Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/33

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0037/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Н.Ө,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч Я.Ц***, Л.О***, 
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Б***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.У***, Л.Э***, А.М***, 
Шүүгдэгч Д.Б*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*** Д.Б***ид холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Даж Д.Б***, ***** төрсөн, *****  настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, ***** ажиллаж байсан, ***** ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ** дүгээр багийн **-р хороолол ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал. урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Б*** нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***зочид буудлын ***тоот өрөөнд Ц.Б***ийг архи ууж агсан тавьж, намайг гөлөг хэмээн дуудаж ам руу салаавч хийлээ хэмээн толгойн тус газарт нь санаатай цохиж амь насанд аюултай Тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Д.Б***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 
    Манай үйлдвэрийн Төмөр толгойн хуурай баяжмалын үйлдвэрийг улсын комисс хүлээн авахаар 2015 оны 12-р сарын 09-ний өдөр ажилласан. Ингээд би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ очиж улсын комиссын гишүүдэд бичиг баримтаа танилцуулаад Төмөртэй толгойн төмөр замыг хүлээлгэн өгөхөөр болсон бөгөөд хүлээж авах комисс нь Улаанбаатар хотоос гарсан гэсэн. Ерөнхий захирал Б*** надад Уул уурхай хариуцсан дэд захирал Б***ийг уурхай хүлээж авах ажилд хамт авч яв гэж хэлсэн. Б***э захиралтай би утсаар ярихад Б*** захирал “***” зочид буудлын ***тоот өрөөнд байна гэж хэлсэн. Ингээд би үйлдвэр эрхэлсэн дэд захирал Э***ны хамтаар Б***э захирлыг авч явахаар очсон. Тухайн үед 13 цаг л болж байсан байх. Ингээд ороход Б***э захирал, манай үйлдвэрийн үйлдвэр, шугам сүлжээний цехийн дарга ажилтай Б***, мөн манай автозамын төслийн дарга А*** нар архи уугаад сууж байсан. Ингээд бид нар Б***э захирлыг аваад явах гэхэд архи уучихсан согтуу байсан болохоор би явахгүй гээд байсан. Тэгээд бид 2 машиндаа суугаад явж байтал Э***н захирал ерөөсөө Болор- Эрдэнийг заавал авч явахгүй бол болохгүй юм байна, чи бууж үлдээд орой хамаагүй машинд суулгаад Төмөр толгойн уурхай руу аваад араас ир гэж хэлсэн.
Тэгээд яваад ороход Б***э, А***, Б*** 3 хоорондоо ноцолдоод нэг нэгийгээ яах юм бэ гэсэн үг хэлээд тоглоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байгаад байсан. Тэгэхээр нь би эд нар ерөөсөө бүтэхгүй юм байна гэж бодоод гараад явсан. Ингээд 4-н давхараас гараад шатаар буугаад 1 давхарт явж байхдаа гар утсаа мартсанаа мэдээд буцаад өрөө рүү нь орсон. Тэгээд ороод гар утсаа аваад гарах гэхэд А*** явуулахгүй байж бай гээд татаад гаргахгүй байж байтал гаднаас манай үйлдвэрийн геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга М***, баяжуулахын инженер О***, геологич Б*** нар ороод ирсэн. Тэгээд бид нар буцаж суугаад архи ууцгаасан. Тэгж байхад Б*** бүгдэн рүү нь л гарын салаавч гаргаж май гэж хэлээд хүн болгон руу дайраад байсан. Би тухайн үед үүдэнд хол сууж байсан болохоор надруу арай ирж агсан тавихгүй байсан. Тэгээд Б*** дахиад А***, Б***э нартай ноцолдоод байсан. Тэгэхдээ нэг нэгээ унагаж бариад нэг нэгийгээ өшиглөж аваад тэгэхэд О***, М*** нар салгаад байсан. Тэгээд тэд нарыг боль тайван суугаач гэж хэлсэн. Тэгж байгаад тэд нар больцгоосон бөгөөд Б*** цаана паарны хажууд сандал дээр суугаад унтаж байгаа юм шиг байгаад байсан. Тэгэхээр нь би унтах гэж байгаа юм байхдаа гэж бодож байтал гэнэт Б*** 2 гараараа салаавч гаргаад май пизда минь гээд босоод ирсэн. Тэгээд Б***э захирал руу чадахгүй шүү банди минь май гэх зэргээр хэлээд дайраад байхаар нь би босоод та нар одоо боль, тайвшир гэж хэлээд дундуур нь ороод салгатал Б*** гарын салаавч гаргаад май пизда минь чамд хамаагүй шүү гэж хэлээд салаавчаа миний ам уруу хийсэн /зүүн гараараа/. Тэгэхэд нь би хөгшөөн чи тайван бай л даа гэж хэлсэн. Тэгэхэд Б*** хажуудаа ууж дуусгаад өрж тавьсан архины шилнүүдээс нэгийг бариад авахаар нь би чи тайван байл даа гэж хэлээд хойд талд нь байсан сандал руу нь түлхчихсэн. Тэгэхэд Б*** арынхаа сандал руу суулгүй хажуу тийш паарны тийшээ уначихсан. Тэгээд анзаараа ч үгүй эргээд харчихсан болохоор унахдаа бас яг яаж унасныг нь хараагүй. Эргээд харахад Б*** ямар нэгэн хөдөлгөөнгүй үг хэл байхгүй чимээгүй, царай нь эвгүй болчихсон байсан. Тэгээд О***, М*** бид 3 яачихваа гээд очоод үзэхэд Б***ийн духны орчим шалбарчихсан байсан. Түлхсэнээс болоод зулгарсан уу, өмнө нь зулгарсан уу гэдгийг үнэндээ мэдэхгүй байна.Тэгээд ухаангүй байгаад байхаар нь дээрээс нь усаар жоохон шүршсэн /хэн шүршсэнг хараагүй/ тэгэхэд ямар ч хөдөлгөөн байхгүй, зөвхөн амьсгалж байсан бөгөөд царай нь их сонин болсон байсан. Тэгээд энэ хүн болохоо болилоо гээд хиймэл амьсгал хийсэн бөгөөд М***, О*** 2-ын нэг нь Б***ийн гарын судсыг барьж үзээд зүрх нь цохилж байна, наад хүн чинь тасарчихсан унтаж байна гэж хэлсэн. Би Б***ийн гарын судсыг бариад үзэхэд судас нь цохилж байсан. Тэгээд 103-т М*** дуудлага өгсөн. Эмнэлэг ирээд тариа хийгээд аваад явсан. Тэгэхэд О*** хамт явсан. Бид нар араас нь эмнэлэгт очиход О*** өөдөөс гарч ирээд Б***ийг нас барчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Я.Ц***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Би хүүгээ алдсан. Миний хүү ямар хүн байсныг Б***оос асуувал хэлэх байх. Миний хүү Дархандаа юм хийж бүтээе гэсэн сэтгэлтэй хүн байсан. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. А***, Б***э, О*** нарыг суулгаж байгаад ярилцвал зүгээр байсан юм болов уу гэж бодож байна. Энэ хүмүүс гол хүмүүс нь гэж бодож байгаа. Би заргалдаж явна. Шүүх эмнэлгээс эхлээд шударга бус байлаа. Согтуу хүмүүсийг согтуу биш гэж үзээд өөрөө согтсон юм шиг шийдвэр гаргаж байна. Би цагдаагийн дарга дээр хүртэл очиж байсан. Цагдаагийн үүдний өрөөнд байсан нэг нөхөр та энэ олон хүмүүсийг шоронд хийж яах гээд байгаа юм  гэж хэлж байсан. Би хөгширч байгаа хүн олон хүнийг хэрэгт чирээд яахав.  Миний үр ач, бэрд тусалж байгаасай гэж бодож байна. Шүүгдэгчийг ялаас чөлөөлж цагаатгаж өгнө үү гэж хүсч байна гэх мэдүүлэг,

    Хохирогч Л.О***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

    Манай нөхөр болох Ц.Б*** нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 10 минутын орчим ажил руугаа явлаа гээд гарсан. Манай нөхөр угаасаа ажлын өдөр тогтмол 07 Манай нөхөр болох Ц.Б*** нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 10 минутын орчим ажил руугаа явлаа гээд гарсан. Манай нөхөр угаасаа ажлын өдөр тогтмол 07    цагийн 10-15 минутын орчим гэрээсээ гарч ажилдаа явдаг.
...Манай төрсөн ах Ж*** миний утас руу залгаад их сургуулийн найзуудтайгаа явж байгаад Б*** зодуулсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг оюутан ангийн дарга болох Б***тай хамт байж магадгүй гэж бодоод Б*** луу залгахад -би Эрдэнэт хотод ажилтай явж байна. Б***ийг эмнэлэгт нас барчихсан байна гэж сонслоо тэгээд би ангийхныг эмнэлэг дээр очоодох гэж хэллээ гэж надад хэлсэн. Талийгаачийн цогцсыг хүлээн авахын хажууд нэг өрөөнд цоожилсон байсан. Тэгээд намайг болон талийгаачийн төрсөн дүү С*** бид хоёрыг тэр өрөөнд оруулсан. Ороод би бүтээсэн байхаар нь харахад талийгаачийн толгойны баруун талд нь шархтай цус гарсан бололтой цэвэрлэчихсэн, цээж хэсэгт нь хөндлөн зулгаралттай байсан. Өөр ямар гэмтэл шархтай байсныг хараагүй.
Сэтгэл санааны хувьд би ганцаараа хохирч байгаа биш. Миний ард 3 хүүхэд байгаа. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл их олон зүйлийг сонсож байна. Сэтгэл санааны хувьд хэцүү байна. Б***ийн ах эгч нар нь дүүгийнхээ төлөө ялыг нь хөнгөрүүлмээр байна гээд эдийн засгийн хувьд ямар хохирол байна хохирлыг барагдуулъя гэсэн. Б***ийн эхнэр 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 01 дүгээр сар хүртэл миний охиныг харсан хүний хөлсийг өгөхөөр тохиролцсон. Түүнийг 8 дугаар сар хүртэл өгсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр Будхүү ах, миний ах хоёр хэлэлцэж тохироод манай өмгөөлөгчийг байлцуулаад нэр бүхий зүйлийг өгье та нар санал гомдолгүй гээд хэлээд өгөөч гэсэн учраас анхан шатны шүүх хуралдаан дээр гомдол саналгүй гэж хэлсэн боловч уг тохиролцсон зүйл биелэгдээгүй тул давж заалдах шатны шүүхэд би гомдолтой гэж хэлсэн. Сэтгэл санаа эдийн засгийн байдлаа бодоод энэ хүмүүсийн өгье гэж байгаа зүйлийг авахаар шийдсэн. Өгнө гэсэн Дархан буудлын ард баригдаж байгаа нэг өрөө  43м2 орон сууцны гэрчилгээг аваагүй байгаа. Захиалгын гэрээг над руу шилжүүлсэн гэж захиалгын гэрээний нэг хувийг өгсөн. Би нэр зааж тийм юм өг гэж нэхэмжлээгүй. Хүүхдийнхээ 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг надад өгнө үү гэх саналыг тавьсан. Энэ тэтгэмжийн хувьд миний тооцоолсноор 100 000 000 гаруй төгрөг болсон. Тэтгэмжид тооцож байр газар авахаар тохиролцсон. Газрын гэрчилгээ бүрэн шилжигдэж дуусаагүй. Нэхэмжлэх зүйлгүй гэх  мэдүүлэг,

Гэрч Б.О***ын мөрдөн байцаалтад өгсөн:
...Б***э орон дээр Б***д хандан -за за ойлголоо, чи том юм байна гээд байсан. Тэгсэн Б*** Б***ийг өмөөрөөд Б***ийг -чи одоо боль л доо гэхэд Б*** гараараа салаавч гаргаад тэрнийгээ амруу хийгээд дуу нь чангараад, май чи муу банди дуугүй бай гээд орилоод байсан. Тэр үед өрөөний хаалга онгорхой байхаар нь би санаа зовоод хаалга хаах гээд хаалга руу хурдан алхаж очоод хаалга хаагаад эргээд хартал Баасандож Б***ийг гараараа 2-3 цохих шиг болсон. Харахад талийгаачийн баруун шанаанаас цус гарч байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан сальфетик аваад цусан дээр нь дарж байхад Б***ийн хөл орж ирсэн. Тэгэхээр нь би Б***ийг холдуулаад эргээд харахад талийгаач Б*** сандалаас гулсаад уначихсан байсан. Б*** Б***ийг наадах чинь ухаан алдчихлаа гээд байсан. Тэр үед Б***ийн духны баруун хэсэгт үүссэн шархнаас цус нь урсаж гараад тогтохгүй байхаар нь би ванны өрөө рүү ороод гар нүүрний жижиг цагаан алчуур авч ирээд Б***ийн цусыг арчсан. Цус нь тогтохгүй гараад Б***ийн царай зүсэнд ч өөрчлөлт ороод байхаар нь Б*** түргэн дууд гээд М*** гар утаснаасаа түргэнд дуудлага өгсөн. Түргэн тусламжид дуудлага өгсөнөөс хойш 10 орчим минутын дараа ирээд эмч нь орж ирээд үзээд зүрх нь цохилж байна гээд машинаас насилк аваад ир гэхээр нь М*** бид 2 гүйж гараад машинаас нь насилк аваад ороод ирсэн чинь эмч Б***д тариа хийгээд хүүхэн хараа нь өөрчлөгдсөн байна яаралтай эмнэлэг авч явъя гэсэн. ...Эмнэлэг дээр ирээд Б***ийг эмч үзээд зүрх нь зогссон байна гэсэн. Цахилгаан массаж хийхгүй юм уу гэхэд эмч нь үзээд нэмэргүй гээд сувилагч нь цагдаа дуудсан гэх мэдүүлэг /1-р хх- ийн 100-101, 3-р хх-ийн 67, 112/,
Гэрч Э.А***ын мөрдөн байцаалтад өгсөн:
    ...Б***э, Б*** бид 3 архи уугаад сууж байхад манай үйлдвэрийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал Э***н, Б***той орж ирээд Б***ийг авч явах гээд согтуу байна гээд үлдээгээд Б***той хамт гараад явсан. Дараа нь Б*** ганцаараа би үлдчихлээ гээд орж ирсэн. Араас нь 10-20 орчим минутын дараа М***, О***, Б*** нар орж ирсэн. Тэгээд юм яриад сууж байсан удалгүй Б*** гадаа санхүүгийн хүмүүсийг хүлээлгэж байгаа явлаа гээд гараад явчихсан. Мөн Б***, Б*** хоёр маргаад байхаар нь намайг харахад Б*** сандал дээр суучихсан Б*** зүүн хөлөөрөө Б*** рүү нэг удаа өшиглөх шиг болсон яг хаана нь өшиглөсөн талаар би хараагүй тэр үед Б***ийг хорьж байгаа бололтой О*** Б***ийг зуураад өмнө нь зогсож байсан. Б***ийг ухаан алдсаны дараа Б*** би түлхчихсэн юмаа гээд сандраад байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-93, 3-р хх-ийн 64-65/, 

Гэрч К.Э***ны мөрдөн байцаалтад өгсөн:

...Би ***тоот өрөөнд орж Б***ийг авсан. Намайг 14 цагийн орчим ороход Б***э захирал, А*** нар нэлээд согтуу талийгаачийн согтуу байгааг анзаараагүй. Тэгээд би Б***ийг дагуулаад гарсан. Гараад машины урд суудал дээр би суугаад арын суудал дээр Б*** ганцаараа суугаад машиныг жолооч Батбаяр жолоодож явсан бөгөөд машинд суугаад бид 3 уурхай явах гээд алтны уулзвар өнгөрч байх үед Б*** би буугаад үлдэе гээд алтны уулзвар өнгөрч яваад Б*** машинаас бууж үлдсэн. Би цааш явсан. Б*** буудлаас гарч ирсэн үеэс эхлээд л би үлдье гээд байсан. Тэгсээр байгаад алтны уулзвар өнгөрч явах үед бууж үлдсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-108/,

Гэрч О.Б***ий мөрдөн байцаалтад өгсөн:

...Миний санаж байгаагаар бид нар хоорондоо муудалцаж, зодолдож цохилцсон зүйл байхгүй. Би А*** гэх найзтайгаа тоглож нолцолдсоноос ямар нэгэн байдлаар зодоон цохион хийгээгүй. Тэгж байгаад би унтчихсан байсан. Шуугилдаад байхаар нь босоод ирсэн чинь талийгаач буудлын өрөөний 2 орны дунд хэсэгт дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан бөгөөд Б*** би түлхчихсэн юмаа яачихваа гээд талийгаачид хиймэл амьсгаа хийж байсан. Миний санаж байгаагаар бид нар хоорондоо муудалцаж хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй гэх мэдүүлэг/1-р хх-ийн 103-114, 3-р хх-ийн 66/,

Гэрч Э.М***ын мөрдөн байцаалтад өгсөн:

      ...О*** бид 2-ыг “***” зочид буудлын ***тоот өрөө рүү ороход Б***э, Б***. Б***, А*** нар 0,75 литрийн Финлянди нэртэй архи уугаад сууж байсан. ...Би орны хөл хэсэг орчим сууж А*** орны толгой хэсэгт нь суусан. Би А*** руу хараад тэдний төсөлд ажилладаг хоёр инженерийн талаар түүнтэй ярилцаж байсан. Биднийг ийнхүү ярилцаж байхад Б*** үүдэн талын сандал дээр сууж байсан. Харин Б***э үүдэн талын цонхон талын орны хөлд сууж байсан. Б*** үүдний харалдаа /цонхон талын/ буланд байсан сандал дээр сууж, О*** бидэнд архи хундаглаад бидний дундуур явж байсан. Б*** Б***ид хандаж ямар нэг үг хэлсэн юм шиг байна лээ би юу гэж хэлсэнийг нь сонсоогүй. Б*** Б***ийг -чи муу намайг гөлөг гэж хэлэх болоогүй шүү гэж чангаар орилоод цохиж байгаа чимээ сонсогдоход нь би Б***ийг сууж байсан зүгт эргээд араас нь харахад Б*** Б***ийг хоёр гараараа толгой хэсэг рүү нь цохиж байна гэж харсан. Энэ үед О*** тэдний дундуур орж салгаж байсан. О*** талийгаач Б***ийг тэвэрч Б***ийн дундуур орж байсан. Тэгэхэд Б***ийн толгойн баруун хэсгээс /миний харснаар хөмсөг орчмоос/ цус гарахад бид нар бүгд сандарсан. Б***, О*** хоёрын нэг нь ванны өрөөнөөс алчуур авчраад түүний цус гарч байгаа шархан дээр 1 минут орчим дарсан. Энэ үед Б*** унтаад байгаа юм шиг нүдээ аниад сандлаа налаад суугаад байсан. Цус нь тогтоод алчуураар дарахаа болиход Б***ийн бие нь сулраад сандлаасаа гулсаж газар унахад нь бид нар сандарч Б***, О*** нар түүнд хиймэл амьсгаа ээлжилж хийсэн. Энэ үед би эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхөд эмнэлгийн ажилтан 5 орчим минутын дараа түргэн тусламж ирээд Б***ийн биед үзлэг хийгээд хүүхэн хараанд өөрчлөлт орсон байна шүү гэж хэлээд О*** бид хоёрыг носилкид явуулсан. Б***, О*** бид гурав Б***ийг носилки дээр хэвтүүлж эмнэлгийн машинд оруулаад О***ыг эмнэлгийн машинд суулгаад Б*** бид хоёр өрөөнд эргэж ороод Б***, Б***э, А*** бид дөрөв хувцсаа өмсөөд араас нь А***ын машинаар эмнэлэг явж байхад О*** залгаад Б***ийг нас барчихлаа гэж хэлсэн. Талийгаач Б***ийн толгойд хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-98, 3-р хх-ийн 62-63/,

Гэрч Т.Б***ын мөрдөн байцаалтад өгсөн:

...***зочид буудлын ***тоот өрөөнд ороход Б***э, Б***, Б***, А*** нар архи ууж байсан. Б***оос бусад нь нилээд согтолттой байсан. Тэгэхэд А***, Б***э, Б*** гурав хоорондоо тоглоод нэгнийгээ түлхээд, мөр лүүгээ түлхээд орон дээр ноцолдоод байсан. Б*** цонхон талын сандал дээр сууж байсан. Б*** -эд нар ингэж архи ууна гэж юу байхав дээ ямар хэцүү юм бэ гэж байсан. Би ороод удалгүй гараад явчихсан. Намайг байхад А*** нэг стакан хагалсан, тэрийг би түүж хогийн саванд хийсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122/,

Гэрч М.О*** мөрдөн байцаалтад өгсөн:

...15 цагийн орчим ***тоот өрөөнөөс хоёр удаа 0.75 гр Финляндиа архи авсан. Тэгээд ***өрөөнд дахиж захиалга өгөөгүй байж байгаад орой 16 цагийн орчим эмнэлгийн машин ирсэн. Би менежерээс юу болсон гэж асуухад ***тоот өрөөнд байсан хүний бие муудсан гэж надад хэлсэн. ...намайг сүүлд архины захиалга авах гээд ороход анх хоол оруулж өгөхөд хэвтэж байсан ах босоогүй унтаж байсан. 3 залуу нь орон дээр сууж байсан бөгөөд хоорондоо ямар нэгэн хэрэлдэж маргалдсан зүйл надад анзаарагдаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ий 110/,
    Гэрч Ч.О*** мөрдөн байцаалтад өгсөн:

...дуудлага аваад хамгийн удсандаа 5 минутын дараа л тухайн дуудлаганд орсон. Намайг ***тоот өрөөнд ороход 5-6 залуу байсан бөгөөд үзэх хүнийг орны хажууд хажуугаар нь харуулсан байдалтай хэвтүүлчихсэн байсан. Тэгээд би тэр хэвтэж байсан хүнийг дээш нь харуулж үзэхэд ухаангүй нүүр нь хөхөрчихсөн, хүүхэн хараа хоёр талд өргөссөн амьсгал байхгүй, судасны цохилт мэдэгдэхгүй, зүрхний цохилт сонсогдох төдий л байсан. Тэр залуучуудын зарим нь нилээд согтуу, 2 залуу нь арай гайгүй байсан. Өвчтөн ухаангүй байсан учраас яаралтай зүрхний массаж хийгээд, зүрхний үйл ажиллагаа дэмжих /Адернил/ тариаг баруун гарын бугалганд 1 мл-ээр 2 удаа хийсэн тэр үед би машинаас носилки аваад ир гэж хэлсэн. ...Замдаа талийгаач нас барчихсан очоод сэхээний эмч үзээд найдваргүй болсон байна гэдгийг хэлсэн. ...тэгэхээр намайг үзэх үед л талийгаач нас барж эхэлж байсан гэсэн үг бөгөөд тэр залуучууд эмнэлэг явья гээд байсан би ч гэсэн юмыг яаж мэдэх вэ гэж бодоод эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135/,
Гэрч Г.Г*** мөрдөн байцаалтад өгсөн:

Өнөөдөр 15 цагийн үед боловуу манай ерөнхий менежер Т*** намайг ***тоот өрөөнд юу болоод байна. Шуугалдаад байна. Зодолдож байгаа юм биш биз дээ. Очоод үзээд ир гэж явуулсан. Намайг ***тоот өрөөний гадна очоод чагнахад өрөөн дотор нэг хүн пиздануудаа надтай үзэх хүн байна уу. Зүгээр сайхан зодолдьё гэж хашхирч байсан. Тэгсэн нөгөөдүүл нь бололтой зүгээр наанаа суу гээд инээлдээд байсан. Тэгэхээр нь би зодолдоогүй хоорондоо юм ярьж байна гэж бодоод буцаад буусан. Ерөнхий менежерт зүгээр байна гэж хэлээд байж байтал дээрээс хар нүдний шилтэй, улаан эмжээртэй куртиктэй хүн ширүүн бууж ирсэн. Тэгэхээр нь би та нар өрөөндөө зодолдоод байгаа юм уу гэж асуухад тэр эрэгтэй хүн үгүй үгүй санаа зоволтгүй бид нар тоглож байгаа гэж хэлээд инээж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №405 дугаартай шинжээчийн дүгнэлт:

    1.Ц.Б***ийн цогцсонд хийсэн Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч Д.Т***2015.12.11-ний өдрийн 01 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Талийгаач Ц.Б***ийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины хоёр тал бөмбөлөгийн суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт. Баруун нүдний дээд зовхинд шарх, доод уруулын зүүн тал, цээжний зүүн өмнө дээд хэсэг, зүүн сарвууны гадна, баруун бугалганы дунд 1/3-н гадна хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь цогцсоны гадна үзлэг болон цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрхи гэмтлүүд нь тогтоогдож байна.
3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн хүч үйлчилсний улмаас тархины хоёр тал бөмбөлгийн суурь, 2 талын чамархай, дух бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт үүссэн байна. Чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
4.Талийгаачийн цогцост учирсан гавал тархины битүү гэмтэл. Тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхины гадна хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайн хуйхан дахь цус хуралт нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Доод уруулын зүүн тал, цээжний зүүн өмнө дээд хэсэг, зүүн сарвууны гадна, баруун бугалганы дунд 1/3-ын гадна хэсгийн цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Талийгаач Ц.Б***ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун чамархайн хуйхан дахь цус хуралт, баруун нүдний дээд зовхины гадна хэсгийн шарх нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Б***ийг түлхэхээс өмнө дээрх гэмтлүүд үүсэх боломжгүй. Зүрх уушгины гадаргууд үүссэн цэгчилсэн цус харвалтууд нь түргэн зуурын үхлийн үед илэрдэг шинж тэмдэг юм. Б*** нь дээрх гавал тархины битүү гэмтэл, тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг авсаны дараа идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийхгүй.
6.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.
8.Хэргийн материалаар нас барсан хугацааг тогтоох боломжгүй, анхны цогцосны үзлэг хийсэн эмч нас барсан хугацааг тогтоодог.
   9.Талийгаачийн цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /3-р хх-ийн 121-123/,
Гэрч Б.Б*** /1-р хх-ийн 112/, З.Оргилбуян /1-р хх-ийн 113-115/, гэрч А.Т*** /1-р хх-ийн 116-117/, Б.Б*** /1-р хх-ийн 119/, Ц.Б*** /1-р хх-ийн 123/, Д.Э*** /1-р хх-ийн 124/, О.Б*** /1-р хх-ийн 125-126/, Д.Я*** /1-р хх-ийн 127-128/, Б.О*** /1-р хх-ийн 129/, Ч.Т*** /1-р хх-ийн 130/, Д.Э***/1-р хх- ийн 131-132/, Д.Б*** /1-р хх-ийн 134/, О.О*** /1-р хх-ийн 109/ нарын мэдүүлгүүд, О.Б***э, Б.О***, Э.М***, Э.А*** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 139-143/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 144-145, 3-р хх-ийн 191-192/,

    Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-16/, хураан авах тогтоол болон тэмдэглэл /1-р хх-ийн 19-23/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол болон тэмдэглэл /хх-ийн 24-27/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 31-32/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 43-44/, гэрч Б.О***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 45-46/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 47-48/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний 2015.12.11-ний өдрийн 01, 2016.01,15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, гэрэл зураг /1-р хх- ийн 172-172-175, 182-199, 204-206/, цогсцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 176/, Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаа /1-р хх-ийн 216/, 2015.12.24-ний өдрийн 01, 02, 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 224-232, 237, 242, 248, 2-р хх-ийн 4, 10, 16-20, 28-32, 41-42/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 99-100/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 101-102/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хх-ийн 103-108/, туршилт хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 109-111/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 51/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Б*** нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***зочид буудлын ***тоот өрөөнд Ц.Б***ийг архи ууж агсан тавьж, намайг гөлөг хэмээн дуудаж ам руу салаавч хийлээ хэмээн толгойн тус газар нь санаатай цохиж амь насанд аюултай гавал тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт бүхий гэмтэл учруулж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.4.12-ны өдрийн №405 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Я.Ц***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Миний үр ач, бэрд тусалж байгаасай гэж бодож байна. Шүүгдэгчийг ялаас чөлөөлж цагаатгаж өгнө үү гэж хүсч байна гэх, хохирогч Л.О***ийн сэтгэл санаа эдийн засгийн байдлаа бодоод энэ хүмүүсийн өгье гэж байгаа зүйлийг авахаар шийдсэн. Өгнө гэсэн Дархан буудлын ард баригдаж байгаа нэг өрөө  43м2 орон сууцны гэрчилгээг аваагүй байгаа. Захиалгын гэрээг над руу шилжүүлсэн гэж захиалгын гэрээний нэг хувийг өгсөн. Би нэр зааж тийм юм өг гэж нэхэмжлээгүй. Хүүхдийнхээ 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг надад өгнө үү гэх саналыг тавьсан. Энэ тэтгэмжийн хувьд миний тооцоолсноор 100 000 000 гаруй төгрөг болсон. Тэтгэмжид тооцож байр газар авахаар тохиролцсон. Газрын гэрчилгээ бүрэн шилжигдэж дуусаагүй. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.  
Шүүгдэгч Д.Б***ид ял шийтгэл онодуулахдаа шүүгдэгчийн шүүхэд мэдүүлсэн оршуулгын зардалд 20 000 000 төгрөг, хүүхэд асарсны цалин 1 200 000 төгрөг, бэлэн мөнгө 5 000 000 төгрөг, граашны төлбөр 125 000 төгрөг төлснийг хохирогч тал үгүйсгээгүй, хохирогч нарын нэхэмжлэх зүйлгүй, ялыг  хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн  төлсөн,    шүүгдэгчийн хувийн байдал /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас /2-р хх-ийн 51/, ажил байдлын тодорхойлолт /3-р хх-ийн 21-24/, гэрлэлтийн баталгааны хуулбар /2-р хх-ийн 54/, Д.Б***ийн суурь боловсролын гэрчилгээ, ХААИС-ийн бакалаврын болон ТИСургуулийн магистрын дипломын хуулбар /хх-ийн 57-60/, Сангийн яамны жуух бичиг /2-р хх-ийн 61-р хуудас/, Мэргэжил дээшлүүлсэн болон Япон улсад сургалтад хамрагдсан сертификат /2-р хх-ийн 62-71/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Ц.Б***ийн хар өнгийн урдуураа цахилгаантай цамц 1 ширхэг, улаан эрээн шоотой сороочигн цамц 1 ширхэг, дугуй захтай цагаан өнгийн футболка 1 ширхэг, хүрэн тэлээ 1 ширхэг, хөх жинсэн өмд 1 ширхэг, сааран өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал дотоож 1 ширхэг, улаан хүрэн өнгийн оймс, хар өнгийн өвлийн түрийтэй гутал, 
шүүгдэгч Д.Б***ийн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг,
хэргийн газраас хураан авсан цусаар бохирлогдсон ариунцэврийн цаас, дрожны хэсэг, цагаан гар нүүрийн алчуур, тариур, тамхины иш, ундааны лааз 10 ширхэг, хоосон, финлянди 0.75 литрийн архины шил 52 ширхэг, 1 нь хоосон, 1 нь шингэнтэй, абсолют архины шил 1 ширхэг хоосон зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
МБМ зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий CD бичлэг 3 ширхэг, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны дүрс бичлэг бүхий CD 1 ширхэг, туршилт хийсэн ажиллагааг бичсэн дүрс бичлэг бүхий СD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
Шүүгдэгч Д.Б***ийн өмчлөлийн Г-2003008285 дугаартай 3 500 000 төгрөгийн үнэ бүхий Дархан сумын **-р багийн Мангиртын **-р хэсгийн ** тоот 500 м2 газар, Худалдаа хөгжлийн банкны 452532639 тоот дансан дахь 239 477 /хоёр зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь 2015.12.10-ны өдрөөс 2016.6.24, 2016.9.22-2017.1.26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 324 хоногийг /1-р хх-ийн 146-155, 3-р хх-ийн 31-32, 128, 130, 219-221, 236/ ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Даж овгийн Д.Б***ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч Д.Б***ийг 6 жил 8 сар 10 хоногийн /зургаан жил найман сар арав хоног/ хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Б***ид оногдуулсан 6 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Б***ийн цагдан хоригдсон 324 /гурван зуун хорин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн
талийгаач Ц.Б***ийн хар өнгийн урдуураа цахилгаантай цамц 1 ширхэг, улаан эрээн шоотой сороочигн цамц 1 ширхэг, дугуй захтай цагаан өнгийн футболка 1 ширхэг, хүрэн тэлээ 1 ширхэг, хөх жинсэн өмд 1 ширхэг, сааран өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал дотоож 1 ширхэг, улаан хүрэн өнгийн оймс, хар өнгийн өвлийн түрийтэй гутал,
шүүгдэгч Д.Б***ийн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг,
хэргийн газраас хураан авсан цусаар бохирлогдсон ариун цэврийн цаас, дрожны хэсэг, цагаан гар нүүрний алчуур, тариур, тамхины иш, ундааны лааз 10 ширхэг, хоосон, финлянди 0.75 литрийн архины шил 2 ширхэг /1 нь хоосон, 1 нь шингэнтэй/, абсолют архины шил 1 ширхэг /хоосон/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
МБМ зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий DVD бичлэг 3 ширхэг, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны DVD бичлэг 1 ширхэг, туршилт хийсэн ажиллагааг бичсэн DVD бичлэг 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Б***ийн өмчлөлийн Г-**** дугаартай 3 500 000 төгрөгийн үнэ бүхий Дархан сумын **-р багийн Мангиртын **-р хэсгийн ** тоот 500 м2 газар, Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансан дахь 239 477 /хоёр зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

           7.Шүүгдэгч Д.Б*** нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б***ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Т.БАТЖАРГАЛ

                  ШҮҮГЧИД                     Т.ЭНХЖАРГАЛ

                                                       Г.ГЭРЭЛТ-ОД