Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 51

 

С.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01945 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Нгийн, хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан дутуу олгогдсон 11 сарын тэтгэмж 11 819 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч С.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2003 онд “ЗТН” ОНӨААТҮГ-т ажилд орж, 2015 оны 3 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд хамтын гэрээнд заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжээ авах гэж хөөцөлдсөн боловч надад 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж өгсөн. Үлдэгдэл сарын тэтгэмжийг олгохыг хүлээж байтал над руу байгууллагаас утасдаж, түр ажиллаж өгөөч, таныг гарахад тэтгэмжийг олгоно гэх саналыг тавьсны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс түр гэрээ байгуулан ажилдаа орсон. Хариуцагч байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр авах нас хүрсэн тул ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэх хуудас өгч, 2017 оны 01 дүгээр сарын сарын 31-ний өдрийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

            2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасны дагуу ЗТН ОНӨААТҮГ-ын захиргаа, санхүүгийн албаны захиралд хандан 12 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжээ гаргуулж авахаар амаар болон бичгээр өргөдөл гаргасан боловч байгууллагын зүгээс уг тэтгэмжийг олгоогүй. Мөн Үйлдвэрчний хороонд хандан шийдвэрлүүлэхийг хүссэн боловч хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Нийслэлийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд ханд гэсэн. Салбар хороонд хандсан бөгөөд тус хорооноос тэтгэмжийг олгох тухай албан бичиг Г.Т даргад хүргүүлсэн боловч надад ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Тус байгууллагад би 12 жил ажилласан. Иймд “ЗТН" ОНӨААТҮГ-аас 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авахаас 1 сарын тэтгэмж болох 1 074 498 төгрөг авсан, үлдэгдэл 11 сарын тэтгэмж болох 11 819 480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн жолоочоор ажилд орж, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/215 дугаар тушаалаар дахин жолоочийн ажилд томилогдож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/301 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжпэгч С.Нг өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 074 498 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/477 дугаар тушаалын дагуу олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ Үйлдвэрчний эвлэл, “Автобус-1” ОНӨААТҮГ нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3156 тоот албан бичгээр 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн. Учир нь “Автобус-1” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “ЗТН” ОНӨААТҮГ гэж байгуулагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг мөрдөж ажиллаж байна. “ЗТН” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, “Автобус-1” баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо, “Автобус-2” баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо, “Автобус-3” баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон дээрх гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжид үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөнө, нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн хэлэлцээр байгууллагад хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээр хийгдэж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 дугаар тоотын дагуу хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр Үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээ байгуулахгүй, энэ асуудлыг гацаанд оруулж байна. Хамтын гэрээ хүчингүй болсон дагаж мөрдөхгүй, мөн нэхэмжлэгч нь байгууллагад тасралтгүйгээр 12 жил ажиллаагүй, тэтгэмж авснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар С.Нгийн нэхэмжлэлтэй, “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох дутуу олгосон 11 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 11 819 480 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/87 тоот тушаал, “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэсэн. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас авч, мөн сарын 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хамтын гэрээний 8.5-д заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох тэтгэмжийн дутууг гаргуулахаар шүүхэд хандсан. Мөн мэдэгдэх хуудсанд бүрэн тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэе гэж тусгасныг шүүх анхаараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч С.Н нь шүүхэд хандан, “ЗТН” ОНӨААТҮГазраас 11 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 11 819 480 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ “... хамтын гэрээ хүчингүй болсон, .... тасралтгүй ажиллаагүй, ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан... ” гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч С.Н, хариуцагч байгууллагад 2003 оны 3 дугаар сараас жолоочоор ажилд орж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир “ЗТН” ОНӨААТҮГазрын захирал 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/301 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/477 дугаар тушаалаар 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 074 498 төгрөг олгосон байна. Зохигчид энэ үйл баримтын хувьд маргаагүй, харин хамтын гэрээний үйлчлэл, нэхэмжлэгчийн ажилласан хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааны талаар маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч “Автобус-1” ОНӨҮГазар, ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулж, талууд гэрээний холбогдох заалтуудад 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулахдаа 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан тэтгэмж олгохоор хэмжээ тогтоож, уг гэрээг шинээр гэрээ байгуулагдах хүртэл хүчин төгөлдөр байхаар заажээ. /хх-23-24 дүгээр тал/

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1”, “Автобус-3” ОНӨҮГазар, “Цахилгаан тээвэр” НӨҮГазруудыг татан буулган, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан “ЗТН” ОНӨААТҮГазарт нийлүүлснээр “Автобус-1“ ОНӨҮГазрын эрх залгамжлан авсан этгээд болсон үйл баримт тогтоогдсон байна.

 

Эрх залгамжлагч “ЗТН” ОНӨААТҮГазар болон ажилтны төлөөлөгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцээ хийж шийдвэрлээгүй, шинэ хамтын гэрээний төсөл солилцон ажиллаж байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтаар нотлогдож байна. Иймээс өмнөх хамтын гэрээний үйлчлэл хэвээр мөрдөгдөх тул өмнөх хамтын гэрээний үйлчлэлийн талаар маргаж байгаа хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Түүнчлэн гэрээний талууд хамтын гэрээг шинэчлэн байгуулаагүй нь нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

 

Харин нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацааг буруу тодорхойлжээ. Учир нь С.Нгийн тэтгэмж гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэл нь Автобус-1 /хуучин нэрээр/ компани болон тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан хамтын гэрээ юм.

 

Нэхэмжлэгч С.Нд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаатай холбогдуулан хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГазраас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон байх ба үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдлоо Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргаж байсан нь хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн хандсан байгууллага нь уг маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш ч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журам болон гомдол гаргах хугацааг зөрчсөн гэх боломжгүй тул анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн “... надад түр ажиллах санал тавьж, ажлаас чөлөөлөгдөхөд тэтгэмжийг олгоно” гэсэн гэх тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүйн гадна С.Нг хариуцагч байгууллагын захирал 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1350 тоот тушаал гарган, хөдөлмөрийн түр гэрээгээр мөн сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Нэгдүгээр баазад дунд оврын автобусны жолоочоор ажиллуулж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлжээ. Үүнээс дүгнэхэд хариуцагч тал, нэхэмжлэгчтэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулснаар хамтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тушаал гарснаар арилах ба энэ үеэс хугацааг үргэлжлүүлэн тоолно.

 

Нэхэмжлэгч С.Н, дутуу тэтгэмж олгогдсон талаарх гомдлоо Үйлдвэрчний эвлэлийн хороо, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гаргаж, хариугаа аваад шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хандсан нь хэргийн 6, 14-18 дугаар хуудсанд авагдсан албан бичиг, өргөдөл зэрэг баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч, хариуцагч байгууллагад тасралтгүй 12 жил ажилласан, хамтын гэрээнд заасан шатлалаар 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй гэх үндэслэлээр хариуцагчаас дутуу олгосон 11 сарын тэтгэмж нэхэмжилсэн. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл С.Нгийн тасралтгүй ажилласан хугацаа нь 8 жил 2 сар 10 хоног байх тул хамтын гэрээний 8.5-д зааснаар 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй. Иймээс нэхэмжлэгчид түүний авсан 1 сарын тэтгэмж болох 1 074 498 төгрөгийг 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийн хэмжээнээс хасч олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцэж байна. /9 сар х 1 074 498-1 074 498/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Нийслэлийн ЗТН ОНӨААТҮГазраас 8 595 984 /найман сая таван зуун ерэн таван мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 223 496 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01945 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ЗТН ОНӨААТҮГазраас 8 595 984 /найман сая таван зуун ерэн таван мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 223 496 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “57 дугаар зүйлийн 57.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагчаас 152 485 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

  ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                Ч.ЦЭНД