Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1945

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,      

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, бага дарь эх 7 дугаар гудамж, 1310 тоотод оршин суух Сутай овогт Сосорын Нямдаваагийн /РД:ЦА57012070/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байр, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

Дутуу олгогдсон 11 сарын тэтгэмж 11 819 480 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар  сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, Д.Дэлгэрбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрбадам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сосор овогтой Нямдаваа би 2003 онд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ- д ажилд орж тус байгууллагад тасралтгүй 12 жил ажиллаж байгаад 2015 оны 3 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд хамтын гэрээнд заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжээ авах гэж хөөцөлдсөн боловч надад 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж гаргаж өгсөн. Үлдэгдэл сарын тэтгэмжийг олгохыг хүлээж байтал надруу байгууллагаас утасдаж түр ажиллаж өгөөч гэсэн санал тавьж ажлаас гарахад тэтгэмжийг олгоно гэсэн санал тавьсаны дагуу 2015 оны 9 сарын 18-наас түр гэрээ байгуулан ажилдаа орсон. Би ажлаа хийгээд явж байтал 2017 оны 1 сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр авах нас хүрсэн тул ажпаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэх хуудас надад өгч 2017 оны 1 сарын 31-ний өдрийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2014.1.22-ны өдрийн хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасны дагуу Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаа, санхүү, захиралд хандан 12 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжээ гаргуулж авая гэж амаар болон бичгээр өргөдөл гаргаж өгсөн боловч миний эрх ашгийг хохироож байгууллагын зүгээс уг тэтгэмжийг олгохгүй шүүхээр явж олж ав гэсэн. Мөн Үйлдвэрчний хороонд хандан шийдвэрлүүлэхийг хүссэн боловч Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй учир Нийслэлийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд ханд гэсэн. Салбар хороонд хандсан бөгөөд тус хорооноос тэтгэмжийг олгоно уу гэсэн албан бичиг Г.Төмөрбаатар даргад хүргүүлсэн боловч надад ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Тус байгууллагад би 12 жил ажилласан. Иймд “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-аас 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжээс авахаас 1 сарын тэтгэмж болох 1 074 498 төгрөг авж үлдэгдэл 11 сарын тэтгэмж болох 11 819 480 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь байгууллагадаа тасралтгүй 12 жил ажилласан. Энэ сүүлд гарч ирээд байгаа тушаалууд нь үндэслэлгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй байна. 6 сарын акттай байхад 4 сараар бөглөсөн, мөн чөлөө өгнө үү гэсэн байхад ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж ажилтны эрх ашгийг нь зөрчиж байсан байна. 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу тэтгэмж олгож, ажилласан хугацааны амралтын тооцоог хийх болно гэсэн байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч нь байгууллагадаа тасралтгүй 12 жил ажилласан гэдэг нь нийгмийн даатгалын дэвтэрээр нь тогтоогдож байгаа, тиймээс хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж авах эрх үүссэн. Тэтгэмжийг олгох талаар мэдэгдэх хуудсанд заасан тул дутуу олгогдсон тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч С.Нямдаваа нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 025 тушаалаар жолоочоор ажилд орж 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 47 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/215 дугаар тушаалаар дахин жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/301 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжпэгч С.Нямдавааг өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 074 498 төгрөгийг 2015 оны 4 дугаар сарын 01-ний өдрийн Б/477 дугаар тушаалаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр “Автобус-1” нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлаж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон энэ Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжыг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөнө, нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөлөлийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан.

Мөн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцоллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй энэ асуудлыг гацаанд оруулж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хамтын гэрээ хүчингүй болсон дагаж мөрдөхгүй, мөн нэхэмжлэгч нь байгууллагад тасралтгүйгээр 12 жил ажиллаагүй, тэтгэмж авснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нямдаваа нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан дутуу олгогдсон 11 сарын тэтгэмж 11 819 480 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь тус байгууллагад тасралтгүй 12 жил ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гарахад 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаар хамтын гэрээнд заасан байхад 1 сарын тэтгэмжийг олгож, эрх зөрчсөн гэсэн.

Хариуцагч нь “Автобуснэг” ОНӨҮГазар нь татан буугдсан учир хамтын гэрээг дагаж мөрдөхгүй, нэхэмжлэгч нь тасралтгүй 12 жил ажиллаагүй тул 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч С.Нямдаваа нь 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №025 тоот Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобуснэг” компанийн захирлын тушаалаар Чингэлтэй бригадад жолоочоор ажилд орж, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №Б/301 тоот “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар тус нэгтгэлийн Нэгдүгээр баазын 3 дугаар хэсгийн жолоочоор ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон ажлаас чөлөөлсөн тушаалаар тус тус нотлогдож байна. /хэргийн 10-11, 41-р хуудас/

Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/1350 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн, ЦА57012070 регистрийн дугаартай Сосорын Нямдавааг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс түр гэрээгээр тус нэгтгэлийн Нэгдүгээр баазад нийтийн тээврийн дунд оврын /Country/ автобусны жолоочоор ажиллуулж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №Б/17 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцласан байна. /хэргийн 8, 42-р хуудас/

 Зохигч талууд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс түр гэрээгээр ажиллаж байсан талаараа маргаагүй болно.

 Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №Б/17 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу тэтгэмж олгохоор заасан тул дутуу олгогдсон 11 сарын тэтгэмжийг гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгохоор 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №Б/1350 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №Б/477 тоот тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн хамтын гэрээнд зааснаар тасралтгүй 12 жил ажилласан гэж үзэхгүй гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-нд жолооч ажилтай Нямдаваа та бүрэн тэтгэврийн нас хүрсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.3 дугаар зүйлийг үндэслэн 2016 оны 12 сарын 23-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх болохыг мэдэгдье. Таныг ажлаа хүлээлгэж өгч тооцоо дууссаны дараа байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу тэтгэмж олгож, ажилласан хугацааны амралтын тооцоог хийх болно” гэжээ. /хэргийн 7-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан доорх хэмжээгээр тэтгэмж олгоно. 11-15 жил ажилласан бол 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно“ гэж заасан байна.

Хариуцагч нь хамтын гэрээ нь хүчин төгөлдөр бус дагаж мөрдөхгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий зүйлд “хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх тул уг хамтын гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж дүгнэв. /хэргийн 24-25-р хуудас/

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг тасралтгүй 11-15 жил ажиллаагүй, ажлаас чөлөөлөгдөж, дахин хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь түүний байгууллагад гаргаж байсан хүсэлтүүд, мөн ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон тушаалуудаар нотлогдоно гэж, нэхэмжлэгч нь тасралтгүй 12 жил ажилласан, хамтын гэрээнд заасан тэтгэвэр авах эрх үүссэн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болон бичилт хийгдсэн нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдоно гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын №А187593 тоот дэвтэр, түүний үргэлжлэл болох №А0240525 тоот дэвтрийн бичилтээр 2001 оны 9 сараас 2006 оны 10 сар хүртэл, 2007 оны 1 сараас 2008 оны 9 сар хүртэл, 2008 оны 11 сараас 2009 оны 5 сар хүртэл, 2009 оны 7 сараас 2012 оны 3 сар хүртэл, 2012 оны 7 сараас 2015 оны 1 сар хүртэл, 2015 оны 9 сараас 2016 оны дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл болон түүний ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон тушаалуудаар нэхэмжлэгч нь Автобус3 компанид жолоочоор 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №167 тоот тушаалаар орж, 2003 оны 3 сарын 14-ний хүртэл, Автобуснэг компанид жолоочоор 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №25 тоот тушаалаар орж, 2006 оны 10 дугаар сарын 27-ны  өдрийг хүртэл ажиллаж байгаад 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №47 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Автобуснэг компанийн захирлын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №57 тоот тушаалаар Чингэлтэй бригадад жолоочоор орж, 2012 оны 4 дүгээр сарын 25-ны хүртэл ажиллаж байгаад 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №Б-119 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №Б-215 тоот тушаалаар дахин Чингэлтэй бригадад жолоочоор ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №Б/301 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5 жил, 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 5 жил, 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2 жил 8 сар буюу нийт 12 жил 8 сар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчид “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №Б/477 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 1 074 498 төгрөгийг олгосон болох нь нэхэмжлэгчийн Улаанбаатар хотын банкны депозит дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй болно. /хэргийн 40, 74-р хуудас/

Хөдөлмөрийн гэрээний буюу хамтын гэрээний нэг тал болох нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх нь өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №Б/477 тоот тушаал гарснаар, мэдэх ёстой байсан буюу 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тэтгэмжид 1 074 498 төгрөгийг шилжүүлснээр үүссэн байна.

           Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн гэдгийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн тушаал гарснаар мэдсэн, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр түр гэрээгээр ажилд авахдаа тэтгэмжийг нөхөн олгохоор тохиролцсон гэсэн боловч энэ талаар баримтаар нотлоогүй болно.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр бус нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн гэрээг цуцласан болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь эрх зөрчсөн талаарх гомдлыг холбогдох байгууллагад гаргаж байсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 тоот зөвлөмж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус 1-р баазын ажилтны ҮЭХ-нд 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр гаргасан өргөдөл, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 340 тоот Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобусны 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны албан бичиг, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны “С.Нямдавааг 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тэтгэмжтэй холбоотой өргөдөл гаргасан, өргөдлийн эх хувийг хавсарган ирүүлсэн” гэх 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 тоот албан бичгээр нотлогдоно гэсэн боловч нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн эсэх талаар холбогдох байгууллагад хууль заасан хугацаанд хандаагүй байна гэж үзэв. /хэргийн 14, 18, 75-77-р хуудас/

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандсанаас хойш дахин эрх нь зөрчигдсөн талаар гомдлыг зохих байгууллагад гаргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь гомдлоо хуульд заасан хугацаандаа гаргаагүй нь ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбарлаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

           1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар С.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох дутуу олгосон 11 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 11 819 480 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ХУЛАН