Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1055

 

 

 “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00162 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Алтай групп” ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК

 

            Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 653 134 279.17 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй

            Үндэслэлгүй төлсөн төлбөр болох 2 437 603 713 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч         Б.Батбаяр

                                                                               Д.Дамдинсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                   Ц.Цэрэнжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            Н.Нямжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч                                      П.Унрах-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр  нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стив Жон Поттер шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             Нэхэмжлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК /Түрээслүүлэгч/, хариуцагч “Алтай групп" ХХК /Түрээслэгч/-тай түрээслэгчийн сонгосон эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаа, төлбөр, нөхцөлтэйгээр түрээслэгчид эзэмшүүлэн ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хуваарьт хугацаанд үе шаттайгаар төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсний дараа тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тус тус харилцан тохиролцож дараах 3 ширхэг санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан юм. Үүнд:

-2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн СТГ/11-15, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-01 тоот нэмэлт өөрчлөлт.

-2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн СТГ/12-180, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-02 тоот нэмэлт өөрчлөлт.

-2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн СТГ/12-236, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ГНӨ№15/09-03 тоот нэмэлт өөрчлөлт.

Мөн “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Аптай групп” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг үйлдсэн ба тус санамж бичгээр Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар тохиролцон байгуулжээ. Гэтэл “Алтайн групп” ХХК нь дээрх 3 ширхэг Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөхгүйгээр “Вагнер Ази Лизинг” ХХК-ийг хохироосоор өнөөдрийг хүрлээ. Тодруулбал:

1.“Вагнер Ази Лизинг” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр СТГ/11№15 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийт 850 390 521.65 төгрөгийн үнэ бүхий техникийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 55 сарын хугацаатайгаар “Алтай групп” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлсэн боловч түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээ болон түүний Хавсралт 1-т заасан хуваарь, “Санхүүгийн түрээсийн СТГ11-15 тоот гэрээ”-ний ГНӨ№15/09-01 тоот нэмэлт өөрчлөлтөд заагдсан үүргээ биелүүлэх тухай баталгааг тус тус зөрчин гэрээний төлбөрөө төлөөгүй.

2. 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр СТГ/12-180 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийт 549 046 842.60 төгрөгийн үнэ бүхий техникийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 55 сарын хугацаатайгаар “Алтайн групп” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлсэн боловч түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээ болон түүний хавсралт 1-д заасан хуваарь, “Санхүүгийн түрээсийн СТГ/12-180 тоот гэрээ”-ний ГНӨ№15/09-02 тоот нэмэлт өөрчлөлтөд заагдсан үүргээ биелүүлэх тухай баталгааг тус тус зөрчин гэрээний төлбөрөө төлөөгүй.

3. 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр СТГ/12-236 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийт 1 623 770 182.60 төгрөгийн техникүүдийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар “Аптай групп” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар шилжүүлсэн боловч түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээ болон түүний хавсралт 1-д заасан хуваарь, “Санхүүгийн түрээсийн СТГ/12-236 тоот гэрээ”-ний ГНӨ№15/09-03 тоот нэмэлт өөрчлөлтөд заагдсан үүргээ биелүүлэх тухай баталгааг тус тус зөрчин гэрээний төлбөрөө төлж барагдуулаагүй байна.

Ийнхүү “Алтай групп” ХХК нь дээрх Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн дагуу “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хуваарийг зөрчиж нийт 1 679 634 279.17 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулахгүйгээр хохироож байна. Харин нэхэмжлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК болон хариуцагч “Алтай групп” ХХК-ууд нь хоорондоо дээрх санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг харилцан зөвшөөрч, баталгаажуулан 2011, 2012, 2013, 2014, 2015 онуудад тооцоо нийлж байсан болно. “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Алтай групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.1.3-д заасныг үндэслэл болгон хүү алдангийг тооцоолон нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйл, 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйл, талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн холбогдох зүйл, заалтууд, гэрээний хавсралтуудыг тус тус үндэслэн “Алтай групп” ХХК-аас дээрх 3 ширхэг Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үндсэн төлбөрт 1 326 630 693 төгрөг, хүүнд 78 188 546 төгрөг, алдангид 245 257 039 төгрөг нийт 1 653 134 279.17 төгрөгийг гаргуулан, “Вагнер Ази Лизинг” ХХК-д олгоно уу гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, уг Санхүүгийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлнө гэсэн байдаг. Түрээсийн гэрээгээр нэхэмжилж байгаа үндсэн төлбөрөөс гадна, бүх түрээсийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.1.3-д жилийн 9 хувийн хүү төлнө, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хуваарьт хугацаанаас хоцруулах юм бол хоног тутамд алдангийг нэмж төлнө гэж заасны дагуу хүү, алдангийг нэмж нэхэмжилсэн байгаа юм.

Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг зохих ёсоор, хугацаанд нь шударгаар гүйцэтгэнэ”. Мөн тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль юмуу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 186.1, 208.1, 219.1, 222.7, 232, 312, Санхүүгийн түрээсийн гэрээний 7, 9 дүгээр зүйлд зааснаар “Вагнер Ази лизинг” ХХК нь “Алтай групп” ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр хүү, алданги, төлбөр нэхэмжлэх, шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийг гаргасан байгаа. Хариуцагч нь манай тоног төхөөрөмжийг хүлээн авсан ашиглаж байгаа талаараа маргаагүй бөгөөд уг түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөөд төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Бид гэрээнд зааснаар буюу Санхүүгийн түрээсийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар түрээсийн төлбөр, хүү, алдангийг нэхэмжилсэн. Нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжлээгүй, санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөрт 326 644 329 төгрөг, хүү 50 819 056.22 төгрөг, алданги 92 256 88.33 төгрөг, нийт 469 720 272.55 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөр 242 829 160,71 төгрөг, хүү 12 810 420.05 төгрөг, алданги 36 599 354.27 төгрөг, нийт 292 238 935 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу тооцоод түрээсийн төлбөр 751 157 204.05 төгрөг, хүү 23 617 069.78 төгрөг, алданги 116 400 797.76 төгрөг, нийт 891 175 071.59 төгрөгийг тус тус нэхэмжилсэн гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурьдсанаар “Алтайн групп” ХХК нь дээрх Санхүүгийн түрээсийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөхгүйгээр “Вагнер Ази Лизинг” ХХК-ийг хохироосоор өнөөдрийг хүрлээ гэсэн нь “Аптай групп”ХХК-д хамааралгүй тайлбар байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. “Алтай групп” ХХК нь “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах ерөнхий гэрээ”-ий дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийн төлбөрийг тус гэрээнд заасны дагуу “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн дансруу шилжүүлдэг байсан. Харин энэ хугацаанд “Вагнер Ази Лизинг” ХХК нь гэрээний харилцаанд оролцож, санхүүгийн түрээсийн төлбөр, түрээсийн хүү, алданги, хугацаа хэтрүүлсний хүү гэх зэргээр худалдах-худалдан авах ерөнхий гэрээний үнийн дүнд хамааралгүй илүү төлбөрүүдийг “Алтай групп” ХХК-аас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Вагнер Ази Лизинг” ХХК хохирч байгаа гэдэг нь үндэслэлгүй байна. Энэ хугацаанд “Вагнер Ази Лизинг” ХХК Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн дагуу гэрээний зүйлийг худалдагч буюу нийлүүлэгч “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-аас худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлснээр түүнийг захиран зарцуулах, түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх эрхийг өөртөө бий болгоогүй буюу санхүүжүүлсэн үйлдэл хийгээгүй бөгөөд санхүүгийн аливаа эрсдлийг өөртөө бодитоор хүлээгээгүй байна. Энэ нь “Вагнер Ази Лизинг” ХХК өнөөг хүртэл гэрээний зүйлсийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, мөн худалдах-худалдан авах ерөнхий гэрээний дагуу өмчлөх эрхийг “Вагнер Ази лизинг” ХХК олж авах боломжгүй зэргээс илэрхий харагдаж байна. “Вагнер Ази Лизинг” ХХК нь “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК, “Алтай групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Худалдах-худалдан авах ерөнхий гэрээ"-нд заасны дагуу гэрээний зүйлийн төлбөрийг арилжааны банк дахь өөрийн эзэмшлийн дансанд хүлээн авч байх үүрэг бүхий этгээд болох нь харагдаж байна. Иймд “Вагнер Ази Лизинг” ХХК-д Санхүүгийн түрээсийн төлбөр, хүү, алданги, хугацаа хэтрүүлсний хүүг “Алтай групп” ХХК-аас шаардах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Худалдах-худалдан авах ерөнхий гэрээний үлдэгдэл төлбөрийг хийж байсан. Мөн нэхэмжлэгч нь санхүүжилт хийсэн гэдэг нотлох баримтаа сүүлд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч хохирч байна гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээний зүйлүүдийг худалдах-худалдан авах гэрээний талууд 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр худалдсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэж байгаа гурван гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний ерөнхий нэг хэсэг гэсэн агуулгатай гэж маргадаг. Үүний төлбөрийг зохицуулсан гэрээ нь санхүүжүүлэгч гэсэн утгаар шаардах эрхгүй. Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон үүргээ биелүүлэхийг л шаардах эрхтэй байсан. Мөн гэрээний 7.1-д заасны дагуу санхүүжүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, энэ нь хуульд заасан стандартыг зөрчсөн байгаа юм. Нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг шаардсан нь хугацаа хэтрүүлсэн нэг зөрчилд хоёр хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Вагнер Ази Лизинг” ХХК-ийн “Алтай групп” ХХК-д холбогдуулан гаргасан Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 1 653 134 279.17 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. Талуудын хооронд 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр СТГ/11-15, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр СТГ/12-180, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр СТГ/12-236 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийг тус тус байгуулсан. Дээрх 3 ширхэг санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээслэгч “Алтай групп” ХХК нь түрээслүүлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК-д нийт 2 437 603 713.25 төгрөгийг төлсөн. Түрээслүүлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК нь дээрх гэрээнүүд болон Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан хугацаагаар түрээслэгч “Алтай групп” ХХК-ийн ашиглалтад буюу ашиглах эрхэнд эд хөрөнгө шилжүүлэх үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхийн тулд “Вагнер Ази Лизинг” ХХК нь “Аптай групп” ХХК-ийн сонгосон 15 нэр төрлийн техник хэрэгслүүдийг “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-аас худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн байх буюу Санхүүжилт хийсэн байх шаардлагатай. Ингэснээр “Вагнер Ази Лизинг” ХХК нь техник хэрэгслүүдийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд “Алтай групп” ХХК-ийн ашиглалтад шилжүүлэх боломж нээгдэх юм. Гэтэл “Вагнер Ази Лизинг” ХХК нь санхүүжилт оруулаагүй буюу “Аптай групп” ХХК-ийн сонгосон техник хэрэгслүүдийг худалдагч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлээгүй байх тул түүнийг санхүүжүүлэгч гэж үзэх боломжгүй юм. “Алтай групп” ХХК нь “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах ерөнхий гэрээний дагуу түүнээс маргааны зүйл болж буй техник хэрэгслүүдийг шилжүүлэн авсан болно. Иймд “Алтай групп” ХХК-аас “Вагнер Ази Лизинг” ХХК-д Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн нийт 2 437 603 713.25 төгрөгийг буцаан шаардаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр нь болох 2 437 603 713 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, үүнийг дагуу бид уг төлбөрийг “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д төлөх боломж үүсээд байгаа юм гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараас харахад гэрээ байгуулагдсан болон мөнгөн дүн дээр маргаан байдаггүй. Харин эхний шүүх хуралдаанаас хойш хариуцагч тал нь төлбөрийг төлөөгүй бөгөөд тоног төхөөрөмжийг авсан байж, өгсөн төлбөрөө буцааж авна гэсэн ойлгомжгүй сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад талууд гэрээ байгуулсан болон тоног төхөөрөмжийг хүлээн авсан, төлбөрийг тохиролцсон дээр маргаан байдаггүй. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стефен Жо Поттер шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг нь “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Алтай групп” ХХК-уудын хооронд  байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой байна. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн хувьд “Вагнер Ази Лизинг” ХХК болон “Алтай  групп” ХХК-уудтай  ямар нэгэн өр авлагагүй юм. Манай компани техник тоног төхөөрөмжүүдийг  “Алтай групп” ХХК-ийн эзэмшил ашиглалтад өмчлөлийг “Вагнер Ази Лизинг” ХХК-д гэрээний дагуу шилжүүлсэн. “Вагнер Ази Лизинг” ХХК нь бүх техник, тоног төхөөрөмжүүдийн үнийг манай компанид бүрэн төлсөн. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн эрх ашиг сонирхол талуудын хоорондын  маргаанаар хөндөгдөхгүй гэж үзэж байна. Иймд “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-ийн зүгээс талуудтай маргаангүй тул манай компанийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах явдал байхгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 312 дугаар зүйлийн 312.1, 315.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Алтай групп” ХХК-аас 1 653 193 279 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Алтай групп” ХХК-ийн нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК-нд холбогдуулан гаргасан үндэслэлгүй төлсөн төлбөр болох 2 437 603 713 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 423 621 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтай групп” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8 423 621 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч “Вагнер Ази лизинг” ХХК-д олгож, хариуцагч “Алтай групп” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод төлөөгүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна. 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 2.1.3.1-т заасны дагуу түрээслэгч нь түрээслүүлэгчид 9 хувийн хүү төлөх үүрэгтэй байна гээд дээрх гурван санхүүгийн түрээсийн гэрээний хүүнд 87 246 545 (50 819 056 + 12 810 420 + 23 617 069=87 246 545) төгрөгийг тооцоолсон байна. Үүнээс СТГ/12-180, СТГ/12-236 гэрээнүүдийн дагуу тооцоолсон 36 427 489 (12 810 420 + 23 617 069=36 427 489) төгрөгийн хүүг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх санхүүгийн түрээсийн гэрээний дагуу хүү шаардах үндэслэлийг тодруулаагүй бөгөөд хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж, дүгнэлт өгөөгүй байна. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч түрээслэгчээс төлбөр /үндсэн төлбөр, хүү, алданги зэрэг/ шаардахын тулд түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлсэн байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК нь хариуцагчийн ашиглалтад ямар ч эд хөрөнгө шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, тайлбаруудаар нотлогддог. Хариуцагч “Алтай групп” ХХК-ийн ашиглалтад СТГ/11-15, СТГ/12-180, СТГ/12-236 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн гэх 15 ширхэг тоног төхөөрөмжийг бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн шалгах хуудсаар хариуцагч “Алтай групп” ХХК-ийн ашиглалтад шилжүүлсэн. СТГ/12-180, СТГ/12-236 тоот гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн гэх 12 ширхэг тоног төхөөрөмжийг “Алтай групп” ХХК-ийн ашиглалтад хариуцагч “Алтай групп” ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-уудын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан FC-12/04-05 тоот "Худалдах-худалдан авах ерөнхий гэрээ"-ний дагуу худалдагч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн шалгах хуудас /баримт/-аар худалдан авагч “Алтай групп” ХХК-ийн ашиглалтад шилжүүлсэн байдаг юм.

Нэхэмжлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК нь хариуцагч “Алтай групп” ХХК-ийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлээгүй, санхүүжилт хийж санхүүгийн эрсдэл хүлээгээгүй учир хүү шаардах эрхгүй. Харин “Алтай групп” ХХК нь тоног төхөөрөмжүүдийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас шилжүүлэн авсан бөгөөд уг шилжүүлэн авсан тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл төлбөрийг барагдуулахад “Вагнер Ази Лизинг” ХХК-аас санхүүжилт авч ашиглаагүй учир СТГ/12-180, СТГ/12-236 тоот санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн хүүнд 36 427 489 (12 810 420 + 23 617 069=36 427 489) төгрөгийг төлөх үүрэггүй юм.

Иймд СТГ/12-180, СТГ/12-236 тоот санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн хүүнд 36 427 489 (12 810 420 + 23 617 069=36 427 489) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази Лизинг” ХХК нь хариуцагч “Алтай групп” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 653 134 279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж, 2 437 603 713 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт хуульд заасан шаардлага хангаагүй зарим нотлох баримт авагдсан байхад анхан шатны шүүх түүнийг хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна.

/хх 1 дүгэр хавтас 44,47,54,57,73-76,78-87,96-99 /

 

Талууд худалдах-худалдан авах болон түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл дээр маргаж байгаа бөгөөд арбитрын хэлэлцээр байгаа эсэх асуудлаар маргаагүй байхад шүүх арбитрын хэлэлцээртэй маргаанд харъяалал зөрсөн гэсэн дүгнэлт хийж хариуцагчийн сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон байна.  

 

Хэргийн 1 дүгээр хавтас 98 дугаар талд авагдсан 1 606 690 812 төгрөг, мөн алданги 30 893 050 гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь монгол хэл дээр орчуулагдаагүй байхад шүүх уг баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтад нийцээгүй нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй болжээ.

 

            Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангаагүйн улмаас үнэлэгдэх боломжгүй болсон байгааг хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх бүрэн хангагдсан гэж үзэхгүй юм.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Алтай групп” ХХK-аас төлсөн 340 100 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

              ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                                    Ц.ИЧИНХОРЛОО