Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102

 

    

 

 

 

 

 

 

 

 

                                                  П.О- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 84 дугаартай эсэргүүцлээр П.О- холбогдох 1711016180988 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн П О-  , 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

П.О-  нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-307-А тоотод, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 дахь хэсэгт заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ” зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 6 сартай О.Б нь ам, хамар дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлт гэмтлийн улмаас нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч П.О- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн П О-  ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О- ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.О- оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч П.О- оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч П.О-  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О- урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 84 дугаартай эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.О- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар П.О- оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалттай байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, шүүгдэгч П.О- хорих ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

П.О-  нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-307-А тоотод, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 дахь хэсэгт заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ” зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 6 сартай О.Б ам, хамар дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлт гэмтлийн улмаас нас барсан болох нь:

шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч М.Баттуулын “...Хүүхдийг доош нь харуулан унтуулж болохгүй, хүүхдийг доош нь харуулж унтуулснаар хамгийн түрүүнд бүтэх аюул тулгарна. ...” гэсэн мэдүүлэг /хх 28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаартай “...Талийгаач нь ам, хамар дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлт гэмтлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. Уг гэмтэл нь ам, хамар дарагдах үед үүсгэгджээ. Талийгаач нь уг гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч П.О- ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч П.О- ийн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

 

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, шүүгдэгч П.О- хорих ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” үндэслэлээр эсэргүүцэл бичжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аригласан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж  “Тэнсэх” хууль зүйн үндэслэлийг тодорхой заажээ.

 

Анхан шатны шүүх П.О- ийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх талаар хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзэв.   

 

Харин анхан шатны шүүх, П.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг хорих ялаа тэнссэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв. Иймд дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” талаарх эсэргүүцлийг хүлээж авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О- ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.О- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ