Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2017/00084/И |
Дугаар | 183/ШШ2017/01867 |
Огноо | 2017-09-07 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2017/01867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Э /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц ХХК-нд /РД:******/ холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 25 000 000 төгрөг, торгууль 10 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагч М.Б*******, түүний өмгөөлөгч С.Г******* /ШТЭҮ-2177/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие “Ц*******” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь ажлын хөлсөнд нийт 25.000.0000 төгрөг төлөхөөс 40 хувийг урьдчилгаа хэлбэрээр төлж гүйцэтгэгч тал нь материалыг гарган 1 давхар 48 м.кв талбайтай, өвлийн дулаалгатай дүнзэн байшинг миний эзэмшлийн С******* дүүргийн *******, ******* байрлах 1400 м.кв газарт тохирсон загвар материалын дагуу 2015 оны 9 дүгээр сарын 20-ны дотор барьж гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараагаар төлбөрийн үлдэгдэл 60 хувийг төлөхөөр тус тус харилцан үүрэг хүлээж тохиролцсон. Улмаар “Ц*******” ХХК-ны ажлын гүйцэтгэл гэрээгээр тохирсон хугацаанаасаа хоцорч эхэлсэн бөгөөд бидэнд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тайлбар хүргүүлэх тухай 5 тоот тус компанийн гүйцэтгэх захирал М.Б*******гийн гарын үсэгтэй албан бичиг ирсэн ба үүнд ажлын явц 75 хувьтай явж байгаа санхүүгийн доголдлоос шалтгаалан танай барилгыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа тухай мэдэгдсэн байна. Өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалсан байшин маань бэлэн болоогүй байгаа ба бидний зүгээс нөхцөл байдлыг ойлгон “Ц*******” ХХК-д хангалттай нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Ийм байдлаар ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний хугацаа гүйцэтгэгч талд нэмэлт хугацаа олгон бүтэн жил буюу өнөөдрийн байдлаар 451 хоног өнгөрөөд байхад бүрэн ашиглалтад ороогүй явж байгаад төлбөрөө бүрэн төлж барагдуулсан захиалагч миний хувьд маш их хохиролтой байна. Гүйцэтгэгч тал үүргээ ноцтойгоор зөрчсөн тул захиалагч тал гэрээнээс татгалзаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор 25.000.000 төгрөг болон торгууль 10.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг Ц******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж ажлын хөлсийг бүрэн төлсөн боловч хариуцагч нь тохирсон хугацаандаа байшингаа бариагүй, түлхүүр гардуулахад төлбөрийн 60 хувийг өгөх байсан боловч санхүүжилт хийх хэрэгтэй гээд Нэмэлт гэрээ хийж төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл бүтэн 2 жил болж байхад байшин ч үгүй, мөнгө ч үгүй байна. Иймд бид хангалттай хүлээсэн, харсан эвийн журмаар шийдвэрлэнэ гэхээр энэ жилдээ чадахгүй, дараа жил 3 сараас барина гэж байгаа, гэтэл тэгээд ч барихгүй бол хэцүү болно. Байшинг 80 хувийн гүйцэтгэлтэй гэдгийг зөвшөөрөхгүй, яаж ийм байшинг 80 хувийн гүйцэтгэлтэй гэх юм бэ. Бүтэн 2 жил дуусгачих боловч уу гэж харсан учир гэрээнээс татгалзаж, төлсөн 25 000 000 төгрөгөө гаргуулах, нэмэлт гэрээний дагуу торгууль 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани захиалагч А.Э*******гийн хүсэлтээр 25.000.000 төгрөгийн зарцуулалттайгаар захиалгын барилгыг өнөөдрийн байдлаар 80 хувийг гүйцэтгэн санхүүжилт дуусан зогссон байгаа. Бид уг барилгыг гэрээний хугацаанд дуусган хүлээлгэн өгч чадаагүй нь барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан бид үүнийгээ зохицож чадаагүй нь үнэн.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, бид үргэлжлүүлэн барьж дуусгана гэвэл энэ жилдээ амжихгүй, дараа жилийн буюу 2018 оны 3 сараас эхлүүлэн барьж өгч бол болно. Түүнээс 35 000 000 төгрөг гаргуулахыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн хөлсөнд төлсөн 25 000 000 төгрөгний 80 хувьд нь байшинг нь барьчихсан, барилгын үнэ нэмэгдээд зогссон учир гүйцээгээд өгчихье, чанарын шаардлага хангахгүй гээд байгаа моднуудыг нь шинээр солиод өгье гээд байгаа юм. Байшингийн суурь нь тавигдаад торх нь боссон, нуруу нь хийгдсэн болохоор 80 хувийн гүйцэтгэлтэй гэж үзнэ. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа. Одоо бол дотор гадар заслын ажил, дээвэр өнгөлгөө гээд л 20 хувийн гүйцэтгэл л дутуу байгаа. Бид гэрээ байгуулахдаа байшинг 25 000 000 төгрөгөөр тохирсон нь бага үнэ байсан, манай ажилтны буруугаас болоод үнийг багаар тохирсон байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э******* нь хариуцагч “Ц*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 25 000 000 төгрөг, торгууль 10 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч А.Э******* нь хариуцагч “Ц*******” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр №040 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, хариуцагч нь нэг давхар 48 м.кв өвлийн дулаалгатай дүнзэн байшинг өөрийн материалаар 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртлэх 30 хоногийн хугацаанд гүйцэтгэж, нэхэмжлэгчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцож, ажлын хөлсөнд 25 000 000 төгрөгийг төлж, мөн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтөөр ажил гүйцэтгэх хугацааг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт, өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаагаар тус тус сунгасан болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-6, 8, 85-р хуудас/
Зохигч талууд 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №040 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” болон 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт, өөрчлөлтүүдийг байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 25 000 000 төгрөгийг төлсөн талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргийг зөрчиж, дүнзэн байшин барьж гүйцэтгэх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй 2 жил болж байгаа тул гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 25 000 000 төгрөгийг, гэрээнд заасан торгууль 10 000 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.
Хариуцагч нь барилгын материалын үнэ өссөн, ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 25 000 000 төгрөгт байшингийн торх л боссон, анхнаасаа тооцооллоо буруу гаргаж, төөрөгдөлд орсон тул хугацаандаа байшинг дуусгаж чадаагүй, ажлын үр дүн 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа тул гэрээнээс татгалзах шаардлагыг зөвшөөрөхгүй, 2018 оны 3 сараас эхлэн байшинг барьж дуусгах боломжтой гэж маргасан.
Зохигч талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №040 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.2-д “ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 30 хоног, 2015 оны 8 сарын 20, суурь сутгах 2 хоног, бэхжилт 4 хоног, өрлөг 10 хоног, хаалга, цонх дээвэр шал тааз сан 14 хоног, ажил эхлэх хугацаа 2015 оны 8 дугаар сарын 20, ажил дуусах хугацаа 9 дүгээр сарын 20” гэж,
мөн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт өөрчлөлтийн 1.1-д “...2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр түлхүүр хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа гүйцэтгэж дуусаагүй тул “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгав”,
2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт, өөрчлөлтийн 1.1-д ...“Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгав”, 1.2-д “гүйцэтгэгч тал нь захиалагч талд 2016 оны 7 дугаар сарын 20-ны дотор энэхүү гэрээний 1.1 дэх хэсэгт заасан дүнзэн байшинг бүрэн ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж тус тус харилцан тохиролцсон боловч гэрээ болон гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан хугацаанд уг ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй болох нь зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлын хөлсийг төөрөгдөлд орж өөрт хохиролтойгоор тохиролцсон, 25 000 000 төгрөгт дүйцсэн ажлыг хийж гүйцэтгэсэн, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, барилгын материал үнэ өссөний улмаас ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй гэж тайлбарласан.
Зохигч талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д “гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 25 сая төгрөг байна” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд ажлын хөлсөнд 25 000 000 төгрөгийг төлсөн талаар хэн аль нь маргаагүй, хэрэгт авагдсан мөнгө тушаасан жагсаалт, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5, 9, 10-16-р хуудас/
Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн 1.4-д “2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1 дэх хэсэгт заасан төлбөрт Барилгын ажлын гүйцэтгэлд холбогдох материалын болон бусад зардал, ажлын хөлс зэрэг гарч болох бүхий л зардлууд багтсан болно” гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №005 дугаартай “Ц*******” ХХК-ийн А.Э******* хүргүүлсэн тайлбарт “2015.11.25-ны байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Санхүүгийн доголдол гарч таны барилга хугацаа хойшлолттой байгаад хүлцэл өчье. Уг барилгыг 2015.12.25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг мэдэгдье” гэсэн нь барилгын материалын үнэ өссөн, нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд шилжүүлсэн 25 000 000 төгрөг нь ажилд хүрэлцэхгүй байсан, ажлын хөлсийг төөрөгдөлд орж багаар тохирсон, энэ талаар мэдэгдсэн гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 17-р хуудас/
Хариуцагчаас барилгын 80 хувийг хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаж байгаа гэж, нэхэмжлэгчээс зөвхөн гадна торхыг босгосон, хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байгаа гэж мэтгэлцэж шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ажлын гүйцэтгэлийн талаар шинжээч томилсон. /хэргийн 41-76-р хуудас/
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 236 дугаартай дүгнэлтэд: “1.Дүнзэн барилгыг түлхүүр гардуулж өгөх нөхцлөөр 25 000 000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаа тохирсон нь нэмэгдэл зардал, байгууллагын ашиг, НӨАТ, магадлашгүй ажлын зардлууд тусгагдаагүй, мөн барилгын зарим материалыг бага үнээр тусгаж тохирсон байна. 2015 оноос өнөөг хүртэл барилгын салбарт үнийн өсөлт маш бага байсан ба зуслангийн барилга, дүнзэн барилгуудыг гүйцэтгэх ажлын зардал өсөөгүй байна.
2.Ц******* ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэх ажлын үнэ 10 672 240 төгрөг ба энэ нь гэрээт ажлын 42,46 хувь нь болж байна. Гэхдээ дүнзэн барилгыг бариад 2 жил болсон чанарын хувьд муу дүнз хэрэглэсэн зэргээс хамаарч элэгдэл тооцож оруулах зайлшгүй шаардлагатай.Энэ барилгад хэрэглэсэн дүнзийг цаашид ашиглах бол сэргээн завсарлах шаардлагатай. Барилга зогсоо 1,5 жил болсон гэвэл элэгдэл нь 10 672 240 х1,5 жил х10хувь=1 600 836 төг ба үлдэгдэл өртөг буюу дүнзэн барилгын өнөөгийн бодит үнэ 9 071 400 төгрөг болж байна. 1 672 240-1 600 836=9 071 400 төг болно. Ингэхэд барилгыг цаашид бүрэн зардал нь 25 137 000 төг-9 071 400=16 065 600 төг болно. Барилгыг ашиглалтад оруулахад 16 065 600 төгрөг шаардлагатай.
3.Гэрээ цуцласан тохиодолд барилгын эд ангиуд буюу бүрдэл хэсгийн ямар хэсгийг салгаж болон дахин ашиглаж болох материалын үнэ цэн 3 316 681 төгрөг болно.
4.Барилгад ашигласан дүнзэн материал нь чанарын шаардлага хангахгүй ба хэрэв цаашид ашиглах зайлшгүй шаардлагатай бол нэмэлт арга хэмжээ авна” гэж заасан байна. /хэргийн 50-52-р хуудас/
Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, 2 өөр газар шинжээчээр томилогдоод 2 өөр дүгнэлт гаргасан байгаа нь эргэлзээтэй гэж маргасан боловч энэ талаараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбараа баримтаар нотлоогүй тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч “Ц*******” ХХК нь хэлэлцэн тохирсон гэрээнд заасан хугацаандаа дүнзэн байшинг барьж гүйцэтгэх ажлаа хийж гүйцэтгээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан боловч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.3-д заасны дагуу гэрээнээс татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй, хариуцагч нь 225 дугаар зүлийн 225.4-д заасан үндэслэл байгаа эсэх нь баримтаар нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлт” гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан талаар хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно.
Хариуцагч “Ц*******” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар дүнзэн байшинг барих ажлыг гүйцэтгэж, захиалагчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “гэрээний талууд гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид ажлын хөлсөнд төлсөн мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд төлсөн 25 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч нь 9 071 400 төгрөгний ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул 15 928 600 төгрөгийг /25 000 000-9 071 400=15 928 600/ гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул торгуульд 10 000 000 төгрөгийг нэхэмжилж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс хохирол гэж тайлбарласан, хариуцагч нь торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.6-д “талууд гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэрээний үндсэн үнэ болох 25 000 000 төгрөгний 40 хувиар торгууль төлнө” гэж харилцан тохиролцжээ. /хэргийн 8-р хуудас/
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 232 дугаар зүйлийн 232.5-д “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан ...анзыг торгууль гэнэ” гэж заасан боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж торгуулийг гэрээний үндсэн үнэ болох 25 000 000 төгрөгний 40 хувиар тооцож, 10 000 000 төгрөгийг нэхэмжилснийг торгуулийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 15 928 600 төгрөгний 50 хувиар тооцож, 7 964 300 төгрөгийг /15 928 600:2=7 964 300/ гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд хариуцагч “Ц*******” ХХК-иас ажлын хөлсөнд төлсөн 15 928 600 төгрөг, торгууль 7 964 300 төгрөг /15 928 600 +7 964 300=23 892 900/ нийт 23 892 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Э*******д олгохоор шийдвэрлэв.
Зохигч талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 8.3-д “талуудын хооронд маргаан гарвал талууд үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл аливаа маргаантай асуудлыг Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол улсад эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байх боловч 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлт”-ийн 1.9-д “...шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж харилцан тохиролцсон тул шүүх хэргийг харьяаллын дагуу шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс зохигчийн хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн ажлын хөлс болох 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн кассын орлогын ордероор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “...шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэх”-ээр, 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар хариуцагч “Ц*******” ХХК-иас шинжээчийн зардалд 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. /хэргийн 40-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.3, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч “Ц*******” ХХК-иас 23 892 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 107 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 277 414 төгрөг, шинжээчийн зардалд 250 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН