Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2544

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01953 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “З б т” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 13 233 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б- 13-90 ДГО улсын дугаартай Хово маркийн автомашины эзэмшигч бөгөөд машинаа ашиглан ажил хийж, амьдралаа авч явдаг. Уг автомашиныг Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох төмөр замын вокзалын зүүн урд талд түр зогсох хооронд улсын дугааргүй, нүүрс ачсан Ковш машин ирж мөргөсөн. Осол болсон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлт гарч, автомашины үнэлгээ хийгдсэн. Ослын улмаас миний машинд их хэмжээний эвдрэл гарч, ашиглах боломжгүй болсон тул өндөр үнээр засвар хийлгэх шаардлагатай болоод байгаа. Харин аймгийн Прокурорын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5/25 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэжээ. Энэ хугацаанд “З б т” ХХК-иас засвар хийх зардлыг одоог хүртэл өгөөгүй, хохирол барагдуулаагүй байгаа тул машинаа ашиглах ямар ч боломжгүй сул зогсолттой, ажил орлогогүй хэцүү байна. Иймээс учирсан хохирол болох 12 868 000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 365 000 төгрөг, нийт 13 233 000 төгрөгийг “З б т” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн осол гарсан газар нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.12-т заасны дагуу “төмөр замын аюултай бүс” бөгөөд үүнд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хамруулахаар тус хуульд заасан байна. Төмөр замын газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тушаалын хавсралтаар баталсан Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг баталж тээвэрлэлтэд оролцогчид аюултай бүсэд нэвтрэхдээ тухайн суурь бүтэц, тээвэрлэгчийн хүрээнд баримтлах технологийн горим, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллахаар заажээ. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Төмөр замын байгууллага, түүний салбар нэгж, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний технологийн хэвийн ажиллагааг хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагаар зохицуулах бөгөөд тэдгээрийг знэ хуульд нийцүүлэн тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагын дарга батална” гэжээ. Түүнчлэн Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн 2.4-т “Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага аюултай бүсэд үйл ажиллагаа явуулах, объект байрлуулах болон ажиллах аюулгүй ажиллагааны дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм журам, зааврыг төмөр замын тээврийн хяналтын албаар хянуулан баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу бид Зүүнбаян өртөөний автотээврийн хэрэгсэл нэвтрэх замнал болон тус өртөөнд үйлчилдэг холбогдол бүхий дүрэм журмыг авчруулахаар ажиллаж байна. “З б т” ХХК нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд Зүүн баян өртөө нь орон нутагт байрладаг учраас өөрөө олж авах боломжгүй байгаа тул цаг хугацаа орох магадлалтай байна. Үүний дараа замын хөдөлгөөний замнал буюу Зүүн баян өртөөний ачилтын замын урсгал хөдөлгөөний бүдүүвч зургийг үндэслэн ослын газрын онцлог, нүүрс ачилтын үед үйлчилдэг дэглэмүүдийг хэрхэн зөрчсөн талаар болсон явдлыг үндэслэн тодорхой тайлбарыг гаргах хүсэлтэй байна.

Түүнчлэн осол гарсан уг газар нь гаалийн хяналтын бүс юм. Өөрөөр хэлбэл, уг осол болсон газарт Төмөр замын аюултай бүсийн дэглэмээс гадна гаалийн хяналтын бүсийн журам үйлчилдэг гэдгийг энд онцлон дурдахыг хүсэж байна. Дээр дурдсан хуулиуд болон эрх бүхий байгууллагуудаас баталсан дээрх журмууд, төмер замын аюултай бүсийн дэглэм, гаалийн хяналтын бүсийн журмуудыг иргэн О.Б- нь биелүүлэн экспортод гаргаж буй нүүрс ачилтын үед дагаж мөрдөх үүрэгтэй байсан нь тодорхой байна. Осол 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд болсон. “З б т” ХХК-ийн жолооч нь ачилт хийгээд ухарсан, гэтэл О.Б-ын машиныг барьж байсан жолооч нь хойно нь зогссон байснаас балж осол гарсан. Яваад өнгөрчих боломжтой байхад тулгаад зогссон байсан учрaac дүрэм зөрчсөн гэсэн боловч нөгөө машины жолооч бас л дүрэм зөрчсөн, осол гарах шалтгаан нөхцөл болсон байхад дүгнэлт буруу гарсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасан болгоомжгүй үйлдэл гаргасан тул гэм хорыг хариуцахгүй, манайх бас л хохирсон боловч хохирлоо нэхэмжлээгүй. Манай машин одоо хүртэл засагдаагүй байж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч “З б т” ХХК-иас гэм хорын хохиролд 10 868 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 365 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 115 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З б т” ХХК-иас 188 838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01953 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө”, 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтэд Howo маркийн 13-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолоодож явсан О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-т “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн, түүнчлэн Д.Б-ын мэдүүлснээр О.Б нь зөвшөөрөлгүй талбай руу Howo маркийн 13-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаж оруулсан байдаг.

Шинжээчийн дээрх дүгнэлт болон Д.Б-ын тайлбараас үзэхэд Howo маркийн 13-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолоодож явсан О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-т заасныг зөрчөөгүй бол осол гарахгүй байсан гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасныг энэ тохиолдолд хэрэглээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжзэ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан. Анхан шатны шүүх гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардал болон үнэлгээний зардлыг хасч тооцон, шууд зардал болох 10 868 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ковш болон Ховоны оператор нар нь тус тус Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, аль аль нь буруутай нь тогтоогдсон тул өөр өөрсдийн техникт учирсан хохирлоо хариуцан арилгах ёстой гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01953 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Б- хариуцагч “З б т” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 13 233 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “З б т” ХХК-ийн ZL-50F-11 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянд ачилт хийж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч О.Б-ын эзэмшлийн машинд хохирол учруулсан болох нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 12-13, 15 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №06 тоот Дорноговь аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр “...ZL-50F-11 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг, Хово маркийн 13-90 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоотой үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч уг дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3-т уг зам тээврийн осол нь нүүрс ачилт буулгалт эрхэлж буй хариуцагч компани нь монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын а, б-д заасан заалтуудыг хангаж ажиллагаа явуулаагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигч талуудын тээврийн хэрэгслүүдийг жолоодож явсан этгээдүүд нь Замын хөдөлгөөний дээрх заалтуудын зөрчсөн буруутай хэдий ч зам тээврийн осол гарсан шалтгаан нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл зогсож байсантай шууд шалтгаант холбоогүй буюу хариуцагч байгууллагын тээврийн хэрэгслийн ухрах үйлдэл /хөдөлгөөн/ хийсэнтэй холбоотой байна.

 

Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан О.Б-ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс осол гарах гол шалтгаан нөхцөл болсон гэх хариуцагчийн тайлбар хангалттай нотлогдоогүй боловч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж анхан шатны шүүх дүгнэж, хариуцагчийн хүлээх гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэсныг буруутгах боломжгүй байна. Үүнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

Нэхэмжлэгч О.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаа гэм буруутай үйлдлээр хохирол учруулсан этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй ба харин тээврийн хэрэгслийн эзэмшигч болох “З б т ХХК-д холбогдуулан гаргасан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасанд нийцжээ. Иймд хариуцагч нь бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй юм.

 

Харин шүүх Иргэний хуульд 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгүүдэд заасан гэм буруутайгаар гэм хор учруулснаас болон байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагын тухай 2 өөр гэм хорын зохицуулалтыг цуг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1” гэснийг “499 дүгээр зүйлийн 499.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 840 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                   

                                          ШҮҮГЧИД                             Н.БАТЗОРИГ     

                    

                                                                                       С.ЭНХТӨР