Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 223

 

Д.Ба-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Г.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар магадлалтай 201509000857 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Уранчимэг, Л.Энхтунгалаг нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Да овогт Д.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ба-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба-ийн цагдан хоригдсон 324 /гурван зуун хорин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Ба- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Уранчимэг, Л.Энхтунгалаг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ж.Яринпилийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ба- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Тийм учраас түлхсэн гэж үзэж байна гэсэн Б.От-ын мэдүүлэг хүчингүй болж 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зөвхөн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Мөн хохирогчийн толгойн баруун шанаанд үүссэн шархыг хаанаас үүссэнийг тогтоогүй хэргийг шийдвэрлэсэн. Архи ууж бусдыг илтэд үл хүндэтгэн агсам тавьж дайрахад нь маш их айсандаа өөрөөсөө холдуулах зорилгоор баруун гараараа зүүн тал руу нь түлхэх шиг болоод үүд рүү түргэн холдсон бөгөөд үүнийг үнэлж, дүгнэлт хийсэнгүй. Шүүх гэрч Э.Мө-ын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг дүгнэсэнгүй. Мөн мөрдөн байцаалтаар газар үүссэн олон тооны цусан дуслууд мэдүүлгүүдтэй зөрүүтэй байгааг анхаарч үзсэнгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Ба- нь бусдыг санаатай болон болгоомжгүй алах санаа зорилго байхгүй байхад түүний түлхсэн үйлдлийг зөрүүтэй мэдүүлж буй 2 гэрчийн /Э.Мө-, Б.От-/ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн эргэлзээтэй мэдүүлгээр эрс хүндрүүлж, хүнийг санаатай алсан гэж буй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл юм. Тухайн хэрэг гарах үед байсан гэрч нарыг Д.Ба- нь хүнийг санаатай алсан гэж хэлүүлэх аргыг мөрдөн байцаах алба хэрэглэсэн нь гэрч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Санаатай алсан гэж яллаж буй гэрчийн мэдүүлэг нь гэрчүүдийн болон өөрсдийнх нь мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан бөгөөд санаатай хүн алсан гэмт хэрэг нь бүрэн бодитой тогтоогдоогүй юм. Мөн хохирогч нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээнд харшилсан удирдах албан тушаалтныхаа нэр төр алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдэл гаргаж, дайрч давшилж байгаа нь болон Д.Ба-ийн хариу үйлдэл үзүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хавтаст хэргээс харж болох юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Ба-ийг хохирогч Ц.Ба-ийн толгойн тус газарт нь санаатай цохиж амь насанд нь аюултай гэмтэл учруулж алсан болох нь нотлогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, гэрчүүдийн зөрүүтэй, тогтворгүй, эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 290 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэн ял халдаасан гэж үзэж байна. шийтгэх тогтоол, магадлалд Д.Ба-ийг хүнийг санаатай алсан гэж дүгнэж байгааг тодорхой дурдаагүй, гэм буруугийн аль хэлбэрээр үйлдэгдсэн болохыг үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр 2 гол гэрч болох Э.Мө-, Б.От- нарын эхний мэдүүлгийг үндэслэсэн атлаа тэдний болон бусад гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч Э.Мө-ын анхны мэдүүлэг нь бодит байдалтай тохирохгүй байсан тул мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед мэдүүлгээсээ буцсан байдалтай 2 гол гэрчийн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар няцаагдаж, үгүйсгэгдэж байгааг үнэлэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь тогтоол үндэслэлгүй байна гэж үзэх үндэс болов. Гэрч Б.От-/хх-ийн 101 хуудас/-ын мэдүүлэг нь шинжээч эмч Ц.Туяагийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд уг мэдүүлгээс дүгнэхэд баруун талын чамархайд хүнд гэмтэл авахаар байна. Мөн түүний мэдүүлгийг шалгасан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “талийгаачийн мөргөсөн байж болох ирмэг цэг нь хагас дугуй хэлбэртэй, түүн дээр ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байлаа” гэсэн нь гэрч Б.От-ыг худал мэдүүлэг өгснийг нотолж байна. Мөн гэрч Э.Мө-ын мэдүүлэг нь хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн фото зураг болон бусад эргэлзээтэй нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Талийгаачийн доод уруулын баруун талын шарх нь Д.Ба- талийгаачийг түлхэхээс өмнө үүссэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байхад шинжээч эмч Ц.Туяа нь Д.Ба- түлхэхээс өмнө дээрх гэмтлүүд үүсэх боломжгүй гэсэн нь эргэлзээтэй байна. Д.Ба- нь зориуд санаатайгаар хохирогчийг үхэлд хүргэх санаа зорилго агуулсан болох нь тогтоогдоогүй бөгөөд харин ч хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоохоор биеэ хамгаалан түлхсэн байдаг нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн болон сэжигтний мэдүүлгүүдээр нотлогддог. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, эсвэл зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль бус шүүх бүрэлдэхүүнтэйгээр ялтны гомдлыг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хэргийг шилжүүлэх тухай Ерөнхий шүүгчийн 60 дугаар захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 223.3 дахь заалтууд болон Шүүхийн тухай хуулийг зөрчиж гаргасан захирамж юм. Түүнчлэн энэ захирамжид Шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалтыг удирдлага болгосон нь ойлгомжгүй байна. Иймд Д.Ба-ид холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн нь хууль бус тул Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 63 дугаар магадлалыг хүчингүй болгон хэргийн харьяаллыг хуулийн дагуу шийдвэрлэн дахин давж заалдах гомдлыг хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ба- нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайлбал, мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, нягт нямбай судалж үзсэний үндсэнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, улмаар түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэсэн прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ хэд хэдэн ноцтой алдаа гаргасан болох нь хавтас хэргийг судлах явцад харагддаг. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгч Я.Туул нь давж заалдах шатны шүүх хуралдаанд даргалагчаар оролцож хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн гэж үзэж байна. Гэтэл дээрх хууль бус магадлалыг үндэслэж анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 33 тоот шийтгэх тогтоол гаргасан бөгөөд энэ нь мөн хууль бус болсон гэж үзэж байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс татгалзахад ерөнхий шүүгч Я.Туул тухайн татгалзлыг үндэслэлтэй байна гэж үзэн захирамж гарган хэргийг давж заалдах журмаар хэлэлцүүлэхээр Орхон аймгийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд анхан болон давж заалдах шатны шүүхийн харьяалал тогтоох эсэх асуудлыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч шийдвэрлэнэ гэсэн заалтыг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүх зөрчсөн. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Ба- нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МВМ” зочид буудлын 406 тоот өрөөнд Ц.Ба-ийн толгойн тус газарт нь цохиж амь насанд аюултай тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Д.Ба-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан түүний хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Ба- нь амь хохирогч Ц.Ба-ийг зүй бус хэллэг, авир гаргалаа хэмээн маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь цохисон хэргийн үйл баримт тогтоогдсон бөгөөд Д.Ба-ийн үйлдэл ба амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул энэ талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

Харин 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт найман жилээс арван таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс 2015 оны Эрүүгийн хуулиар хүнийг алах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг нь найман жил болгон багасган эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Д.Ба-ийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүх хохирогчийн “нэхэмжлэх зүйлгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд Д.Ба-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад нийцүүлэн хөнгөрүүлэн тогтоож шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар: “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Д.Ба-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг журамлан 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ба-ид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Уранчимэг, Л.Энхтунгалаг нарын нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Б.ЦОГТ

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН