Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/68

 

 

 

 

      

 

 

 

   2019          08            27                                           2019/ДШМ/68

 

 

 

С.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Ө.Мөнхнавч,

           Хохирогчийн өмгөөлөгч: Б.Банзрагч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Төмөрбаатар,

           Шүүгдэгч: С.Г,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Г-д холбогдох, эрүүгийн 1919001730116 дугаартай, 2 хавтас, 315 хуудас бүхий хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Банзрагчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Г /РД:/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч С.Г 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж,

       шүүгдэгч С.Г нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, 

      хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Г-н 753983 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж,

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээгээр 1 460 230 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан ба хохирогчийн нэхэмжлэлээс 4 833 360 төгрөгийг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилсэн 500 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,  

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлын талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           Хохирогчийн өмгөөлөгч Б.Банзрагч давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Г урьд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихаад дахин тээврийн хэрэгсэл жолоодож яваад баривчлах шийтгэл хүлээж байсан. Мөн Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож байсан ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдад хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү...” гэв. 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өөрийнхөө үйлдсэн хэргийнхээ талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс С.Г өмнө нь жолооны эрхээ хасуулж байсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, шүүхээр шийдвэрлэгдэж тухайн үедээ хэрэгсэхгүй болж байсан гэсэн үндэслэлээр түүнд оногдуулсан ялыг хүндрүүлэх нь зүйтэй гэсэн асуудлыг дурдсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмын хүрээнд ял оногдуулна гэж үзэж байна. С.Г хохирол төлбөрийг бүрэн төлсөн.  2 460 000 төгрөгийг төлсөн байхад 1 460 000 төгрөг гэж техникийн алдаа гаргаж бичсэн юм шиг байна. Ер нь бол 2 460 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал байвал иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаж, энэ асуудлыг нээлттэй орхисон байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.  

          Шүүгдэгч С.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бичиг баримтынх нь дагуу төлөх ёстой мөнгийг төлсөн...” гэв.

             Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч Н.Д-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Н.Д-н гаргасан хохирлын баримтуудаас 1 460 230 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзсэн. Бусад нотлох баримтын хүрээнд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, цаашид гарах зардлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхийг нээлттэй орхисон. Хавтаст хэргийн хүрээнд 1 460 230 төгрөгийн хохирол гарсан боловч шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 460 000 төгрөгийг нөхөн төлсөн. Шүүгдэгч С.Г нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”  гэж заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн  гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянавал:

 

             Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

           Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-76/, хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 14-15/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/0297 дугаартай “...Н.Д-н биед зүүн дунд чөмөгний далд хугарал, дух, баруун хацар, зулай хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-66/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд;

           

            Шүүгдэгч С.Г-г 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтуурсан үедээ, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

           Түүнчлэн шүүгдэгч С.Г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлснийг мөн шүүгдэгчээс өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлэхдээ /1-р хх-ийн 73-76/ мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлснийг тус тус үнэн зөв гэж үзнэ.

 

         Энэ хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

        Энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоогдсон байна гэж зөв дүгнэсэн төдийгүй Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

           Шүүгдэгч С.Г Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол /нотлох баримтаар тогтоогдсон 1460230 төгрөг/ 2440958 төгрөгийг төлсөн, эмчилгээтэй холбоотой цаашид гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал нь мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалтад нийцэж байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

          Харин хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан “...шүүгдэгч урьд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулж, баривчлах шийтгэл хүлээж байсан...” гэх нөхцөл байдлыг хянаж үзэхэд хэдийгээр шүүгдэгч 2014, 2015 онуудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хариуцлага хүлээж байсан, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж байсан байх боловч энэ үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн”-ийг өөрчилж, хүндрүүлж ял оногдуулахаар, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлгүй.

 

         Өөрөөр хэлбэл дурдсан зөрчил, эрүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан төдийгүй “урьд нь захиргааны зөрчил, эрүүгийн хариуцлага хүлээж байсан” гэх нөхцөл байдлыг харгалзан, оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн зохих заалтад нийцэхгүйн гадна эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.     

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Банзрагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                    ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                        Н.БОЛОРМАА