аудитын дүгнэлтийн хамт хуулбарыг ирүүлэх шаардлагатай, 18.1-ийн /г/-д “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоог тодорхойлсон байх ба сүүлийн 2 жилийн аль нэгд доод тал нь төсөвт өртгөтэй дүйцэхүйц үнийн дүнтэй хог тээврийн машин нийлүүлсэн байх”-ыг шаарджээ.
Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно”, 15.2-д “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.1-д “тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.2-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт”, 19 дүгээр зүйлийн 19.1-т “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн 18.2-ын /д/-д “сүүлийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд дурдсан жилийн хугацаанд ашигтай ажилласан байх” гэснийг зөрчөөгүй, өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн “...хэрэглэгчийн төлөө газар нь тендерийн бармт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан асуудлаар хянаж, шалгадаг ба тухайн шалгуурыг хангах чадвартай аж ахуй эрхлэгч хангалттай байгаа тохиолдолд зөвхөн нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгож, тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулдаггүй” гэсэн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч тендерийн баримт бичиг “өрсөлдөөнийг хязгаарласан” гэсэн үндэслэлээр бус хууль зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1-т заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй ШӨХТГ холбогдуулан гаргасан “ШӨХТГ 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ