Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/730

 

 

 

 

 

 

  2019            08           27                                     2019/ШЦТ/730

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Шүүгдэгч/хохирогч: Д.Ц-, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,

Шүүгдэгч/хохирогч: М.М-, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан М.М-, Д.Ц-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805044680466 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

Шүүгдэгч М.М-, Д.Ц- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” баарны гадна харилцан зодолдож эрүүл мэнддээ хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 11 цаг 30 минутаас 12 цаг 30 минутын хооронд болсон асуудал. Бүлэглэн дээрэмдсэн зүйл байхгүй. Бид нар хоол идэх гээд орсон” гэв.

Шүүгдэгч Д.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Кензо баарны гадаа байсан хүмүүс бүгд Мөнхзулын найзууд байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд бүгд зөрж байгаа. Хамтран байсан хүмүүс нь гэрчүүдийн мэдүүлэг өгсөн байдаг. Миний талаас гэрч гэх хүн байхгүй. Би өөрөө эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон. Нэг талыг хэтэрхий барьсан гэж үзэж байна. Би энэ хүнд гар хүрээгүй. Камерийн бичлэгт ч байдаг. Би Мөнхзулд гар хүрч хохироосон асуудал байхгүй” гэв.

Хохирогч М.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэв.

Хохирогч Д.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би одоо болтол эмчилгээ хийлгэж чадаагүй. Миний хараа муудсан байгаа. Анх үзүүлэхэд харааны 50 хувь алдагдалтай гэж гарсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа” гэв.

Хохирогч Д.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнхзул эхлээд миний нүүр рүү цохиж зодсон. Дараа нь намайг сууж байхад М.М- миний нүүр рүү өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлүүдийг Мөнхзул надад учруулсан. Би тэнд байсан хүмүүсийг танихгүй, одоо харвал танихгүй, машины дугаарыг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 16-20/,

Хохирогч М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цэрэнчимэг бид хоёр гадаа тамхилаад сууж байтал учиргүй л гэнэт “атаман ахтай, би хүний аарцаг зад өшиглөдөг эвгүй гар шүү, намайг та нар мэдэхгүй байна даа” гээд сонин сонин юм яриад эхэлсэн. Би болон надтай хамт явж байсан хүмүүс Цэрэнчимэгийн гар утас болон цүнх зэрэг эд зүйлийг аваагүй. Би Цэрэнчимэгийн нүд рүү цохьсон. Тэгээд үсдэлцээд, өшиглөлцөөд л байсан. Яг хаана нь яаж хэдэн удаа цохьсоноо мэдэхгүй байна. Цэрэнчимэг миний баруун нүд рүү цохьсон бас цээж, гар, хөл рүү нилээн хэдэн удаа цохьсон, бас миний ядам хуруунаас хазсан. Би тухайн өдөр Цэрэнчимэгийн ээмэг болон өөр бусад эд зүйлийг дээрэмдсэн, булааж авсан зүйл огт байхгүй. Согтуу хүмүүс маргалдаад зодолдсон. Миний биед учирсан гэмтлүүдийг Цэрэнчимэг бүгдийг нь учруулсан. Миний биед өөр хэн нэгэн хүн хүрээгүй. Би Цэрэнчимэгийн салоноор хааяа орж хумсаа янзлуулдаг. Би орж үйлчлүүлэх бүртээ мөнгөө өгөөд гардаг. Би тухайн өдөр дээгүүрээ ногоон эрээн цамцтай, бас ногоон эрээн өмдтэй, ягаан өнгийн пүүзтэй байсан. Цэрэнчимэг гялтганасан цамц билүү подволктой, уранхай загвартай цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. Тухайн өдрийн Кензод гарсан тооцоо 120.000 төгрөг хавьцаа болоод би бүх хүнээс тооцоог нь аваад тэйкэн дээр очиж бэлнээр төлсөн. Харин ресторонд 250.000 төгрөгийн тооцоо гараад тооцоог нь Эрдэнэцэцэг өөрөө хийсэн..” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Гэрч С.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гадагшаа гартал Мөнхзул, Цэрэнчимэг хоёр цаана төмөр хашааны үзүүрт Мөнхзул гараа сэгсэрсэн, орилчихсон байсан. Харин Цэрэнчимэг хажууд нь доошоо харчихсан сууж байсан. Заяа бид хоёр очоод буюу болсон бэ гэтэл Мөнхзул өөдөөс харж сууж байснаа Цэрэнчимэг миний гарыг хазчихлаа гэхээр нь Цэрэнчимэгийг дээш нь босгоод алив оръё гэтэл Цэрэнчимэгийн нүд нь хөхөрчихсөн байсан. ...Мөнхзул Цэрэнчимэгийн хүзүүнээс нь бариад машин мөргүүлээд байсан. Миний хажууд байхдаа Цэрэнчимэг нь согтоод агсам тавиад атаман гэх мэт зүйл ярьж байсан. Би Заяатай хамт гарч бүжиглэж байгаад иртэл тэр хоёр байхгүй болчихсон байсан. Цэрэнчимэгийн ээмгийг хэн ч аваагүй. Би бол Цэрэнчимэгт хумсаа ч хүргээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

Гэрч Б.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...гадаа зодоон болоод байна гэхээр нь би гарсан. Намайг гарах үед 2 эмэгтэй үсдэлцээд хоорондоо зодолдож байсан. Хажууд нь гурван эмэгтэй хүн салгаж байсан. Тэр хоёр эмэгтэй нэгнийгээ хэл амаар доромжлоод маргалдаад байсан. Нэг эмэгтэйгийнх нь нүд хөхөрчихсөн байсан. Харин нөгөө эмэгтэй нь миний хурууг хазчихлаа гээд орилоод байсан. Нүд нь хөхөрчихсөн нь 30 орчим насны 165 орчим см өндөртэй махлагдуу хар хувцастай эмэгтэй байсан. Тэр эмэгтэй тухайн үед нилээн их согтолттой байсан. Янхан гичий минь гээд орилоод байсан. Харин нөгөө хуруугаа хазуулдаг эмэгтэй нь 32 орчим насны 165 орчим см өндөртэй туранхайвтар эмэгтэй байсан. Хувцасны хувьд цэргийнх шиг эрээн хувцастай байсан. Бусад эмэгтэйчүүдийг нь бол сайн санахгүй байна. Тэд нар хажуугаас нь салгаад байсан. Гадаа намайг очиход зодолдож л байсан би очиж салгасан. Намайг байх хугацаанд нэгнийгээ дээрэмдэх эд зүйлийг нь булаах шинжтэй үйлдэл гаргаагүй. Хоорондоо янз янзаар хараагаад хэрэлдээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Шинжээчийн 10467 тоот дүгнэлтэд: “...Д.Ц-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, нүдний алимны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, 2 өвдөгний үе, баруун шилбэний зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь 2018.8.25-нд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 48/,

Шинжээчийн 10588 тоот дүгнэлтэд: “...М.М-д цээж, баруун бугалганд цус хуралт, тохойд зулгаралт, баруун ядам хуруунд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо халуун зүйлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 51/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-13/, компьютерт томографийн оношлогоо /хх-н 71/, шүүгдэгч/хохирогч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 145-151/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.М-, Д.Ц- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” баарны гадна харилцан зодолдож эрүүл мэнддээ хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Хохирогч Д.Ц-ийн: “...Мөнхзул эхлээд миний нүүр рүү цохиж зодсон. Дараа нь намайг сууж байхад М.М- миний нүүр рүү өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлүүдийг Мөнхзул надад учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-20/, хохирогч М.М-ын: “...Цэрэнчимэг миний баруун нүд рүү цохьсон бас цээж гар хөл рүү нилээн хэдэн удаа цохьсон, бас миний ядам хуруунаас хазсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Цэрэнчимэг бүгдийг нь учруулсан. Миний биед өөр хэн нэгэн хүн хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, гэрч С.Нарантуяагийн: “...Мөнхзул өөдөөс харж сууж байснаа Цэрэнчимэг миний гарыг хазчихлаа гэхээр нь Цэрэнчимэгийг дээш нь босгоод алив оръё гэтэл Цэрэнчимэгийн нүд нь хөхөрчихсөн байсан. ...Мөнхзул Цэрэнчимэгийн хүзүүнээс нь бариад машин мөргүүлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/, гэрч Б.Мөнхсайханы: “...гадаа зодоон болоод байна гэхээр нь би гарсан. Намайг гарах үед 2 эмэгтэй үсдэлцээд хоорондоо зодолдож байсан. Хажууд нь гурван эмэгтэй хүн салгаж байсан. Тэр хоёр эмэгтэй нэгнийгээ хэл амаар доромжлоод маргалдаад байсан. Нэг эмэгтэйгийнх нь нүд хөхөрчихсөн байсан. Харин нөгөө эмэгтэй нь миний хурууг хазчихлаа гээд орилоод байсан. Нүд нь хөхөрчихсөн нь 30 орчим насны 165 орчим см өндөртэй махлагдуу хар хувцастай эмэгтэй байсан. Тэр эмэгтэй тухайн үед нилээн их согтолттой байсан. Янхан гичий минь гээд орилоод байсан. Харин нөгөө хуруугаа хазуулдаг эмэгтэй нь 32 орчим насны 165 орчим см өндөртэй туранхайвтар эмэгтэй байсан. Хувцасны хувьд цэргийнх шиг эрээн хувцастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/, шинжээчийн 10467, 10588 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Ц- нь хохирогч М.М-д гэмтэл учруулаагүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтууд, тухайн хэрэгт хамааралгүй, болсон үйл явдлыг харсан, хууль сануулж байцаалт өгсөн гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч/хохирогч Д.Ц-, М.М- нар хоорондоо харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Ц- нь намайг дарамталсан, тухайн үед ээмэг алдсан гэж мэдүүлж байх боловч прокуророос шүүгдэгч Д.Ц-, М.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн бөгөөд хэрэв дарамталсан, ээмэг алдсан асуудлынхаа талаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.М-, Д.Ц- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М-, Д.Ц- нар нь согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.М- түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М-, Д.Ц- нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт баримттай хохирол нэхэмжлээгүй, хавтаст хэрэгт хохирлын ямар нэг баримт авагдаагүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.М-, Д.Ц- нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч нь маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч М.М-, Д.Ц- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч М.М-, Д.Ц- нарын 2018 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Д.Ц- нь 15 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1, 2, 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.М-, Д.Ц-нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.М-, Д.Ц-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц- нь 15 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.М- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Ц-, М.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-, М.М- нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР