Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 87

 

 

Л.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Энх-Оюун,

хохирогч Ө.М- ,

шүүгдэгч Л.М-ын өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1808048211281 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овгийн Л-ийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;

 

Л.М- нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 46-19 тоотод хамтран амьдрагч Ө.М-  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.М-ыг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М-д оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.М-ыг цагдан хорьж түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.М- давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 46-19 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, эхнэр Ө.М-  эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж байгааг минь хүлээн авсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, төлөх төлбөргүй. Миний бие үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг минь хүлээн авч, надад оногдуулсан хорих ялыг аль болох хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял болох биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү.

Ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл үр хүүхдээ халамжилж, ажил хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт хүмүүжүүлэх, боловсрол, мэдлэгт нь анхаарч дахин гэмт хэрэгт огт холбогдохгүйг амлаж байна...” гэжээ.

 

Хохирогч Ө.М-  тус шүүх хуралдаанд “...тайлбаргүй...” гэв.

 

Шүүгдэгч Л.М-ын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт хохирогч анхнаасаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр илэрхийлсэн. Шүүгдэгч Л.М-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой. Учир нь Л.М- нь ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Л.М-, хохирогч Ө.М-  нар эхнэр, нөхөр бөгөөд 4 настай хүүхэдтэй. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.М- нь хамтран амьдрагч Ө.М-  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болон нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Л.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхэд оршдог. Шүүгдэгч Л.М-ын хувьд гэмт хэрэг гарах болсон шалтгаан түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Л.М- нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 46-19 тоотод хамтран амьдрагч Ө.М-  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ө.М-  “...14 цагийн орчим сэртэл Мөнх-Оргил, Болороо хоёр хамт нэг хөнжилд нүцгэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би уурлаад хөнжлийг нь яраад Болороогийн үснээс зулгаагаад толгой руу нь гараараа 2-3 удаа цохитол Болороо орноосоо босоод намайг түлхсэн. Хажуунаас нь Мөнх-Оргил гараараа миний нүүр гар, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон ... Миний гарыг Мөнх-Оргил цохиж хугалсан...” гэх мэдүүлэг /хх 6-8/,

гэрч Т.Болормаагийн “...Ө.М-  миний нөмөрч байсан хөнжлийг хуу татаад над руу дайраад давшлаад байсан. Би яасныг нь мэдэхгүй манай нөхөртэй унтсан гээд дайраад миний үснээс зулгаагаад орноос татаад буулгахаар нь би гарыг нь тавиулаад түлхэж өөрөөсөө холдуулсан. ...зурагтынхаа доор байсан модон тагийг барьж аваад толгой руугаа цохиод байсан. Би болиулах гэтэл уурлаад дайраад байхаар нь за за болъё гээд холдсон...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

шүүгдэгч Л.М-ын “...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан, миний буруу. Би тухайн үед нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх 41-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ө.М-  биед зүүн шуу ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд, доод зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор гадаргуу, зүүн бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 12490 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Найз Т.Болормаатай нэг оронд хамт унтлаа гэж уурласан Ө.М-  зодож, бие махбодид нь “...олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх зүүн шуу ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд, доод зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор гадаргуу, зүүн бугалга, баруун шууны цус хуралт...” гэсэн гэмтлүүдийг учруулсан Л.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна.

 

Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М-ын “...үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг минь хүлээн авч, надад оногдуулсан хорих ялыг аль болох хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах эсхүл тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ