Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 75

 

С.Оргилын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагваханд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Э.Жаргал нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0793 дугаар магадлалтай, С.Оргилын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч С.Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.Оргилын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны "Могул таун" хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр С.Оргилыг бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  "Могул таун" хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Авир овгийн Сүхдоржийн Оргил /ХП80081112/-г бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг "Могул таун" хотхоны 98 дугаар байрны 1А-1-8 тоот агуулахыг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0793 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0793 дугаар магадлалыг хэргийн оролцогч болох нэхэмжлэгч С.Оргил түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жигмэд бид нар дараах үндэслэлээр үл зөвшөөрч байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Үүнд:

1. Гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк давж заалдах гомдол гаргасныг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, түүнд тайлбар гаргах эрхийг хязгаарласан.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ хаана болохыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан.

3. Энэ зөрчил нь хэргийн хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт адил хамааралтай байсан.

4. Нэхэмжлэгч, хариуцагчийн хуралд оролцох эрхийг хязгаарлаж зөвхөн   гомдол гаргасан Улаанбаатар хотын банкны төлөөлөлийг дангаар оролцуулж   хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэтэрхий нэг талд үйлчилсэн, ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай хууль ёсны бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Магадлалын “хянавал” хэсэгт заасан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэгэнт хянагдаж Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч С.Оргилын хууль ёсны өмчлөлд шилжүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг дахин тайлбарлах байдлаар хийж хууль зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дуаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх заалтаас үзвэл энэ хэргийг иргэний журмаар анхан, давж заалдах, хяналтын шатны бүх шүүхээр хянагдаж маргааны обьект болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамж Могул таун хотхоны 98-р байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц Г97 ГГ31 тоот авто зогсоолыг нэхэмжлэгч иргэн С.Оргилын хууль ёсны өмчлөлд шилжүүлсэн Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрчилснөөр Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын хууль эрх зүйн үндэс болох Үндсэн хуулийн заалтыг зөрчсөнөөрөө шүүх бусад бүх хуулийн заалтыг зөрчиж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0793 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь зөв байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасныг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, давж заалдах шатны  шүүх хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсоныг мөн шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жигмэдэд тус тус мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгч С.Оргилын “...давж заалдах гомдол гаргасныг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй,... шүүх хуралдаан хэзээ хаана болохыг мэдэгдээгүй, тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “...шүүх ... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх...”, 117.2-т “... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч С.Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жигмэдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээр нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүхээс хангасан, хэргийн оролцогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, оролцоогүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн “... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэтэрхий нэг талд үйлчилсэн, ашиг сонирхлын зөрчилтэй” гэх хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “Могул скай” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот банктай ЗГ0001/110727 дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж Могул таун хотхоны 98 дугаартай, 3564 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 30% гүйцэтгэлтэй барилга, мөн байршилд Г97 дугаартай, 2717 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 95% гүйцэтгэлтэй 2 хэсэг барилгыг уг зээлийн барьцаанд бариулсан, энэхүү барьцааны эрхийг эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, дээрх барьцааны зүйлд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 98 дугаар байрны 801 тоот 132,22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоол багтсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Нэхэмжлэгч С.Оргил нь уг 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын “орон сууцны захиалгын эрх”-ийг 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Апрель” ХХК-иас шилжүүлэн авсан, ийнхүү шилжүүлэн авах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээдэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, барьцааны эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй, улсын бүртгэлийн байгууллагын “хууль бус эс үйлдэхүй”, буруутай үйл ажиллагааг тогтоохдоо эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл, тусгай тэмдэглэл хийгдсэн эрхийн улсын бүртгэл, түүнтэй холбоотой хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, зээлийн болон барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон хэд хэдэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсан, уг шийдвэрүүдийн аль нь улсын бүртгэлийн байгууллагад ямар эрх, үүрэг үүсгэж байгаа, захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь ямар хуулийн заалт эсхүл аль шүүхийн шийдвэрт нийцээгүй талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийгээгүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд, нэхэмжлэгчийн “... Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрчилсөн..., хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0793 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА