Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1112

 

 

 

 

 

 

 

 

 

М.М, Д.Цнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Дүүрэнбилэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

                                                                                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/730 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр М.М, Д.Цнарт холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнэийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М.М, 1986 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..........................мах шулдаг ажилтай, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт ............................тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

2. Д.Ц, 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, .....................гоо сайхны салон ажиллуулдаг, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт .................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

М.М, Д.Цнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” баарны гадна харилцан зодолдож, эрүүл мэнддээ хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.М, Д.Цнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Мөнхболдын М.М, Тайж овгийн Дашдаваагийн Д.Цнарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Боржигон овгийн Мөнхболдын М.М, Тайж овгийн Дашдаваагийн Д.Цнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Цнь 15 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.М, Д.Цнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тогтох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Боржигон овгийн Мөнхболдын М.М, Тайж овгийн Дашдаваагийн Д.Цнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг орхигдуулсан нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцлийг бичсэн...” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

М.М, Д.Цнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” баарны гадна харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэнддээ хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10467 тоот /хх 47-49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10588 тоот /хх 49-51/ дүгнэлтүүд, хохирогч Д.Ц/хх 14-17, 18-19, 20/, М.М /хх 21-24/, гэрч С.Нарантуяа /хх 43-44/, Б.Мөнхнасан /хх 45-46/ нарын мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасантай нийцжээ.

 

   Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчидийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан М.М, Д.Цнарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь зааснаар шүүгдэгч М.М, Д.Цнарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчлан тогтоосон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ.

 

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг орхигдуулсан нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү...” гэжээ.

 

М.М, Д.Цнарын үйлдсэн гэмт хэргийг шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоогүй /хх 133-136/ тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж зааснаар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/730 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                                           Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ