Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/01236

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/01236

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ж.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЮБЭП  ХХК -д холбогдох,

 

4.35 м.кв-ын зөрүүнд илүү төлсөн 8,047,500 төгрөг, банкны хүүнд илүү төлсөн 1,260,413 төгрөг, хэмжилт хийлгэсэн хөлс 78,440 төгрөг, нийт 9,386,353 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч В.О, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 3 сарын 28-ны өдөр ЮБЭП  ХХК -тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороололд байрлах Хаппи таун хотхонд 56.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан.

Гэрээний 1-д заасны дагуу 56.64 м.кв хоёр өрөө байрыг 1 м.кв-ыг 1,850,000 төгрөгөөр тооцож нийт 104,784,000 төгрөгөөр барилгын норм дүрэм, чанар стандартын шаардлагын дагуу барьж 2014 оны 2-р улиралд багтааж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Байрны урьдчилгаа төлбөрт 31,435,200 төгрөгийг төлж, үлдэх 73,348,800 төгрөгийг Хаан банкны 8 хувийн хүүтэй зээлээр авсан.

Гэвч захиалгын дагуу орон сууц 56.64 м.кв байх ёстойгоос 52.29 м.кв байсныг 2016 оны 12 сарын 02-ны өдөр ИГ ХХК-иар хэмжилт хийлгүүлж мэдсэн. Өөрөөр хэлбэл 4.35 м.кв дутаж, үүнийг төгрөгөөр тооцвол 8,047,500 төгрөг болж гүйцэтгэгч тал гэрээний 1.2, 1.3, 1.5-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх м.кв-ын зөрүү 8,047,500 төгрөгт урьдчилгаа төлсөн төлбөрийг хасаад 65,301,300 төгрөгийн ипотекийн зээл авах байхад 73,348,000 төгрөгийн зээл авсан. Илүү төлсөн 8,048,500 төгрөгийн банкны зээлийн хүүгийн төлбөрт 2017 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл 1,260,413 төгрөгийг илүү төлж хохирол хүлээж байна.

Иймд ЮБЭП  ХХК -иас 4.35 м.кв-ын зөрүүнд илүү төлсөн 8,047,500 төгрөг, банкны хүүнд илүү төлсөн 1,260,413 төгрөг, хэмжилт хийлгэсэн хөлс 78,440 төгрөг, нийт 9,386,353 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь 2013 оны 4 сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ-ний дагуу ... тоот барилгыг ӨХ ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн худалдан авсан.

Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг ӨХ ХХК болон А ХХК, ХК ХХК, СО ХХК-иудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 сарын 19-ний өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн.

Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э нь 4.35 м.кв-ын зөрүүнд илүү төлсөн 8,047,500 төгрөг, банкны хүүнд илүү төлсөн 1,260,413 төгрөг, хэмжилт хийлгэсэн хөлс 78,440 төгрөг, нийт 9,386,353 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ЮБЭП ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигч талууд гэрээ байгуулсан, гэрээний үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг Ж.Э-н өмчлөлд шилжүүлсэн, орон сууцны талбайг MNS 6058:2009 стандартын дагуу хэмжүүлэхэд гэрээнд заасан хэмжээнээс 4.35 м.кв дутуу гарсан үйл баримтын талаар маргадаггүй.

 

Нэхэмжлэгч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг орон сууцны м.кв-ыг хэмжүүлэхэд 4.35 м.кв-ын зөрүү гарсан, банкнаас илүү мөнгө зээлж авсан тул түүний хүүнд илүү мөнгө төлсөн, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хариуцагч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирсон гэж, хариуцагч ЮБЭП  ХХК нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг батлагдсан зураг төслийн дагуу орон сууцыг барьсан, анхнаасаа гэрээнд м2 болон үнийн нөхцөлийг тодорхой тусгасан байсан, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь шаардах эрхээ алдсан гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Ж.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан 2014 оны 3 сарын 24-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-нд Нөгөө талаас ... Ж.Э.. харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав хэмээн дурдсан байх боловч түүний эхнэр Б.Б гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Гэсэн хэдий ч хариуцагч ЮБЭП  ХХК нь Ж.Э-тай гэрээ байгуулсан эсэх тал дээр маргадаггүй, эхнэр Б.Б нь Ж.-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэрэгт оролцож байгаа, орон сууцны ипотекийн зээлийн гэрээг Ж.Э байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Ж.Э-н нэр дээр бүртгэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Ж.Э болон ЮБЭП  ХХК нарын хооронд гэрээ байгуулагджээ гэж үзэв.

 

Уг гэрээгээр ЮБЭП  ХХК нь ... орон сууцыг 2014 оны 2-р улиралд багтаан ашиглалтанд оруулах, Ж.Э нь гэрээнд заасан 104,784,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээ юу гэж ч томъёолж болох боловч шүүх талуудын хооронд үүссэн харилцаа, гэрээний агуулга, шинж зэргийг харгалзан Иргэний хуульд заасан ямар төрлийн харилцаа үүссэн болохыг тодорхойлж, холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэх учиртай.

 

Талууд гэрээг Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ хэмээн томъёолсон байх боловч Ж.Э, ЮБЭП  ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.

 

Тодруулбал, зохигч талуудын хооронд гэрээ байгуулагдах тухайн үед гэрээний зүйл болох ХД71-р байрны каркас баригдчихсан байсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Ж.Э болон ЮБЭП  ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчийн өгсөн материал, мөнгөн хөрөнгөөр ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, уг гүйцэтгэсэн ажлын үр дүнд шинээр эд хөрөнгө бий болдог байтал дээр дурдсанчлан орон сууцны барилга баригдчихсан байсан учир талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба худалдан авагч нь гэрээнд заасан тоо, хэмжээ дутуу хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг хүлээдэг байна.

 

Иймд, дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байх боловч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан үндэслэлээр Ж.Э нь шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Учир нь, нэхэмжлэгч Ж.Э нь 2014 оны 12 сарын 09-ний өдөр орон сууцыг акт үйлдэн хүлээн авч, байрны түлхүүрийг гардан авсан, улмаар 2015 оны 01 сарын 22-ны өдөр орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тэр үеэс уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн эсхүл мэдэх боломжтой байсан байна гэж үзнэ.

 

Түүнчлэн, орон сууны талбайн хэмжээний зөрүү нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдолд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нөгөө талаас, орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу 2008 онд нэгэнт барьж эхэлсэн болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдож байх тул барилгын ажил эхэлсний дараа буюу 2010 оны 02 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан MNS 6058:2009 стандартыг хэрэглээгүй гэж хариуцагч ЮБЭП  ХХК-ийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч Ж.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар ЮБЭП  ХХК -иас 4.35 м.кв-ын зөрүүнд илүү төлсөн 8,047,500 төгрөг, банкны хүүнд илүү төлсөн 1,260,413 төгрөг, хэмжилт хийлгэсэн хөлс 78,440 төгрөг, нийт 9,386,353 төгрөгийг гаргуулах тухай Ж.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,130 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР