Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1451

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/01451

 

 

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсанд өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-15 тоотод оршин суух Хатиган овогт Цэрмаагийн Ганболд /РД:ЖЮ64062838/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-16А тоотод оршин суух Сарагчин овогт Өлзийгийн Шуурай /РД:ТВ50701063/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-16А тоотод оршин суух Орхон овогт Түшээ гүн овогт Жаргалсайханы Анхбаяр /РД:85062485/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-11 тоотод оршин суух Боржигон овогт Дэмчигдоржийн Оюунбилэг /РД:ЧС13121885/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 12 дугаар гудамжны 13а тоотод оршин суух Маньдар овогт Батсүхийн Даваасүрэн /РД:ПИ75051203/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-16 тоотод оршин суух Боржигон овогт Цэвэлмаагийн Төмөртогоо /РД:ЧК52042102/ нарт холбогдох,

Сургуулийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал /ШТЭҮ-1486/, хариуцагч Ж.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа /ШТЭҮ-1011/, хариуцагч Ц.Ганболд, хариуцагч Ө.Шуурай, Ц.Төмөртогоо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 32 дугаар сургууль нь Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 558 тоот гэрчилгээ, 2008/558 тоот гурвалсан гэрээгээр хуулийн дагуу газар ашигладаг. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар манай сургуулийн ашиглаж байгаа газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 300 м2 газар эзэмших эрхийг олгосон. Тус сургуулийн ашиглаж буй газарт хууль зөрчиж олгосон эрхийг Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон. Мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүний дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/479 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09/336, 09/337, 09/338, 09/339, 09/340, 09/341 тоот албан бичгүүд, сургуулийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 71, 72, 73, 74, 75, 76 тоот албан бичгүүдээр тус тус газар чөлөөлөх шаардлагыг зөвшөөрөлгүй буусан айлуудад буюу иргэн Ц.Ганболд, Ө.Шуурай, Б. Даваасүрэн, Д.Оюунбилэг, Н.Анхбаяр, Ч.Төмөртогоо нарт хүргүүлж газрыг тогтсон хугацаанд чөлөөлж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна.

Ийм учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сургуулийн газрыг албадан чөлөөлж манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 32 дугаар сургууль нь Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 558 тоот гэрчилгээ, 2008/558 тоот гурвалсан гэрээгээр 0,79 га газрыг сургуулийн зориулалтаар хуулийн дагуу газар ашигладаг. Уг гэрчилгээгээр 0,79 га газар буюу гэрчилгээнд зааснаар А талбайд 0,69 га, Б талбайд 0,098 га талбай хамаарч байгаа. Хариуцагч нар нь сургуулийн аж ахуйн хашаа байсан газар буюу одоо Б талбай болох 0,098 га талбайд тухайн үедээ сургуульд ажиллаж байсны хувьд түр буучихаад одоо газар чөлөөлж өгөхгүй асуудал үүссэн. Хариуцагч Ц.Ганболд, Ж.Анхбаяр нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж маргадаг боловч уг гэрчилгээ нь хүчингүй болсон, мөн Ц.Ганболдын газар эзэмших эрх олгосон шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болсон. Харин хариуцагч Ө.Шуурай, Ц.Төмөртогоо гуай нарын хувьд ямар нэгэн эрхийн актгүйгээр уг газарт оршин сууж байгаа, энэ хүмүүс оршин сууж байгаа газар нь сургуулийн аж ахуйн хашаа биш, аж ахуйн хашаа өөр газар байсан гэж маргаж байгаа боловч газрын кадастрын зургаар хариуцагч нарын амьдарч байгаа газар нь сургуулийн аж ахуйн хашаа болох 0,098 га талбайд хамаарч байгаа бөгөөд уг газар нь сургуулийн аж ахуйн хашаа байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Газрын кадастр зөрүүтэй гээд байсан боловч бид дахин лавлагаа гаргуулж авсан, үүнд тодорхой байгаа. Тиймээс ямар нэгэн эрхийн актгүй, сургуулийн газарт оршин сууж, сургуулийг уг газраа ашиглахад нь саад учруулж байгаа учир хариуцагч Ц.Ганболд, Ж.Анхбаяр, Ц.Төмөртогоо, Ө.Шуурай нарыг сургуулийн газраас албадан нүүлгэж, газар чөлөөлж өгнө үү. Харин хариуцагч Даваасүрэн, Оюунбилэг нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас бид тэдэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа гэв.

 

Хариуцагч Ц.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхнэр 3 хүүхдийн хамт Хан-уул дүүргийн 11-р хороо, 5-р хэсэг Соёмбот 1-15 тоотод амьдардаг. Дээд боловсролтой, багш мэргэжилтэй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан группт байдаг. Ц.Ганболд миний бие нь 1997 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 32-р сургуульд багшаар тасралтгүй 11 жил ажилласан. Тус сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга, 11-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж ирсэн. Энэ хугацаанд өөрийн гэр оронг тус хорооны нутаг дэвсгэр болох Соёмбот 1-р гудамж 15 тоот гэх газар албан ёсны бүртгэлтэйгээр суурьшин хаяг дугаартай амьдарч ирсэн болно. Тус газарт 32-р сургуулийн ганц ч хашааны шон, хаалга үүд, банз байхгүй байхад бидний хашаанд та нар зөвшөөрөлгүй буусан гэж элдэв янзаар хэлж иргэний эрхийг зөрчин удаа дараалан шүүхээр хэлэлцэн маргалдаж ирсэн юм. Иргэн миний хууль ёсны эрх,  эрх чөлөөг үл хэрэгсэн Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулинд заасан зохих ёсны зүйл заалтыг ноцтой зөрчин зөвхөн өөрсдийн эрх мэдэл, ашиг сонирхолд хөтлөгдөн тус сургуулийн захирал Г.Мөнхбаяр, захирал асан Б.Балган нар үгсэн миний оршин суух иргэний эрхийг зөрчин байгаа нь надад хуулийн дагуу олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших 0183518 тоот эрхийн гэрчилгээ, кадастрын зураглал, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 сарын 13-ны өдрийн 224 тоот шийдвэрийг тус тус үл хэрэгсэн өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, шүүхийн шийдвэрүүдийг гаргуулан маргалдаж байгааг үл зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Маргалдагч 2 тал болох 32-р сургууль /захирал Г.Мөнхбаяр/, иргэд бидний эрх ашиг хууль ёсны оршин амьдарч байсан газрыг цаг хугацаа хол зөрүүтэй олгогдсон хэм хэмжээ, зураг зүйн зөрүүтэй зураглал гэх мэтээр иргэн хүний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн энэ байдлаас үүссэн газрын нөхөн төлбөрийг хэрхэн хангах зэрэг шаардлагыг тус сургуулийн удирдлагаас шаардаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн 11 хороо, Соёмботын 1-15 тоот нь 32 дугаар сургуулийн аж ахуйн хашаанд орохгүй, энэ газар нь сургуулийн аж ахуйн хашаа байгаагүй, эд нар сүүлд л хуйвалдаж кадастрын зурагт оруулчихаад одоо ингэж иргэдийг хөөж байна. Энэ газарт би 21 жил амьдарсан байхад өмнө нь сургуулийн хашаа гэж байгаагүй. Би 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй болсон. Миний хаяг, оршин суугаа бүртгэл бүгд энэ хаягт байгаа, тиймээс хууль ёсоор оршин сууж байгаа гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан иргэд оршин суух газраа сонгох эрхтэй байхад газар чөлөөл гэж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ж.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Жаргалсайхан овогтой Анхбаяр нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны Соёмботын 1-16а тоот буюу хуучнаар 5-р хэсгийн задгайд 1993 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. 32-р сургуулийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь нэхэмжлэл дээр бичсэн 2013 оны 9-р сарын 26-ны болон 2014 оны 1-р сарын 22-ны захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлууд нь надад хамааралгүй юм. Миний эзэмшлийн газар одоог хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх ХУД-ийн засаг даргын 2014 оны 12-р сарын 24-ний А/479 тоот захирамж нь мөн л надад хамааралгүй юм. Миний бие гэр бүлийн хамт хуулийн дагуу газар эзэмшиж амьдардаг бөгөөд хууль зөрчсөн, хууль бусаар амьдраагүй тул надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ газарт бага наснаасаа хойш  амьдарч байгаа, өвөөтэйгээ хамт амьдардаг байсан. Эхлээд 5 хэсгийн задгай гэдэг байснаа сүүлд хаягжуулж Соёмботын 1-16а болсон юм. Бид энэ газартаа хууль ёсоор оршин сууж байгаа учраас байшин барьсан, манай үл хөдлөх хөрөнгө байгаа. Гэтэл сургууль 2005-2006 оноос манай аж ахуйн хашаа гэх болсон, гэтэл бидэнд 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 224 захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Албан ёсны гэрчилгээтэй, хэрвээ ямар нэгэн маргаан давхцал байсан бол энэ үед гэрчилгээ олгохгүй байсан. Тэгээд ч энэ газар нь сургуулийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, шүүхээс үзлэг хийсэн байдаг. Үзлэгээр шатсан агуулах байсан газар бол аж ахуйн хашаа байсан, гэтэл биднийг аж ахуйн хашаанд сууж байгаа гэдэг нь үндэслэлгүй. Хэрвээ аж ахуйн хашаа байсан юм бол үндсэн бүртгэлд нь байгаа, эд хөрөнгө байх байсан, гэтэл юу ч байхгүй. Гэнэт л хууль бусаар энэ газрыг кадастрт оруулчихаад хөөж байна, хэрвээ аж ахуйн хашаа гэх юм бол бүгд л орохоор байхад Бямбаа гуайн хашааг хасаад кадастрын зураг хийчихсэн байсан. Өөрөөр хэлбэл сургууль аж ахуйн гэсэн баримтыг 2008 оноос хойш бүрдүүлсэн байна. Тиймээс кадастрын зураг ч зөрүүтэй гэж үзэж байна. Энэ хаягтаа маш олон жил амьдарсан уугуул иргэдийг ингэж үндэслэлгүйгээр газар чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байгааг гайхаж байна, шүүх энэ байдлыг харж үзэх байх гэж бодож байна. Энэ хаягт оршин сууж байгаа гэдэг нь оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэх бүхий л бичиг баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Шуурай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Өлзий овогтой Шуурай 1997 онд Улаанбаатар хотод ирж 32-р сургуульд үйлчлэгчээр 2007 он хүртэл тасралтгүй 10 жил ажиллаад өндөр настны тэтгэвэртээ суусан. 1998 онд 32-р сургуулийн захирал Н.Эрдэнэ захирал байсан. 32-р сургуулийн газрын хажуугийн гудамжны хоосон хог хурсан доголыг нөхөр хүүхдийн хамт цэвэрлэн буусан. Энэ газартаа 17 жил амьдарч байна. Хүү, хүргэн, бэр, хүүхдүүдийн хамтаар 13 ам бүлээрээ. Миний энэ газар 32-р сургуулийн газарт хамаарахгүй. Иймээс хүү Ариунболд маань хамаг юмаа барьцаалан байж ээж дүү нарынхаа хамтаар амьдрах 2 давхар байшин барьж амьдарч байгаа. Би өрх толгойлсон эмэгтэй хэдэн хүүхдийн хамт дарамт айдасгүй орчноо тохижуулан амьдрахад минь үнэн зөвөөр нь шийдэн гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Жич : 32-р сургууль улсын объек. Энэ улсын байгууллагын захирал Т.Мөнхбаяр нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан хүний эрхийн хууль болон хувийн өмчийн хуулийг ноцтой зөрчиж хүний үзэл бодол ашиг сонирхлын төлөө улсын байгууллагын нэрийг барьж Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаж байна. Бид нар өөрийн эзэмшлийн газартаа кадастрын зураглал хийлгэн, улсын төлөөлөл болон хороо дүүргийн зөвшөөрөлтэйгээр нийт 616 айл албан ёсоор зөвшөөрөгдөж Улсын Их Хуралд өргөн барьсан гэжээ.

           

            Хариуцагч Ц.Төмөртогоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нотлох баримтыг хуралдаан дээр гаргаж мэтгэлцэх журмаар шийдвэрлэнэ гэжээ.

 

Хариуцагч Ө.Шуурай, Төмөртогоо нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ө.Шуурай, Ц.Төмөртогоо нар бол Хан-Уул дүүргийн 11 хороо, Соёмботын 1-16 тоотод олон жил оршин суусан иргэд. Гэтэл эдгээр хүмүүсийн оршин сууж байгаа газар нь сургуулийн аж ахуйн хашаа байсан гэдэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гэрчилгээгээр олгогдсон сургуулийн байшин байрлах А талбайн хувьд маргаангүй, харин Б талбай болох аж ахуйн хашаа гээд байгаа газар нь тодорхойгүй байна. Хэрвээ аж ахуйн хашаа байсан юм бол яаж ашиглаж байсан гэдэг нь тогтоогдохгүй, аж ахуйн хашаанд буулгасан гэх юм бол үүнийг нотлох баримтгүй байх тул хариуцагч нарын оршин сууж байгаа газрыг сургуулийн аж ахуйн хашаа байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн кадастрын зураг нь зөрүүтэй, 0,79 га газар гэсэн байж, м.кв зөрүүтэй байна. Тиймээс нэхэмжлэгч өөрийн аж ахуйн хашааны газар гэдгээ нотлохгүй байх тул хариуцагч нарыг газар чөлөөлүүлэхээр шаардах нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэдийн эрхийг хамгаалж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ:

            Нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ дүүрэгт энэ хаяганд оршин суудаггүй. Манай дүү нар амьдардаг. Надад хамааралгүй болно.Миний бие Батсүх овогтой Даваасүрэн нь 32-р сургуулийн аж ахуйн хашаанд 2008 оны 10-р сард гэрээрээ ирж буугаад одоог хүртэл ажиллаж амьдарч байгаа билээ. Миний бие төлөөлөгч аав Д.Батсүх нь энэ газрын асуудлаар шүүхэд хандаж шүүх хуралд оролцож байсан болно.Би 32-р сургуулиас газар чөлөөлж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрч газрыг чөлөөлж өгөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ:

Д.Оюунбилэг миний бие нь Хан-Уул дүүргийн 32-р дунд сургуулийн аж ахуйн хашаанд амьдран суудаг байсан. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс газар чөлөөлөх хүсэлтийг хүссэн үед нүүж газрыг чөлөөлөх болно. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд зөвшөөрч газрыг чөлөөлж өгнө гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургууль нь хариуцагч Ц.Ганболд, Ө.Шуурай, Ж.Анхбаяр, Д.Оюунбилэг, Б.Даваасүрэн, Ц.Төмөртогоо нарт холбогдуулан сургуулийн газрыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оюунбилэг, Б.Даваасүрэн нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул нэхэмжлэлийг хариуцагч Ц.Ганболд, Ө.Шуурай, Ж.Анхбаяр, Ц.Төмөртогоо нарт холбогдуулан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах 0,79 га талбай бүхий газрыг сургуулийн зорилгоор ашигладаг бөгөөд сургуулийн газарт хамаарах аж ахуйн хашаанд зөвшөөрөлгүй оршин суух Ц.Ганболд, Ө.Шуурай, Ж.Анхбаяр, Ц.Төмөртогоо нар нь газрыг чөлөөлж өгөхгүй байгаагаас газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байх тул албадан нүүлгэж, газрыг чөлөөлж өгнө үү гэсэн.

            Хариуцагч Ц.Ганболд, Ж.Анхбаяр нар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №224 захирамжаар Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн аманд байрлах газарт газар эзэмших эрх олгогдсон, хууль ёсоор оршин сууж байгаа, мөн уг газарт олон жил оршин суусан гэж, хариуцагч Ө.Шуурай, Ц.Төмөртогоо нар нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн аманд байрлах газарт олон жил оршин сууж байгаа, албан ёсны бүртгэлтэй болох нь хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдоно гэж маргаад хэн аль нь оршин сууж байгаа газар нь нэхэмжлэгчийн аж ахуйн хашаа байсан гэдэг нь эргэлзээтэй, газрын хэмжээ нь зөрүүтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Үндсэн хуульд заасан иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургууль нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн аманд байрлах 0,79 га талбайг ашиглах эрхтэй болох нь Байгаль орчны яамны 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №558 дугаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газар орших Зайсангийн ам нэртэй газрын 0,79 га талбайг сургуулийн зорилгоор ашиглахыг зөвшөөрч, таван жилийн хугацаагаар олгосон “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээ, мөн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №2/27 тоот Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай байгуулсан сургалтын зорилгоор 0,79 га талбайг ашиглах “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”, 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №2008/558 тоот газар ашиглах хугацааг 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртлэх хугацаагаар сунгасан тухай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах гэрээ”, ашиглаж буй газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 6-13-р хуудас/

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь уг газрыг ашиглах эрхийн гэрчилгээтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-д “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагч Ц.Ганболд, Ж.Анхбаяр нар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №224 захирамжаар Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн аманд байрлах газарт газар эзэмших эрх олгогдсон гэж, хариуцагч Ө.Шуурай, Ц.Төмөртогоо нар нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн аманд байрлах газарт олон жил оршин сууж байгаа, албан ёсны бүртгэлтэй болох нь хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдоно гэж мэтгэлцсэн боловч оршин сууж байгаа газраа хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй эсэхийг баримтаар нотлоогүй болно.

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №224 дүгээр захирамжаар тус дүүргийн гэр хороололд суурьшсан 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хавсралтад нэр заасан 237 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд захирамжийн хавсралтад “Хан-Уул дүүргийн 11 хорооны газар эзэмшүүлэх иргэдийн жагсаалт”-ын 155-д Ц.Ганболд УБ0121507, ЖЮ64062838 Соёмбот 1-15 тоот, 0,03,  156-д Ж.Анхбаяр УБ0054371, УК85061118, Соёмбот 1-16а, 0,03 гэж заажээ. /хэргийн 1 хавтас, 99-104-р хуудас/

Мөн хариуцагч Ц.Ганболдод гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №0183518 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот шийдвэрийг үндэслэн 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ХУД-ийн 11 хороо, 5 хэсэг, Соёмбот 1-15-д иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр, хариуцагч Ж.Анхбаярт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №0183519 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот шийдвэрийг үндэслэн 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ХУД-ийн 11 хороо, 5 хэсэг, Соёмбот 1-16а-д иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 60, 64-р хуудас/

Гэвч Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 9 сарын 26-ны өдрийн 389 дугаар шийдвэрээр 2008 оны 6 дугаар 13-ны өдөр 224 дүгээр захирамжаар иргэн Ц.Ганболдод Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр 5 дугаар хэсэг, Соёмбот 1-15 тоот хаягт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 224 дүгээр захирамжийн Ц.Ганболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №40 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хэргийн 1 хавтас, 20-31-р хуудас/

Мөн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын №А/479 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар иргэн Цэрмаа овогтой Ганболдод эзэмшүүлсэн 11 дүгээр хороо, Соёмбот 1 дүгээр гудамжны 15 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 300 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. /хэргийн 1 хавтас, 14-р хуудас/

            Түүнчлэн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №А/209 дугаар Хан-Уул дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “...тус дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар 237 иргэний газар эзэмших хэмжээ, зориулалт, байршил бүхий газрын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болсонд тооцсон” байх тул хариуцагч Ц.Ганболд, Ж.Анхбаяр нарын оршин сууж байгаа газраа хууль ёсоор эзэмшиж байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй, газар эзэмших эрх нь дуусгавар болсон, эзэмшил нь хууль бус байна гэж үзэв. /хэргийн 1 хавтас, 105-р хуудас/

Хариуцагч Ө.Шуурай нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “32 дугаар сургуульд олгосон Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын гаргасан тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах тушаалын иргэн Ө.Шуурайгийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Шуурайд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд  2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хариуцагчийг Хан-Уул дүүргийн 11 хороо, Соёмботын 1-16 тоотод хууль ёсоор оршин суудаг гэх үндэслэлгүй байна. /хэргийн 84-94-р хуудас/

Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор Ж.Анхбаяр нь уг хаягт 1993 оноос хойш амьдарч байгаа, Ө.Шуурай нь 1998 оноос 2015 он хүртэл 17 жил амьдарч байгаа, Ц.Төмөртогоо, Ц.Ганболд нар нь олон жил  оршин сууж байгаа, иргэний үнэмлэхний хаяг, оршин суугаа газрын тодорхойлолт бүгд УБ, Хан-Уул 11 дүгээр хороо, 5 хэсэг, соёмбот 1 гудамжны 15, 16, 16а тоотод бүртгэлтэй тул хууль ёсоор оршин сууж байгаа гэсэн боловч газар эзэмших, ашиглах эрх нь олон жил оршин сууснаар биш, эрх бүхий байгууллагын шийдвэр, захирамж, гэрээ, түүнийг үндэслэн олгодог гэрчилгээгээр тогтоогдоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох” эрхтэй боловч уг сонгосон газраа хууль ёсоор эзэмших, эрхээ хэрэгжүүлэхдээ хэн нэгний эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй тул хариуцагч Ц.Ганболдын нэхэмжлэгчийг Үндсэн хуульд заасан оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн үйлдэл хийж байна гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, мөн өмчлөгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн байхыг тус тус ойлгох бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн газрыг чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдэл хийсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нар нь газар чөлөөлөх талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан Өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн албан тоот, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн албан мэдэгдэл зэрэг баримтуудаар газар чөлөөлөх талаар мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 15-19-р хуудас/

Хариуцагч нар нэхэмжлэгчийн А талбай буюу 0,690 га сургуулийн байр, хашааны газрын хувьд маргаагүй, харин Б талбай буюу 0,098 га талбайг сургуулийн аж ахуйн хашааны газар гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хариуцагч нарын оршин сууж байгаа газар болох Хан-Уул дүүргийн 11 хороо, Соёмботын 1-15, 16, 16а тоот нь нэхэмжлэгчийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, уг газарт нэхэмжлэгчийн аж ахуйн хашаа байрлаж байсан гэдэг нь эргэлзээтэй, мөн нэхэмжлэгчийн ашиглах зөвшөөрөл бүхий газрын талбайн хэмжээ нь зөрүүтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Байгаль орчны яамны 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №558 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 558 тоот гэрчилгээний хавсралтад “талбайн анхны солбилцлууд А талбай 0,690 га, Б талбай 0,098 га” гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №2008/558 тоот гэрээнд “...ашиглах газрын төлөв байдлын тухай мэдээлэлд 3.а/ А талбай 0,690 га, Б талбай 0,098 га, 2.2-д газар ашиглагчид олгосон нийт талбайн хэмжээ 0,79 га, 32 дугаар сургууль, Хан-Уул дүүрэг 11 хороо, Зайсан” гэж тэмдэглэсэн байх бөгөөд 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ХУД-ийн 11 хороо, Зайсангийн амны нэгж талбарын байршлын кадастрын зурагт талбайн хэмжээ 6839,00 м.кв, 32 сургуулийн аж ахуйн хашааны нэгж талбарын байршлын кадастрын зураг талбайн хэмжээ 985,43 м.кв” гэжээ. /хэргийн 1 хавтас 8-р хуудас/

            Өмчийн харилцааны газраас 2015.10.01-ний өдрийн 4/6517 дугаар албан бичгээр ирүүлсэн 32 дугаар сургуулийн “Газар баталгаажилтын хувийн хэрэг” №146/8017/0022-д “...2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын техникийн зөвлөлийн хурлын 14 дугаар протоколоор 32 дугаар сургуульд Хан-Уул дүүргийн 11 хороонд 5685 м.кв буюу 0,57 га газрыг сургалтын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байх  бөгөөд уг баримтад 32 сургуулийн план зурагт аж ахуйн хашаа гэсэн зураг хавсаргагдсан байх бөгөөд 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 965 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтын 146-д “...32 сургууль газар эзэмших 5685 га, 5 жилийн хугацаагаар ашиглуулах эрхийг баталгаажуулжээ.  

Мөн уг хувийн хэрэгт 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Байгаль орчны сайдын 116 тушаалаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгохыг даалгаж, 2-т 32 сургууль, Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүс Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн ам, 32 сургуулийн өргөтгөл 0,69 га 5 жилийн хугацаагаар олгож, 2008 оны 3 сарын 17-ны өдрийн 558 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр 0,79 га талбайг сургуулийн зорилгоор ашиглахыг зөвшөөрч, А талбай 0,690 га, Б талбай 0,098 га тайлбайг олгосон бөгөөд гэрчилгээгээр олгогдсон талбайн хэмжээ үйл ажиллагааны чиглэл өөрчлөлтөд “анх олгосон 32 сургууль, сургууль, аж ахуйн хашаа, 0,79 га” гэж тус тус тэмдэглэгдсэн байна. /хэргийн 1 хавтас, 153-185-р хуудас/

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Байгаль орчны яаманд 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, “аж ахуйн склад байрладаг 985.43 м.кв газрын кадастрын зураг 2006 онд хийгдэж гэрчилгээ гаргуулах хүсэлтээ танай яаманд гаргасан боловч сургуулийн өргөтгөлийн газрын тушаал нь гарч аж ахуйн газрыг орхигдуулсан байгаа тул дээрх газрыг нэмж нийт 0,79 га-гаар баталгаажуулж өгнө үү” гэсний дагуу 2008 оны 3 сарын 17-ны өдрийн 558 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр 0,79 га талбайг олгожээ. /хэргийн 2 хавтас, 31-32-р хуудас/

Хариуцагч нар нь уг газрыг буюу Б талбайг сургуулийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, аж ахуйн хашаанд буугаагүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан Ц.Ганболд, Ө.Шуурай нарт 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн гэр олгох тухай 32 дунд сургуулийн тодорхойлолт, гэрч Б.Балганы “...Ц.Төмөртогоог аж ахуйн хашаандаа түр суулгахыг зөвшөөрсөн, уг газар нь сургуулийн аж ахуйн хашаа байсан” гэсэн мэдүүлэгээр хариуцагч нар нь сургуулийн аж ахуйн хашаанд оршин сууж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэв. /хэргийн 2 хавтас, 29-30-р хуудас/

Гэрч Д.Ганбат нь “ хариуцагч нарын амьдарч байгаа газар нь 32 дугаар сургуулийн аж ахуйн хашааны газар байгаагүй, хариуцагч нарын амьдарч байгаа хашааны залгаа хашаанууд нь аж ахуйн хашаа байсан” гэж мэдүүлсэн, мөн Н.Эрдэнэ, Д.Ган-Уяа нарын “Ө.Шуурайгийн газар нь сургуулийн аж ахуйн хашааны газарт хамаарахгүй” гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд газрын байршлын кадастрын зураг, зурган мэдээллээр хариуцагч нарын оршин сууж байгаа газар нь сургуулийн аж ахуйн хашаанд хамаарч байна гэж үзэв.

Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2012 оны архивын зурган мэдээллийг 2012 оны агаарын зурагтай давхцуулсан байдлыг харуулсан зурган мэдээллээр хариуцагч нарын оршин сууж байгаа газар нь нэхэмжлэгчийн 0,79 га талбайд буюу нэгж талбарын 18642307777224 бүхий 899 м.кв талбай бүхий газарт байгаа болохыг шүүх хуралдаанд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 2 хавтас, 64-р хуудас/

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэрэгт авагдсан газрын кадастрын зураг дээрх талбайн хэмжээ зөрүүтэй болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн нэгж талбарын кадастрын зурагт “...32 сургууль 0,69 га, 32 сургуулийн аж ахуйн хашаа 0,98 га” гэсэн, Өмч газрын харилцаанаас ирүүлсэн албан бичиг, кадастрын зургаар А талбай 6843 м.кв талбайтайгаар, Б талбай 899 м.кв талбай” гэсэн, Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлд “нэгж талбарын 18642307864274 дугаар бүхий 7061 м.кв, нэгж талбарын 18642307777224 дугаар бүхий 899 м.кв” гэснээр тус тус нотлогдоно /хэргийн 1 хавтас, 178-р хуудас, 2 хавтас, 61-р хуудас, 62-р хуудас/ гэж маргасан боловч хэрэгт авагдсан Байгаль орчны яамны 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №558 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 558 тоот гэрчилгээний хавсралтад “талбайн анхны солбилцлууд А талбай 0,690 га, Б талбай 0,098 га” гэсэн байх тул 0,69 га-г 6843 м.кв, 0,098 га талбайг 899 м.кв гэж тэмдэглэсэн нь зөрүүтэй гэж үзэхгүй байна гэж үзэв. /1га=10 000 м.кв, 0,69 х 10 000=6900 м.кв, 0,098 х 10 000=980 м.кв болохоор байна./

 Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2/1499 тоот албан бичигт “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2012 оны архивын мэдээлэлд нэгж талбарын 18642307864274 дугаар бүхий 6843 м.кв талбайтайгаар, нэгж талбарын 18642307777224 дугаар бүхий 899 м.кв талбайтайгаар өөрчлөгдөн бүртгэгдсэн байх ба өнөөг хүртэл дахин өөрчлөлт ороогүй байна. /хэргийн 2 хавтас, 60-р хуудас/

 

Иймд нэхэмжлэгч 32 дугаар сургууль нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам нэртэй 0,79 га талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэдэг нь баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нар нь уг газрыг хууль ёсоор эзэмшдэг гэдгийг баримтаар нотлоогүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ц.Ганболд, Ж.Анхбаяр, Ө.Шуурай, Ц.Төмөртогоо нараас нэхэмжлэгч 32 дугаар дунд сургуулийн Б талбай буюу 0,098 га талбай болох аж ахуйн хашааны газрыг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч Б.Даваасүрэн, Д.Оюунбилэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Даваасүрэн, Д.Оюунбилэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Даваасүрэн Д.Оюунбилэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  /хэргийн 1 хавтас 135-136, 2 хавтас 35-р хуудас/

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Д.Оюунбилэг, Б.Даваасүрэн нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-д зааснаар хариуцагч Ц.Ганболд, Ж.Анхбаяр, Ө.Шуурай, Ц.Төмөртогоо нараас нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар дунд сургуулийн газрыг албадан чөлөөлүүлсүгэй.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 32 дугаар дунд сургууль нь хариуцагч Б.Даваасүрэн Д.Оюунбилэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Ганболд, Ж.Анхбаяр, Ө.Шуурай, Ц.Төмөртогоо нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН