| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/05381/И |
| Дугаар | 1962 |
| Огноо | 2017-09-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1962
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Х дүүргийн ** тоотод оршин суух, С овогт Д.Н /РД:************/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоот хаягт байрлах “М*******” ХХК,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт А.У /РД:**********/ холбогдох
Ногдох өв хөрөнгө 1 500 000 000 төгрөг, компанийн хувьцаа ногдол ашиг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н******* /ШТЭҮ-1732/, хариуцагч А.У*******, хариуцагчийн өмгөөлөгч З.Ш******* /ШТЭҮ-0095/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
овогтой Н******* би 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан хүү Ч.Б*******ын хууль ёсны өвлөгч бөгөөд бэр болох А.У******* нь өвлөх эд хөрөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул дараахи нэхэмжлэлийг гаргаж байна.Би хүүгийнхээ үлдээсэн мөнгө төгрөг, эд хөрөнгө, бусад эд зүйлээс өөрт оногдох хэсгийг авах зорилгоор өвлөх эрхийнхээ дагуу Х дүүргийн тойргийн нотариатч Б.Б******* дээр бүртгүүлж хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүүлсэн юм .Гэтэл Иргэний хуулийн 532 дүгээр зүйлийн 532.1 дэхь хэсэгт зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг хувиарлахад маргаан гарсан тул дараахи нэхэмжлэлийг гаргаж байна.Талийгаач хүү маань дээрхи компаний ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд компаний 70 хувийг эзэмшдэг байсан.Би элэгний хүнд өвчний улмаас бие муу байгаа бөгөөд эмчилгээний зардлыг хүү маань хариуцдаг байсан, бурхны оронд очсоноос хойш эмчилгээ хийлгэх боломжгүй болж маш хүнд байдалтай болоод байна.Миний хүү Ч.Б*******ын нэр дээр болон “М*******” ХХК-ны нэр дээр банкинд 2 тэрбум гаруй төгрөг,үл хөдлөх хөрөнгө, машин бүгд нийлээд хэдэн тэрбум төгрөгний хөрөнгөтэй бөгөөд компани нь 2014,2015 онд нилээд их хэмжээний ашиг олсон байх боломжтой юмаа.Иймд хүүгийн маань эд хөрөнгө, үнэт зүйл, доллар, мөнгөнөөс надад оногдох хэсэг буюу 1 тэрбум төгрөгийг гаргуулахыг хүсэж байна.Миний эрүүл мэндийн байдал хүнд, эм эмчилгээний зардал яаралтай хэрэгтэй байгаа зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан яаралтай шийдвэрлэж өгөхийгхүсч байна.
Д.Н******* би 6 хүүхэд төрүүлсэн бөгөөд миний хүү Ч.Б******* нь 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр харамсалтай нөхцөл байдлаар нас барсаны улмаас хэзээ ч нөхөгдөшгүй хохирол учирсанаас хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрөөд байна.Нэхэмжлэгч Д.Н******* би хүнд өвчний улмаас хүүгийнхээ байнгын асрамж туслалцаанд байсан бөгөөд хүүгийн маань эхнэр гэх У******* нь 2014 оны 11 сард салаад хаяад явсан тул хүү маань намайгохин О******* болон түүний 3 хүүхдийн хамтаар Х дүүргийн ******* тоотод орших өөрийнхөө гэртээ нүүлгэж авч ирсэнээс хойш 3 сарын хугацаанд охин О******* 3 хүүхдийн хамтаар хоол ундыг нь хийж, хувцас хунарыг нь угааж, гэр орныг нь цэвэрлэж, бид хамтран амьдарч байсан юм. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 03-ны амралтын өдөр гэртээ амарч байгаад гэнэт ажил руугаа яваад эргэж ирэхгүйгээр амь насаа алдсан юмаа.Миний хүү Ч.Б******* “М*******” ХХК-ны ерөнхий захирлаар ажилладаг байсан бөгөөд олон жил хөдөлмөрлөж их хэмжээний хөрөнгө,мөнгөтэй болчихоод эцэст нь өөрийнхөө амь насаа хохироож өндөр настай ээж намайг үүрд орхиж явах хүн бол хэзээ ч биш байсан.Миний хүүгийн үхэлтэйхолбогдуулан “Хүн амины хэрэг” үүсэж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дзх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 3 хүнийг сэжиглэж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байгаа болно.Уг нь хүүгийнхээ ясыг өндөлзүүлж эд хөрөнгийн маргаан хийхийг хүсээгүй бөгөөд А.У*******ийг өөрөө зохицуулж өгөх байх гээд өдий хүртэл харлаа. Гэтэл хөгшин намайг боон миний хүүхдүүдийг доромжилж, харин эд нар намайг алах гээд байна, эд хөрөнгө, мөнгө хулгайлж авсан гэж хуулийнбайгууллага болон энд тэнд худлаа ярьж гүтгэн доромжилж байгаад гомдолтой байдаг юмаа.Хүү Ч.Б*******ын төрсөн эх Д.Н******* би Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч ба нас барсан хүүгийнхээ хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг өвлөж авах бүрэн эрхтэй тул хүүгийнхээ нэр дээр байгаа мөнгө төгрөг, эд хөрөнгө, “М*******” ХХК-ны эд хөрөнгө, мөнгө, олсон ашиг бусад эд зүйлээс өөрт оногдох хэсэг, хувь хэмжээг өвлөх эрхийнхээ дагуу Х дүүргийн тойргийн нотариатч Б.Б******* дээр бүртгүүлж хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүүлсэн. Иймд Иргэний хуулийн 532 дүгээр зүйлийн 532.1 дахь хэсэгт зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг хувиарлахад маргаан гарсан тул шүүхэд хандаж нэхэмжпэл гаргасан.Хүү маань миний эмчилгээний бүх зардал, хоолхүнс,үйлчилгээгээр байнга хангадаг байсан бөгөөд элэгний хүнд өвчний улмаас миний амьдрах хугацаа маань хумигдсаар байгаа нь түүнийхээ асрамж, тэтгэмжийг авч чадахгүй болж, амьдралын нөхцөл эрс дордсонтой холбоотой юм.
Хүү маань “М*******” ХХК-ны хөрөнгийн 71 хувийг эзэмшдэг байсан бөгөөд түүний нэр дээр дансанд компанийн хөрөнгөөс тусдаа банкинд 2 тэрбум гаруй төгрөг,үл хөдлөх хөрөнгө,8 ширхэг машинбайдаг юм. Иймд хуульд заасны дагуу хууль ёсны өвлөгч надад хүүгийн нэр дээрх мөнгө хөрөнгө болон “М*******” ХХК-ийн эзэмшлийн хувиас хуульд заасны дагуу гарган өгч туслана уу? Мөн “М*******” ХХК-ийн 2014,2015 оны ашгаас хүүд маань ногдох ашгийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд миний хүүгийн нэр дээрхи эд хөрөнгө, мөнгө болон түүний удирдаж байсан “М*******” ХХК-ийн хөрөнгөөс Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1, 533 дугаар зүйлийн 533.1 дэх хэсэгт зааснаар өвлөгчөөр тогтоож, өвлөх эд хөрөнгийг хувааж 1 тэрбум төгрөгийг олгуулж миний эрхийг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Н******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
2015 оны 1 сарын 03-нд миний төрсөн дүү Ч.Б*******ын ажлын өрөөнд байрлах миний төрсөн аав Гийн Чын алдарын буланд байсан Ю.Ц болон Ж.Сгийн гарын үсэгтэй одон медал болон одонгуудын гэрчилгээ, юугаар ч үнэлэшгүй фото зургууд, 5 жилийн тэмдэг болон гэрчилгээнүүд, засгийн газрын хүндэт жуух болон бусад үнэт баримт материалуудыг миний төрсөн ээж 500 000 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилж байгаа. Хариуцагч А.У*******ээс нэхэмжилсэн 1 тэрбум төгрөг, мөн миний эцэг Чоймболын алдарын буланд байрлах бүх одон медаль, чухал үнэт фото зураг болон засгийн газрын хүндэтжуух, диплом баярын бичгүүдийг 500 000 000 төгрөгөөр үнэлэн нэмэмжилсэн дээр нэмэгдүүлэн төрсөн дүү Ч.Б*******ын өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан “М*******” ХХК-ийн хувьцаа болон хувь ногдох ашиг болох 2014,2015,2016 оны ашгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан боловч биеийн эрүүл мэндийн байдал муудсаны улмаас оролцох боломжгүй болсон. Тиймээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх саналыг хариуцагчид тавьсан, тиймээс ч бид компанийн хувьцаа ногдол ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, зуслангийн газар дээрх байшинг үнэлүүлэх хүсэлтээс татгалзаж байгаа. Нэхэмжлэгч одоо бие нь муу, бас цаашид маргалдаж муудалцах хүсэлгүй байгаа учраас хүүгийнхээ хүүхдүүдийг бодоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 600 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрлэх саналтай гэж надаар дамжуулж шүүхэд болон хариуцагчид хэлүүлсэн юм гэв.
Хариуцагч “М*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.У******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлд зурагдсан гарын үсгийн бичвэрийг Д.Н******* нь зураагүй охинЧ.С нь зурсан байх тул нэхэмжлэгчийн хүсэл зориг биш байна.Нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй,чөлөөлүүлэх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн байна.Энэ нь хүсэл зориг нь биш байхад тэр хүний нэхэмжлэл гэж үзсэн,мөн ИХШХШТ хуулын 58,3-т заасан төлбөрийн чадваргүй байдал нь тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.Өөрөөр хэлбэл өндөр насны, тэтгэвэрийн насны мөн хүнд өвчтэй байдал нь төлбөрийн чадваргүй гэх үндэслэл болохгүй юм.Улсаас тэтгэврийн насны байдлаар хөдөлмөр эрхлэхгүйгээр тэтгэмж авч байгаа хүн насаараа хөдөлмөрлөж ямар ч хэмжээний эд хөрөнгө орлого хуримтлал бий болгосон байх боломжтой.Мөн би нөхөртэйгөө ярилцаад хадам ээждээ орон сууц худалдан авч өгсөн,хадам ээж Баянзүрх,25-р хороо 13 хороолол, 56/2 байр 15 тоот улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг өмчтэй хүн.Нөгөө талаар тэрбум төгрөгийн хөрөнгө орлого авах гэж төрийн үйлчилгээ авч байгаа хүн хуулиар ногдуулсан хураамжаа төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг нь юм.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шалгах үндэслэл нь хангагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн нь хууль бус тул Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.
Манай “М*******” ХХК-д холбогдуулан Д.Н*******ээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Д.Н******* нь өөрийн талийгаач хүү Ч.Б*******ын хөрөнгөнөөс 1 тэрбум төгрөг өвлөж авахаар нэхэмжпэл гаргажээ.Хэдийгээр Д.Н******* нь өөрийн төрсөн хүүхдэд ногдох эд хөрөнгөнөөс өвлөх эрхтэй боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу тэргүүн ээлжинд хууль ёсны өвлөгч нь түүний эхнэр А.У******* би болон түүний төрсөн хүүхдүүд болох Б*******ын Б, Б*******ын Б, Б*******ын Т, Б*******ын Ц бид мөн адил хэмжээгээр өвлөх эрхтэй юм.Гэтэл нэхэмжпэгч нь бодит байдалд нийцэхгүй, ямарч баримт нотолгоогүй, хэт их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь нэхэмжпэлийн шаардлага тодорхой бус, үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ компанийг бид өөрсдөө үүсгэн байгуулсан, энэ үйл явдал болсноос хойш үйл ажиллагаа ч хэвийн явагдаагүй хуваах ногдол ашиг гэж гараагүй гэв.
Хариуцагч А.У******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч А.У******* миний биед Д.Н*******ийн нэхэмжлэлтэй холбогдуулан өөрийн болон өөрийн төрсөн хүүхдүүд болох Б.Б, Б.Б, Б.Т, Б.Ц нарын хууль ёсны дагуу өмчлөх эрх болон өвлөх эрхээ хамгаалуулах үүднээс дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.А.У******* миний бие талийгаач Ч.Б*******той 1997 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж дундаасаа 4 охинтой болсон юм.Нөхөр бид хоёр суухдаа аль аль талаасаа хөрөнгө гэхээр зүйлгүй нийлж хамгийн анх техникийн зах дээр контейнерт дугуй зарахаас эхлээд уйгагүй хамтдаа хөдөлмөрлөсний дүнд 2007 онд “М*******” ХХК-нийг үүсгэн байгуулж авто засвар нээн нойр хоолгүй зүтгэсний дүнд нилээдгүй амжилтанд хүрч чадсан билээ.Гэвч миний нөхөр Ч.Б******* маань 2015 онд нас барьж манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиогоод байна.Биднийг өөрсдийн амьдралыг босгож бий болгоход талийгаач Ч.Б*******ын ар гэрийнхэнээс тусалж дэмжсэн зүйл байхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн хамтын хөдөлмөрийн үр шимээр энэ бүх орлого, мөнгөн хуримтлал болон бусад эд хөрөнгүүдийг бий болгосон учир Ч.Б*******ын нэр дээр бүртгэлтэй бүх орлого, мөнгөн хуримтлал болон бусад эд хөрөнгүүд нь ганц Ч.Б*******ын өмч биш манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм.Гэтэл гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс талийгаач Ч.Б*******ын ээж Д.Н******* нь шаардах эрхгүй атлаа гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс үндэслэлгүйгээр 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд А.У******* миний бие болон талийгаач Ч.Б******* бид хоёрын дундаас гарсан хүүхдүүд болох Б.Б, Б.Б, Б.Т, Б.Ц бид нар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс Ч.Б*******од ноогдох хэсгийг хууль ёсоор өвлөх эрхтэй учир бидний өмчлөх эрх болон өвлөх эрхийг хамгаалж, тодорхой бус үндэслэлгүй гаргасан Д.Н*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ бүх хөрөнгийг бид хөдөлмөрөөрөө бий болгосон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Би эвлэрэх талаар ярилцсан, гэхдээ 600 000 000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Газар бол өмчлөлийн газар биш, мөн авто зам бол нийтийн эзэмшлийнх учир өвлөгдөх хөрөнгөд тооцогдохгүй. Бид гэр бүл байсан учир бүхий л хөрөнгө нь хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцогдоно гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н******* нь хариуцагч “М*******” ХХК болон А.У******* нарт холбогдуулан ногдох өв болох 1 500 000 000 төгрөг, компанийн хувьцаа болон ногдол ашиг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хүү Ч.Б*******ын хөрөнгө болох эд хөрөнгө, үнэт зүйл, банкин дахь доллар, мөнгөнөөс 1 500 000 000 төгрөгийг гаргуулах, мөн түүний үүсгэн байгуулсан компани болох “М*******” ХХК-ны хувьцаа, ногдол ашгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бидний хамтын амьдралын явцад өөрсдийн хөдөлмөрийн үнэ цэнээр бий болсон гэр бүлийн дундын хөрөнгөнөөс нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, компанийг хамтран байгуулж үйл ажиллагаа явуулж байсан гэж маргасан.
Чоймболынхон овогт Чоймболын Б******* нь 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны №0006 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгджээ. /хэргийн 1 хавтас, 8-р хуудас/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” хууль ёсны өвлөгч болох бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч овогт ийн Н******* нь нас барагчийн төрүүлсэн эх буюу хууль ёсны өвлөгч болох нь иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын №13/000400 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байх тул өөрт ногдох өвийг шаардах эрхтэй байна гэж үзэв. /хэргийн 1 хавтас, 7-8, 13-р хуудас/
Нэхэмжлэгч нь нас барагчийн хууль ёсны өвлөгч болох талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь нас барсан хүү Ч.Б******* болон түүний “М*******” ХХК-ийн хөрөнгө болох Ч дүүргийн , Тасганы овоо эрхийн улсын бүртгэлийн Ү-221 дугаартай “М*******” ХХК, авто засвар, үйлчилгээний зориулалтай хөрөнгө обьект, газар, Х дүүргийн , тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-21 дугаартай авто зогсоол, Х дүүргийн , тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-24 дугаартай орон сууц, Б дүүрэг 3 дугаар хороо, худалдаа үйлчилгээний зориулалттай 800 дугаартай 1984 м.кв газар, газар эзэмших гэрчилгээтэй Энхтайваны гүүрэн доорх дугуйн худалдааны төв, Алтанбулаг олон улсын худалдааны чөлөөт бүсэд баригдсан обьект, БНХАУ-ын Эрээн хотод байрлах япон авто сэлбэгийн дэлгүүр, Эрдэнэт хотод байрлах япон авто сэлбэгийн дэлгүүр, Шарга морьт дахь зуслангийн 4 байшин, 1 гэр, газрын хамт, тээврийн хэрэгслүүд болох УНҮ улсын дугаартай Toyota Land cruiser 200, УНС улсын дугаартай Toyota Land cruiser Prado, УНЧ улсын дугаартай Ssangyong Istana, УНГ улсын дугаартай Toyota Crown, УНӨ улсын дугаартай Ford Transit, ДАА улсын дугаартай Audi 200, УБҮ улсын дугаартай Toyota Thundra, улсын дугааргүй 2014 оны мөнгөлөг саарал Toyota Thundra автомашинууд, мобикомын 998 дугаар, Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн дансны 189 471 812 төгрөг, дансны 379 403 008 төгрөг, дансны 172 142 454 төгрөг, виза картны 3 633 931 төгрөг, ам.долларын дансны 96 053 доллар, дансны 8 018 доллар, виза картны 18 923 доллар, юаний дансны 8 733 юань, Төрийн банкин дахь төгрөгийн дансны 124 697 төгрөг, “М*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 5 дансны 1148450 төгрөгнөөс ногдох хувь болон алдрын булангийн 500 000 000 төгрөг, нийт 1 500 000 000 төгрөгийг гаргуулах, “М*******” ХХК-ийн хувцаа болон 2014 оноос 2016 оны ногдол ашгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан Х дүүргийн , тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-24 дугаартай орон сууцны Ч.Б*******од ногдох хэсгийг нэхэмжлэгчид олгохыг маргаагүй боловч бусад үл хөдлөх эд хөрөнгөнүүд, тээврийн хэрэгсэл, хадгаламж болон төлбөрийн картад байрших мөнгө, ам.доллар, юань нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцогдоно, Алтанбулаг олон улсын худалдааны чөлөөт бүсэд баригдсан обьект, газрууд нь Ч.Б*******ын өмчлөлийнх биш, БНХАУ-ын Эрээн хотод болон Эрдэнэт хотод япон авто сэлбэгийн дэлгүүр үйл ажиллагаа явуулдаггүй, алдрын булангийн талаар мэдэхгүй, “М*******” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгаа тул ногдол ашиг хуваах боломжгүй, 998дугаар нь Мобиком ХХК-ийн эзэмшилд байдаг гэж мэтгэлцсэн.
Хариуцагч А.У*******, талийгаач Ч.Б******* нар нь 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 1999 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Б, 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Ц, 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр охин Б.Б, 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Б.Т нар төрсөн болох нь гэрлэлтийн ПА№627 тоот баталгааны хуулбар, Б.Бгийн №0020018 Г-1677, Б.Цгийн №0000749978 Г-692, Б.Бгийн №0020018 Г-1677, Б.Тын №0000543239 Г-2458 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ам бүлийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 137-139, 144-145-р хуудас/
Иймд талийгаач Ч.Б*******ын төрүүлсэн эх болох нэхэмжлэгч С.Н*******, түүний эхнэр хариуцагч А.У******* болон охин Б.Б, Б.Ц, Б.Б, Б.Т нар нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид бөгөөд адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байна гэж үзэв.
Ч.Б*******ыг нас барах үед түүний өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-21 дугаартай Х дүүргийн , байрны зоорийн давхарын 70 тоот хаягт байрлах, авто зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-24 дугаартай Х дүүргийн 15 хороо, байрны 11 тоот хаягт байрлах орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2211 дугаартай Ч дүүргийн ,, тоот хаягт байрлах, автомашин засвар, үйлчилгээний зориулалттай 1404 м.кв талбайтай барилга, Б дүүргийн 3 дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай дугуйн худалдааны төв, УНҮ улсын дугаартай Toyota Land cruiser 200, УНС улсын дугаартай Toyota Land cruiser Prado, УНЧ улсын дугаартай Ssangyong Istana, УНГ улсын дугаартай Toyota Crown, УНӨ улсын дугаартай Ford Transit, УБҮ улсын дугаартай Toyota Thundra, улсын дугааргүй 2014 оны мөнгөлөг саарал Toyota Thundra автомашинууд бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7/10459 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байна. /хэргийн 1хавтас 47-90, 233-240-р хуудас/
Мөн Ч.Б******* нь амьд сэрүүн байхдаа банкинд хадгаламжийн дансуудыг нээсэн бөгөөд Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн дансны үлдэгдэл 189 471 812 төгрөг, дансны үлдэгдэл 379 403 008 төгрөг, дансны үлдэгдэл 172 142 454 төгрөг, виза картны үлдэгдэл 3 633 931 төгрөг, ам.долларын дансны үлдэгдэл 96 053 доллар, дансны үлдэгдэл 8 018 доллар, виза картны үлдэгдэл 18 923 доллар, юаний дансны үлдэгдэл 8 733 юань, Төрийн банкин дахь төгрөгийн дансны үлдэгдэл 124 697 төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан банкны дансны мэдээллээр нотлогдож байна. /хэргийн 1хавтас 96-115, 2 хавтас 48-58-р хуудас/
Ч.Б******* нь Ч дүүргийн нд үйлчилгээний зориулалтаар 4040 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар, Б дүүргийн 3 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 8 м.кв газрыг 10 жилийн хугацаатайгаар, дүүргийн 1 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байсан бөгөөд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000601709, №000548828, №000482102 дугаар гэрчилгээний хуулбарууд хэрэгт авагдсан байна. /хэргийн 1 хавтас 215, 216-230, 2 хавтас 7, 38-41-р хуудас/
“М*******” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар “үүсгэн байгуулагчаар буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ч.Б*******, А.У******* нар” бүртгэлтэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №9011101021 тоот гэрчилгээнд “гишүүдийн тоо 2, захирлаар Ч.Б*******ыг томилсон” гэж бичигджээ. /хэргийн 1 хавтас 117-118, 146-р хуудас/
Мөн “М*******” ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд 5 тоот төгрөгийн дансыг эзэмшдэг бөгөөд уг дансны үлдэгдэл нь 1 148 450 төгрөг, мөн “Алтанбулаг чөлөөт бүс”-д 4400 м.кв газрыг худалдаа, засвар үйлчилгэний зориулалтаар эзэмших эрхийг 2014 оны 9 дүгээр сард олгосон боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 1 хавтас 107-113, 2 хавтас 59-60-р хуудас/
Хариуцагч нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч” гэж зааснаар талийгаач Ч.Б*******ын өмчлөлийн, “М*******” ХХК-ийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, банкинд байрших мөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж маргасан боловч Х дүүргийн , байрны зоорийн давхарын 70 тоот хаягт байрлах, авто зогсоол, Ч дүүргийн ,, тоот хаягт байрлах, автомашин засвар, үйлчилгээний зориулалттай 1404 м.кв талбайтай барилга, тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээнд тус тус өмчлөгчөөр талийгаач Ч.Б******* гэж бүртгэгдсэн, мөн амьд сэрүүн байхдаа банкинд данс нээлгэн хадгаламжийн дансыг болон төлбөрийн картыг эзэмшиж байсан, түүний банкны дансанд хийсэн орлогыг хамтран эзэмших талаар болон хамтран эзэмшиж байсан талаарх баримтгүй байх тул түүний өмчлөлд байсан авто зогсоол болон үйлчилгээний барилга, тээврийн хэрэгслүүд болон мөнгөн хуримтлалыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамааралгүй гэж үзэв.
Харин Х дүүргийн , Стадион Оргил тоот 117,5 м.кв талбайтай таван өрөө орон сууц нь Ч.Б*******, А.У*******, Б.Б, Б.Б нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00060 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх тул хамтран өмчлөх дундын хөрөнгө, Худалдаа хөгжлийн банкны ам.долларын тоот дансны хамтран эзэмшигчээр А.У******* бүртгэлтэй болох нь дансны мэдээллээр тогтоогдож байх тул уг дансан дахь мөнгөн хуримтлалыг хамтран эзэмшиж байсан нь нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 1 хавтас 156-157-р хуудас/
М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18/481 тоот албан бичгээр “...998 дугаарт А.У******* бүртгэлтэй байна” гэсэн байх тул Ч.Б*******ын өвлөгдөх хөрөнгөд тооцогдохгүй, БНХАУ-ын Эрээн хотод болон Эрдэнэт хотод япон авто сэлбэгийн дэлгүүр байрлаж, үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, Алтанбулаг олон улсын худалдааны чөлөөт бүсэд баригдсан обьект, Шарга морьт дахь зуслангийн 4 байшин, гэрийн үнэлгээ тодорхойгүй, Ч.Б*******ын өмчлөлд байдаг эсэх нь баримтаар нотлогдоогүй, алдрын буланг 500 000 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн боловч хаана байсан эсэх, хариуцагчид байгаа эсэх нь ойлгомжгүй, “М*******” ХХК-ийн хувцаа болон 2014 оноос 2016 оны ногдол ашгийг нэхэмжилсэн боловч баримтаар нотлоогүй тул ногдох өвийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв. / хэргийн 1 хавтас 165-166, 2 хавтас 59-85-р хуудас/
Мөн талийгаач Ч.Б*******ын эзэмшилд Ч дүүргийн нд байрлах 4040 м.кв газар, Б дүүргийн 3 дугаар хороонд байрлах 8 м.кв газар, дүүргийн 1 буюу м.кв газар байгаа болох нь тогтоогдож байх боловч түүний өмчлөлийн газар биш байх тул Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өвлөгдөх хөрөнгөд тооцогдохгүй бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар зөвхөн газар эзэмших эрх нь өвлөгдөх боломжтой юм. Харин нэхэмжлэгч нь талийгаач Ч.Б*******ын эзэмшлийн газраас ногдох өвийг мөнгөөр гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Уг газрыг талийгаач нь эзэмших эрхийн гэрчилгээгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан тул газар эзэмших эрх нь хариуцагч А.У*******т өвлөгдөх нь зүйтэй байна гэж үзэж, харин Б дүүргийн 3 дугаар хороонд орших 8 м.кв талбайтай газарт байрлах контейнер, түр барилгууд болох хөрөнгөнөөс ногдох өвийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №173 тоот Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтэд: “...1.М******* ХХК, авто засвар, худалдаа, үйлчилгээний зориулалттай хөрөнгө, обьект газрын өнөөгийн нийт үнэ цэнэ, Ч дүүргийн , Тасганы Овоо 4040 м.кв талбайтай газар М******* ХХК, авто засвар, худалдаа үйчилгээний зориулалттай хөрөнгө, обьект газар 2 710 200 000 төгрөг, контейнерүүд 44 000 000 төгрөг, дүн 2 714 600 000 төгрөг, М******* ХХК-ийн автомашины зам 11 600 000 төгрөг, нийт дүн 2 726 200 000 төгрөг,
2.Б дүүргийн 3 дугаар хороо, худалдаа үйлчилгээний зориулалттай хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ, Худалдаа, үйлчилгээний зориулалттай 8 м.кв талбайтай газар, Энэ газарт байрлах контейнер түр барилгууд 278 520 000 төгрөг, контейнэрүүд 22 600 000 төгрөг, нийт дүн 301 120 000 төгрөг,
3.Х дүүрэг , байрны 70 тоот авто зогсоолын үнэ цэнэ, Х дүүргийн , Бумба гранд Махатма Гандийн гудамж байр,70 тоот авто зогсоол 18 000 000 төгрөг,
4.Х дүүрэг , байрны 11 тоот орон сууцны үнэ цэнэ, Х дүүргийн , байрны 11 тоот орон сууцны үнэ 223 250 000 төгрөг,
5.Тээврийн хэрэгслийн өнөөгийн нийт үнэ цэнэ 304 000 000 төгрөг, нийт хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 3 572 570 000 төгрөг” гэжээ. /хэргийн 1 хавтас 172-195-р хуудас/
Уг шинжээчийн дүгнэлтийг зохигч талууд хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талийгаачийг нас барах үед түүний өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө, мөнгөн хуримтлалаас нэхэмжлэгчид өвлөгдөх хөрөнгийг дараах байдлаар гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Талийгаач Ч.Б*******ын өмчлөлийн Ч дүүргийн , Тасганы Овоо 4040 м.кв талбайтай газарт байрлах авто засвар, худалдаа үйчилгээний зориулалттай хөрөнгө, обьектоос авто сэлбэг худалдааны барилга 2 073 600 000 төгрөг, авто машин угаалгын газар 216 000 000 төгрөг, дугуй сервис 3 000 000 төгрөг, 232 000 000 төгрөг, нийт 2 292 600 000 төгрөгнөөс 382 100 000 төгрөгийг /2 073 600 000+216 000 000+3 000 000=2 292 600 000:6=382 100 000 төгрөг/,
2.Х дүүрэг , байрны 11 тоот орон сууцнаас 6 201 388 төгрөгийг /223 250 000:6=37 208 333:6=6 201 388 төгрөг/,
3.Х дүүргийн , Бумба гранд Махатма Гандийн гудамж байр,70 тоот авто зогсоолоос 3 000 000 төгрөгийг /18 000 000:6=3 000 000 төгрөг/,
4.Б дүүргийн 3 дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай газарт байрлах контейнер түр барилгуудаас дугуй засварын барилга 4 320 000 төгрөг, дэлгүүрийн түр барилга 6 000 000 төгрөг, нийт 10 320 000 төгрөгнөөс 1 720 000 төгрөг, /4 320 000+6 000 000=10 320 000:6=1 720 000 төгрөг/,
5.Тээврийн хэрэгслүүд нийт 304 000 000 төгрөгнөөс 50 666 666 төгрөгийг /304 000 000:6=50 666 666 төгрөг/,
мөн талийгаач Ч.Б*******ын дансан дахь мөнгөн хуримтлалаас 155 458 063 төгрөгийг /Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн дансны үлдэгдэл 189 471 812 төгрөг+ дансны үлдэгдэл 379 403 008 төгрөг+ дансны үлдэгдэл 172 142 454 төгрөг+ тоот виза картны үлдэгдэл 3 633 931 төгрөг+ дансны үлдэгдэл 8 018 доллар буюу 8 018х2 441=19 571 938 төгрөг+ виза картны үлдэгдэл 18 923 доллар буюу 46 191 045 төгрөг+ юаний дансны үлдэгдэл 8 733 юань буюу 3 161 346 төгрөг+ Төрийн банкин дахь төгрөгийн дансны үлдэгдэл 124 697 төгрөг=813 700 231:6=135 616 704 төгрөг,
хамтран эзэмшигчтэй данс болох ам.долларын дансны үлдэгдэл 97 070 доллар буюу 236 947 870 төгрөг:2=118 473 935:6=19 745 655 төгрөг,
“М*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 5 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 1 148 450 төгрөгийг:2=574 225:6=95 704 төгрөг, нийт 135 616 704+19 745 655+95 704=155 458 063 төгрөг/
Шүүхээс нэхэмжлэгчид ногдох өвийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “хууль ёсны өвлөгч нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж зааснаар талийгаач Ч.Б*******ын өмчлөлийн хөрөнгийг адил хэмжээгээр буюу хууль ёсны өвлөгчийн тоогоор, 520.6-д “гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд ногдох хэсгийг ...биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй” гэж зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болох орон сууцны талийгаачид ногдох хувиас нь мөнгөн хэлбэрээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Мөн хариуцагчтай хамтран эзэмшдэг дансны мөнгөн хөрөнгө болон компанийн дансанд байрших мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж, түүнээс талийгаач Ч.Б*******од ногдох хэсгээс нэхэмжлэгчид гаргуулах нь үндэслэлтэй байна.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайланд дурдсан эзэмших эрхтэй газрын үнэ болон уг газарт байрлах авто зогсоолын үнэ, авто машины замыг, тээврийн хэрэгслийн үнэлгээнээс бусдад худалдагдсан ДАА улсын дугаартай Audi 200 маркийн автомашиныг үнэлгээнд оруулж тооцоогүй болно.
Банкны хадгаламжийн дансан дахь ам.доллар болон юанийн ханшийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар Худалдаа хөгжлийн банкны харилцан дансны гүйлгээний хуулганд дурдсан Монгол банкны ханш болох юанийг 362,11 төгрөгөөр, ам.долларыг 2 441,63 төгрөгөөр тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Ч.Б*******ыг нас барах үед түүний өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон мөнгөн хуримтлалаас нэхэмжлэгчид ногдох хэсгийг хуваахад 599 146 090 төгрөг /382 100 000+3 000 000+6 201 388+1 720 000+50 666 666+155 458 063=599 146 090 төгрөг/ ногдохоор байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас Алтанбулаг олон улсын худалдааны чөлөөт бүсэд баригдсан обьект, БНХАУ-ын Эрээн хотод байрлах япон авто сэлбэгийн дэлгүүр, Эрдэнэт хотод байрлах япон авто сэлбэгийн дэлгүүр, Шарга морьт дахь зуслангийн 4 байшин, 1 гэр, газрын хамт, ДАА улсын дугаартай Audi 200, алдрын булангийн 500 000 000 төгрөг буюу нийт 900 853 910 төгрөгийг, мобикомын 998 дугаар, “М*******” ХХК-ийн хувьцаа болон 2014 оноос 2016 оны ногдол ашгийг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь “М*******” ХХК, А.У******* нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч “М*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ч.Б*******, А.У******* нар бөгөөд одоо уг компанийн үүсгэн байгуулагч буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хариуцагч А.У******* байх тул нэхэмжлэлийг шүүх А.У*******т холбогдуулан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь ажлын хөлс болох 1 980 000 төгрөг, 220 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөгний баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “...шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэх”-ээр, 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас шинжээчийн ажлын хөлсөнд 11 000 000 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 1 хавтас 171, 2 хавтас 22-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6-д зааснаар хариуцагч А.У*******ээс ногдох өв болох 599 146 090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 853 910 төгрөгийг болон мобикомын 998 дугаар, “М*******” ХХК-ийн хувьцаа, 2014 оноос 2016 оны ногдол ашгийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 3 153 680 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нараас шинжээчийн зардалд 1 100 000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН