Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0599

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 450 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 450 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. “*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 6/7503 тоотоор хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр цуцалсан байна. Цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6/8498 тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна. Тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарч энэ талаар төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-ийн ХV-12730 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.     

Маргаан бүхий захиргааны актад баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахдаа мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаа өнгөрсөн байхыг шаардана.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаас үзвэл “*******” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр алдангийн хамт төлсөн байх тул дээр дурдсан хуулиар тогтоосон хугацаанд төлсөн гэж үзэх үндэстэй.

Мөн нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэсэн шаардлагыг хангаж 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөр болон алданги төлсөн баримтаа  Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтэст хүргүүлсэн, энэ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтанд төлбөр төлөгдсөн тэмдэглэгээ хийснээр нотлогдож байна.

Дээрхийг дүгнэвэл маргаан бүхий Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул  хариуцагчаас гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй”  гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөл 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дүгнэлтээ гаргасан гэх боловч 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл бичгийн хэлбэрээр гаргаагүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Иймд “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            

                              ШҮҮГЧ                                                      Э.ХАЛИУНБАЯР

                              ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

                                 ШҮҮГЧ                                                      О.НОМУУЛИН