Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2017/02069

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2017/02069

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г П А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,832,176 төгрөг гаргуулах үндсэн, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, төлсөн 2,500,000 төгрөг буцаан гаргуулах, гэрээний улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г П А ХХК-ийн төлөөлөгч С.О А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г П А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний төлөөлөгч Ж.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Еийн эрүүгийн 201726010295 тоот хэрэгт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг үндэслэн, А ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 23-нд Г П А ХХК болон А ХХК-ууд нь “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болно. Энэхүү гэрээний нийт дүн нь 7,344,000 (Долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянган) төгрөг болно. Манай компани гэрээний дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б/41 дугаартай албан тоот 48 хуудас тайланг СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Эод нэг хувь, А ХХК-д нэг хувь тус тус хүргүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 08-нд захирал В.Ёад дахин хаяглан хүргүүлсэн билээ. Манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийг харилцах дансаар хүлээн авсан. Гэтэл А ХХК нь гэрээний 3.4-д “Үйлчлүүлэгч ажил үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг ажил үйлчилгээ дууссан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэгчийн нэхэмжлэхээр шилжүүлэх буюу бэлнээр төлнө”, “Төлбөрийг заасан хугацаанаас хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0.3 хувийн алданги төлнө” гэж заасныг зөрчин, одоог хүртэл үлдэгдэл төлбөр дээр алданги 988,176 төгрөг, нийт 5,832,176 төгрөгийг төлж барагдуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд, хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 4,844,000 (дөрвөн сая найман зуун дөчин дөрвөн мянган) төгрөг, хугацаа хожимдуулсны алданги 988,176 (есөн зуун наян найман мянга нэг зуун далан зургаан) төгрөг, нийт 5,832,176 (таван сая найман зуун гучин хоёр мянга нэг зуун далан зургаан) төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд уг ажлыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн тогтоолын дагуу хяналт шалгалт хийсэн гэж байгаа. Тухайн үед манай хэргийн байцаагч байсан хүн Г П А ХХК-ийг сонгосон, та нар очиж уулзаад төлбөрөө тохиролц гэсэн. Ингээд очиж уулзаад хямд хийлгэх талаар ярилцахад манай компанийн үндсэн хөрөнгө болох 200 гаруй сая төгрөгийн 3 хувиар тооцно гээд 7 сая орчим төгрөг байхаар тохирч гэрээ хийсэн. Гэрээ  шинжээч томилох тогтоол ирэх хүртэл хүчин төгөлдөр болохгүй гэж хэлсэн учраас манай талаас тухайн үед гарын үсэг зураагүй. Ингээд тогтоол гарсаны дараа очиж уулзаад гэрээг шинэчлэх үү гэж асуухад энэ хэвээрээ байж байг гэж хэлсэн. Энэ хэрэг дээр өмгөөлөгч аваад л шинжээчийн зардлыг төр хариуцах ёстой гэдгийг мэдсэн. Ийм учраас манай тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба төлсөн мөнгөө буцааж авах шаардлагатай гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч А ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүнийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Цагдаагийн ахмад Б.Е эрүүгийн 201726010295 тоот 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг үндэслэн, А ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 23-нд Г П А ХХК болон А ХХК-иуд нь “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болно” гэсэн. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд “Байцаан шийтгэх ажиллгааны зардал” гэж заасан байх бөгөөд 99.1.1 дэх хэсэгт шинжээчийн зардал нь хамаарч байна мөн хуулийн 99.2 дахь хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хаиуцах бөгөөд шүүх энэ хуулийн 100.1, 101.1, 101.2, 101.4, 101.5-д заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрлэнэ” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд эрүүгийн хэрэг дэх шинжээчийн зардлыг төр хариуцахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байтал тус хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч Г П А ХХК-ийг санал болгон А ХХК-тай “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 7,344,000 төгрөгөөр байгуулсан нь Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн, ноцтой төөрөгдөж байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ” гэх нэршил бүхий гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан байдаг гэтэл Г П А ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хуулиар тогтоосон хэлбэрээр хүлээлгэн өгөлгүй шууд мөрдөн байцаагчид гарган өгсөн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр 6 сард гарган өгсөн боловч мөрдөн байцаагчид өгсөн нэрийг сольж өгсөн дүгнэлт нь ашиглах боломжгүй биет байдлын доголдол бүхий үр дүн байсан. Энэхүү доголдол бүхий үр дүнгээс болж дахин санхүүгийн шинжээч томилж, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №17/59 дугаар бүхий “Аудитын ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-г “Релаенс секюритиз аудит” ХХК-тай А ХХК нь байгуулж гэрээний нийт үнэ 2,000,000 төлөх байсан боловч Г П А ХХК нь Сангийн яаманд зах зээлийн үнийн санал унагааж байна гэх мэтээр гомдол гаргаснаас болж 5,000,000 төгрөг болсон, уг төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэхүү төлбөр нь манай компанид учирсан хохирол юм. Өөрөөр хэлбэл Г П А ХХК-ийн хийсэн ажлын доголдол бүхий дүгнэлтээс болж дахин тухайн ажлыг хийлгэх, 2 дүгнэлт нь зөрүүтэй болсны улмаас эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхэд ээдрээ төвөгтэй болох асуудлын эх үндэс болсон болно. Иймд, нэгд, Г П АХХК болон А ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өгсөн 2,500,000 төгрөгийг буцаан авах, хоёрт, дээрх хэлцлийн улмаас хохирсон төлбөр болох “Р с а” ХХК-д төлсөн 5,000,000 төгрөгийг хохирлыг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Энэ нягтлан бодогч Х.Б нь надаас гэрээ ирж аваад явсан. Захирал нь өвчтэй байгаа гэсэн учраас энэ гэрээг танилцаарай гэж хэлээд өгөөд явуулсан. Ингээд энэ гэрээ дээр санал гомдолгүй гэж хэлээд захирал В.Ё гарын үсэг зурсан. Сөрөг нэхэмжлэлийн  хувьд төр хариуцна гэж яриад байгаа. Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгууллага нар хоорондоо гэрээ байгуулсан байхад төр хариуцах үндэслэл байхгүй. Гэрээ хариуцагч байгууллагыг хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан учраас төр хариуцахгүй. Аудитын тайланг манайд хаяглаж өгөөгүй тул гэрээг доголдолтой гэж үзээд байгаа. Аудитын тайлан хоёр гардаггүй. Захиалагчид зориулан нэг л тайлан гардаг. Тэр нь цагдаагийн байгуулагад зориулан гаргасан тайлан. Тэгээд ч би энэ тайланг захирал В.Ёад өгсөн. Тийм учраас энэ гэрээний дагуу сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй. Ямар учраас манай байгууллагаас өөр аудитын компанийн зардлыг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ямар нэгэн үндэслэлгүй зүйл тайлбарлаж шүүхэд худал мэдүүлэг өгч байна. Би хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж байгаа. Гэтэл өөр хүний хийсэн ажлын төлбөрийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г П А ХХК нь хариуцагч А ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 4,844,000 төгрөг, алдангид 988,176 төгрөг, нийт 5,821,176 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, дээрх хэлцлийн улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд

Талууд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 17/17 тоот Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хх-6 дахь тал/ Зохигчид гэрээний зорилгыг гэрээний эхний өгүүлбэрт “. . . 2014-2016 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах. . .” хэмээн тодорхойлсон хэдий ч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгагдаж буй 201726010295 тоот эрүүгийн хэрэгт А ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Д.Б нь үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөнгө завшсан эсэхийг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргах зорилготой байжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Е 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол”-оор Г П А ХХК-ийг шинжээчээр томилж, түүнд 4 асуулт тавьсан ба энэхүү асуултад хариулах ажлыг гүйцэтгэх төлбөрийг тохиролцон, талууд гэрээ байгуулжээ. Г П А ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарган, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн байна.

Эдгээр үйл баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Еын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол” /хх-7 дахь тал/, Г П А ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн б/60 тоот “Тайлангийн талаар” албан бичиг /хх-56 дахь тал/, Г П А ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн б/42 тоот “Шинжээчийн тайлан хүргүүлэх тухай” албан бичиг /хх-5 дахь тал/, мөн өдрийн б/41 тоот “Шинжээчийн дүгнэлт” албан бичиг /хх-59-70 дахь тал/, А ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/93 тоот “Хүсэлт гаргах нь” албан бичиг /хх-75 дахь тал/, Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 7/4483 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-111 дэх тал/ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.29, Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч нь шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлэх бөгөөд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийж буй тохиолдолд шинжээч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй байх үндсэн шаардлага байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дугаар зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т  заажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д шинжээч нь албан тушаалын болон бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа бол шинжээчээр оролцож болохгүй байхаар хуульчилсан байна.

“Хувийн сонирхол” гэдгийг шинжээч нь дүгнэлт гаргахад тухайн хэрэгт эдийн болон эдийн бус сонирхолтой байхыг ойлгох бол “бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа” гэдгийг шинжээч дүгнэлт гаргахад хэргийн оролцогчдын зүгээс нөлөөлж болох нөхцөл байдлыг ойлгоно. Эндээс шинжээч нь А ХХК-тай дүгнэлт гаргах, төлбөр авах асуудлаар тохиролцож гэрээний харилцаа үүсгэсэн нь түүний эрхшээлд байгаа гэх нөхцөлийг бий болгосон төдийгүй тухайн хэрэгт хувийн сонирхолтой гэж үзнэ. Иймээс 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,821,176 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар тухайн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх ба талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагчаас нэхэмжлэгчид 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргадаггүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын үүднээс авч үзвэл нэхэмжлэгч уг 2,500,000 төгрөгийг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй.

Шинжээчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах ба хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс зардлыг гаргуулна. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон, шүүгдэгчийг цагаатгасан, эсхүл ял шийтгүүлсэн хүн төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон бол түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, төр хариуцна. Эндээс үзэхэд, Г П А ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргасны зардлаа 201726010295 тоот эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэнээс хамааран шүүгдэгч, эсхүл төрөөс гаргуулна. 

Хоёр. Хэлцлийн улмаас хохирсон хохиролд “Релаенс секюритиз аудит” ХХК-д төлсөн 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагын үндэслэлийг ажил гүйцэтгэх гэрээний үр дүн доголдолтой байсны улмаас учирсан хохирлыг гаргуулах хүрээнд тодорхойлсон.

Талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул хэн аль нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй. Энэ тохиолдол нь шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх тухай асуудал байх тул үүнийг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зохистой. Иймээс хариуцагчийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлага үндэслэлгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,821,176 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, гэрээний доголдлыг улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг нь хэрэгсэхгүй болгож, заримыг нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,265 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 125,150 /70,200+54,950/ төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь буюу 5,821,176 төгрөгийн шаардлага, сөрөг нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,265 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,454 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 125,150 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН