Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 957

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/00957

Улаанбаатар хот

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                   

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хотхон, 21а байр, 52  тоотод оршин суух Юншөөбүү овогт Дашдоржийн Элбэгбаярын /РД:ЧИ69070506/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил, Махатма Гандийн гудамж 33 байрлах “Жигүүр гранд групп” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүүнд 33 219 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар  сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Элбэгбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Урангэрэл /ШТЭҮ-0303/, гэрч М.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Элбэгбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Элбэгбаяр миний бие “Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөртэй 2008 оны 7 сарын 04-нд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24в байр, 30 тоот, нийт 95,3 м.кв талбайтай 3 өрөө  орон сууцыг захиалан 080704 тоот гэрээг 2 талаас харилцан  хийсэн. Захиалагчийн талаас төлбөрийг 1м.кв-ыг тухайн үеийн ханшаар 950 ам.доллараар тодорхой хугацаанд төлөх гэрээ хийсэн. Графикийн дагуу  гэрээнд зааснаар 2008 оны 7 сарын 14-ний өдрөөс 2010 оны 9 сарын 09-ний хооронд  нийт 20 535 ам.доллар ямар ч зөрчилгүйгээр төлж дууссан. 2014 оны 8 сарын 09-ний өдөр уг 95.3м.кв байрыг гэрээнд зааснаар үл хөдлөх улсын бүртгэлийн ерөнхий газрын Ү-2204036887 гэрчилгээг авч өөрийн эзэмшил болгосон. Миний бие ТТАХНЭмнэлгийн их эмч бөгөөд ажлын шугамаар ХБНГУ улсад 2014 оны 10 сараас 2016 оны 4 сар хүртэл хугацаагаар явахдаа түрээслэх /зарж борлуулах/ гэрээ хийх үндэслэлээр байрны м.кв-ыг хэмжилт хийхэд “Жигүүр гранд групп” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ м.кв нь их хэмжээний зөрүү гарсан. Тухайн үед зохих байгууллагад хандах боломж байгаагүй өнөөдрийг хүргэсэн. 2016 оны 11 сарын 30-нд “Түмэд групп” ХХК-нд м.кв үнэн зөв гаргаж хэмжилт хийхэд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, 24в байр, 30 тоотын үнэн зөв м.кв нь 81,27 м.кв гэсэн. Гэрээнд 95,3 м.кв зөрүү нь 14,7м.кв  буюу 13 395 ам.доллар болж байна.

Иймээс биднийг хуурч мэхлэн итгэл эвдэх замаар 14,7 м.кв-ын 13,939 ам.доллар авсан тул дээрхи хохирлыг бүрэн гаргаж өгөхийг хүсэж, нэхэмжлэл гаргаж байна. Бидний амьдрал ажлын байдлыг харгалзан түргэн хугацаанд  үнэн зөвөөр шийдэж хохиролгүй болгож өгнө гэдэгт итгэж байна. Монгол банкны 2010 оны 1 сарын 09-ний өдрийн 1 ам.долларын ханш 1463,79 төгрөгтэй тэнцэж байгаа тул 19 607 467,05 төгрөг, одоогийн ханшаар 2016 оны 12 сарын 13-ны байдлаар 2480 төгрөг, нийт 33 219 600 төгрөгтэй тэнцэж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 080704 дугаартай гэрээг хийж 95.3 м.кв талбайтай байрыг захиалсан. Захиалахад уг орон сууц 2009 онд ашиглалтад орно гэж байсан боловч 2011 онд ашиглалтад орсон. Байрыг анх захиалахад суурь нь тавигдсан буюу барилгын ажил явагдаж 1 давхар нь баригдсан байсан тул худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Тэгээд байрыг 2011 онд хүлээн авсны дараа бусдад түрээслүүлэх, худалдах гээд 2012 онд хэмжилт хийлгэхэд 12.9 м.кв дутуу гэж гарсан. Тухайн үед 2012 онд энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хандаж байсан. Тэгээд гадагшаа явсан учраас хөөцөлдөөгүй, дахин 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэмжилт хийлгэхэд 14.2 м.кв дутуу байсан. Тэгээд компани бусад айлуудын м.кв-н зөрүүг бартераар тохиролцож хохиролгүй болгож байсан талаар сонсож, биднийг хохирлыг хэрхэн барагдуулах бэ гэж асуухад шүүхэд ханд гэж хэлсэн учраас шүүхэд хандсан. Хариуцагч нь 95.3 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэх ёстой байснаас 81.2 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлсэн бөгөөд зөрүү 14.2 м.кв-ын зөрүү төлбөрт 33 219 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагчаас 2009 оны стандартыг мөрдөхгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт тухайн үед мөрдөгдөж байсан талбай тооцох аргачлалыг болохгүй байна гээд улс өөрчилчихөөд байхад хариуцагч энэ 2009 оны стандартыг мөрдөх ёстой. Би орон сууцыг 2011 онд хүлээн авсан, тухайн үед 2009 оны стандарт мөрдөгдөж байсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга шүүхэд өгсөн хариу тайлбартаа: 

Манай улсад 2009 оноос өмнө “Орон сууцны барилгын доторх сууц барилгын талбай тооцох аргачлал” стандарт гэж огт байгаагүй ба 2009 онд ЗТБХБЯ болон Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас боловсруулсан МNS 6058:2009 гэдэг стандартыг Стандартчилал, хэмжил зүйн газраас анх баталсан байдаг бөгөөд, энэхүү стандарт нь 2010.01.01-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Харин манай компани 2006 онд Барилга Хот Байгуулалтын Сайд Ж.Наранцацралын баталсан 10 дугаартай тушаалын хавсралтад заасан “Айлын орон сууцны талбайн хэмжээг тооцох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа “Шинэ зуун хотхон”-ы орон сууцнуудын барилгын үндсэн бүтээц, хийцийг 2008 онд эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан барилгын анхны зураг төслийн дагуу орон сууцны талбайн хуваарилалтыг хийж “Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ”-г худалдан авагч нартай байгуулж байсан. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг 2008 онд манайхаас худалдаж авахаар тохиролцон төлбөрөө бүрэн төлж, 2011 оны 5 сард уг орон сууцыг улсын комисс хүлээн авсаны дараа 2011 оны 6 дугаар сарын 28-нд байрандаа нүүж ороод, 2011 оны 8 сард өмчлөгч болсноос хойш уг байрны доголдлын талаар худалдагч талд гомдлын шаардлага огт гаргаж байгаагүй ба 2009 онд шинээр мөрдөгдөж эхэлсэн “Орон сууцны барилгын доторх сууц талбай тооцох аргачлал”-ыг үндэслэн 95,3 м.кв талбайгаас 14,02 м.кв дутуу байна гээд 33 219 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, тухайн үед мөрдөгдөж байсан журмын дагуу 95,3 м.кв талбайг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үпдэслэлтэй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдаж байсан 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон ба өнөөдрийг хүртэл худалдан авагч тал гэрээнээс татгалзаагүй өнөөдрийг хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд м.кв дутуу байсан эсэхийг худалдан авагч тал мэдэх бүрэн боломжтой байсан тул гомдлын шаардлага гаргах хуулинд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байгааг шүүх анхаарна уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчтэй 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрөө төлж, орон сууцыг хүлээн авсан. 2012 онд орон сууцанд хэмжилт хийхэд талбай зөрүүтэй байсан юм бол тухайн үед энэ талаар хандах боломжтой байсан боловч хандахгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн манай барилгын ажил 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Барилгыг 2006 оны стандартын журмыг мөрдөж зургийг гаргаж барьсан байсан. Нэхэмжлэгчийг анх захиалгаа өгөхөд уг орон сууцны байр нь 7 давхар хүртлээ баригдсан, нэхэмжлэгчийн худалдан авсан байр нь 1 давхарт баригдсан байсан. Улсын комисс 2011 онд тухайн орон сууцыг хүлээн авсан. Байрны түлхүүрийг 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Хэрэв хүлээн аваад уг байр нь доголдолтой гэж үзвэл хуульд зааснаар гомдлоо гаргах ёстой байсан. 2006 оны журмаар тэнхлэг хооронд талбайн хэмжээг тооцдог байсан бол шинэ стандартаар хана хооронд тооцдог болсноос л зөрүү гарсан гэж үзэж байна. Мөн 2009 онд барилга баригдаж дууссан байсан тул шинэ стандарт батлагдлаа гээд бид барилгын зурагтаа өөрчлөлт оруулах, баригдсан барилгыг өөрчлөх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээс 2006 онд баримтлаж байсан талбай тооцох аргачлалаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шинжээч дүгнэлтийг гаргах боломжгүй гэсэн тул бид уг барилгыг хариуцаж байсан инженерийг гэрчээр оролцуулж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Элбэгбаяр нь хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-нд  холбогдуулан орон сууцны талбайн зөрүүнд 33 219 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-ийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, м.кв дутуу орон сууц шилжүүлсэн тул орон сууцны 14,7 м.кв талбайн зөрүүнд 33 219 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Элбэгбаярт тухайн үед дагаж мөрдөж байсан талбай тооцох аргачлалын дагуу баригдсан орон сууцыг харилцан тохиролцоод худалдсан, биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь шаардах эрхээ алдсан гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Д.Элбэгбаяр нь хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-тай 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №080704 тоот “Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 171 айлын орон сууцны барилгад 3 өрөө 95,3 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 950 ам.доллараар буюу нийт 90 535 ам.доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь “Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ”, төлбөрийн тооцооны баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хэргийн 15-18-р хуудас/

            Зохигч талууд 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №080704 тоот Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан, уг орон сууцыг 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авсан, мөн 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч болсон зэрэг үйл баримтаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барилгын 1 давхарын Е блокын 3 өрөө орон сууцыг худалдан авсан, гэрээ байгуулахад 1 давхар нь баригдсан байсан гэж тайлбарласан, энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд гэрээ байгуулахад барилгын ажил 7 давхартаа хүрсэн, барилгын 1 давхар нь баригдсан байсан тул харилцан тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв. /хэргийн 8, 16, 68-69-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээ зөрчиж, биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн болох нь “Түмэд групп” ХХК-ийн байрны талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлт, тайлангаар нотлогдоно, хариуцагч нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт МNS 6058:2009 баримтлах ёстой гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэгчид доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй, барилгыг 2006 онд мөрдөгдөж байсан талбай тооцох аргачлалаар зургийг хийсэн тул 2009 оны “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал”-ыг баримтлахгүй гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Түмэд групп” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №16/2016 дугаар сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж түүний талбайг тооцсон хэмжилтийн дүгнэлтээр “...Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13 хороолол 24В байрны 30 тоотын нийт талбайн хэмжээ 81,28 м.кв. Тус байрны хэмжилтийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн хэмжилт болон “Орон сууцны барилгын дотор талбай тооцох аргачлал” МNS6058:2009-г үндэслэн боловсруулав” гэсэн байна. /хэргийн 10-14-р хуудас/

Уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, “Тоонто гранд” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №016 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Стандарчлал, хэмжил зүйн газар /СХЗГ/-ын Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын стандарт МNS6058:2009 аргачлалын дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 18 хороо, 24В байр, №30 тоот орон сууцанд талбайн хэмжилтийг хийж гүйцэтгэв. Стандарт аргачлалын дагуу хэмжилтийг хийж, түүний талбайг тооцсон ажлын үр дүнд өрөөнүүдийн нийт нийлбэр талбай нь 86,37 м.кв байна” гэжээ. /хэргийн 44-51-р хуудас/

Хэрэгт авагдсан “Түмэд групп” ХХК болон “Тоонто гранд” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдээр талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний зүйл болох Баянзүрх дүүрэг 18 хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 24В байрны 30 тоот орон сууцны талбай нь гэрээнд зааснаар буюу №000153883 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 95,3 м.кв биш 86,37 м.кв болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид м.кв дутуу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэдэг нь үндэслэлтэй байна.

Гэвч орон сууцны талбайн хэмжээг шинжээч нар нь 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын стандарт МNS6058:2009 аргачлалын дагуу тооцож гаргасан байх бөгөөд “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт МNS 6058:2009 нь Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батлагдаж, 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.  

Хэрэгт авагдсан 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актанд “1.7 Энэхүү барилга байгууламжийг А-02/07 дугаартай зураг төслөөр 2007 оны 3 дугаар сараас барьж эхэлсэн ба 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр барьж дууссан байна”, 2.2 Энэхүү зоорийн давхартаа 32 машины зогсоол бүхий 9 давхар 54 айлын орон сууцны барилга байгуулж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж орон сууцны зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд захиалагч байгууллага болох “Жигүүр гранд групп” ХХК-ийн мэдэлд 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс оршин суухыг зөвшөөрөв” гэсэн байна. /хэргийн 62-64-р хуудас /

Иймд улсын комисын актаар орон сууцны барилгыг 2009 онд 6 сарын 10-ны өдөр барьж дууссан буюу 2009 оны стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө баригдсан, зохигч талууд гэрээ байгуулах үед буюу 2008 оны 7 дугаар сард Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Айлын сууцны талбайн хэмжээг тооцох журам” үйлчилж байсан болох нь тогтоогдож байх тул “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт МNS 6058:2009-т зааснаар талбайн хэмжээг тооцох боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчээс 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Айлын сууцны талбайн хэмжээг тооцох журам”-аар хэмжилт хийхэд орон сууц нь гэрээнд заасан 95,3 м.кв-с дутуу байгаа гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нэмэлт болон дахин шинжээч томилох хүсэлтийг гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Элбэгбаяр нь 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч "Жигүүр гранд групп” ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг төлж, орон сууцыг 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өмчлөлдөө шилжүүлж авсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 8-р хуудас/

Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6-т “худалдагч баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан баталгаат хугацааны дотор доголдлыг арилгуулж, дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлүүлэхээр шаардах эрхтэй байна .

            Мөн зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-д “гүйцэтгэгч орон сууцны чанарт 12 сарын баталгаа өгөх бөгөөд энэ хугацаанд барилгын үндсэн хийц, гадна дотно өрлөг, цонх хаалга, дотоод засал, цахилгаан сантехникийн шугам тоноглолд илэрсэн согог гэмтэл, ашиглалтын бус шалтгаанаар гарсан аливаа эрсдэлийг өөрийн зардлаар засварлах үүрэгтэй” гэж зааснаар зохигч талууд гэрээнд баталгаат хугацааг 12 сар байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байна. /хэргийн 16-р хуудас/

            Нэхэмжлэгч нь 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч баталгаат хугацаандаа буюу 2012 оны 8  дугаар сарын 09-ний дотор уг орон сууцны доголдлын талаарх гомдлыг хариуцагчид гаргаж байсан эсэх талаараа баримтаар нотлоогүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2012 онд орон сууц нь м.кв зөрүүтэй, доголдолтой болохыг хэмжилт хийлгэж мэдсэн, энэ талаар ШӨХТГазарт хандсан гэж тайлбарласан боловч тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

            Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-д “худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхын үнийн буулгахыг шаардаж болно” гэж заасан боловч нэхэмжлэгч нь орон сууцны м.кв-ын зөрүүний улмаас илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж зааснаар хариуцагчаас илүү төлсөн төлбөрийг шаардах эрхтэй.

            Гэвч зохигч талууд 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №080704 тоот “Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх нь 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдөр буюу баталгаат хугацаа дууссанаас, уг орон сууцыг доголдолтой м.кв нь гэрээнд зааснаас дутуу болох талаар 2012 онд хэмжилт хийлгэн эрх нь зөрчигдсөн тухай мэдсэнээр үүссэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 3 дугаар сарын 30-нд гадаадад суралцахаар явсны улмаас шүүхэд хандах боломжгүй байсан гэж тайлбарласан боловч энэ үндэслэлээр түүнийг шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэж үзэхгүй болно.

            Иймд нэхэмжлэгч Д.Элбэгбаярын хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-тай байгуулсан 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №080704 тоот “Орон сууц захиалагчтай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ”-тэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.     

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Элбэгбаярын хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцын талбайн зөрүү 33 219 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389 048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ХУЛАН