Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00453

 

Т.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 889 дүгээр шийдвэр,

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаар магадлалтай,        

          Нэхэмжлэгч: Т.С-

          Хариуцагч: “Д..” ХК-д холбогдох

          Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, Ц.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Д.. ХК-д 2006 онд диспетчер инженерээр ажиллаж байгаад 2018-01 сараас шугам сүлжээний цехийн дулаан хангамжийн инженерээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2019-07-09-ний өдрийн 624 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас үндэслэлгүй халсан. Иймд үйлдвэрийн шугам сүлжээний цехийн дулаан хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: 2018-03-19-ний өдөр байгуулсан Гэ 2679 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 6.5.7-д ... ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, Д.. ХК-ийн ерөнхий захирлын 2018-03-01-ний өдрийн А/57 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.4.5-д ..ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заасан байна. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.7, мөн Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.3-г Т.С- нь зөрчсөн. Нэхэмжлэлд ...Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно гэжээ. Т.С- нь манай компанид ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг компанийн хашаанаас хууран мэхлэх аргаар авч гаран хувьдаа ашиглаж байхад нь уг үйлдлийг нь илрүүлж буцаан авч байсан ба энэ талаар хамгаалалт аюулгүй байдлын албаны 2018-09-20-ны өдрийн 82/18 тоот албан бичиг, харуулын рапортын дэвтэр, Хамгаалалт аюулгүй байдлын албаны даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Т.С- Үйлдвэрийн шугам сүлжээний цехд дулааны инженерээр ажиллаж байх хугацаандаа 2019-06-06-ны өдөр тус цехийн тоноглол болох халуун усны бойлерын /халаагуур/ дотор байрлах 100 кг гуулийг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүй өөрийн цехийн гагнуурчин Ж.Төгсбаатараар таслуулж Төмөр бэлтгэх цехийн зүсэгч ажилтай Нямжавын нэр дээр тушаалган баримтанд өөрөө гарын үсэг зурж 142.200 төгрөг авсан байна. Энэ үйлдэл нь байгууллагын өмчийг хувийн зорилгодоо ашиглахын тулд эвдэж сүйтгэсэн ноцтой зөрчил болно. 2019-06-11-ний өдрийн 82/19 дугаартай тус компанийн хамгаалалт аюулгүй байдлын албанаас ...компанийн эд хөрөнгийг завшсан байж болзошгүй... талаар ирүүлсэн албан бичгийн дагуу Т.С-ыг дуудаж уулзахад ...түүхий эд тушаасан мөнгөө цехийн фондод тушаасан... гэсэн тайлбар өгсөн нь худал болох нь нотлогдсон. Үүний дараа үйлдлээ гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч түүхий эд тушааж олсон 142.200 төгрөгийг өөртөө авснаа хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн гэрээ болон Компанийн хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Д.. ХК-ийн ерөнхий захирлын 2019-01-18-ны өдрийн 45 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 889 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Т.С-ыг Д.. ХК-ийн Үйлдвэр шугам сүлжээний цехийн Дулаан хангамжийн инженерээр эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагчаас 3,654,648 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  Д.. ХК-с 73,424 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах,  хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсөн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Т.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.624 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч байгууллагад олгохоор шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын үндэслэх хэсэг 4 хуудаст ..Т.С-ын өөрийнх нь бичсэн тодорхойлолтууд..., Үйлдвэр шугам цехийн дарга Д.Эрдэнэчулуун, тус цехийн технологийн мастер Г.С, тус цехийн ажилтан Н.Б, Х.Н, гагнуурчин Ж.Т нарын тодорхойлолтууд ... зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж нотлох баримтаар үнэлж дүгнэсэн. Дээрх ажилтнуудын тодорхойлолт нь ИХШХШТХ-н 37.2-т заасан нотлох баримтуудын алинд ч хамаарахгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь буруу юм. 2. Магадлалын            үндэслэх хэсэг 5 дугаар хуудаст /Түүнчлэн, Т.С- 2018-09 сард ийм төрлийн зөрчил гаргаж байсан болох нь хэргийн 63-68 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч өөрөө энэ талаар үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй./ Т.С- 2018-09 сард ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй энэ талаар шалгасан асуудлыг өөрт нь огт мэдэгдэж байгаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 2018-09 сард зөрчил гаргасан гэх асуудлаар зохигчид хоорондоо маргаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ зөрчлийн асуудлаар дүгнэлт өгч ХХША-ны журам зөрчсөн нь хэт нэг талыг буюу хариуцагч талд ашигтай байдлаар шийдвэр гаргасан. Мөн 2018-09 сарын үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэж байгаа бол тухайн үедээ бичгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй бөгөөд энэ нь давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Гэтэл сахилгын шийтгэл хүлээгээгүй 2019-03 сард дууссанаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байхад энэ талаар дүгнэлт хийсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. З. Магадлалын үндэслэх хэсэг 5 дугаар хуудаст /Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7-д “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох нөхцөлд тооцогддог. Харин хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг ажилтан гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгож байгаа явдал юм гэж үздэг. Энэ нь ХТХуулийн 37.1.7 дахь заалт нь ажилтан ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоод шүүхийн шийтгэх тогтоолоор цаашид ажил хөдөлмөр тогтмол эрхлэх боломжгүй болсон тохиолдолд хэрэглэгдэнэ харин хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг ажилтан гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгож байгаа боловч “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна. Гэтэл ажил олгогч буюу тухайн байгууллагад ямар нэгэн эд хөрөнгийн хохирол учруулсан зүйл байхгүй, хэдий хэмжээний ямар хохирол учирсан нь тодорхойгүй болно. 4. Магадлалын үндэслэх хэсэг 5 дугаар хуудаст: /Харин энэ зөрчилд сахилгын шийтгэл оногдуулж, сахилгын арга хэмжээ авах тохиолдолд ажил олгогч заавал уг үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоосон байх шаардлагагүй/ Энэ дүгнэлтдээ шүүх хэрвээ ХТХуулийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан бол цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэжээ. Гэтэл хариуцагч Д.. ХК-ны захирлын 2019-07-09-ний өдрийн 624 дүгээр Т.С-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.5-г үндэслэсэн нь дотоод журмын 8.4-т дараах үйлдэл, эс үйлдэхгүйг гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын арга хэмжээ авна гээд 8.4.1-8.4.20 хүртэл зөрчлүүдийг заагаад 8.4.5-т нь дээрх заалт хамаарч байна. Иймд Д.. ХК нь ХТХуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ХТХуулийн 131.1.3-т зааснаар сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халсан шийтгэл ногдуулж 2 үндэслэлээр ажлаас халсан хууль бус тушаал болсон. Мөн дотоод журмын 8.4.20-т “Ажилтны гэм буруутайг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол сахилгын зөрчил гэж үзэж ажлаас халах үндэслэлийг тодорхой зааж өгсөөр байхад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарахдаа Хөдөлмөрийн гэрээний 6.5.7-д заасан байгууллагын дотоод нэгжээр шалгуулж хулгайлсан гэж үзэж тушаал гаргасан байдаг. Гэтэл Хулгайлах гэдэг нь шууд санаатай үйлдэгддэг эрүүгийн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Энэхүү үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хууль, ЭХХШТХууль, Зөрчлийн хууль, ЗШШТХуулийн дагуу харъяаллын дагуу цагдаагийн байгууллага нь шалгаж тогтоогоод үнэхээр хулгайлах шууд санаа зорилго агуулж байна уу, эсвэл болгоомжгүй үйлдэгдсэн байна уу гэдгийг мэргэжлийн мэргэшсэн байгууллагын хувьд цаашид холбогдох прокурор, шүүхийн байгууллага руу шилжүүлж гэм буруутай эсэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоодог. Гэтэл хариуцагч нь дээрх үйлдлийг мэргэжлийн мэргэшсэн байгууллагаар шалгаж тогтоолгохоор байтал өөрсдөө дур мэдэн дотоод аль нэг нэгждээ даатгаж хулгай мөн байна гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа явдал нь цаашид олон ажилтныг энэ хууль бус үндэслэлээр ажлаас халах боломжийг олгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагч талд илт ашигтай байдлаар дүгнэлт гаргасан шийдвэр болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Т.С- 2019-08-08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “Д..” ХК-ийн шугам сүлжээний цехийн дулааны хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

        “Д..” ХК-ийн Ерөнхий захирал 2019-07-09-ний өдөр 624 дугаартай тушаал гаргаж, Компанийн тухай хуулийн 83,1., Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2., 40.1.4.,компанийн дүрмийн 8.12.9., дотоод журмын 3,1., 8.4.5., ёс зүйн дүрмийн 8.1.7.,хөдөлмөрийн гэрээний 6.5.7, захирлын зөвлөлийн 2019-07-08-ны өдрийн 04 тоот шийдвэрийг баримтлаад “...2019-06-06-ны өдөр 100кг гуулийг.. хоёрдогч түүхий эд тушаах цэгт хүний нэрээр тушаасан...” гэж Т.С-ыг үйлдвэр шугам сүлжээний цехийн дулаан хангамжийн инженерийн ажлаас нь халсан байна.

        Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, заасан зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон байх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлд хамаарна. 

        Хэрэгт авагдсан баримтаар, Т.С- нь 2019-06-06-ны өдөр “Д..” ХК-ийн үйлдвэрийн шугам сүлжээний цехийн халуун усны халаагуур дотор байрладаг 100 кг гуулийг тушааж 142,200 төгрөг авсан нь тогтоогджээ. 

       Талуудын хооронд 2019-03-01-ний өдөр байгуулагдсан Гэ2679 дугаартай хөдөлмөрийн  гэрээний 6.5.7-д “...удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас авч гарсан...ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь тогтоогдсон...” бол ноцтой зөрчил зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцсон байна.

        Нэхэмжлэгч нь 2019-06-06-ны өдөр байгууллагынхаа эд хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй авсан нь тогтоогдсон, уг үйлдлийг ажил олгогч нь “ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж ажилтныг ажлаас халсан нь нотлогдсон байх тул давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ. 

        2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

       Нэхэмжлэгч тал гомдолдоо “..Т.С-ын өөрийнх нь болон бусдын бичсэн тодорхойлолтууд ИХШХШТХ-н 37.2-т заасанд хамаарахгүй, эдгээрийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь буруу..” гэх боловч энэ нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэхгүй байна. 

       Ажилтан 100 кг гуулийг авсан болохоо үгүйсгээгүй, харин энэ нь ноцтой зөрчил мөн эсэх, тушаалд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэх талаар маргаж байгаа тул хяналтын гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр 44.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг зөрчинө. 

       Ажил олгогч нь нэхэмжлэгчийг “ноцтой зөрчил гаргасан” гэж ажлаас нь халсан тул давтан зөрчил гаргасан эсэх агуулга бүхий нэхэмжлэгч талын гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

       Т.С- нь 100 кг гууль тушааж мөнгийг нь авсан нь зөрчил илрүүлэх үед  тогтоогдсон тул ажил олгогчид “...эд хөрөнгийн хохирол учруулаагүй байхад ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй...” талаарх нэхэмжлэгчийн гомдол хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.   

      3. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино. 

      Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...нэхэмжлэгч Т.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ