Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/284

 

2018.02.27

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ц.Мөнхжаргал,

хохирогч Ш.Батсайхан, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жаа овогт Цэдэвдоржийн Ц.Тд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0000 10020 дугаартай хэргийг 2018 оны  02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Жаа овогтой Цэдэвдоржийн Ц.Т, 1973 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо **************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:***************/,

 

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордоны урд талын замд Транскапитал ББСБ-ын эзэмшилийн Тоёота Приус маркийн 61-84 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Батсайханыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2013 оноос хойш машин жолоодож байгаа гэв. Би  тухайн үед 13 талаасаа офицер луу явж байсан. Урд байсан машиныг дагаад эргэсэн. Нэг мэдсэн энэ хүн гараад ирсэн. Энэ хэргийн талаар маргах зүйлгүй. Би хохирлоо нөхөн төлнө. Би хэрэг болох тухайн үед өөрийнхөө утсаараа цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэгт хүргэж өгсөн. Хохирогч өөрөө гэмтсэн тухайгаа надад тодорхой хэлээгүй. Хамгийн сүүлд Манал гэдэг эмнэлэгт хэвтсэн байхад нь би очсон. Миний анхаарал болгоомжгүйгээс ийм асуудал болсон. Эмчилгээний баримт бүхий 658.650 төгрөгийг төлж барагдууллаа” гэв.

Хохирогч Ш.Батсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 10-р сарын 03-нд ногоон гэрэл асаад явган хүний гарцаар гарж байтал нэг машин мөргөсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна. Тэгээд удалгүй хагалгаанд орсон. Одоо удахгүй дахиад хагалгаанд орох гэж байгаа. Одоо миний хохирлын бүх зардал баримтаар 4.250.000 төгрөг болсон үүнийг нэхэмжилж байна  ” гэв.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордоны зүүн явах, асфальтан, шулуун, тэгш, хуурай, зохицуулагддаг явган хүний гарцтай, суурингийн доторхи, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээ замтай, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв” /хх-6/,

Хохирогч Ш.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн хажуу талын пабад манай амаржих газрын хамт олон ахмад ажилтан нараа хүлээж аваад, тэнд хоол унд идээд, архи дарс уусан, гэхдээ хэр хэмжээний уусанаа мэдэхгүй байна, гэхдээ миний согтолт гайгүй байсан, оройн 00 цагийн үед тэндээс ганцаараа гараад, зүүн тийшээгээ явж байгаад Офицеруудын ордоны явган хүний гарцаар хойноосоо урагшаа гарсан, эхний замыг гарахдаа .явган хүний гарцаар ногоон гэрлээр гарсан, гарч байгаад дараагийн замыг гарах гэтэл явган хүний хориотой улаан гэрэл асаж байхаар нь зогсож хүлээж байгаад, явган хүн зөвшөөрсөн гэрэл асахаар нь явган хүний гарцаар гарч байтал нэг машин орж ирээд л мөргөсөн тэгээд л юу болсонг мэдэхгүй байна. Би гомдолтой эмчилгээний баримтаа бүрдүүлж байгаа…” гэх мэдүүлэг. /хх63-64/,

Гэрч Э.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Би Баянзүрх дүүргийн Офицеруудын ордоны урд автобусны буудлын гэрлэн дохиотой явган хүний гарцны урд талд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд явган хүний гарцаар гарах гээд зогсож байтал явган хүн зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан. Тэгтэл миний урдаас 2 замын ослын тусгаарлахаас хойноосоо урагшаа чиглэлд нэг ахимаг насны эрэгтэй хүн зам
гартал машин яахын зуургүй ирээд л мөргөсөн тэр машин гэнэт л хүрээд ирсэн,
ослын дараа машинаасаа жолооч эрэгтэй бууж ирсэн машинд өөр хүн байхгүй
байсан. Жолооч тэр хүн дээрээ бууж ирээд очиж уулзаж байсан. Би өөрийн
утаснаас 103-т залгаж ослын талаар мэдэгдсэн. Тэр осол гаргасан машины өөрийн
явах гэрэл унтраад шар гэрлээр ороод ирсэн байсан, харин явган яг өөрийн
зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар гартал тэр машин ирээд
мөргөсөн…” гэх мэдүүлэг. /хх78-79/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1149 дугаартай дүгнэлт: “Урьд гаргасан Батлан хамгаалахын Эмгэг судлал шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №525 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Ш.Батсайханы биед баруун өвдөгний үений дунд хажуу холбоосын урагдал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал нүүрний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна…” гэх дүгнэлт. /хх-48/,

Техникийн шинжээчийн №677 дугаартай дүгнэлт: “Тоёота Приүс маркийн 61-84 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2. "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ш.Батсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй үндэслэл тогтоогдож байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх-81/,

Шинжээч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ: “...Үений холбоос бүтэцийн хувьд цусан хангамж багатай, нөхөн төлжилт удаан байдаг учраас гэмтэж урагдсан тохиолдолд мэс заслаар уг гэмтсэн хэсгийг засаж эмчилгээ хийгддэг, энэ эмчилгээ нь эдгэрэлийн хугацаа нь 26 хоногоос дээш байдаг...” гэх мэдүүлэг. /хх-125/,

Яллагдагч Ц.Т мэдүүлэхдээ: “Би 2017 оны 10 дугаар сарын 3-ны шөнө өөрийн Тоёота Приус 20 маркийн 61-84 УНХ дугаартай автомашинаар хувиараа таксинд явж байсан, ер нь тухайн үед Тоёота Приус 20 маркийн 61-84 УНХ дугаартай автомашинаар таксинд явдаг байсан, одоо бол машинаа зарчихсан. Тэр шөнө 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн офицеруудын тойрогийн урд талын замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш 3 дугаар эгнээгээр 30-40 км цагийн хуртай явж байтал явган хүний гэрлэн дохио ойртох үед машинууд зогсож байсан. би ойртож ирэх үед тэр автомашинууд дөнгөж хөдөлсөн би араас нь зосголгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлээд, явган хүний гарцаар ортол гарц дээр урдаасаа хойшоо чиглэлд нэг хүн орж ирж таараад л машины зүүн урд талын крыло хэсэгт мөргүүлээд унасан би ч машинаа зогсоогоод, буугаад иртэл тэр хүн машины ард хэвтэж байсан, би өөрийн утаснаас 103-д мэдэгдсэн, тэгээд байж байтал эмнэлэг машин ирээд, эмч тэр хүнийг үзсэн, цагдаа нар бас ирсэн, эмч хүнийг эмнэлэг авч явсан, цагдаа нар үзлэг шинжилгээг хийсэн, би хохирогчийн хохиролыг даатгалаараа барагдуулна…” гэх мэдүүлэг. /хх87-88/,

Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, хохирогч Ш.Батсайханы мэдүүлэг /хх63-64/, гэрч Э.Эрдэнэ-Очирын мэдүүлэг /хх78-79/, хүний биед үзлэг №1149 дугаартай дүгнэлт /хх-48/, техникийн шинжээчийн №677 дугаартай дүгнэлт /хх-81/, шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-125/, яллагдагч Ц.Тын мэдүүлэг /хх87-88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордоны урд талын замд Транскапитал ББСБ-ын эзэмшилийн Тоёота Приус маркийн 61-84 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Батсайханыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч Ш.Батсайханы: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны орой …00 цагийн үед тэндээс ганцаараа гараад, зүүн тийшээгээ явж байгаад Офицеруудын ордоны явган хүний гарцаар хойноосоо урагшаа гарсан, эхний замыг гарахдаа явган хүний гарцаар ногоон гэрлээр гарсан, гарч байгаад дараагийн замыг гарах гэтэл явган хүний хориотой улаан гэрэл асаж байхаар нь зогсож хүлээж байгаад, явган хүн зөвшөөрсөн гэрэл асахаар нь явган хүний гарцаар гарч байтал нэг машин орж ирээд л мөргөсөн тэгээд л юу болсонг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ш.Батсайхан нь гэм буруутай этгээдээс эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардал гэж нийт 4.250.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 658.650 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч Ц.Т өөрийн сайн дураар хохирогчид шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлсөн байна.

Шүүх хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно. Учир нь өмгөөлөгчийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш гэж шүүх дүгнэсэн болно.

Харин хохирогч Ш.Батсайхан нь 1 сарын 445.940 төгрөгийн үндсэн цалинтай болох нь ажил олгогчийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдсон ба авто осолд орсны улмаас ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин буюу нийт 2.229.700 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ш.Батсайхан нь цаашид гаргах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүгдэгч Ц.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлоос заримыг төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх хэрэгт хураагдан ирсэн Ц.Тын эзэмшлийн №844030 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Жаа овогт Цэдэвдоржийн Ц.Тыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Хэрэгт хураагдан ирсэн Ц.Тын №844030 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Таас 2.229.700 /хоёр сая хоёр зуун хорин есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Батсайханд олгосугай.
  8. Хохирогч Ш.Батсайхан нь цаашид гаргах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР