Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 103

 

 

 

Н.О- холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Эрдэнэбат,

хохирогч Б.Б- ,

шүүгдэгч Н.О- өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б- , түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.О- холбогдох эрүүгийн 1811008890936 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э овгийн Н-ын О , 19.. оны .. дүгээр сарын ..-ний .......тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

Н.О- нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 дугаар гудамжны 336-А тоотод байрлах нийтийн байрны өрөөнд хохирогч Б.Б- ын зүүн гуяанд хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн гуяны хатгагдаж, зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн тасрал, хуйхны зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.О- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овгийн Н-ын О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Н.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-аас 900,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б- т олгож, хохирогч Б.Б-  нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Б- ын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: “...Тухайн үед Н.О- нь Б.Б- ын зүүн гуяны ар хэсэгт 1 удаа, толгойн тус газар 2 удаа тус тус хутгалсны зэрэгцээ хохирогчийг гэрээсээ чирч гаргах явцдаа шанаан тус газар нь өшиглөсний улмаас 2 шүдийг нь унагаасан байдаг.

Гэтэл хэрэгт энэ талаар шалгасан зүйл байхгүй, шинжээчийн 718 тоот дүгнэлтэд /хх 69-70/ шүдний зураг нь шаардлага хангахгүй тул дүгнэлтэд тусгах боломжгүй гэсэн байдаг. Хэрэв шаардлага хангасан зураг авахуулсан тохиолдолд дүгнэлт гаргах боломжтой гэж ойлгож байгаа. Тэгэхээр шаардлага хангасан зургийг нь авахуулаад дахин дүгнэлт гаргуулах боломжтой байна.

Б.Б-  нь зүүн хөлийн ар хэсэгтээ хутгалуулсны улмаас зүүн суудлын мэдрэлийн тахилзуурын мэдрэлийн салааг тасалсан шарх авсны улмаас зүүн хөлийн тавхай сул унждаг болж байнгын сойлт хэрэглэж байгаа. Одоо булчин шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай бөгөөд амжилттай болох эсэх нь эргэлзээтэй. Үүнээс үзэхэд Б.Б- ын биед учирсан үлдэц хор уршигтай гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэргийн хохиролд орсон нь эргэлзээтэй байгаа тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Анхан шатны шүүхийн хувьд эдгээр байдлуудыг анхаарч үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгөхийг хүсье...” гэжээ.

 

Хохирогч Б.Б-  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Н.О- гэгчид зүүн гуяны ар хэсэгт нэг удаа, толгойн ар дагзанд 2 удаа хутгалуулж, улмаар гэрээсээ чирч гаргаж байх үедээ зүүн талын шанаа руу өшиглөж 2 шүд унагаасан. Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарт хэлж байсан боловч дүгнэлтэд тусгагдаагүй байна. Улмаар зүүн гуяны ар хэсэгт хутгалснаас суудлын мэдрэлийн тахилзуурын мэдрэл тасарсныг Гэмтлийн эмнэлэгт мэс засалд орж залгуулан нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн боловч нөхөн сэргээгдээгүй булчин хатингаршиж байгаа учир булчин шилжүүлэх хагалгааг хийлгэх шаардлагатай байгаа. Уг хагалгааг хийлгэсний дараа дахин нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, нөхөн сэргээгдэхгүй бол зүүн хөлийг тайрах, насан туршид тахир дутуу болох үндэслэл байгаа учир дахин гэмтлийн зэргийг тогтоож өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардал болох хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.О- өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Учир нь, Н.О- ял оногдуулахдаа хууль ёсны байх бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн. Н.О- нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн. Энэ гэмт хэрэг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байхад хохирогч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө хохирлын баримт гаргаж өгсөн. Өмнө хэргийн материалтай танилцах явцад 8,000 төгрөгийн хохирлын баримт байсныг 140,000 төгрөгөөр нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг шүүх шийтгэх тогтоолдоо орхигдуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж байна.

Хохирогч Б.Б- ын шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн эмчилгээний баримтуудын зарим нь шаардлага хангасан, зарим нь шаардлага хангахгүй байгааг анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдсан боловч хангасан, хангаагүй талд дүгнэлт хийгээгүй. Мөн шүүгдэгч Н.О- нөхөн төлсөн 140,000 төгрөгийг хасаж тооцоогүй  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Б-  дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу дахин шинжээчийн дүгнэлт гарсан. Анх гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4139 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байсан. Гэхдээ зарим зохих шинжилгээ хийгдээгүй байсан учраас дахин шинжилгээ гаргаж хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хохирогчийн толгойд үүссэн зүсэгдсэн шарх 4139, 718 дугаартай дүгнэлтүүдэд тусгагдсан байгаа. Тийм учраас хохирогчийн биед учирсан гэмтэл үндэслэлтэй гэж үзэж байна. Эмчилгээний явцаас хамаарна гэдгийг шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй зөв зүйтэй хийлгэхээс хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б-  эмчилгээг цаг хугацаанд нь зөв хийлгүүлж байгаагаас хамаарна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Н.О- нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 дугаар гудамжны 336-А тоотод байрлах нийтийн байрны өрөөнд хохирогч Б.Б- ын зүүн гуяанд хутгалж, толгой тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “...Зүүн гуяны хатгагдаж, зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн тасрал, хуйхны зүсэгдсэн шарх...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Б.Б- ын “...Дөнгөж хаалгаар ороод явтал араас гуян тус газар О хутгалсан, тэгэхээр нь “чи яаж байна аа” гээд 3 алхмын цаана байсан орон дээр унасан. Тэгтэл Отгонжаргал гуянаас хутгаа сугалаад дахиад миний толгой руу хатгасан. Тэгэхээр нь “түргэн дуудаач, чи намайг аллаа шүү дээ” гэтэл миний хувцасны захаас бариад коридороор чирээд үүдээр гадаа гаргасан. ...” мэдүүлэг /хх 30/,

 

хохирогч Б.Б- ын мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч А.Батсуурийн “...Нэг сэргэсэн чинь Болдбаатар “Отгонжаргалаа чи миний тархийг хагалаад, гуянд хутга дүрчихлээ” гэж орилохоор нь хартал буйдан дээр цус болчихсон байсан. ...” /хх 38/, гэрч С.Золзаяагийн “...Гэнэт “хүн аллаа, энэ байрны хүн байна уу” гээд коридороор хашгирахаар нь гараад хартал Н.Отгонжаргалтай хамт архи уугаад хөөгдөөд гарсан хүн коридорт цусаа гоожуулаад зогсож байсан. Тэр хүний толгойн ар дагзнаас цус гарсан байдалтай, толгойгоо дараад “түргэн дуудаарай” гэхээр нь түргэн тусламж болон цагдаа руу дуудлага өгсөн. ...” /хх 40/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4139 дугаартай “...Б.Б- ын биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн /n.lschiadicus/ хагас тасрал, хуйхны зүсэгдсэн шархууд бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 44/, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 718 дугаартай “...Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4139 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Уг дүгнэлтийг гаргахад мэдрэлийн электронейрографийн шинжилгээ хийгдээгүй, онош бүрэн тодроогүй байжээ. Б.Б- ын биед зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн суудлын мэдрэлийн тахилзуурийн мэдрэлийн салааг тасалсан шарх /n.lschiadicus/, хуйхны зүсэгдсэн шархууд бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. ...” /хх 69-70/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-16/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.О- хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Н.О- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.

 

Н.О- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хохирогч Б.Б- , түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нар нь “... Н.О- учруулсан шүд унасан, толгойд хутгалсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй, гуяны суудлын мэдрэл тасарсан гэмтэл нь 6 сараас дээш хугацаанд эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Хавтаст хэргийн материалаас үзэхэд, хохирогч Б.Б-  нь анх гэрчээр мэдүүлэхдээ /хх 31-32/, түүнчлэн хохирогчоор мэдүүлэхдээ /хх 30/ шүд гэмтээсэн, шүд гэмтсэн гэсэн мэдүүлэг өгч байгаагүй төдийгүй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4139 дугаартай дүгнэлтийг гаргахаар шинжээч эмч, хохирогч Б.Б- ын биед 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийхэд, шүд гэмтсэн байдал үзлэгээр тогтоогдоогүй /хх 45/ байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 718 дугаартай дүгнэлтэд “...Б.Б-  нь шүд хугарсан гэсэн ба шүдний рентген зураг авахуулсан боловч шаардлага хангахгүй байгаа тул дүгнэлтэд тусгах боломжгүй байна...” гэжээ.

Иймд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 дугаар гудамжны 336-А тоотод байрлах нийтийн байрны өрөөнд Н.О- хохирогч Б.Б- ын биед гэмтэл учруулсан үйлд явдлын үеэр Б.Б- ын биед шүд хугарсан, гэмтсэн үйлдэл болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4139 дугаартай дүгнэлтээр “...хохирогч Б.Б- ын биед учирсан “зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, суудлын мэдрэлийн хагас тасрал, хуйхны зүсэгдсэн шархууд” гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэж /хх 45/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 718 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, зүүн суудлын мэдрэлийн тахилзуурийн мэдрэлийн салааг тасалсан шарх /n.lschiadicus/, хуйхны зүсэгдсэн шархууд бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн...” гэж тус тус тогтоогдсон тул хохирогч Б.Б- ын биед учирсан гэмтлүүдийг /толгойн гэмтлийг, гуяны мэдрэлийн тасралыг/ бүрэн тогтоосон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх, хохирогч Б.Б- ын эрүүл мэндэд хор уршиг учруулсантай холбогдон гарсан хохирлыг үндэслэлтэй зөв дүгнэн тооцож, цаашид гарах эмчилгээний зардал буюу тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б- , түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б- , түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ