Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1953

 

                         

 

 

 

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/01953

Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Дэ.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Иххэт сум, 3 баг Дэнж 2-1 тоотод оршин суух Гүнсэн овогт Очирхуягийн Батбаярын /РД:ЕТ76042714/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Гэгээнтэн цогцолбор барилга 803 тоотод байрлах “Зүүн баян транс” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 13 233 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат /ШТЭҮ-2176/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  О.Батбаяр  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Миний бие О.Батбаяр 13-90 ДГО улсын дугаартай Хово маркийн авто машины эзэмшигч бөгөөд энэ машинаа ашиглан ажил хийж, амьдралаа авч явдаг юм. Уг автомашиныг Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багийн нутаг дэвсгэр болох төмөр замын вокзалын зүүн урд талд түр зогсох хооронд улсын дугааргүй, нүүрс ачсан ковш машин ирж мөргөсөн. Осол болсон 2017 оны 1 сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлт гарч, автомашины үнэлгээ хийгдсэн. Ослын улмаас миний машинд их хэмжээний эвдрэл гарч, ашиглах боломжгүй болсон тул өндөр үнээр засвар хийлгэх шаардлагатай болоод байгаа. Харин аймгийн Прокурорын 2017 оны 2 сарын 03-ны өдрийн 5/25 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэжээ. Энэ хугацаанд "Зүүн Баянтранс” ХХК-иас засвар хийх зардлыг одоог хүртэл өгөөгүй, хохирол барагдуулаагүй байгаа тул машинаа ашиглах ямар ч боломжгүй сул зогсолттой, ажил орлогогүй хэцүү байна.

Иймээс учирсан хохирол болох 12 868 000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 365 000 төгрөг, нийт 13 233 000 төгрөгийг "Зүүн баян транс" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч О.Батбаяр нь 13-90 ДГО улсын дугаартай өөрөө буулгагчийг өмчилдөг юм, гэтэл уг өөрөө буулгагчийг Бат-Эрдэнэ жолоодон явж байхад нь улсын дугааргүй квош мөргөж эвдрэл учруулсан. Цагдаад дуудлага өгсний дагуу үзлэг хийж, эвдрэл гэмтлийг тогтоосон. Осол “Зүүн баян транс” ХХК-ийн жолооч болон тэдний буруутай үйлдлээс болсон гэж гарсан. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээнд хүрээгүй гээд хэрэгсэхгүй болгож, захиргааны шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиун шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн О.Батбаярын нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч “Зүүн Баян Транс” ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

1.2017 оны 1 сарын 13-ны өдөр тээврийн осол гарсан газар нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.12-т заасны дагуу “төмөр замын аюултай бүс” бөгөөд үүнд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хамруулахаар тус хуульд заасан байна. Төмөр замын газрын даргын 2009 оны 1 сарын 29-ний өдрийн 10 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг баталж тээвэрлэлтэд оролцогчид аюултай бүсэд нэвтрэхдээ тухайн суурь бүтэц, тээвэрлэгчийн хүрээнд баримтлах технологийн горим, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллахаар заажээ. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Төмөр замын байгууллага, түүний салбар нэгж, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний технологийн хэвийн ажиллагааг хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагаар зохицуулах бөгөөд тэдгээрийг энэ хуульд нийцүүлэн тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагын дарга батална” гэжээ. Түүнчлэн Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн 2.4-т “Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага аюултай бүсэд үйл ажиллагаа явуулах, объект байрлуулах болон ажиллах аюулгүй ажиллагааны дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг төмөр замын тээврийн хяналтын албаар хянуулан баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу бид Зүүнбаян өртөөний авто тээврийн хэрэгсэл нэвтрэх замнал болон тус өртөөнд үйлчилдэг холбогдол бүхий дүрэм журмыг авчруулахаар ажиллаж байна. “Зүүн Баян Транс” ХХК нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд “Зүүн баян” өртөө нь орон нутагт байрладаг учраас өөрөө олж авах боломжгүй байгаа тул цаг хугацаа орох магадлалтай байна. Үүний дараа замын хөдөлгөөний замнал буюу “Зүүн баян” өртөөний ачилтын замын урсгал хөдөлгөөний бүдүүвч зургийг үндэслэн ослын газрын онцлог, нүүрс ачилтын үед үйлчилдэг дэглэмүүдийг хэрхэн зөрчсөн талаар болсон явдлыг үндэслэн тодорхой тайлбарыг гаргах хүсэлтэй байна.

Түүнчлэн осол гарсан уг газар нь гаалийн хяналтын бүс юм. Өөрөөр хэлбэл уг осол болсон газарт Төмөр замын аюултай бүсийн дэглэмээс гадна гаалийн хяналтын бүсийн журам үйлчилдэг гэдгийг энд онцлон дурдахыг хүсэж байна.

Дээр дурдсан хуулиуд болон эрх бүхий байгууллагуудаас баталсан дээрх журмууд, төмөр замын аюултай бүсийн дэглэм, гаалийн хяналтын бүсийн журмуудыг иргэн О. Батбаяр нь биелүүлэн экспортод гаргаж буй нүүрс ачилтын үед дагаж мөрдөх үүрэгтэй байсан нь тодорхой байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь осол 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд болсон. “Зүүн баян транс” ХХК-ийн жолооч нь ачилт хийгээд ухарсан, гэтэл О.Батбаярын машиныг барьж байсан жолооч нь хойно нь зогссон байснаас болж осол гарсан. Яваад өнгөрчих боломжтой байхад тулгаад зогссон байсан учраас осол гарах шалтгаан нөхцөл болсон. Замын хөдөлгөөний дүрмийг манай жолооч зөрчсөн гэсэн боловч нөгөө машины жолооч бас л дүрэм зөрчсөн, осол гарах шалтгаан нөхцөл болсон байхад дүгнэлт буруу гарсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасан болгоомжгүй үйлдэл гаргасан тул гэм хорыг хариуцахгүй, манайх бас л хохирсон боловч хохирлоо нэхэмжлээгүй. Манай машин одоо хүртэл засагдаагүй байж байгаа гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Батбаяр нь хариуцагч “Зүүн баян транс” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 13 233 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болох автомашины эвдрэл хохиролд 12 868 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 365 000 төгрөг, нийт 13 233 000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар “Зүүн баян транс” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаар зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Бат-Эрдэнэ нь илтэд болгоомжгүй хандаж, ухарч байгаа машины хойноос тулгаж зогссоноос осол болсон гэж маргасан.

 

Хариуцагч “Зүүн баян транс” ХХК-ийн ZL-50F-11 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Гантэгш нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянд ачилт хийж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж, О.Бат-Эрдэнийн жолоодож явсан О.Батбаярын өмчлөлийн 13-90 ДГО улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн прокурорын газрын №5/25 тоот тогтоол, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №06 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-9, 12-22-р хуудас/

 

Зохигч талууд осол болсон үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч нь осол хэний буруутай үйдлийн улмаас гарсан эсэх талаар маргаж, осол гарахад хэн хэний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, жолооч О.Бат-Эрдэнэ нь гэрлээ асаагаагүй явсанаас, тулгаж зогссоны улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №06 тоот Дорноговь аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр “1.Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох төмөр замын вокзалаас зүүн урагш төмөр богино замын хэсэгт нүүрс ачилт явуулж байсан замын хэсэгт ZL-50F-11 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц.Гантэгш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг,

2.Хово маркийн 13-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоотой үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв.

3.Уг зам тээврийн осол нь нүүрс ачилт буулгалт эрхэлж буй “Баянтранс” ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын а, б-д заасан заалтуудыг хангаж үйл ажиллагаа явуулаагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв” гэжээ. /хэргийн 9-р хуудас/

Уг шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “Баянтранс” ХХК нь хариуцагч “Зүүн баян транс” ХХК гэдгийг зохигч талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй зөвшөөрөхгүй гэсэн боловч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзсэн бол Дорноговь аймгийн прокурорын газарт болон шүүхэд нэмэлт, дахин, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах талаар санал, хүсэлтийг гаргаагүй болно.   

Иймд хариуцагч “Зүүн баян транс” ХХК-ийн жолооч Ц.Гантэгшийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон уг компанийн замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг хангаж, үйл ажиллагаа явуулаагүйн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд  хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүний жолооч О.Бат-Эрдэнийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж тайлбарласан нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  “Зүүн баян транс” ХХК нь ZL-50F-11 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байсан, одоо ч засагдаагүй манайд байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт “ZL-50F-11 маркийн тээврийн хэрэгслийн хүлээн авагч буюу хариуцагч байгууллагыг “Монголиантранспортэйшн гейт” гэж тэмдэглэсэн байна.

Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар бус мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хор учруулсны хариуцлагыг хүлээх үүрэгтэй байна гэж үзэв.

Учир нь хариуцагч нь ZL-50F-11 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож байсан Ц.Гантэгшийг “Зүүн баян транс” ХХК-нд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар ZL-50F-11 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож байсан Ц.Гантэгш нь “Зүүн баян транс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил олгогчоос өгсөн заавар журмын дагуу ажил үүрэг гүйцэтгэн цалин хөлс авч байсан тул хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан ажилтантай адилтган үзэхээр байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар өөрийн өмчлөлийн Хово маркийн 13-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 12 868 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 365 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан “Бэст эстимейт” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайланд 13-90 ДГО улсын дугаартай, Хово маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 12 868 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд зохигч талууд автомашины үнэлгээний талаар маргаагүй тул хариуцагчаас эд хөрөнгөд учируулсан хохирол, үнэлгээ хийлгэсэн зардлыг тус тус гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 11-р хуудас/

Гэвч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар гэм хор учрах буюу осол гарах шалтгаан нөхцөл болоогүй боловч осол болох үед 13-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Бат-Эрдэнийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж, автомашины эвдрэл хохирлын үнэлгээнд дурьдсан шууд зардал болох 10 868 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардал болон үнэлгээ хийлгэсэн зардал нийт 2 365 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Л.Түвшинжаргал нь хурлын товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүнийг эзгүйд шүүх хуралдаан явуулсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч “Зүүн баян транс” ХХК-иас гэм хорын хохиролд 10 868 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Батбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 365 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 115 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Зүүн баян транс” ХХК-иас 188 838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Батбаярт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ХУЛАН