Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

 Нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюунчимэг овогт Сайннямбуугийн Год холбогдох эрүүгийн 1919001730116 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: С.Г

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Яллагдагч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт 55-12 УБД улсын дугаартай Мицубүши Колт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, 12.3 дахь заалтуудыг зөрчин явган зорчигч Н.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт:“...мэдүүлэг өгөхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хохирогч Дын төрсөн дүү нь юм. Эгч Д гэмтлийн эмнэлэгт 1 сар хэвтэхэд би сахиж байсан. Эхний өдрүүдэд сэтгэл санааны хүнд цочролд орсон хэцүү байдалтай байсан. Хамгийн сүүлд 07 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа явахаасаа өмнө очиж уулзахад таяг тулж явж байсан. Өвдөгний үеийн гэмтэл нь сайн эдгээгүй, өвдөгөө нугалж чадахгүй, тос түрхэж, бариулах эмчилгээ хийлгэж байсан. Шагайны шалбархай нь мөн арилаагүй байсан, толгой дориголттой учир бариа засал хийлгэсэн. Эгч Д маань өвчин намдаах, тайвшруулах, дархлаа дэмжих эм тариа байнга хэрэглэж байгаа. Шүүгдэгчээс хагалгаанд ордог өдөр нь 500 000 төгрөг өгсөн. Өчигдөрийг хүртэл нийт 2 440 958 төгрөг өгсөн. Хийлгэсэн эмчилгээ нь хэрэгт авагдсан учир нуршаад яахав. Гын согтуугаар машин жолоодсон гэмт үйлдлийн улмаас бид сэтгэл санаа, эд материалаар хохирол амссан. Эрүүл саруул байсан хүн намайг буюу дүүгээ эргэж ирээд осолд орчихсон их хэцүү байна. Тэр хүнийг хөл дээр нь босгох гэж маш олон хүн зүтгэсэн. Миний хувьд наашаа дуудсандаа харамсаж байнга сэтгэл санааны хувьд их дарамттай байгаа. Гэмт хэргийн газарт хэвтэж байсан дүр зураг нь байнга нүдэнд харагддаг. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах зүйлсийг шаардаж байна. Хохирогч Дын эмчилгээнд зарцуулсан нэхэмжилсэн зардлыг шүүгдэгчээс бүрэн гаргуулж өгнө үү, мөн цаашид хохирол гарвал эмчилгээний зардал гарсан тохиолдолд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, шүүгдэгчийг хийсэн хэрэгтээ харамсаж байгааг нь харгалзан үзээд нэхэмжлэлийг бүрэн төлөхийг зөвшөөрвөл ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналуудыг гаргаж байна. Энэ хүнийг хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэдэгт найдаж байна...” гэв.

Шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа маш сайн ухамсарлаж байна...Ганхуяг болон түүний эхнэр Анхилмаа нар надад баярласан сэтгэлээ илэрхийлж байна гээд 0,75 хэмжээтэй Алтантүрүү гэдэг архи авч өгсөн. Би тэр архийг ганцаараа уусан.Тэгээд удалгүй архиа ууж дуусахад 18 цаг нилээд өнгөрч байсан гэж санагдаж байна. Би нилээн согтчихсон байсан учир зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан эхнэрийнхээ 55-12 УБД улсын дугаартай Мицубүши колт плас маркийн тээврийн хэрэгслийг унаад хөдөлсөн байсан...тэгээд хаагуур яаж явсан бүү мэд, яаж яваад осол гаргасан, яаж яваад цагдаа дээр ирсэн талаараа юу ч огт санахгүй байна...Би ганцаараа л явж байсан...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна мөн учруулсан хохирлоо нөхөн төлж хохиролгүй болгоно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-76 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 дүгээр хуудас/ Хохирогч Н.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны орой...19 цаг 10 минутын үед вокзал явах гээд дүүгийнхээ дэлгүүрээс гарч хойд замаас такси барих гээд явж байтал замын эсрэг талын шороон дээгүүр нэг машин их хурдтай явж байснаа над руу чиглээд зам хөндлөн гарч ирээд намайг мөргөсөн. Би яг мөргүүлэх үедээ өөрийнхөө рефлэксээрээ тэр машин луу гараараа түлхсэн тэрнээс хойш юу болсоныг огт санахгүй байна. Ямар ч байсан сүүлд шороон дээр хэвтэж байсан... Миний зүүн хөлний дунд чөмөг бүтэн хугарсан, 2 өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй, толгой олон газраа доргиж цус гарч гэмтсэн, зүүн хөлний шагай гэмтсэн, цус их багадалттай болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 Гэрч Н.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны орой... 20 цаг 10 минутын Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд суухаар миний худалдагч хийж байсан Хан шанд дэлгүүрээс гараад явсан... Дэлгүүрийн цонхоор хартал нэг машин автобусны буудлыг мөргөөд их чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс гараад эгч маань энэ машинд сууж явсан юм биш биз дээ гээд машины доторхыг харахад 1 хүн харагдсан. Тэгсэн зам дээр нэг машин зогсоод намайг нэг хүн дуудаад “Хөөе энд нэг хүн хэвтэж байна түргэн дууд” гэхээр нь тэр хүнийг очоод хартал эгч маань цус нөж болчихсон, хувцас хунар нь урагдчихсан их аймаар байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч М.Анхилмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нилээн согтчихсон байсан. Тэгээд 18 цагийн үед архи дуусаад Г машинаа бариад явах гэхээр нь нөхөр бид 2 явуулахгүй гээд эсэргүүцтэл Г уурлаад байсан. Тэгэхээр нь за за гээд өгөөд явуулсан. Тэгээд манай хашаанаас ганцаараа шал согтуу гэрлүүгээ явлаа гээд машинаа бариад гарсан...Манайд байхдаа миний мэдэхээр 0,75-н хэмжээтэй Алтантүрүү нэртэй архийг ганцаараа уугаад дуусгасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 Техникийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 9 дугаартай: “... 55-12 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Техникийн хяналтын үзлэг оношлогоогоор 2018 оны 11 дүгээр сарын 23-нд орж тэнцэж замын хөдөлгөөнд оролцох эрх авсан байгаа нь техникийн стандарт хангаж байгааг илтгэх бөгөөд техникийн хувьд бүрэн бүтэн байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2892 дугаартай: “... “С.Г 47 21.40” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 3,5 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,5 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн: “...Жолооч С.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн /тээврийн хэрэгслийн хурд/ 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах нөхцөл шалтгаан болсон гэж үзэж байна. Хэрэг бүртгэлтийн 191900173 дугаартай хэргийн материалтай танилцахад тормозны мөр байхгүй байгаа нь жолооч С.Гын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/0297 дугаартай:”... Н.Дын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, дух, баруун хацар, зулай хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Учирсан зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дух, баруун хацар, зулай хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 65-66 дугаартай хуудас/,

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-115 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт 55-12 УБД улсын дугаартай Мицубүши Колт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а/ согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон заалт, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн /тээврийн хэрэгслийн хурд/ 12.3/ жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч Оюунчимэг овогт Сайннямбуугийн Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч С.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргулмаас учруулсан хохирол төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч С.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчхувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзах хугацаанд үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн 1919001730116 дугаартай хэрэгт шүүгдэгч С.Гын жолоочийн 753983 дугаартай үнэмлэх хураагдаж ирсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Н.Даас шүүхэд ирүүлсэн баримтуудын 25 дугаарт “...өмнөх нэхэмжлэл явуулснаас хойш гарсан эм, тарианд гарсан зардлын баримтуудын нэмж нэхэмжилж буй дүн 690 000 төгрөг, сэтгэл санаа, хөдөлгөөн хоригдсоны улмаас гарсан хохирол нийт 3 сар х 1 200 000 = 3 600 000 төгрөг бүгд 4 290 000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. Харин хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал шүүх хуралдаанд “...нийт 10 760 000 төгрөг нэхэмжилж, үүнээсээ шүүгдэгчээс авсан 2 350 000 төгрөгийг хасаж тооцон 8 410 000 төгрөг нэхэмжилж байна...цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж өөр өөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаархи баримтууд болон шүүхэд гаргасан баримтуудыг нэмж нэгтгэхэд бүгд 6 293 590 төгрөг болж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас нэг өдөр нэг удаа ресторанаар үйлчлүүлэхэд 344 700 төгрөг эсхүл 215 718 төгрөг болон хүнсний зүйл худалдан авсан баримтын талаар тайлбарлахыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад “...манай эгч Д нь маш их шүтлэгтэй бөгөөд өөрт таагүй зүйл тохиолдоход хүмүүсийг хооллож буян үйлддэг...түүнээс эгчийг ямар нэг хоол хүнс хэрэглэх болон хориглосон зүйл байхгүй...” гэсэн хариултаас үзэхэд энэ нь шашны зан үйлтэй холбоотой хувь хүний үйлдэл болохоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хэрэгт авагдсан хүнсний зүйл болох хэргийн 133 дугаарт авагдсан 215 718 төгрөгний хүнсний зүйл, 135 дугаарт авагдсан 188 700 төгрөгний хүнс, 136 дугаарт авагдсан 4650 төгрөгний хүнсний зүйл, 137 дугаарт авагдсан печень, гарын савангийн 3300 төгрөг, 138 дугаарт авагдсан жимсний үнэ 14 999 төгрөг, 139 дугаарт авагдсан 344 700 төгрөг, 140 дугаарт авагдсан юу болох нь тодорхойгүй жижиглэн худалдааны 21 200 төгрөг, 141 дүгээрт авагдсан талон гээд 20650 төгрөг, 142 дугаарт авагдсан 3900 төгрөгний хүнсний зүйл, 146 дугаарт авагдсан 19 200 төгрөгний хүнс, 147 дугаарт авагдсан 11 100 төгрөгний хүнс, 152 дугаарт авагдсан 33 000 төгрөний хүнс, 153 дугаарт авагдсан 20 850 төгрөгний хүнс, 154 дүгээрт авагдсан 4000 төгрөгний хүнс, 155 дугаарт авагдсан 84 165 төгрөгний хүнс, 157 дугаарт авагдсан 1540 төгрөгний хүнс, 160 дугаарт авагдсан 56 203 төгрөгний хүнс, 162 дугаарт авагдсан хоолны үнэ 60900 төгрөг, 167 дугаарт авагдсан 3676 төгрөгний хүнс, 171 дугаарт авагдсан хоолны 11500 төгрөг, 172 дугаарт авагдсан хоолны 11500 төгрөг, 173 дугаарт авагдсан хоолны 11500 төгрөг, 174 дүгээрт авагдсан юу нь үл мэдэгдэх 4000 төгрөг, 176 дугаарт авагдсан архи болон хүнсний үнэ 60 850 төгрөг, 177 дугаарт авагдсан 12450 төгрөгний хүнс, 180 дугаарт авагдсан Мөнхжаргал гэх хүний дансны гүйлгээ, 182 дугаарт авагдсан 15 500 төгрөгний хүнс, 186 дугаарт авагдсан 10 000 төгрөгний хүнс, 189 дүгээрт авагдсан юу нь үл мэдэгдэх 8505 төгрөг, 190 дүгээрт авагдсан бараа гэх 40 900 төгрөг, 192 дугаарт авагдсан рестораны үйлчилгээний 56 399 төгрөг, 196 дугаарт авагдсан 23 730 төгрөгний хүнс, 206 дугаарт авагдсан юуных болох нь мэдэгдэхгүй 71 760 төгрөг, 207 дугаарт авагдсан 10 100 төгрөгний хүнс, 208 дугаарт авагдсан 6600 төгрөгний хүнс, 209 дүгээрт авагдсан 21 200 төгрөгний хүнс, 210 дугаарт авагдсан 50 870 төгрөгний хүнс, 211 дүгээрт авагдсан 15 400 төгрөгний хүнс, 212 дугаарт авагдсан 44 456 төгрөгний хүнс, 213 дугаарт авагдсан 24 400 төгрөгний хоол, 221 дүгээрт авагдсан хоол, хүнс, архины 181 818 төгрөг, шүүхэд гаргасан баримтаас 1 дүгээрт авагдсан корень тосны 294 200 төгрөг, 5 дугаарт авагдсан хоолны үнэ 32 700 төгрөг, 6 дугаарт авагдсан хоолны үнэ 48 369 төгрөг, 7 дугаарт авагдсан шаардлага хангахгүй, юу болох нь харагдахгүй 23 550 төгрөг, 8 дугаарт авагдсан Мөнхийн Чидун ХХК-ны 2 100 төгрөг, 12 дугаарт авагдсан бараа гэх 32 600 төгрөг, 16 дугаарт авагдсан ундаа 9 800 төгрөг, 17 дугаарт авагдсан 18 100 төгрөгний хүнс, 18 дугаарт авагдсан 6 900 төгрөний хүнс, 21 дүгээрт авагдсан 48 000 төгрөний хүнс, 23 дугаарт авагдсан бараа гэх 15 300 төгрөг болон шатахууны үнэ болон авто зогсоолын талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох үндэслэл тогтоогдоогүй хавтаст хэргийн 197-204 дүгээрт авагдсан 8 500 төгрөг, 216-219 дүгээрт авагдсан шатахууны 262 132 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх болон хувь хүний төлөх хавтаст хэргийн 220 дугаарт авагдсан 507 960 төгрөг, хавтаст хэргийн 222 дугаарт авагдсан 519 906 төгрөг ямар учиртай болох эх сурвалжийг тайлбарлаагүй, нийгмийн даатгалын сангаас төлөх ёстой мөнгийг энэ байгууллага яагаад төлөөгүй, энэ байгууллагын өмнөөс хохирогч нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл нь тодорхойгүй, ослын улмаас гар утсаа алга болгосон тул 890 000 төгрөгөөр гар утас худалдан авсан гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, осол 2019 оны 05 дугаар сарын 06-ны оройн 19 цагийн орчимд болсон нь тогтоогдсон байхад 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 17 минутад худалдан авалт хийсэн 5600 төгрөг, гэмт хэрэг гарахаас өмнө 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3 900 төгрөгний худалдан авалт, 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 11 900 төгрөгний худалдан авалт зэрэг 4 833 360 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал нь ажлаасаа чөлөө авсан тул ажилгүй байсан хугацааны цалин 500 000 төгрөг нэхэмжилж байгааг хангах үндэсгүй гэж үзсэн болно. Учир нь Н.Золжаргал нь хохирогчийн сайн дурын үндсэн байгуулсан итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин хөлсийг шүүгдэгч хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин хохирогч Н.Д нь ямар нэгэн компанид гэрээний үндсэн дээр нягтлан бодогчоор ажиллаж сард 1 200 000 төгрөгний цалин авдаг тухайгаа мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч мэдүүлсэн, 3 сарын хугацаанд сэтгэл санаа, хөдөлгөөн хоригдсоны улмаас гарсан хохирлыг хохирлыг 1 сарын 1 200 000 төгрөгөөр тооцож 3 600 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар гэрээ , цалин хөлс авч байсан тухай хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эм, тарианы зардалд зарцуулсан 1 460 230 төгрөгийг шүүгдэгч хариуцах үндэстэй ба шүүгдэгч нь 2 440 958 төгрөгийг хохирогчид төлсөн гэснийг хохирогч хүлээн авсан болохыг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлж энэ талаар маргаагүй тул нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн гэж шүүх үзэв. Шатахууны зардлын тухайд хохирогчийн нөхөр машинаараа эмнэлэгт хүргэх, эмчилгээ хийлгэх, эм тариа авах зэрэгт шатахуун зарцуулсныг үгүйсгэх аргагүй ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар тайлбарлаж чадаагүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нөхөр ямар машинтай болохыг ч хэлж мэдэхгүй байгаагаас гадна хохирогч Н.Д нь ямар компанид ажилладаг болохыг мэдэхгүй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхисон болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Оюунчимэг овогт Сайннямбуугийн Гыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Год тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Шүүгдэгч С.Г нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Гын 753983 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээгээр 1 460 230 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан ба хохирогчийн нэхэмжлэлээс 4 833 360 төгрөгийг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилсэн 500 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлын талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА