Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1296

 

"Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00856 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Буяндэлгэрт холбогдох

 

            Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 28 712 735 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        Б.Цэрэнтогтох                  

Хариуцагч                                                            О.Буяндэлгэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Нисэх тооцооны төвийн захирал Ц.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнтогтох шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

О.Буяндэлгэр нь “Хас банк” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1590006414 тоот зээлийн гэрээ байгуулж 23 800 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жил бүрийн 6 болон 12 саруудад хувьсаж байх, банкны төгрөгийн суурь хүү дээр 3.78 хувь нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэйгээр хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн гэрээнд Вьетнам улсын иргэн Ле Тхань Вюөн нь нөхөх хариуцлага хүлээх буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн, 27 хороо, Дунд дарь Эх 1 дугаар гудамж, 770 а тоотод байрлах Ү-2204055479 тоот улсын бүртгэлийн дугаартай, 52.5 м.кв талбайтай хувийн сууц; Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь Эх 1 дугаар гудамжны 770 а тоотод байрлах Г-2204020480 тоот улсын бүртгэлийн дугаартай, 547 м.кв талбайтай газар барьцаалсан. О.Буяндэлгэр нь гэрээний гол нөхцөл 1-р хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй ч гэрээний төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний хугацаа дууссан ч бүрэн төлөх үүргээ ноцтой зөрчсөн тул О.Буяндэлгэрийг үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж биеэр уулзаж сануулсан ч төлөх арга хэмжээ авалгүй зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2-д заасан үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул гэрээг цуцалж, үндсэн төлбөр 21 975 805 төгрөг, хүү 6 593 162, нэмэгдүүлсэн хүү 143 768 нийт 28 712 735 төгрөгийг О.Буяндэлгэрээс гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч О.Буяндэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Хас банк” ХХК-аас хашаа, байшин лизингээр аваад үйл ажиллагаа явуулж байсан компани маань ашиг орлогогүй болсны улмаас гадаадаас авчирсан иргэдээ бүгдийг буцааж, түр хугацаагаар ажилгүй болсноос сарын эргэн төлөлтөө төлж чадаагүй. 2015 оны 5 сараас 2016 оны 10 сар хүртэл төлж чадаагүй мөнгийг 5 сарын хугацаанд эргэн төлж, төлөлтөө хэвийн болгохыг банкнаас хүссэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 435.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасныг баримтлан /РД:ШУ91092803/ Гуаборжигон овогтой Оюунсүрэнгийн Буяндэлгэрээс зээлийн гэрээний үүрэгт 4.096.245 /дөрвөн сая ерэн зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д /РД:2578697/ олгож, нэхэмжлэгчийн гэрээг цуцалж, 24 616 490 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 301 513 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 80490 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Алтансүх давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хүрсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэх болсон гол үндэслэл нь "гэрээ цуцлахаар нөгөө талдаа мэдэгдээгүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хангах үндэслэлгүй байна" гэж дурьдсан /Шийдвэрийн 3 дахь тал/. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан 1/ 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр О.Буяндэлгэрт гэрээний үүргийн гүйцэтгэл 271 хоног хугацаа хэтрээд байгаа, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дотор зээлээ төлөхийг шаардаж, төлбөрөө төлөхгүй бол гэрээг цуцлах тухай анхааруулж мэдэгдсэн шаардах хуудас авагдсан. Банк 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгчид шаардах хуудас хүргүүлсэн, 2016 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж уг иргэний хэргийг үүсгэсэн. Дээрх байдлаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах нөхцөл байдлаас үүссэн буюу тус зүйлийн 225.1, 225.2-ын дагуу гэрээний үүрэг зөрчигдсөн тухай мэдэгдэж, үүргээ гүйцэтгэхийг банк зээлдэгчид сануулсан, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол ямар үндэслэлээр үнэлээгүй тухайгаа огт дурьдалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээг цуцалж, 24 616 490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч О.Буяндэлгэр, Вьетнам улсын иргэн Ле Тхань Вюөн нарт холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, 28 712 735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч О.Буяндэлгэр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч түр хугацаагаар ажилгүй болсноос сарын эргэн төлөлтөө төлж чадаагүй гэсэн үндэслэл заан маргажээ

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулан уг гэрээгээр хариуцагч нар нь 23 800 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жилийн суурь хүүгийн хэмжээ 16.5 хувь, хувьсах хүүгийн хэмжээ 20.28 хувь, жилийн буюу 365 хоногийн хүү нь банкны жилийн суурь хүү дээр 3.78 хувь нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй зээлэх талаар заасан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хэргийн 8 дугаар талд зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан байх бөгөөд уг хуваариас үзэхэд хариуцагч эхний төлөлтийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, цаашид 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал гэрээний дагуу хүү төлөх хуваарийг тохиролцсон байна. 

 

            Хариуцагч О.Буяндэлгэр гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Хас банк” ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан авах эрхтэй.

           

            Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч О.Буяндэлгэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч “Хас банк” ХХК  нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч О.Буяндэлгэрт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага гаргаж байсан нь хэргийн 15 дугаар талд баримтаар тогтоогдсон, 17 сарын хугацаанд хариуцагч нь мөнгөө төлөөгүй байна.

           

Хариуцагч О.Буяндэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зээлийн гэрээг цуцлаагүй тохиолдолд цаашид хуульд заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй болсон, гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж оролцсон болно.

 

Гэрээний 5.1-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө. Нэмэгдүүлсэн хүү нь хугацаандаа төлөгдөөгүй зээлд оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж заажээ.

 

  Хууль болон гэрээнд заасны дагуу О.Буяндэлгэр нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, зээлдэгч үндсэн зээлийг хэдийд төлж эхлэх байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах боломжгүй гэж үзэв.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, уг өдрийг хүртэл үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тооцсон нь буруу байна. Нэхэмжлэлийг шүүх хэдийд хүлээж авсан тухай дардас дараагүй, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр О.Буяндэлгэр, Ле Тхань Вюөн нарт холбогдох “Хас банк” ХХК-ийн  нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, уг хугацаанд зээлийн гэрээний үүргийг тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зээлдэгч О.Буяндэлгэр нь зээлийн гэрээний үүрэгт  4 708 057 төгрөг төлсөн үнийн дүнгийн асуудлаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч О.Буяндэлгэр 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зээлийн хүүд 7 330 055 төгрөг, үндсэн зээлд 23 800 000 төгрөг,  нийт 31 130 055 /23 800 000+7 330 055/ төгрөг  төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд уг үүргээс хариуцагчийн төлсөн 4 708 057 төгрөгийг  /31 130 055-4 708 057/ хасч тооцоход хариуцагч гэрээний дагуу 26 421 998 төгрөг төлөх үүргийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч О.Буяндэлгэрээс 26 421 998 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг хариуцагч нь Вьетнам улсын иргэн Ле Тхань Вюөн-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00856 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК, хариуцагч О.Буяндэлгэр, Вьетнам улсын иргэн Ле Тхань Вюөн  /Le Thanh Voun/ нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Буяндэлгэрээс 26 421 998 төгрөг гаргуулан “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 290 737 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 шийдвэрийн 2 дахь заалтын “…80490 төгрөг” гэснийг “…290 059 төгрөг” гэж,

 Шийдвэрт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Вьетнам улсын иргэн Ле Тхань Вюөн /Le Thanh Voun/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгазсаныг баталж, хэргийг хэрэсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалт нэмж, шийдвэрийн 3 дахь заалтыг 4 болгон тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар О.Буяндэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 632 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

                           ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ                                                                                                                                                      Ц.ИЧИНХОРЛОО