Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2347

 

 

“Г.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02069 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 832 176 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 2 500 000 төгрөг, хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорын эрүүгийн 201726010295 тоот хэрэгт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг үндэслэн, "А” ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Г.А” ХХК болон “А” ХХК-ууд нь “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний нийт дүн нь 7 344 000 төгрөг болно. Манай компани гэрээний дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б/41 дугаартай албан тоот 48 хуудас тайланг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Энхболдод нэг хувь, “А” ХХК-д нэг хувь тус тус хүргүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр захирал В.Ёндонжамцад дахин хаяглан хүргүүлсэн. Манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2 500 000 төгрөгийг харилцах дансаар хүлээн авсан. Гэтэл “А” ХХК нь гэрээний 3.4 дэх хэсэгт заасныг зөрчин, одоог хүртэл үлдэгдэл төлбөр дээр алданги 988 176 төгрөг, нийт 5 832 176 төгрөгийг төлж барагдуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд, хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 4 844 000 төгрөг, хугацаа хожимдуулсны алданги 988 176 төгрөг, нийт 5 832 176 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд уг ажлыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн тогтоолын дагуу хяналт шалгалт хийсэн гэж байгаа. Тухайн үед манай хэргийн байцаагч байсан хүн “Г.А” ХХК-ийг сонгосон, та нар очиж уулзаад төлбөрөө тохиролц гэсэн. Ингээд очиж уулзаад хямд хийлгэх талаар ярилцахад манай компанийн үндсэн хөрөнгө болох 200 гаруй сая төгрөгийн 3 хувиар тооцно гээд 7 сая орчим төгрөг байхаар тохирч гэрээ хийсэн. Гэрээ шинжээч томилох тогтоол ирэх хүртэл хүчин төгөлдөр болохгүй гэж хэлсэн учраас манай талаас тухайн үед гарын үсэг зураагүй. Ингээд тогтоол гарсаны дараа очиж уулзаад гэрээг шинэчлэх үү гэж асуухад энэ хэвээрээ байж байг гэж хэлсэн. Энэ хэрэг дээр өмгөөлөгч аваад л шинжээчийн зардлыг төр хариуцах ёстой гэдгийг мэдсэн. Ийм учраас манай тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба төлсөн мөнгөө буцааж авах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Цагдаагийн ахмад Б.Егорийн эрүүгийн 201726010295 тоот 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг үндэслэн, “А” ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Г.А” ХХК болон “А” ХХК-иуд нь “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болно” гэсэн. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд “Байцаан шийтгэх ажиллгааны зардал” гэж заасан байх бөгөөд 99.1.1 дэх хэсэгт шинжээчийн зардал нь хамаарч байна мөн хуулийн 99.2 дахь хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хаиуцах бөгөөд шүүх энэ хуулийн 100.1, 101.1, 101.2, 101.4, 101.5-д заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрлэнэ” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд эрүүгийн хэрэг дэх шинжээчийн зардлыг төр хариуцахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байтал тус хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч “Г.А” ХХК-ийг санал болгон “А" ХХК-тай “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 7 344 000 төгрөгөөр байгуулсан нь Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн, ноцтой төөрөгдөж байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ” гэх нэршил бүхий гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан байдаг гэтэл “Г.А” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хуулиар тогтоосон хэлбэрээр хүлээлгэн өгөлгүй шууд мөрдөн байцаагчид гарган өгсөн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр 6 сард гарган өгсөн боловч мөрдөн байцаагчид өгсөн нэрийг сольж өгсөн дүгнэлт нь ашиглах боломжгүй биет байдлын доголдол бүхий үр дүн байсан. Энэхүү доголдол бүхий үр дүнгээс болж дахин санхүүгийн шинжээч томилж, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №17/59 дугаар бүхий “Аудитын ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-г “Релаенс секюритиз аудит” ХХК-тай “А” ХХК нь байгуулж гэрээний нийт үнэ 2 000 000 төлөх байсан боловч “Г.А” ХХК нь Сангийн яаманд зах зээлийн үнийн санал унагааж байна гэх мэтээр гомдол гаргаснаас болж 5 000 000 төгрөг болсон, уг төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэхүү төлбөр нь манай компанид учирсан хохирол юм. Өөрөөр хэлбэл “Г.А” ХХК-ийн хийсэн ажлын доголдол бүхий дүгнэлтээс болж дахин тухайн ажлыг хийлгэх, 2 дүгнэлт нь зөрүүтэй болсны улмаас эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхэд ээдрээ төвөгтэй болох асуудлын эх үндэс болсон болно. Иймд “Г.А” ХХК болон “А” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2 500 000 төгрөгийг буцаан авах, дээрх хэлцлийн улмаас хохирсон төлбөр болох “Релаенс секюритиз аудит” ХХК-д төлсөн 5 000 000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Энэ нягтлан бодогч Х.Б нь надаас гэрээ ирж аваад явсан. Захирал нь өвчтэй байгаа гэсэн учраас энэ гэрээг танилцаарай гэж хэлээд өгөөд явуулсан. Ингээд энэ гэрээ дээр санал гомдолгүй гэж хэлээд захирал В.Ё гарын үсэг зурсан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд төр хариуцна гэж яриад байгаа. Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгууллага нар хоорондоо гэрээ байгуулсан байхад төр хариуцах үндэслэл байхгүй. Гэрээ хариуцагч байгууллагыг хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан учраас төр хариуцахгүй. Аудитын тайланг манайд хаяглаж өгөөгүй тул гэрээг доголдолтой гэж үзэж байгаа. Аудитын тайлан хоёр гардаггүй. Захиалагчид зориулан нэг л тайлан гардаг. Тэр нь цагдаагийн байгуулагад зориулан гаргасан тайлан. Тэгээд ч би энэ тайланг захирал В.Ёндонжамцад өгсөн. Тийм учраас энэ гэрээний дагуу сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй. Ямар учраас манай байгууллагаас өөр аудитын компанийн зардлыг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ямар нэгэн үндэслэлгүй зүйл тайлбарлаж шүүхэд худал мэдүүлэг өгч байна. Би хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж байгаа. Гэтэл өөр хүний хийсэн ажлын төлбөрийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, нэхэмжлэгчээс 2 500 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь буюу 5 821 176 төгрөгийн шаардлага, сөрөг нэхэмжлэлээс 5 000 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 265 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 454 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 125 150 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон урьдчилгаа 2 500 000 төгрөгийг буцаан төлөхөөр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд хашилсан хэлцэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй, хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэл болоогүй, ямар үндэслэлийг дурдаагүй байхад буцаан өгөх үндэслэлтэй гэж буруу дүгнэсэн.

Мөн шүүхийн тодорхойлох хэсгийн 2 дугаар мөрөнд нэхэмжлэлийн тайлбар хэсэгт “нэхэмжлэлийн төлөөлөгч Ж.Оюунбилэг” гэж буруу нэр бичсэн бөгөөд буруу нэр, буруу заалт хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан заалтыг зөрчөөгүй, энэ үйлдэл буруу алдаатай байх тул байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах хуультай болохоос иргэд хоорондоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гарах зардлаа төрөөр төлүүлдэг хууль байхгүй. Бид хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй түүнийг мөрдөж ажилладаг тангараг өргөсөн хараат бус шударга байх хуультай байтал төрөөс зардлаа гаргуулах үндэслэл байхгүй тул энэ шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн хэрэглэсэн хуулийн заалт үндэслэлгүй байна.

Цагдаагийн байгууллагын Шинжээчийн тогтоолоор асуултанд нь Санхүүгийн хяналт шалгалт хийж шинжилгээ дүгнэлт гарган боловсруулж анхан шатны нотлох эх хувь баримтаар хуулийн хүрээнд хийгдсэн. Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэн 5 832 176 төгрөгийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “Г.А” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 844 000 төгрөг, алданги 988 176 төгрөг, нийт 5 832 176 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 2 500 000 төгрөг, хохиролд 5 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй 201726010295 тоот эрүүгийн хэрэгт “А” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Д.Баттулга нь үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөнгө завшсан эсэхийг тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолоор “Г.А” ХХК-ийг шинжээчээр томилсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.         /хх-7 дугаар тал/                                                    

 

Дээрх мөрдөн байцаагчийн тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч “Г.А” ХХК, хариуцагч “А” ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч нь тус компанийн 2014-2016 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж, аудитын дүгнэлт, тайлан, зөвлөмжийг 21 хоногийн хугацаанд гүйцэтгэх, хариуцагч гэрээний төлбөр ажлын хөлс 7 344 000 төгрөг төлөх үүргийг харилцан талууд хүлээжээ.            /хх-6 дугаар тал/

                                                                                                                                     

Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид урьдчилгаанд 2 500 000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй, харин хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг төлөхгүй, уг гэрээний дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтийн зардлыг төр хариуцах ёстой гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч “Г.А” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу аудитын хяналт шалгалтын тайланг гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн мөрдөн байцаагчийн шинжээчээр томилсон тогтоол болон тус компанийн санхүүгийн тайлан бусад баримт дээр хяналт шалгалт хийж аудитын дүгнэлт, тайланг гаргажээ. Хариуцагч уг аудитын дүгнэлт, тайлангийн талаар Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 7/4483 тоот албан бичгээр “нэхэмжлэгчийг хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Аудитын болон Нягтлан бодох бүртгэлийн хууль, стандартыг зөрчөөгүй” талаар түүнд хариу өгсөн байна.

    /хх-59-74, 111 дүгээр тал/

 

Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “аудитын үйлчилгээ үзүүлэх талаар талууд бичгээр гэрээ байгуулж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох” талаар зохицуулсанаас үзвэл зохигчид хуулийн хүрээнд аудитын үйлчилгээ авч аудитын дүгнэлт, тайлан, зөвлөмж гаргуулахаар гэрээ байгуулахыг Аудитын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хориглоогүй байна.

 

Хэргийн 97 дугаар талд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7/4388 тоот Монгол Улсын Сангийн яамнаас “Г.А” ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичигт “тус яаманд “А” ХХК-иас танай байгууллагатай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17/17 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой гомдлыг ирүүлсэн ба дээрх гомдлыг хянан шийдвэрлэх явцад танай байгууллага тус гэрээний 2.8 дахь хэсэгт “гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг дуусгаж, хяналт шалгалтын ажлын талаар үйлчлүүлэгч байгууллагын удирдлагад тайлан, зөвлөмжийн хамт хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй, үйлчлүүлэгч байгууллагад тайлан зөвлөмжийг хүргүүлээгүй зөрчил илэрсэн байна” гэжээ. Энэ нь хариуцагч гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7/4388 тоот Монгол Улсын Сангийн яамнаас “Г.А” ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг болон холбогдох хууль тогтоомжуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийг хууль зөрчиж аудитын тайлан, дүгнэлтийг шаардлага хангахгүй хэлбэрээр гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээний 3.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх төлбөрийн хэмжээ 7 344 000 төгрөг байна” гэж талууд гэрээний үнийн дүнгийн талаар тодорхой тохиролцсон ба хариуцагч нэхэмжлэгчид 2 500 000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул талуудын тохиролцсон 7 344 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 500 000 төгрөгийг хасч, үлдэх 4 844 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Талуудын хооронд байгуулагдсан хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “үйлчлүүлэгч ажил үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг ажил үйлчилгээ дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан гүйцэтгэгчийн нэхэмжлэхээр шилжүүлэх буюу бэлнээр төлнө. Төлбөрийг заасан хугацаанаас хожимдуулсан тохиолдолд хоногт 0,3 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч нь дээрх заалтын дагуу төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагч байгууллагад өгснөө нотлоогүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын хөлс хэд болох талаар нэхэмжлэх илгээснээс хойш 3 хоног хэтэрснээр хугацаа хэтэрсэн гэх нөхцөл байдал үүсэх тул алданги шаардах эрх үүсээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 988 176 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх шинжээч нь “А” ХХК-тай дүгнэлт гаргах, төлбөр авах асуудлаар тохиролцож талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг түүний эрхшээлд байгаа гэх нөхцөлийг бий болгосон, тухайн хэрэгт хувийн сонирхолтой гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хяналт, шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хуулиар хийхийг хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг тодорхойлсон байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төрөөс гаргаж, дараа нь нөхөн төлүүлэхээр хуулиар журамласан байгаа нь талуудын хоорондын гэрээ болон хяналт шалгалтын ажил гүйцэтгүүлэн, уг ажлын тайлан, дүгнэлтийг холбогдох ажиллагаанд баримт болгон ашиглахад саад болохгүй бөгөөд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй. Иймд хариуцагчид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болсон урьдчилгаанд төлсөн 2 500 000 төгрөгийг буцаан шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

 

Иймд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 2 500 000 төгрөг, хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 4 844 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 988 176 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн 2 500 000 төгрөг гаргуулах, гэрээний үүрэгтэй холбоотой учирсан хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “нэхэмжлэгчээс 125 150 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгосугай” гэснийг “хариуцагч “А” ХХК-иас 92 454 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.А” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Г.А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 265 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ