Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр, “Хас банк” ХХК-ийн /РД:2578697/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 хороо, Барилга 2 гудамж, 24 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 8 хороо, Сонсголон 10-423 тоотод түр оршин суух, Гуаборжигон овогтой Оюунсүрэнгийн Буяндэлгэрт /РД:ШУ91092803/ холбогдох,

 

зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 28.712.735 /хорин найман сая долоон зуун арван хоёр мянга долоон зуун гучин тав/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнтогтох, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: О.Буяндэлгэр нь Хас банктай 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1590006414 тоот зээлийн гэрээ байгуулж 23,800,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жил бүрийн 6 болон 12 саруудад хувьсаж байх, банкны төгрөгийн суурь хүү дээр 3.78 хувь нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэйгээр хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн гэрээнд Вьетнам улсын иргэн LE THANH VUON нь нөхөх хариуцлага хүлээх буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд БЗД, 27 хороо, Дунд дарь Эх 1 дугаар гудамж, 770 а тоотод байрлах Ү-2204055479 тоот улсын бүртгэлийн дугаартай, 52.5 м.кв талбайтай хувийн сууц; БЗД, 27 хороо, Дунд дарь Эх 1 дугаар гудамжны 770 а тоотод байрлах Г-2204020480 тоот улсын бүртгэлийн дугаартай, 547 мкв талбайтай газар барьцаалсан. О.Буяндэлгэр нь гэрээний гол нөхцөл 1-р хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй ч гэрээний төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний хугацаа дууссан ч бүрэн төлөх үүргээ ноцтой зөрчсөн тул Буяндэлгэрийг үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж биеэр уулзаж сануулсан ч төлөх арга хэмжээ авалгүй зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2-д заасан үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул гэрээг цуцалж, үндсэн төлбөр 21,975,805, хүү 6,593,162, нэмэгдүүлсэн хүү 143,768, нийт 28,712,735 төгрөгийг О.Буяндэлгэрээс гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хас банкнаас хашаа, байшин лизингээр аваад үйл ажиллагаа явуулж байсан компани маань ашиг орлогогүй болсны улмаас гадаадаас авчирсан иргэдээ бүгдийг буцааж, түр хугацаагаар ажилгүй болсноос сарын эргэн төлөлтөө төлж чадаагүй. 2015 оны 5 сараас 2016 оны 10 сар хүртэл төлж чадаагүй мөнгийг 5 сарын хугацаанд эргэн төлж, төлөлтөө хэвийн болгохыг банкнаас хүссэн гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч О.Буяндэлгэр, Бүгд найрамдах Вьетнам улсын иргэн LE THANH VUON нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 28.712.735 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа гаргуулахад хариуцагч LE THANH VUON нь 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр улсын хилээр гарсан лавлагааг ирүүлж, нэхэмжлэгч нь Вьетнам улсын иргэнд холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь ашиг орлогогүй болсны улмаас гадаадаас авчирсан иргэдээ буцааж, түр хугацаагаар ажилгүй болсноос төлж чадаагүй, мөнгийг 5 сарын хугацаанд эргэн төлж, төлөлтөө хэвийн болгоно гэж маргав.

 

О.Буяндэлгэр, Бүгд найрамдах Вьетнам улсын иргэн LE THANH VUON нар нь хашаа байшин худалдан авах зориулалтаар Хас банктай 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1590006414 тоот зээлийн гэрээ байгуулж 23.800.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ 16.5 хувь байх ба хувьсах хүүгийн хувь хэмжээ 20.28 байх, жилийн буюу 365 хоногийн хүү нь банкны жилийн суурь хүү дээр 3.78 хувь нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэйгээр, зээлсэн байна.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд барьцааны гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 27 хороо, Дунд дарь эх 1 гудамж, 770 а тоотод байрлах Ү-2204055479 улсын дугаарт бүртгэлтэй, 52.5 м.кв талбайтай хувийн сууц, 2204020480 улсын бүртгэлийн дугаартай, 547 мкв талбайтай газар барьцаалжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд гэрээнд гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхойлсон хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг гаргасан гэж тайлбарлах ч гэрээнээс аль нэг татгалзах санал гаргах бол нөгөө талдаа мэдэгдэх, санал гаргаагүй тал татгалзах хугацааг тогтоохоор Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмыг нэхэмжлэгч зөрсөн байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтоож, энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаагаа нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж, 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргээ зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.1.10-д гэрээний үүргээ биелүүлэх талаар банкны тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн бусад үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлахаар тохирсон боловч нөгөө талдаа мэдэгдээгүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч нь зээл, зээлийн хүү төлөх үүргээ шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 435.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэв.

 

Зээлийн эргэн төлөх хуваарь болон зохигчийн тайлбар мэдүүлгээс дүгнэхэд талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч О.Буяндэлгэр нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд зээл, хүүний төлбөрт /951.988+2.452.959/ 3.404.947 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 4.708.057 төгрөг төлсөн ба 1.303.110 төгрөгийг илүү илүү төлөлтөөс 2015 оны 9-12 дугаар сард төлөх үүрэг болох 817.653 төгрөгийг хасч 485.456 төгрөгөөс 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцоход 97.091 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үндсэн зээл, хүүгийн төлбөрт хариуцагч О.Буяндэлгэр нь 3.332.628 төгрөг төлөх үүргээ зөрчсөн байх тул гэрээний 5.1-д зааснаар 20 хувийн нэмэгдүүлсэн хүүнд 666.525 төгрөг, нийт 3.999.154 төгрөг төлөхөөр байна.

 

Иймд хариуцагч О.Буяндэлгэрээс зээлийн гэрээний үүрэгт /3.999.154+97.091/ нийт 4.096.245 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн гэрээг цуцалж, 24.616.490 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасны дагуу Хан-Уул дүүрэг, 14 хороо, Барилга 2 гудамж, 24 тоот хаягт хүргүүлэхэд эзэнгүй байсан, Хан-Уул дүүрэг, 8 хороо, Сонсголон 10-423 тоот хаягаар хүргэхэд иргэн Энхдэлхий хүлээн авсан байна.

 

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 301.513 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 80.490 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 435.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 204 дүгээр зүйлийн 204.2-т заасныг баримтлан /РД:ШУ91092803/ Гуаборжигон овогтой Оюунсүрэнгийн Буяндэлгэрээс зээлийн гэрээний үүрэгт 4.096.245 /дөрвөн сая ерэн зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д /РД:2578697/ олгож, нэхэмжлэгчийн гэрээг цуцалж, 24.616.490 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 301.513 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 80.490 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ