Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 162

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/00162

Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж 14253, Нарны зам 55/1, Вагнер Ази Автомотив ХХК-ийн байр 3 давхарт байрлах “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, Нархан хотхон 57-8 тоотод байрлах “Алтай групп” ХХК-д холбогдох

Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 653 134 279,17 төгрөг гаргуулах,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, Нархан хотхон 57-8 тоотод байрлах “Алтай групп” ХХК-ийн 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж 14253, Нарны зам 55/1, Вагнер Ази Автомотив ХХК-ийн байр 3 давхарт байрлах “Вагнер Ази Лизинг” ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэр 133, Вагнер Азийн байранд байрлах, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-нд холбогдох 

Үндэслэлгүй төлсөн төлбөр болох 2 437 603 713 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний  хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр,Д.Дамдинсүрэн,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ /ШТЭҮ-0364/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Түмэннаст /ШТЭҮ-2403/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стив Жон Поттер шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Нэхэмжлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК /Түрээслүүлэгч/, хариуцагч “Алтайгрупп" ХХК/Түрээслэгч/-тай Иргэний хуулийн 26 дугаар бүлэг болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийг тус тус удирдлага болгон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тэгш байдлыг үндэслэн харилцан эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээхээр зөвшөөрч, Түрээслэгчийн сонгосон эд хөрөнгийг Гэрээнд заасан хугацаа, төлбөр, нөхцөлтэйгөөр Түрээслэгчид эзэмшүүлэн ашиглуулах, Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хуваарьт хугацаанд үе шаттайгаар төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсний дараа тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тус тус харилцан тохиролцож дараах 3 ширхэг санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан юм. Үүнд:

1.2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн СТГ/11-15, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-01 тоот нэмэлт өөрчлөлт.

2.2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн СТГ/12-180, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-02 тоот нэмэлт өөрчлөлт.

3.2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн СТГ/12-236, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-03 тоот нэмэлт өөрчлөлт.

Мөн “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Аптай групп” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг үйлдсэн ба тус санамж бичгээр Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар тохиролцон байгуулжээ. Гэтэл “Алтайн групп” ХХК нь дээрхи 3 ширхэг Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөхгүйгээр “Вагнер Ази Лизинг” ХХК-ийг хохироосоор өнөөдрийг хүрлээ. Тодруулбал:

1.“Вагнер Ази Лизинг” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр СТГ/11№15 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийт 850,390,521,65 төгрөгийн үнэ бүхий техникийг жилийн 9.0 хувийн хүүтэйгээр 55 сарын хугацаатайгаар “Алтайн групп” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлсэн боловч Түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээ болон түүний Хавсралт 1-д заасан хуваарь, “Санхүүгийн түрээсийн СТГ11-15 тоот гэрээ”-ний ГНӨ№15/09-01 тоот нэмэлт өөрчлөлтөнд заагдсан үүргээ биелүүлэх тухай баталгааг тус тус зөрчин гэрээний төлбөрөө төлөөгүй.

2.2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр СТГ/12-180 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийт 549,046,842,60 төгрөгийн үнэ бүхий техникийг жилийн 9.0 хувийн хүүтэйгээр 55 сарын хугацаатайгаар “Алтайн групп” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлсэн боловч Түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээ болон түүний хавсралт 1-д заасан хуваарь, “Санхүүгийн түрээсийн СТГ/12-180 тоот гэрээ”-ний ГНӨ№15/09-02 тоот нэмэлт өөрчлөлтөнд заагдсан үүргээ биелүүлэх тухай баталгааг тус тус зөрчин гэрээний төлбөрөө төлөөгүй.

3.2012 оны8 дугаар сарын 17-ны өдөр СТГ/12-236 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийт 1,623,770,182,60 төгрөгийн техникүүдийг жилийн 9.0 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар “Аптай групп” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлсэн боловч Түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээ болон түүний хавсралт 1-д заасан хуваарь, “Санхүүгийн түрээсийн СТГ/12-236 тоот гэрээ”-ний ГНӨ№15/09-03 тоот нэмэлт өөрчлөлтөнд заагдсан үүргээ биелүүлэх тухай баталгааг тус тус зөрчин гэрээний төлбөрөө төлж барагдуулаагүй өдий хүрсэн нь түрээслүүлэгч болох “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хохироож байна.

Ийнхүү “Алтай групп” ХХК нь дээрхи Санхүүгийн түрээсийн гэрээнийнүүдийн дагуу “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн емнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хуваарийг зөрчиж нийт 1,679,634,279,17 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулахгүйгээр хохироож байна. Манай компаний зүгээс “Алтай групп” ХХК-д удаа дараагийн албан бичгээр хандансануулж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Харин нэхэмжлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК болон хариуцагч “Алтай групп” ХХК-иуд нь хоорондоо дээрхи санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг харилцан зөвшөөрч, баталгаажуулан 2011, 2012, 2013, 2014, 2015 онуудад тооцоо нийлж байсан болно. “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Алтай групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрхи Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.1.3-д заасныг үндэслэл болгон хүү алдангийг тооцоолон нэхэмжилж байгаа билээ. Мөн дээрхи Санхүүгийн түрээсийн гэрээнүүдэд гэрээний үүргээ хугацаа хэтрүүлэхгүй, хожимдуулахгүй төлөх, хожимдуулсан тохиолдолд хүү, алдангийг ямар нэгэн маргаангүй төлөх, түрээслэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх бүх зардлыг хариуцахаар баталгаа гаргаснаа зөрчсөн.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэг, 9.4.6 дахь хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэг, 232 дугаар зүйл, 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйл, Талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн холбогдох зүйл, заалтууд, гэрээний хавсралтуудыг тус тус үндэслэн “Алтай групп” ХХК-иас дээрхи 3 ширхэг Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үндсэн төлбөрт 1,326,630,693 төгрөг, хүүнд 78,188,546 төгрөг, алдангид 245,257,039 төгрөг нийт 1,653,134,279.17 төгрөгийг гаргуулан, Вагнер Ази Лизинг ХХК-д олгоно уу гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “Вагнер ази лизинг” ХХК нь “Алтай групп” ХХК-тай хуулийн заалт болон эрх тэгш байдлыг үндэслэж харилцан тохиролцож гурван Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан байгаа. Мөн талууд 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, уг Санхүүгийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлнө гэсэн байдаг. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Түрээсийн гэрээгээр нэхэмжилж байгаа үндсэн төлбөрөөс гадна, бүх түрээсийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.1.3-д жилийн 9 хувийн хүү төлнө, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хувиарт хугацаанаас хоцруулах юм бол хоног тутамд алдангийг нэмж төлнө гэж заасны дагуу хүү, алдангийг нэмж нэхэмжилсэн байгаа юм.

Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг зохих ёсоор, хугацаанд нь шударгаар гүйцэтгэнэ”. Мөн тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль юмуу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 186.1, 208.1, 219.1, 222.7, 232, 312, Санхүүгийн түрээсийн гэрээний 7, 9 дүгээр зүйлд зааснаар “Вагнер Ази лизинг” ХХК нь “Алтай групп” ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр хүү, алданги, төлбөр нэхэмжлэх, шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийг гаргасан байгаа. Хариуцагч нь манай тоног төхөөрөмжийг хүлээн авсан ашиглаж байгаа талаараа маргаагүй бөгөөд уг түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөөд төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Бид гэрээнд зааснаар буюу Санхүүгийн түрээсийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар түрээсийн төлбөр, хүү, алдангийг нэхэмжилсэн. Нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжлээгүй, санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөрт 326 644 329 төгрөг, хүү 50 819 056.22 төгрөг, алданги 92 256 887,33 төгрөг, нийт 469 720 272,55 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөр 242 829 160,71 төгрөг, хүү 12 810 420,05 төгрөг, алданги 36 599 354,27 төгрөг, нийт 292 238 935 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөр 751 157 204,05 төгрөг, хүү 23 617 069,78 төгрөг, алданги 116 400 797,76 төгрөг, нийт 891 175 071,59 төгрөгийг тус тус нэхэмжлэсэн гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт:нэхэмжлэлд дурдсанаар “Алтайн групп” ХХК нь дээрхи Санхүүгийн түрээсийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөхгүйгээр “Вагнер Ази Лизинг” ХХК-ийг хохироосоор өнөөдрийг хүрлээгэсэн нь “Аптай групп” ХХК-д хамааралгүй тайлбар байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. “Алтай групп” ХХК нь “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай байгуулсан “Худалдах худалдан авах ерөнхий гэрээ”-ий дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийн төлбөрийг тус гэрээнд заасны дагуу “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн дансруу шилжүүлдэг байсан. Харин энэ хугацаанд “Вагнер Ази Лизинг” ХХК нь гэрээний харилцаанд оролцож, санхүүгийн түрээсийн төлбөр, түрээсийн хүү, алданги, хугацаа хэтрүүлсний хүү гэх зэргээр Худалдах худалдан авах ерөнхий гэрээний үнийн дүнд хамааралгүй илүү төлбөрүүдийг “Алтай групп” ХХК-аас шилжүүлэн авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“Вагнер Ази Лизинг” ХХК хохирч байгаа гэдэг нь үндэслэлгүй байна. Энэ хугацаанд “Вагнер Ази Лизинг” ХХК Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн дагуу гэрээний зүйлийг худалдагч буюу нийлүүлэгч “Вагнер Ази Тоног төхөөрөмж”-өөс худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэнээр түүнийг захиран зарцуулах, түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх эрхийг өөртөө бий болгоогүй буюу санхүүжүүлсэн үйлдэл хийгээгүй бөгөөд, санхүүгийн аливаа эрсдлийг өөртөө бодитоор хүлээгээгүй байна. Энэ нь “Вагнер Ази Лизинг” ХХК өнөөг хүртэл гэрээний зүйлсийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, мөн Худалдах худалдан авах ерөнхий гэрээний дагуу өмчлөх эрхийг “Вагнер Ази лизинг” ХХК олж авах боломжгүй зэргээс илэрхий харагдаж байна.

“Вагнер Ази Лизинг” ХХК нь “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК, “Аптай групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах ерөнхий гэрээ"-нд заасны дагуу гэрээний зүйлийн төлбөрийг арилжааны банк дахь өөрийн эзэмшлийн дансанд хүлээн авч байх үүрэг бүхий этгээд болох нь харагдаж байна.

Иймд “Вагнер Ази Лизинг” ХХК-д Санхүүгийн түрээсийн төлбөр, хүү, алданги, хугацаа хэтрүүлсэний хүүг “Алтай групп” ХХК-аас шаардах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд талуудын хооронд гурван ширхэг санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч тал төлбөрийг хугацаанд нь төлөхгүй нэхэмжлэгчийг хохироож байна гэсэн байна. Худалдах худалдан авах ерөнхий гэрээний үлдэгдэл төлбөрийг хийж байсан. Мөн нэхэмжлэгч нь санхүүжилт хийсэн гэдэг нотлох баримтаа сүүлд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч хохирч байна гэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд, санхүүгийн түрээсийн гэрээний зүйлүүдийг худалдах худалдан авах гэрээний талууд 2012.04.02 өдөр худалдсан байдаг. Мөн гэрээнд заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч талаас хариуцагчид шаардах хуудсаар өгсөн байдаг юм. Талуудын хооронд байгуулсан гэж байгаа гурван гэрээ нь худалдах худалдан авах гэрээний ерөнхий нэг хэсэг гэсэн агуулгатай юм гэж маргадаг. Үүний төлбөрийг зохицуулсан гэрээ нь санхүүжүүлэгч гэсэн утгаар шаардах эрхгүй. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон үүргээ биелүүлэхийг л шаардах эрхтэй байсан.

Мөн гэрээний 7.1-д заасны дагуу санхүүжүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, энэ нь хуульд заасан стандартыг зөрчсөн байгаа юм. Нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг шаардсан нь хугацаа хэтрүүлсэн нэг зөрчилд хоёр хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Вагнер Ази Лизинг” ХХК-ийн “Алтай групп” ХХК-д холбогдуулан гаргасан Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 1 653 134 279.17 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. Талуудын хооронд 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр СТГ/11-15, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр СТГ/12-180, 2012 оны 8 дугаар сарын 17-ний өдөр СТГ/12-236 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийг тус тус байгуулсан. Дээрх 3 ширхэг санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээслэгч “Алтай групп” ХХК нь түрээслүүлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК-д нийт 2 437 603 713.25 төгрөгийг төлсөн. Түрээслүүлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК нь дээрх гэрээнүүд болон Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасны дагуу гэрээнд заасан хугацаагаар түрээслэгч “Алтай групп” ХХК-ийн ашиглалтад буюу “ашиглах эрх -д эд хөрөнгө шилжүүлэх үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхийн тулд “Вагнер Ази Лизинг” ХХК нь “Аптай групп” ХХК-ийн сонгосон 15 нэр төрлийн техник хэрэгслүүдийг “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-аас худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн байх буюу Санхүүжилт хийсэн байх шаардлагатай. Ингэснээр “Вагнер Ази Лизинг” ХХК нь техник хэрэгслүүдийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд “Аптай групп” ХХК-ийн ашиглалтад шилжүүлэх боломж нээгдэх юм. Гэтэл “Вагнер Ази Лизинг” ХХК нь санхүүжилт хийгээгүй буюу “Аптай групп” ХХК-ийн сонгосон техник хэрэгслүүдийг Худалдагч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлээгүй байх тул түүнийг Санхүүжүүлэгч гэж үзэх боломжгүй юм. “Аптай групп” ХХК нь “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай байгуулсан Худалдах, Худалдан авах ерөнхий гэрээний дагуу түүнээс маргааны зүйл болж буй техник хэрэгслүүдийг шилжүүлэн авсан болно.

Иймд “Алтай групп” ХХК-аас “Вагнер Ази Лизинг” ХХК-д Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн нийт 2 437 603 713.25 төгрөгийг буцаан шаардаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу, нэхэмжлэгч тал буцаан өгөх боломжтой. Сүүлийн хоёр гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр байгаа, худалдах худалдан авах ерөнхий гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шилжүүлж авах биш санхүүгийн гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байгаа тул Худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр нь болох 2437603713 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, үүнийг дагуу бид уг төлбөрийг “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК”нд төлөх боломж үүсээд байгаа юм гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараас харахад гэрээ байгуулагдсан болон мөнгөн дүн дээр маргаан байдаггүй. Харин анхны шүүх хуралдаанаас хойш хариуцагч тал нь төлбөрийг төлөөгүй бөгөөд, тоног төхөөрөмжийг авсан байж, өгсөн төлбөрөө буцааж авна гэсэн ойлгомжгүй сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад талууд гэрээ байгуулсан дээр маргадаггүй, тоног төхөөрөмжийг хүлээн авсан дээр мөн маргаан байдаггүй, төлбөрийг тохиролцсон дээр маргаан байдаггүй. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стефен Жо Поттер шүүхэд гаргасан тайлбартаа:

“Вагнер ази Лизинг” ХХК-ийн нэхэмжлэл, “Алтай групп”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Тус иргэний хэрэг нь “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Алтай групп” ХХК-иудын хооронд  байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “ Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даан шаардлага гаргаагүй этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал  шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан байдаг.  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн хувьд “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Алтай  групп” ХХК-иудтай  ямар нэгэн өр авлагагүй юм. Манай компани техник тоног төхөөрөмжүүдийг  “Алтай групп” ХХК-ийн эзэмшил ашиглалтад өмчлөлийг өмчлөлийг “Вагнер Ази Лизинг” ХХК-д гэрээний дагуу шилжүүлсэн. “Вагнер Ази Лизинг” ХХК нь бүх техник, тоног төхөөрөмжүүдийн үнийг манай компанид бүрэн төлсөн. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн эрх ашиг сонирхол талуудын хоорондын  маргаанаар хөндөгдөхгүй гэж үзэж байна. Иймд “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-ийн зүгээс талуудтай маргаангүй тул манай компанийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах явдал байхгүй болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК нь хариуцагч “Алтай групп” ХХК-нд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 653 134 279 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Алтай групп” ХХК нь нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-нд холбогдуулан үндэслэлгүй төлсөн төлбөр болох 2 437 603 713 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК нь хариуцагч “Алтай групп” ХХК-тай 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр №СТГ/11-15 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр 965С маркийн NUTG1062 серийн дугаартай Challenger, 1544 маркийн 1544АZ100002 серийн дугаартай, Sunflower, 3070 маркийн 3070Е09002 серийн дугаартай, Sunflower-ийг нийт 850390521 төгрөгийн түрээсийн үнэлгээтэйгээр, 55 сарын хугацаатайгаар,

2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр №СТГ/12-180 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр Air till drill-18m маркийн Amity, SC4660 маркийн JNW8А2073серийн дугаартайSpa Coupe-ийг 549 046 842 төгрөгийн түрээсийн үнэлгээтэйгээр, 55 сарын хугацаатайгаар,

мөн 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр №СТГ/12-236 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр Challenger 670B-350HP маркийн, HUC7185 серийн дугаартай  шинэ комбайн, Challenger 670B-350HP маркийн NUC7185 серийн дугаартай шинэ комбайн, CHTA 91040 маркийн 945383 серийн дугаартай шинэ комбайны шуудын жатка,CHTA 91040 маркийн 944886 серийн дугаартай шинэ комбайны шуудын жатка,WR9740 маркийн CHS11391 серийн дугаартай шинэ өөрөө явагч ангилан хадагч, WR9740 маркийн CHS11392 серийн дугаартай шинэ өөрөө явагч ангилан хадагч, CHTA910 маркийн CHTDW1349 серийн дугаартай, шинэ өөрөө явагч ангилан хадагчийн жатка, СHTA910 маркийн CHTDW1350 серийн дугаартай шинэ өөрөө ангилан явагчийн жатка, PH15 маркийн SU41241 серийн дугаартай шинэ комбайны ангилангийн жатка, PH15 маркийн SU41242 серийн дугаартай шинэ комбайны ангилангийн жатка зэрэг техникүүдийгнийт 1 623 770 7182 төгрөгийн түрээсийн үнэлгээтэйгээр, 5 жилийн хугацаатайгаар түрээслэхээр Санхүүгийн түрээсийн гэрээг тус тус  байгуулжээ. /хэргийн 1хавтас, 28-53-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх №СТГ/11-15, №СТГ/12-180, №СТГ/12-236 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг тус тус зөрчиж, төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа тул түрээсийн төлбөрт 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу тооцоод нийт 469 720 272 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу тооцоод нийт 292 238 935 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу тооцоод нийт 891 175 071 төгрөг, нийт 1 653 134 279 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь тоног төхөөрөмжийг хүлээн авсан, ашиглаж байгаа талаараа маргаагүй боловч уг тоног төхөөрөмжийг Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлж аваагүй, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах ерөнхий гэрээний дагуу шилжүүлэн авсан тул санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, мөн нэхэмжлэгчийн эрх зүйн чадвар нь дуусгавар болсон тул нэхэмжлэл гаргах ч эрхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж  заасан байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-ийн Улсын бүртгэлийн №9019055015 дугаар гэрчилгээнд “бүртгэгдсэн 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр” гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлд ажиллах хугацааг 2014 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл сунгасныг бүртгэв” гэснээр буюу хариуцагчийн ажиллах хугацаа сунгагдаагүй гэсэн тайлбараар нэхэмжлэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон гэх үндэслэлгүй байна. /хэргийн 1 хавтас, 10-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийг Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шаардах эрхгүй, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах ерөнхий гэрээгээр худалдаж авсан тоног төхөөрөмжийг дахин Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу хүү, алданги тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагч “Алтай групп” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №FC-12/04-05 тоот Худалдах, худалдан авах ерөнхий гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах ерөнхий гэрээ болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 58-61-р хуудас/

Уг гэрээний 1.1.-д “Гэрээний зорилго нь худалдан авагч талын захиалгаар худалдагч тал нь гэрээний хавсралт 1-д дурдсан тоо ширхэг бүхий тоног төхөөрөмжийг хавсралтад дурдсан нийлүүлэх хугацаанд, хавсралт 2-оор харилцан тохиролцсон төлбөрийн нөхцөлтэйгээр худалдан авагч “Алтай групп” ХХК-нд нийлүүлэх, худалдан авагч тал нь гэрээнд заасан төлбөрийг худалдагч талд төлөхтэй холбоотой талуудын хооронд ирээдүйд үүсэх харилцааг зохицуулахад оршино”,

1.2-д “Худалдан авагч нь гэрээний 1.1.-д дурдсан гэрээний зүйлийг энэхүү гэрээнд заасан нөхцлөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд төлбөрийг үлдэгдэл хэсгийг “Вагнер Ази лизинг” ХХК-тай байгуулах Санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу “Вагнер Ази лизинг” ХХК-ийн санхүүжилтээр Худалдагч талд төлөхтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино”

2.1-д “гэрээний зүйлийн төлбөр нь гэрээ байгуулах өдөр нийт 1 871 075 582 төгрөг байна”

2.4-д “худалдан авагч нь энэ гэрээний хавсралт 1-д заасан тоног төхөөрөмж тус бүрийн үлдэгдэл 70 хувийн төлбөрийг Вагнер Ази лизинг ХХК-иас Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу жилийн 9 хувийн хүүтэй, ... хүртэл сарын хугацаатай санхүүжилтээр худалдан авна.

2.5-д “худалдан авагч нь энэ гэрээний 2.4-т заасан санхүүжилтийг авах тухай бүр Вагнер Ази лизинг ХХК-тай “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулна” гэж тус тус заажээ.

Мөн 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №12/04-05 тоот Санхүүгийн түрээсийн төлбөр батлан даах гэрээгээр “Алтай консктракшн” ХХК, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК, “Алтай групп” ХХК, “Вагнер Ази лизинг” ХХК харилцан тохиролцож, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах ерөнхий гэрээний дагуу хөдөө аж ахуйн зориулалт бүхий тоног төхөөрөмжүүдийг ирээдүйд байгуулах Санхүүгийн түрээсийн гэрээгээр олгогдох түрээсийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй бол батлан даагч бүрэн хариуцахаар, энэхүү гэрээ болон ирээдүйд байгуулах Санхүүгийн түрээсийн гэрээ нь энэхүү гэрээнд дурдсан 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах ерөнхий гэрээний салшгүй хэсэг бөгөөд Худалдах, худалдан авах ерөнхий гэрээнд үндэслэн дээрх гэрээнүүд хийгдсэн болно гэсэн байна. /хэргийн 1 хавтас, 19-21-р хуудас/

Уг Худалдах, худалдан авах ерөнхий гэрээ болон Санхүүгийн түрээсийн төлбөр батлан даах гэрээг байгуулсан талаараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул нэхэмжлэгч уг гэрээнүүдийг үндэслэн байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй, худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн гэж маргасан боловч хариуцагч “Алтай групп” ХХК нь нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан, санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьтай танилцаж хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 1 хавтас, 33, 43, 53-р хуудас/

Мөн хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийж, нийт 2 437 603 713 төгрөг төлсөн, гэрээний дагуу техникүүдийг хүлээн авч ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, техникийг хүлээн авсан, ашигласан гэдэг нь хүлээлцсэн акт, шалгах хуудсаар нотлогдож байх тул хариуцагчийн санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Зохигч талууд шалгах хуудсаар тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан талаараа маргаагүй болно. /хэргийн 1 хавтас 64-72, 22-29-р хуудас/

Санхүүгийн түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж байсан болох нь хэрэгт авагдсан “Вагнер Ази лизинг” ХХК-ийн дансны хуулга, ХААН банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан “Вагнер Ази лизинг” ХХК-иас “Алтай групп” хүргүүлсэн төлбөр тооцооны тухай албан бичгүүд, төлбөрийн тооцоололоор тус  тус нотлогдож байна. /хэргийн 1 хавтас 95-100, 109-132-р хуудас/

Хариуцагч нь төлбөрийн талаар мэдэгдэж байсан болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байна./хэргийн 1 хавтас 133-139, 147-161-р хуудас/

Иймд зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан, санхүүгийн түрээсийн гэрээний хуулиар тогтоосон хэлбэр, журмыг зөрчөөгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн төлбөрийг төлж байна гэж ойлгоогүй, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах худалдан авах ерөнхий гэрээнд төлбөрийг “Вагнер Ази лизинг” ХХК-нд төлөхөөр заасан байсан тул төлсөн гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийг санхүүгийн түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, санхүүгийн түрээсийн гэрээний ерөнхий нөхцлөөр тохиролцсон байх тул талууд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-д зааснаар гэрээний үнэ, төлбөрийг тохирсон байна гэж үзэв.

Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-т “гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусгах журмыг заана” гэж зааснаар зохигчийн хооронд байгуулагдсан №СТГ/11-15, №СТГ/12-180, №СТГ/12-236 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний 2.1.3.1-д “түрээслэгч нь түрээслүүлэгчид 9,0 хувийн хүү төлнө. Түрээсийн хүү нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд тооцогдох ба түрээсийн төлбөрийг хүүгийн хамтаар хуваарьт хугацаанаас өмнө урьдчилан төлж болно”, 3.2-д “түрээслэгч түрээсийн төлбөр болон хүүг хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө” гэж тус тус харилцан тохиролцжээ.

Зохигч талууд 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-01 Нэмэлт өөрчлөлтөөр, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-02 Нэмэлт өөрчлөлтөөр, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-03 Нэмэлт өөрчлөлтөөр тус тус түрээсийн гэрээний төлбөрийн хуваарийг өөрчилсөн байх тул түрээсийн гэрээний төлбөрийн хуваарийг харилцан тохиролцсон болох нь нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 1 хавтас, 36, 46,56-р хуудас/

Мөн 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, “Вагнер Ази лизинг” ХХК, “Алтай групп” ХХК болон түүний батлан даагч “Алтай констракшн” ХХК нь СТГ/11-15, СТГ/12-180, СТГ/12-236 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 хавтас, 22-р хуудас/

Иймд нэхэмжлэгчийн Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар төлбөрийн хуваарийг зөрчсөн талаар маргаагүй боловч Санхүүгийн түрээсийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь түрээсийн төлбөр, гэрээнд зааснаар хүү, гэрээний хариуцлага болох алдангийг нэхэмжилсэн, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн тооцооллоор нотлогдож байна. /хэргийн 1 хавтас, 23-24-р хуудас/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талууд хооронд байгуулсан гэрээндээ алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь түрээсийн гэрээний хүү, алдангийн тооцоолол зөрүүтэй эсэх талаарх татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

Иймд хариуцагч “Алтай групп” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөр 326 644 329 төгрөг, хүү 50 819 056 төгрөг, алданги /2015.12.15-наас 2016.8.31-ний өдрийг хүртлэх 260 хоног/ 92 256 887 төгрөг, нийт 469 720 272 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөр 249 829 160 төгрөг, хүү 12 810 420 төгрөг, алданги /2015.12.10-наас 2015.8.31-ний өдөр хүртлэх 265 хоног/ 36 599 354 төгрөг, нийт 292 238 935 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөр 751 157 204 төгрөг, хүү 23 617 069 төгрөг, алданги /2015.12.10-наас 2015.8.31-ний хүртэлх 265 хоног/ 116 400 797 төгрөг, нийт 891 175 071 төгрөг буюу нийт 1 653 134 279 /469 720 272+292 238 935+891 175 071=1 653 134 279/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан үндэслэлгүй төлсөн төлбөр болох 2 437 603 713 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Худалдах, худалдан авах ерөнхий гэрээний дагуу төлбөрийг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээнд тооцон авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хариуцагч нь 2011оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний Санхүүгийн түрээсийн төлбөрийн талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй бөгөөд 2012 оны 4 сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах ерөнхий гэрээгээр тоног төхөөрөмжийг худалдан авсан байхад Санхүүгийн түрээсийн гэрээгээр төлбөр нэхэмжилсэн, нэхэмжлэгч нь санхүүжилт хийгээгүй болох нь худалдах, худалдан авах ерөнхий гэрээгээр нотлогдоно гэсэн.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2-д “түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрүүлэх эсхүл худалдан авах үүрэгтэй”, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “”түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэг нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлэгч болох “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-иас санхүүгийн түрээсээр олгох зориулалтаар тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан худалдан авах захиалгын хуудсууд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тус тус нотлогдож байна. /хэргийн 1 хавтас, 35, 45, 55-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг бэлтгэн нийлүүлэгчээс тоног төхөөрөмжийг худалдан авсан эсэх нь эргэлзээтэй, хуурамчаар нотлох баримт үйлдсэн байх боломжтой, “Вагнер Ази лизинг” ХХК, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хуурамч, дүр үзүүлэн байгуулсан гэж маргасан боловч хэрэгт авагдсан 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №ХХАГ/11-15 тоот Худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №ХХАГ/12-180 тоот Худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №ХХАГ/12-236 тоот Худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК нь тоног төхөөрөмжүүдийг “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-иас худалдан авсан болох нь нотлогдож байх бөгөөд уг тоног төхөөрөмжүүдийг хариуцагч “Алтай групп” ХХК нь хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа талаараа маргаагүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 2-р хавтас, 10-17-р хуудас/,

Мөн хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 4668УБ улсын дугаартай, AGCO CH670EE комбайн, 4774УБ улсын дугаартай AGCO CH670EEкомбайн, 2538УБ улсын дугаартай CHW9740 трактор, 2537УБ улсын дугаартай CHW9740 трактор, 1785УБ улсын дугаартай AGCO SC4660 ургамал хамгааллын бодис цацах машин, 9237УБ улсын дугаартай Chalenjer MT965трактор нь “Вагнер Ази лизинг” ХХК-ийн өмчлөлд байгаа болох нь тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 171-173-р хуудас, 2-р хавтас 167-169-р хуудас/

Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн СТГ/11-15, СТГ/12-180, СТГ/12-236 тоот гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №FC-12/04-05 тоот Худалдах, худалдан авах ерөнхий гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөө гаргуулахаар нэхэмжилж байгаа гэж тайлбарласан тул 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №FC-12/04-05 тоот Худалдах, худалдан авах ерөнхий гэрээний 5.1-д “гэрээтэй холбогдох аливаа маргаантай асуудлыг талууд эв зүйгээр зохицуулахыг эрмэлзэх бөгөөд ингэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл Монгол Улсын Арбитраар шийдвэрлүүлнэ” гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр түүний нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 15 273 987 төгрөгийг тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №183/ШЗ2016/06848 шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацаагаар хойшлуулсан, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ НЬ:

 

   1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 312 дугаар зүйлийн 312.1, 315.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Алтай групп” ХХК-иас 1 653 193 279 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч “Алтай групп” ХХК-ийн нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК-нд холбогдуулан гаргасан үндэслэлгүй төлсөн төлбөр болох 2 437 603 713 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 423 621 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтай групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 423 621 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-нд олгож, хариуцагч “Алтай групп” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод төлөөгүй болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХУЛАН